| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2020/0582/Э |
| Дугаар | 658 |
| Огноо | 2020-10-08 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Г.Эсэн |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 658
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,
улсын яллагч Г.Эсэн,
шүүгдэгч Г.Б , түүний өмгөөлөгч Б.Батцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө овогт Г-ын Б холбогдох эрүүгийн 1710007180509 дугаартай, 187/2020/0582/Э индекстэй хэргийг 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ...... оны .... дугаар сарын ..........-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, .......... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .......... хамт Сэлэнгэ аймаг Сайхан сум ........дугаар баг ....... тоотод оршин суух хаягтай, урьд сум дундын 22 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, мөн Сум дундын 7 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 110 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгүүлж өмнөх шийтгэх тогтоолын ялын заримыг буюу 1 жилийн хорих ялыг нэмж нийт 1 жил 3 сар 10 хоног хорих ял шийтгүүлж байсан, Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 187 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан Ө овогт Г-ын Б /РД:................../
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвийн орчим 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б-ын Хаан банкны виза картыг хүч хэрэглэн авч түүний картнаас 1 сая 19 мянган төгрөг дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвийн орчим 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б-ын Хаан банкны виза картыг хүч хэрэглэж авч түүний картнаас 1 сая 19 мянган төгрөг дээрэмдсэн болох нь:
1. Шүүгдэгч Г.Б ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 21-22/
3. Хохирогч Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хөтөл суманд таньдаг байсан хүүхэд Г.Б гэгчтэй хороололд таараад Б 2-лаа манай найзынд очьё гээд бид 2 Хан-Уул дүүргийн 19-н үйлчилгээний төвийн орчим ирээд Хаан банкны АТМ-ээс картаараа таксины мөнгө болох 10 мянган төгрөг авсан чинь картны үлдэгдэл мөнгө утсанд мессеж ирсэнийг харсан юм шиг байн лээ, миний дансанд үлдэгдэл 1 сая 19 мянган төгрөг байсан, тэр нь бүтэн өнчин хүүхдийн халамжийн мөнгө болох 1.200.000 төгрөг орсон тэр мөнгөний үлдэгдэл байсан юм. Тэгээд Б миний цүнхэнд байсан картийг мэдээд чи цүнхээ өгчих би айлд оруулаад үлдээчихье гээд худлаа подволруу ороод буцаад гарч ирээд чиний карт чинь хаана байгаа юм бэ? гээд шалны модоор миний гар хөл рүү цохиод чи муу надтай санаа уралдуулаад байна уу гээд намайг боогоод чи картаа номныхоо завсар л хийсэн байна штээ наад утсаа надад өг гээд Нокиа маркийн хар өнгийн 94194082 гэсэн дугаартай утсыг аваад би одоо гарлаа чи миний араас гарч болохгүй нэлээн байж байгаад гараарай гээд явсан. Маргааш нь Хаан банк орж мөнгөнийхөө үлдэгдэлийг үзэхэд өчигдөр АТМ-с бэлнээр 1 сая 19 мянган төгрөг авсан байна гэж хэлсэн. Намайг Б орхиж гарахдаа ариун цэврийн өрөөнд хаалгыг нь гаднаас нь цоожилж уяаад намайг гаргахгүй болгоод орхисон. Миний цүнхэнд байсан дэвтэр номыг гаргаад тарааж орхисон байсан. Б миний ЛЖ маркийн цагаан өнгийн гар утсыг авсан эсэхийг мэдэхгүй байна, тухайн үед хараагүй учир миний цүнхэнд уг гар утас маань байсан. Б миний виза картыг хайж ном дэвтэрийг гаргаж тараахдаа авсан байж магадгүй, эсвэл тэр өрөө нь харанхуй байсан учир би эд зүйлээ цуглуулахдаа орхисон ч байж магадгүй Миний гар утсыг Б авсан гэж хэлж чадахгүй байна....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28, 30-32/
3. Гэрч Г.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр би найз Гантулга гэгчтэй Бөмбөгөр орчимд тааралдаад хамт гудамжинд 2 лаазтай пиво уугаад цаашаа Сүхбаатар дүүргийн нутагт байх караокед 2-лаа ороод дахин 2 пиво уугаад 19-н үйлчилгээний төвийн тэнд байрлах саарал байрны 2 дугаар орцны подволд би найз Одхүүтэй амьдардаг газраа очоод нойлын өрөөнд орж Гантулга бид 2 нэг пиво уугаад дээр үед болж байсан асуудлаас болж маргалдаад би Гантулгын хөл рүү нь өшиглөж хавсарч унагаагаад үүдэнд тавьсан байсан картыг нь аваад гараад яваад Хан-Уул дүүргийн Соёлын төвийн хажууд байрлах АТМ-с бэлнээр 1 сая төгрөг гарган аваад явсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34/
4. Хөрөнгийн үнэлгээний Ашид билгүүн ХХК-ийн 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн “Тодруулга хүсэх тухай” ХУД/4 тоот албан бичиг/ /хх-40/
5. Хохирогч Б-ын Хаан банкны 5048269369 тоот депозит дансны хуулга /хх-ийн 95-96/
6. Шүүгдэгч Г.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би уг үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-48, 49-50/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Б нь урьд сум дундын 22 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, мөн Сум дундын 7 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 110 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгүүлж өмнөх шийтгэх тогтоолын ялын заримыг буюу 1 жилийн хорих ялыг нэмж нийт 1 жил 3 сар 10 хоног хорих ял шийтгүүлж байсан, Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 187 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан болох нь шийтгэх тогтоолын хуулбар /хх-65-86, 112-116/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64/-аар тогтоогдлоо. 2015 оны Эрүүгийн хуульд ялтай байдлын талаарх ойлголт хуульчлагдаагүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч Г.Б нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвийн орчим 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б-ын Хаан банкны виза картыг хүч хэрэглэн авч түүний картнаас 1 сая 19 мянган төгрөг дээрэмдсэн үйлдлийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч Г.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Г.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулаагүй буюу нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогч Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...хохирлоо нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32/, түүний хувийн байдал /...22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, ах, эгч, хүүхдүүдийн хамт амьдардаг.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ө овогт Г-ын Б 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэх нь зохимжтой гэж үзлээ.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 187 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялын эдлээгүй үлдсэн 5 /тав/ сар 6 /зургаа/ хоногийн хорих ял дээр, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Г.Б ийн нийт биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жил 5 /тав/ сар 6 /зургаа/ хоногийн хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Б ийн эдлэх 3 /гурав/ жил 5 /тав/ сар 6 /зургаа/ хоногийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон 91 /ерэн нэг/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд нь оруулан тооцов.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б өөс 1.019.000 /нэг сая арван есэн мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Гантулгад олгож шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Б өд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ө овогт Г-ын Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ө овогт Г-ын Б 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 187 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялын эдлээгүй үлдсэн 5 /тав/ сар 6 /зургаа/ хоногийн хорих ял дээр, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Г.Б ийн нийт биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жил 5 /тав/ сар 6 /зургаа/ хоногийн хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Б ийн эдлэх 3 /гурав/ жил 5 /тав/ сар 6 /зургаа/ хоногийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон 91 /ерэн нэг/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд нь оруулан тооцсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б өөс 1.019.000 /нэг сая арван есэн мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Гантулгад олгосугай.
7. Шүүгдэгч Г.Б өд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Г.Б өд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн тоолсугай.
9. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.
10. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Г.Б өд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТБОЛОР