| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2020/1837/Э |
| Дугаар | 1879 |
| Огноо | 2020-10-28 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | П.Даваасүрэн |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 1879
2020 10 28 2020/ШЦТ/1879
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, шүүгч М.Түмэннаст нарын бүрэлдэхүүнтэй
нарийн бичгийн дарга: А.Хосбаяр,
улсын яллагч: П.Даваасүрэн,
иргэдийн төлөөлөгч: Н.Отгонбаатар,
шүүгдэгч: Б.Т, түүний өмгөөлөгч Б.Дамба нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.Т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 01207 1153 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Б.Т, 1968 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Баян-Өлгий аймгийн Булган суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 4, эх, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Бага шар хоолойн 5 дугаар гудамжны 13 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Б.Т нь 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Бага шар хоолойн 5 дугаар гудамжны 13 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдах явцдаа Б.Очирсүхийг өшиглөх, цохих, бие рүү нь хутгаар хатгах зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Мөн өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Бага шар хоолойн 5 дугаар гудамжны 13 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдах явцдаа М.Дамдинсүрэнгийн бие рүү хутгаар хатгаж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудын хүсэлтээр хавтас хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Манай хоёр хүүхдийг дарамтлаад байдаг. Урьд нь 10 хоногийн өмнө утас, мөнгө аваад явсан. Тэгээд би энэ хоёр хүүхэд орж ирэхээр нь айлгана гэж бодож байсан. Тэгээд би арай хэтрүүлсэн алгана гэж бодож байсан. Ална гэж бодоогүй. Би гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Энэ хэрэг манай гэрт болсон хутга ширээн дээр байсан. Би гэрт хэвтэж байхад 12 цагийн үед орж ирсэн. Урьд нь 10 хоногийн өмнө 1 цагт орж ирээд манай гэрээс утас, 100.000 төгрөг аваад явсан. Надад ална, хутгална гэсэн ямар ч санаа зорилго байгаагүй гэв”.
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 04/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-н 6-10/, илтгэх хуудас /хх-н 11/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 12/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 14/, эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэлд: 32 см урттай, 20 см ажлын хэсэгтэй,12 см бариултай металл хутга нэг ширхэг, 2.50 см урттай улаан хүрэн өнгийн бүс нэг ширхгийг хураан авсан гэх тэмдэглэл /хх-н 15/,
Насанд хүрээгүй хохирогч Б.Очирсүх мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 02 дугаар сарын 17-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Бага шар хоолойн 3-1 тоотод байдаг өөрийн авга ах Чинбатын гэрт найзууд болох Дамдинсүрэн, Отгонбаяр, нарын хамт 2л боргио пиво хувааж уусан. Би 10 хоногийн өмнө намайг 100,000 /зуун мянган/ төгрөг хулгайлсан гээд гүтгээд байсан Төмөрцогийн гэрт очоод Төмөрцогт би таны мөнгийг аваагүй шүү гэж хэлсэн чинь Төмөрцог болохоор чи миний мөнгийг авсан гээд хэвтэж байсан баруун талын орноос босож ирээд намайг барьж аваад дээлийн шар өнгийн бүсээр хоёр гар, хөл, хүлээд гэрийн шалан дээр хэвтүүлж дээрээс өшиглөөд дэвсэж цохиод гурилын модон элдүүрээр миний хамар хэсэгт хоёр удаа цохисон тэр үед миний хамраас цус гараад байсан тэр үед гаднаас Дамдинсүрэн орж ирсэн чинь Төмөрцог хоёр гартаа хутга бариад дайрсан чинь Дамдинсүрэн хөлөөрөө жийгээд Төмөрцогийг унагасан босож ирээд миний араас баруун талын өгзөг хэсэгт хутгаар нэг удаа хатгаад гэрийн үүдэн байсан Дамдинсүрэн лүү очоод :баруун талын суга хэсэгт нэг удаа хатгасан чинь Дамдинсүрэн зугтсан. Төмөрцог буцаад над руу ирсэн чинь гаднаас Төмөрцогийн бага хүү Алтаа орж ирээд аавыгаа хориглосон чинь Төмөрцог зуухны хажууд байсан мод аваад над руу шидсэн чинь миний баруун талын чихийг оносон. Тэгээд хүүхэд нь Төмөрцогийг хориглоод байсан удалгүй гаднаас цагдаа нар орж ирсэн. Цагдааг Төмөрцог ах өөрөө дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 18-21/, хохирогчийн нас тоолсон тэмдэглэл /хх-н 22/,
Гэрч Б.Мөнгөнхуяг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... Би 2020 оны 02 дугаар сарын 14-нд манай найзын нөхөр нь нас барчихсан тэгээд би буяны ажилд оролцохоор хот руу орж ирсэн. Өнөөдөр би хүү Дамдинсүрэнг буяны ажилд оролцуулахаар дуудсан манай хүүхэд Шархаданд манай найзынд ирж байж байгаад 16 цаг 30 минутын үед гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох лүү нь явуулсан юм. Хэдэн цагийн үед мэдэхгүй нэг залгаад асуусан чинь миний хүү Дамдинсүрэн “Ундраа” хүнсний дэлгүүрийн тэндээс унаанд суучихлаа гэж ярьсан. Тэгээд буяны ажил оролцоод завгүй байж байгаад орой 23 цаг 50 минутын үед миний утас дуугарахаар авсан чинь Гацууртын цагдаагаас ярьж байна, танай хүүхэд хүнд зодуулчихсан байна гэж ярьсан. Цэргийн нэгдсэн эмнэлэг дээр байна та шууд энд хүрээд ир гэсэн. Тэгээд би эмнэлэг дээр ирэхэд зургийг аваад цээжний хөндийд цус хуралттай уушги нь хийгүй, хутга уушгинд хүрчихсэн байна гэж эмч надад хэлсэн. Гуурс тавиад болохгүй бол хагалгаанд орно гэж хэлсэн. Эход хараад хэвлийн хөндийд бага зэрэг шингэн байна. Хэрэв гэмтсэн бол хэвлийн хөндий, цээжний хөндий 2-н хагалгаанд орно шүү гэж Батсайхан эмч хэлсэн нэг гэмтлийн нэрийг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 34-35/,
Гэрч Ц.Бундагаа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр манай хүү Төмөрцогийг баруун талын орон дээр хэвтэж байхад хоёр эрэгтэй хүүхэд орж ирээд Төмөрцогтой уулзах гэсэн юм би гэрээс нь хулгай хийгээгүй гэсэн Төмөрцог босож ирээд хоорондоо маргалдаж байгаад модон ширээн дээр байсан хутга аваад та нарын ална шүү гээд тэр хоёр хүүхэдтэй хутгаа буцаалдаж байгаад нэг хүүхдийн миний дээлийн бүсээр хоёр гарын хоёр хөлтэй хамт хүлсэн. Тэгсэн гарч зугтсан хүүхэд нь та болиоч би найзыгаа авах гэсэн юм гээд орж ирсэн. Тэгэхээр Төмөрцог нөгөө хүүхдийг гэрт дотор ноцолдож байгаад хутгаар араас нь хатгасан. Зарим зүйлийг санахгүй байна. Ямар ч байсан манай хүү гэрт орж ирсэн хоёр хүүхдийг хутгалсан гэсэн мэдүүлэг /хх 36-37/,
Насанд хүрээгүй хохирогч М.Дамдинсүрэн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 22-23 цагийн үед Очирсүхийн гэрт бид хоёр 2 л пиво хувааж уусан. Б.Очирсүх, Төмөрцогийн гэрт
очиж нэрээ цэвэрлэж авна гээд гэрээс гарах гэхэд нь би хориглож болиулаад бид
хоёр унтах гээд ороо засаж байтал Б.Очирсүх гэнэт гэрээс гараад явсан. Би бие засах гэж гарсан байх гэж бодтол Б.Очирсүх орж ирэхгүй удаад байхаар нь гэрээс гараад хашаанд хайгаад олоогүй. Би Эрдэнэцог ахын гэр лүү явж байтал гэрийнхэн гадаа Б.Очирсүх бархираад байхаар би гэр лүү орсон чинь Очирсүхийн хоёр гарын ард нь хүлчихсэн Төмөрцог ах цээж нүцгэн гартаа хутга барьчихсан байсан. Би Б.Очирсүхийн хүлээсийг тайлах гэхэд Төмөрцог ах хутгална гээд над руу дайраад байхаар би гэрийн тойроод гүйгээд байсан чинь араас гүйцэж ирээд баруун гарын булчин хэсэгт хутгаар нэг хатгасан тэгэхээр нь би хөлөөрөө жийж унагаад гэрээс нь гараад зугтсан чинь Б.Очирсүх гэрт дотор аллаа гээд орилоод байхаар нь би гэрийн хаалга онгойлгосон чинь над руу дайраад би хойшоо зугтаад байсан тэгтэл Төмөрцог гэрээс гарч ирээд миний араас хөөгөөд куртикнээс зуурч аваад баруун талын суга хэсэгт цохих шиг болохоор нь би хашаанаас гараад зугтсан чинь миний баруун гар даагдахаа болиод цус гараад тогтохгүй байхаар нь найз Отгонбаяраар түшүүлж гэртээ хариад цагдаа дуудсан гэх мэдүүлэг / хх-н 24-27/, шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоол /хх-н 39-40/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2684 дугаартай:
1. М.Дамдинсүрэнгийн биед цээжний баруун хөндийд хатгагдсан нэвтэрч уушиг гэмтээсэн шарх, баруун хөндийд цус, хий хуралдалт, баруун уушгины авчилт, мэс заслын дараах байдал, баруун бугалганд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хурч ир үзүүртэй зүйлийн үйчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.
3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4.Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 41-43/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2831 дугаартай:
1.Б.Очирсүхийн биед хамар ясны хугарал, хамрын нуруун хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихний дэлбэнд цус хуралт, баруун өгзөгт шарх, баруун зүүн ташаанд цус хуралт, зүүн шуунд зулгаралт, баруун тохой, зүүн шуу, тохой, баруун дал, баруун бугалганд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
3.Дээрх баруун өгзөгний шарх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, бусад гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт / хх-н 44-46/, шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоол /хх-н 52/,
2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 431 тоот дүгнэлт:
-Б.Т нь сэтгэцийн хувьд өөрийгөө жолоодох чадвартай байна.
-Б.Т нь хэрэгт холбогдох үедээ F07.0 бие хүний органик эмгэгтэй байсан байна.
-Б.Т нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна.
-Б.Т нь сэтгэцийн хувьд F07.0 бие хүний органик эмгэгтэй байна.
-Б.Т нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна /хх-н 53-55/,
Яллагдагч Б.Т мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Хэрэг гарахаас 7 хоногийн өмнө шөнийн 01 цагийн үед гэртээ унтаж
байхад Б.Очирсүх, Дамдинсүрэн хоёр ирээд манай том хүү Улаанааг дагуулж гараад гэрийн хойд талд байдаг байшинд ороод архи тамхи, авчир гээд зодож
байгаад Улаанаад байсан миний гар утсыг аваад явсан гэж манай хүү хэлэхээр нь
Очирсүхийн ахын гэрт очоод Б.Очирсүх, Дамдинсүрэн хоёр согтуу унтаж байхаар нь Дамдинсүрэнг сэрээж миний гар утсыг аваад ир гэсэн чинь Дамдинсүрэн
толгойгоороо Б.Очирсүхийн унтаж байгаа ор луу заахаар нь би
Очирсүхийн хөнжлийг сөхсөн чинь миний гар утас байхаар нь би утсаа аваад гэрээс гараад асаах гэсэн чинь утас асахгүй байхаар нь би буцаж гэр лүү ороод
миний сим хаана байна гэсэн чинь Б.Очирсүх таны гар утас симгүй байсан гэж
хэлэхээр нь би гэрээс нь гараад Дамдинсүрэнгийн өвөө болох Буриадын гэрт орсон. 2020 оны 02 дугаар 18-ны өдрийн шөнө 00 цагийн үед
гэрийн баруун талын орон дээр унтаж байхад гаднаас хаалга онгойж хүн орж ирэхээр сэрсэн чинь Б.Очирсүх орж ирээд Цогоо /Төмөрцогийн хоч/ хаана байна ална гэж хэлсэн чинь ээж Бундагмааг түлхэж унагаад миний унтаж байсан орон дээр ирээд миний хоолойг хоёр гараараа боохоор нь баруун хөлөөрөө түлхэж холдуулаад өөрөө босоход Б.Очирсүх миний толгой руу өшиглөсөн тэгэхээр нь босоод өрөөсөн гутлаа өмсөөд Б.Очирсүх газар унагаад өөрийн дээлийн бүсээр хоёр гарыг нь хөлтэй нь хамт хүлээд ширээн дээр байсан хар бариултай хутга авсан гаднаас Дамдинсүрэн ороод ирэхээр нь баруун гартаа барьж байсан хутгаар Дамдинсүрэн хатгасан тэгсэн чинь гэрээс гараад явсан..” гэсэн мэдүүлэг / хх-н 30-32/,
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 2/15 дугаар оюун ухааны түвшин тогтоох шинжилгээний дүгнэлт
-Шинжлүүлэгч нь сорилын явцад санаатай гаргах ба идэвхтэй эсрэгшил хийж байв. Сэтгэхүйн хүрээнд хуурамч тэнэгрэлийн шинж тод илэрч байна. Өөрт хандах шүүмжлэлт чанарыг тодорхойлох боломжгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 78/,
эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл,бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэлд: Б.Очирсүхийн эмчилгээний зардлын талаарх баримтууд гаргаж өгснийг хүлээн авч хэрэгт хавсаргав гэжээ. /хх-н 79-84/, хохирогч Б.Дамдинсүрэнд 700.000 төгрөг төлсөн баримт /хх-н 85/, Б.Тийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 68-69/, ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-н 70/, оршин суугаа газрын тодорхойлолт / хх-н 39/, захиргааны зөрчлийн талаарх баримт /хх-н 74-76/, Б.Тт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах мөрдөгчийн санал 86/, прокурорын тогтоол /хх-н 87-89/, Б.Тт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-94-95/ зэрэг болно.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Т нь 2020 оны 02 дугаар сарын 18-ны орой Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Бага шар хоолойн 5 дугаар гудамжны 13 тоотод буюу гэртээ хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдах явцдаа Б.Очирсүхийг бүсээр хүлж өшиглөх, цохих, бие рүү нь хутгаар хатгах зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Мөн өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Бага шар хоолойн 5 дугаар гудамжны 13 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдах явцдаа М.Дамдинсүрэнгийн бие рүү хутгаар хатгаж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:
Шүүгдэгч Б.Тийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Манай хоёр хүүхдийг дарамтлаад байдаг. Урьд нь 10 хоногийн өмнө утас, мөнгө аваад явсан. Тэгээд би энэ хоёр хүүхэд орж ирэхээр нь айлгана гэж бодож байсан. Тэгээд би арай хэтрүүлсэн гэж бодож байсан. Ална гэж бодоогүй. Би гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Энэ хэрэг манай гэрт болсон хутга ширээн дээр байсан. Би гэрт хэвтэж байхад 12 цагийн үед орж ирсэн. Урьд нь 10 хоногийн өмнө 1 цагт орж ирээд манай гэрээс утас, 100.000 төгрөг аваад явсан. Надад ална, хутгална гэсэн ямар ч санаа зорилго байгаагүй гэв.
Насанд хүрээгүй хохирогч Б.Очирсүхийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Төмөрцогийн гэрт очоод Төмөрцогт би таны мөнгийг аваагүй шүү гэж хэлсэн чинь Төмөрцог болохоор чи миний мөнгийг авсан гээд хэвтэж байсан баруун талын орноос босож ирээд намайг барьж аваад дээлийн шар өнгийн бүсээр хоёр гар, хөл, хүлээд гэрийн шалан дээр хэвтүүлж дээрээс өшиглөөд дэвсэж цохиод гурилын модон элдүүрээр миний хамар хэсэгт хоёр удаа цохисон тэр үед миний хамраас цус гараад байсан тэр үед гаднаас Дамдинсүрэн орж ирсэн чинь Төмөрцог хоёр гартаа хутга бариад дайрсан чинь Дамдинсүрэн хөлөөрөө жийгээд Төмөрцогийг унагасан босож ирээд миний араас баруун талын өгзөг хэсэгт хутгаар нэг удаа хатгаад гэрийн үүдэнд байсан Дамдинсүрэн лүү очоод :баруун талын суга хэсэгт нэг удаа хатгасан чинь Дамдинсүрэн зугтсан. Төмөрцог буцаад над руу ирсэн чинь гаднаас Төмөрцогийн бага хүү Алтаа орж ирээд аавыгаа хориглосон чинь Төмөрцог зуухны хажууд байсан мод аваад над руу шидсэн чинь миний баруун талын чихийг оносон... гэсэн мэдүүлэг /хх-н 18-21/,
Насанд хүрээгүй хохирогч М.Дамдинсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Төмөрцог ахын гэр лүү явж байтал гэрийнхэн дотор Б.Очирсүх бархираад байхаар би гэр лүү орсон чинь Очирсүхийн хоёр гарын ард нь хүлчихсэн Төмөрцог ах цээж нүцгэн гартаа хутга барьчихсан байсан. Би Б.Очирсүхийн хүлээсийг тайлах гэхэд Төмөрцог ах хутгална гээд над руу дайраад байхаар би гэрийн тойроод гүйгээд байсан чинь араас гүйцэж ирээд баруун гарын булчин хэсэгт хутгаар нэг хатгасан тэгэхээр нь би хөлөөрөө жийж унагаад гэрээс нь гараад зугтсан чинь Б.Очирсүх гэрт дотор аллаа гээд орилоод байхаар нь би гэрийн хаалга онгойлгосон чинь над руу дайраад би хойшоо зугтаад байсан тэгтэл Төмөрцог гэрээс гарч ирээд миний араас хөөгөөд куртикнээс зуурч аваад баруун талын суга хэсэгт цохих шиг болохоор нь би хашаанаас гараад зугтсан чинь миний баруун гар даагдахаа болиод цус гараад тогтохгүй байхаар нь найз Отгонбаяраар түшүүлж гэртээ хариад цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг / хх-н 24-27/,
Гэрч Б.Мөнгөнхуягийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... орой 23 цаг 50 минутын үед миний утас дуугарахаар авсан чинь Гацууртын цагдаагаас ярьж байна, танай хүүхэд хүнд зодуулчихсан байна гэж ярьсан. Цэргийн нэгдсэн эмнэлэг дээр байна та шууд энд хүрээд ир гэсэн. Тэгээд би эмнэлэг дээр ирэхэд зургийг аваад цээжний хөндийд цус хуралттай уушги нь хийгүй, хутга уушгинд хүрчихсэн байна гэж эмч надад хэлсэн. Гуурс тавиад болохгүй бол хагалгаанд орно гэж хэлсэн. Эход хараад хэвлийн хөндийд бага зэрэг шингэн байна. Хэрэв гэмтсэн бол хэвлийн хөндий, цээжний хөндий 2-н хагалгаанд орно шүү гэж Батсайхан эмч хэлсэн нэг гэмтлийн нэрийг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 34-35/,
Гэрч Ц.Бундагмаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Төмөрцог босож ирээд хоорондоо маргалдаж байгаад модон ширээн дээр байсан хутга аваад та нарыг ална шүү гээд тэр хоёр хүүхэдтэй хутгаа буцаалдаж байгаад нэг хүүхдийн миний дээлийн бүсээр хоёр гарын хоёр хөлтэй хамт хүлсэн. Тэгсэн гарч зугтсан хүүхэд нь та болиоч би найзыгаа авах гэсэн юм гээд орж ирсэн. Тэгэхээр Төмөрцог нөгөө хүүхдийг гэрт дотор ноцолдож байгаад хутгаар араас нь хатгасан. Зарим зүйлийг санахгүй байна. Ямар ч байсан манай хүү гэрт орж ирсэн хоёр хүүхдийг хутгалсан...” гэсэн мэдүүлэг /хх 36-37/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2684 дугаартай шинжээчийн дүгнэлтээр: М.Дамдинсүрэнгийн биед цээжний баруун хөндийд хатгагдсан нэвтэрч уушиг гэмтээсэн шарх, баруун хөндийд цус, хий хуралдалт, баруун уушгины авчилт, мэс заслын дараах байдал, баруун бугалганд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо, гэмтэл нь хурч ир үзүүртэй зүйлийн үйчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой, Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэж тогтоогджээ /хх-н 41-43/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2831 дугаартай шинжээчийн дүгнэлтээр: Б.Очирсүхийн биед хамар ясны хугарал, хамрын нуруун хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихний дэлбэнд цус хуралт, баруун өгзөгт шарх, баруун зүүн ташаанд цус хуралт, зүүн шуунд зулгаралт, баруун тохой, зүүн шуу, тохой, баруун дал, баруун бугалганд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх баруун өгзөгний шарх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, бусад гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэж тогтоогджээ /хх-н 44-46/,
2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 431 тоот дүгнэлтээр:
-Б.Т нь сэтгэцийн хувьд өөрийгөө жолоодох чадвартай байна.
-Б.Т нь хэрэгт холбогдох үедээ F07.0 бие хүний органик эмгэгтэй байсан байна.
-Б.Т нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна.
-Б.Т нь сэтгэцийн хувьд F07.0 бие хүний органик эмгэгтэй байна.
-Б.Т нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна гэж тогтоогджээ /хх-н 53-55/,
Яллагдагч Б.Тийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Б.Очирсүх орж ирээд Цогоо /Төмөрцогийн хоч/ хаана байна ална гэж хэлсэн чинь ээж Бундагмааг түлхэж унагаад миний унтаж байсан орон дээр ирээд миний хоолойг хоёр гараараа боохоор нь баруун хөлөөрөө түлхэж холдуулаад өөрөө босоход Б.Очирсүх миний толгой руу өшиглөсөн тэгэхээр нь босоод өрөөсөн гутлаа өмсөөд Б.Очирсүх газар унагаад өөрийн дээлийн бүсээр хоёр гарыг нь хөлтэй нь хамт хүлээд ширээн дээр байсан хар бариултай хутга авсан гаднаас Дамдинсүрэн ороод ирэхээр нь баруун гартаа барьж байсан хутгаар Дамдинсүрэн хатгасан тэгсэн чинь гэрээс гараад явсан..” гэсэн мэдүүлэг / хх-н 30-32/,
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2/15 дугаар оюун ухааны түвшин тогтоох шинжилгээний дүгнэлтээр Шинжлүүлэгч нь сорилын явцад санаатай гаргах ба идэвхитэй эсрэгшил хийж байв. Сэтгэхүйн хүрээнд хуурамч тэнэгрэлийн шинж тод илэрч байна. Өөрт хандах шүүмжлэлт чанарыг тодорхойлох боломжгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 78/, зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Тийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаах шатанд мэдүүлсэн мэдүүлэгт: “...Намайг гэртээ байж байхад Б.Очирсүх орж ирээд юун мөнгө авсан гээд байгаа юм вэ...” гэж маргаан үүсгэхэд хохирогчийн гар хөлийг нь хүлж байгаад хөлөөрөө өшиглөх, мөн хутгаар хатгаж, гурилын ганжингаар хамар луу нь цохисноос хохирогчийн биед хамар ясны хугарал, хамрын нуруун хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихний дэлбэнд цус хуралт, баруун өгзөгт шарх, баруун зүүн ташаанд цус хуралт, зүүн шуунд зулгаралт, баруун тохой, зүүн шуу, тохой, баруун дал, баруун бугалганд цус хуралт, тархи доргилт бүхий хөнгөн гэмтлийг учруулсан байна
Хохирогч М.Дамдинсүрэнг Б.Очирсүхийн хүлээсийг тайлах гэхэд хутгаар хатгаж биед нь учрах үедээ гэмтэл амь нас хохирч болох амь тэнссэн байдалд хүргэсэн, ердийн явцаараа үхэлд хүргэх боломжтой хүнд зэргийн гэмтэл буюу уушиг гэмтээсэн шарх, баруун хөндийд цус, хий хуралдалт, баруун уушгины авчилт, мэс заслын дараах байдал, баруун бугалганд хатгагдаж зүсэгдсэн шархыг санаатай учруулсан байна. Энэ гэмтлийн улмаас цээжний хөндийд гуурс тавьж хий, шингэнийг гаргасан байна.
Хэрэг гарах шалтгаан нь Б.Тийн хүү Т.Алтангэрэлээс гар утсыг авч явсан, мөн 100.000 төгрөгийг хамт авсан гэж ярьсанаас үүдэн гарсан бөгөөд хүү Т.Алтангэрэл нь оюун ухааны хувьд хөнгөн зэргийн хомсдолтой, төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй байдлыг далимдуулан авсан асуудалд Б.Т уурлаж бухимдсан байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна
Шүүгдэгч Б.Т нь хохирогчийн биед дээрх гэмтлийг хутга буюу хүйтэн зэвсгээр учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр болон хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Б.Т нь хутгаар хүний биед гэмтэл учруулж болохыг лавтай сайн мэдэж байсан ба хохирогчийн үйлдлийг таслан зогсоох, хязгаарлах, өөрийн дургүйцлийг мэдрүүлэх санаа зорилготой байсан нь гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.
Зэвсэг гэж иж бүрдэл, бүтцийн хувьд амьд болон бусад биетийг устгах, гэмтээх, мөн бие хамгаалах болон дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг ойлгодог.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Тт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд Б.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн гэм буруутайг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ба гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1- д ...эрүүгийн хариуцлага нь тухай хүн,... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна... гэсэн зарчмыг баримтлан шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуульд зааснаар ял шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүхээс шүүгдэгчид ял шийтгэхдээ үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Тийн үйлдсэн гэмт хэрэг нь хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байна
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгч Б.Т хохирогч М.Дамдинсүрэнд 1.770.000 төгрөг, хохирогч Б.Очирсүхэд 1.300.000 төгрөг төлсөн төлж барагдуулсан тул Б.Тийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна. .
Хохирогч М.Дамдинсүрэн, Б.Очирсүх нар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, биеийн байдал хэвийн болсон тул Б.Тт хуульд зааснаар хорих ялыг хөнгөрүүлж шийдвэрлүүлэх талаараа шүүхэд хүсэлт ирүүлснийг ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар
Шүүгдэгч Б.Тт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хохирогч нарт учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, урьд нь ял шийтгэл хүлээж байгаагүй болон шүүгдэгчийн хувийн байдал, ар гэрийн байдал / өндөр настай ээж, бага насны нэг хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй хүү нар нь үлдсэн /зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.4-д зааснаар Б.Тийг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Тийг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2-д зааснаар Б.Тт Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож 30 хоногийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.4-д зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нийт эдлэх ялыг 3 жил 7 сарын хугацаагаар ял оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг хутга, нэг ширхэг дээлийн бүсийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт шилжүүлж, шүүгдэгч Б.Т нь уг хэрэгт 115 цагдан хоригдсон, Б.Тоос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэг битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.12, 36.13, 38.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь
1. Б.Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.4-д зааснаар Б.Тийг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Тийг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2-д зааснаар Б.Тт Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож 30 хоногийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.4-д зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нийт эдлэх ялыг 3 жил 07 сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар Б.Тт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Тийн 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс энэ өдөр хүртэл цагдан хоригдсон 115 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг хутга, нэг ширхэг дээлийн бүсийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс нэхэмжилсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.Т нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Тт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧИД: Ц.МӨНХТУЛГА
М.ТҮМЭННАСТ