| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2020/1884/Э |
| Дугаар | 1905 |
| Огноо | 2020-11-02 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Дэлгэрмаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 1905
2020 11 02 2020/ШЦТ/1905
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,
нарийн бичгийн дарга: А.Хосбаяр
улсын яллагч: Б.Дэлгэрмаа,
шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов:
насанд хүрээгүй хохирогч: Б.Тайван
түүний хууль ёсны төлөөлөгч: Ч.Цэвэлмаа
шүүгдэгч: Б.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Цомог овогт Балжирын Оюунаад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 03338 0349 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Б.О, 1975 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Завхан аймгийн Цэцэн-Уул суманд төрсөн, 45 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Баян дөхөм, 22 дугаар гудамж, 40 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч Б.О нь 2020 оны 8 дугаар сарын 05-ны орой 20 цаг 15 минутын үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Улаан хуаран “Мона” төвийн зүүн талын замд Тоёота Ист маркийн 20-81 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.5-д заасан “ Уулзвар, гарцаар нэвтрэх хөдөлгөөн нь зөвхөн нэг чигт зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд жолооч баруун гар тийш эргэхийн өмнө хамгийн баруун, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн өмнө хөдөлгөөний тухайн чигийн хамгийн зүүн гар талын захад урьдчилан байр эзэлсэн байна“ гэсэн заалтыг зөрчсөний улмаас Daelim B Bone маркийн улсын дугааргүй мотоциклийг мөргөж, мотоциклийн жолооч Б.Тайваны эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудын хүсэлтээр хавтас хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний бие Оюунаа 20 цаг 15 минутад цайз 16-д байдаг эгчийнхээ гэрт очих гэж явах замаар УАА 20-81 улсын дугаартай Ist /ист/ маркийн машинтай Улаанхуарангаас дээш явж байтал миний машин унтрах гээд доголдоод байхаар нь аваар татаад зогсож унтраагаад байж байгаад буцааж асаагаад цааш явж болохгүй юм шиг санагдахаар нь аваараа асаагаад аюулгүй байдлаа хангаад эргэх үйлдэл хийж байсан. Би эргэх ёсгүй газраар эргэсэн. Гэтэл мопед унасан хүүхэд ирж байсан гэдгийг хараагүй. Энэ хүүхэд миний машиныг ирээд мөргөсөн. Тэгээд би яаж байна гэсэн чинь тэр хүүхэд бас та яаж байна гэсэн. Тэгээд би чи зүгээр үү гэсэн чинь зүгээр миний мопед асахгүй байна гэсэн. Тэгэхээр нь чи зүгээр бол яах вэ хоёулаа замаа чөлөөлөх үү гэсэн энэ хүүхэд тэгье гэсэн гээд толгой дохисон. Тэгээд хөдлөх гэсэн чинь эгчээ таны машины дугуй хагарсан байна гэсэн. Тэгээд дугуй засвар бид хоёр явсан. Энэ хүү мопедоо түрээд хамт явсан. Тэгээд хохирогч Тайваны ах гээд хүн ирээд балай авгай минь хүүхэд дайрчхаад буугаад ирээч гээд хаалга саваад байсан. Тэгээд би буугаад ирсэн чинь Тайваны ах байна гээд 102, 103 дугаарт залгаж дуудсан. Түргэн ирээд Тайваныг даралт ихтэй байна гээд даралтын эм өгсөн. Тэгээд гэмтэлд очоод үзүүл гэсэн. 102 ирээд бид хоёр хэргийн газраас холдсон байсан болохоор ам зураг авсан. Би Цэвэлмаа гэдэг эмэгтэйд буруу ойлголт өгснөөс болж жоохон буруу ярьж байна. Би даатгалын компанитай уулзсан. Намайг нотлох баримтаа бүрдүүлээд шүүх хуралдааны дараа хүрээд ир гэсэн. Тэгээд би хохирлыг даатгалаас гаргаж өгнө гэв.
Насанд хүрээгүй хохирогч Б.Тайван шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 08 дугаар сарын 05-ны өдөр би мопед унаад найзындаа очих гээд явж байсан. Тэгэхэд нэг Ist /ист/ маркийн машин удаан явж байгаад гэнэт хажуу тийшээ дарсан. Тэгээд би зугтах маягтай хажуу тийшээ дарсан. Тэгээд намайг ирээд мөргөсөн. Энэ эгч надаас зүгээр үү гэж нэг ч удаа асуугаагүй би тэрэнд гомдолтой байна. Тэгээд осол болоход машинаасаа бууж ирээгүй. Тэгээд замаа чөлөөлөөд тохиролцоно гээд байж байхад манай ах Тэлмүүн ирээд яасан гэж надаас асуусан. Тэгээд би энэ машин намайг мөргөсөн гэж хэлсэн. Тэгээд ах машинаа замаас чөлөөлөөд буцаад ирсэн чинь энэ эгч машинаасаа буухгүй урагшлаад байсан. Тэгээд ах 102, 103 дугаарт залгаж дуудсан. Түргэний эмч намайг үзээд даралт их байна гээд надад даралтын эм өгсөн. Тэгээд намайг гэмтэлд очиж зураг авхуул гэсэн. Тэгээд ах намайг машинд сууж бай гэсэн. Цагдаа ирээд энэ эгч, манай ах хоёртой уулзсан. Би цагдаатай уулзаагүй надаар гарын үсэг л зуруулсан. Тэгээд энэ эгчийн эгч гэж хүн ирсэн. Тэгээд надад 100.000 төгрөг өгнө тэгээд болно гэж доромжилсон. Дараа нь тэр зурсан зураг худлаа байсан. Тэгээд ах, намайг аваад эмнэлэг явсан. Тэгээд ахтай эмнэлэг яваад очиж зураг авхуулахад миний гарыг цуурсан байна гээд гипс тавиулсан. Одоо тэнгэр муухайрахаар гар өвддөг гэв.
Хууль ёсны төлөөлөгч Ч.Цэвэлмаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Томмаграф зураг авхуулахад тархи нь хөдөлсөн гэж байсан. Бусад эмийн өөрөө авч өгсөн. Би хоёр хүүхэдтэй тэгээд том хүү гэмтэл дээр байна гэсэн. Тэгээд яасан юм гэж асуухад машинд мөргүүлсэн гэж хэлсэн. Тэгээд мөргөсөн хүн нь хаана байна гэсэн чинь ирээгүй гэсэн. Тэгсэн манай хүүхдэд 100.000 төгрөг өгнө тэгээд болоо яв гэж хэлсэн байсан. Тэгээд би очсон чинь энэ хүн гэж надад манай хүү хэлэхээр нь толгой дохиод мэндэлсэн чинь цаанаас нь нэг хүн ирээд машины дугуй хагалсан новш хаана байна гэсэн. Тэгээд би барьж байсан цаасаараа дохиод зүгээр байгаарай та нар хүүхдийн гар хугалчхаад гэж хэлсэн. Тэгээд Төгсбаяр байцаагч таны дугаарыг өгөх үү гэхээр нь би яах юм. Хүмүүс ингэж харьцаж байхад гэж хэлсэн. Тэгээд надтай ярихад нь би тэгж муухай харьцаагүй шүүхээр орох юм бол танай хүүхдийн бие гайгүй юу шүүх хурлын дараа мөнгийг чинь өгнө гэсэн. Журмын хашааны мөнгө 227.000 төгрөг болсон. Төгсбаяр байцаагч журмын хашааны мөнгө нөгөө тал нь төлнө гэж байсан. Тэгээд бид нар мөнгийг нь төлөөд авна гэсэн журмын хашаанаас гаргахгүй гэсэн. Бид нар нийт 891.000 төгрөг нэхэмжилж байна. Би шүүгдэгчид утсаар хэлсэн. Шүүх хэцүү шүү хөнгөн хохирол ял авч магадгүй шүү гэж хэлж байсан гэв.
Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-н 05/, зам тээврийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол,хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 6-14/,
2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тогтоолд “хэрэг бүртгэлийн 200603330349 дугаартай хэрэгт ослын талаарх бичлэгийг цагаан өнгийн 1 ширхэг Сидиг хуулж явуулсан байсныг эд мөрийн баримтаар тооцсугай” гэжээ. /хх-н 16/, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-н 17-18/,
Насанд хүрээгүй хохирогч Б.Тайван мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Би 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 20 цагийн үед Офицероос Улаан хуаран орох замд өөрийн мопедыг жолоодоод зорчих хэсгийн 2 дугаар эгнээнд явж байсан, Батлан хамгаалах их сургууль руу өгсөх замд зорчих хэсгийн нэг дүгээр эгнээнд жижиг суудлын авто машин маш удаан явж байсан, тэгээд би ойртон ирэх үед зүүн гар тал руугаа дараад миний урдуур нөгөө машин орж ирсэн, тэгэхээр нь би жоохон зай байхаар нь амжаад гарах гэтэл миний мопедыг баруун талаас нь ирээд мөргөсөн, би тухайн үед газарт унаад босож ирсэн, тэр хавьд байсан хүмүүс цагдаа болон эмнэлэгт дуудлага өгсөн, удалгүй эмнэлгийн машинтай эмч ирээд миний биеийг үзээд гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлээрэй, нарийн шинжилгээ өгөөрэй гэж хэлээд яваад өгсөн, араас нь цагдаа ирээд ослын газарт үзлэг хэмжилт хийсэн. Тухайн үед эмнэлэг, цагдаа ирэхээс өмнө машины жолооч надтай тохиролцох гээд асуусан тэгэхээр нь боломжгүй гэж хэлсэн. Тэгээд гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд миний зүүн гар бугалаг хэсгээр цуурсан байна гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 24-25/,
Гэрч П.Сэргэлэнбаатар мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “ надад 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр болсон зам тээврийн ослын талаар мэдэх зүйл байхгүй, би тухайн үед осол болоход хажууд нь байгаагүй. Миний эхнэр Б.О нь 1975 онд Завхан аймагт төрж өссөн, бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрөөсөн хэр барагтаа хүнтэй муудалцаад байдаггүй тайван зөөлхөн дөлгөөн хүн байгаа юм. Архи согтууруулах ундааны зүйл болон тамхи хэрэглэдэггүй, төлөв даруу зантай, хүнд тусархаг, найз нөхөд хамаатан садны дунд нэр хүндтэй, гэр орон үр хүүхдэдээ халамжтай сайн хүн байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-н 30-31/,
Гэрч Отгонжаргал мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “надад 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр болсон зам тээврийн ослын талаар мэдэх зүйл байхгүй, би тухайн үед осол болоход хажууд байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 33-35/,
Гэрч Б.Тэлмэн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “ Би 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 20 цаг өнгөрч байхад Улаанхуарангийн уулзвараас дээшээ Да хүрээ зах руу ганцаараа машинтай явж байсан, тухайн үед Батлан хамгаалах их сургуулийн баруун урд замд явж байтал миний төрсөн дүү Тайван машинд мөргүүлээд унасан байдалтай газраас унаж явсан мотоциклоо босгож байгаад надтай тааралдсан. Тэгэхээр юу болсон талаар асуухад энэ машинтай эмэгтэй миний урдуур гэнэт орж ирээд мөргөчихлөө гэж хэлсэн, тэгээд би нөгөө машины жолоочийг машинаасаа бууж ирэхийг хүлээгээд байтал машинаасаа бууж ирэхгүй машин дотроо утсаар яриад суугаад байсан, би дүүгээ бие нь яаж байна гэж асуутал миний баруун гэдэс хэсгээр өвдөөд байна гэж хэлсэн, тэгээд шууд эмнэлэг болон цагдаад дуудлага өгсөн. Удалгүй эмнэлгийн машинтай эмч ирээд манай дүүг үзээд нүдэнд ил мэдэгдэх хүнд бэртэл гэмтэл гайгүй байна, өөрсдөө очоод үзүүлчих гэж хэлсэн, араас нь удалгүй цагдаагийн хүмүүс ирсэн. Тэгээд би баруун гарын бугуй хэсгээр хугарсан байна гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг, / хх-н 36-38/, шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоол /хх-н 46/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 9036 дугаартай шинжээчийн дүгнэлтээр
1. Б.Тайваны биед зүүн богтос ясны далд хугарал, баруун гуя, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн Хүндэвтэр зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэж тогтоогджээ. /хх-н 47-49/,
Авто тээрийн үндэсний төв” ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 47133 дугаар дүгнэлт:
Хариулт-1. Уг авто тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгийн төвийн тоног төхөөрөмжөөр хэмжилт хийж шалгаж үзэхэд:, урд болон хойд хоёр дугуйн тоормосны хүчний хэмжээ, зүүн,баруун гар талын холын гэрлийн тусгал, дугуйнуудын хээний гүн, зогсоолын тоормос, зүүн, баруун гар талын ойрын гэрлийн тусгал стандартын шаардлага хангаж байгаа нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байна. Харин урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ алдаатай, урд гуперийн будаг халцарсан, баруун гар талын хойд ухрах чийдэн асахгүй, урд зүүн дугуй бөөрөн дээрээ цоорсон, /эмийн сан, гал унтраагуур, ослын зогсолтын тэмдэг гэх мэт/ байхгүй байсан.
Хариулт-2 Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ их, урд гуперийн будаг халцарсан нь ослын өмнө болон хойно үүссэн эсэхийг бид тогтоох боломжгүй.
Хариулт 3. Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ их, урд гуперийн будаг халцарсан нь ослын өмнө болон хойно үүссэн эсэхийг бид тогтоох боломжгүй.
Хариулт 4. Уг авто тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгын АВЗ бүхий тоормосны системтэй ба техникийн хяналтын үзлэгийн тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд урд хойд тэнхлэгийн дугуйн тоормоснууд стандартын шаардлага хангаж байна.
Хариулт 5. Уг авто тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулга.т АВЗ бүхий тоормосны системтэй ба уг авто тээврийн хэрэгслийг хурд авхуулж байгаад тоормос гишгэхэд зам дээр тоормосны тасалдсан мөр үүснэ.
Хариулт-6. Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ их, урд гуперийн будаг халцарсан зөрчлийг арилгасан үед замын хөдөлгөөнд оролцох боломжтой гэж тогтоогджээ. /хх-н 56-62/, шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоол /хх-н 69/, 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 231 дугаартай “Хас үнэлгээ” ХХК-ны үнэлгээний тайлан /хх-н 71-73/, мөрдөгчийн лавлагаа /хх-н 76/, Б.Од эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 82/, прокурорын тогтоол /хх-н 79-80/,
Яллагдагч Б.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “ 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 20 цагийн үед Нарантуул захаас гараад цайз 16 луу айл руу Улаанхуарангийн эцсийн хажууд явж байсан. Тэгтэл миний машины мотор унтрах гэж байгаа юм шиг нэг сонин дуугарсан тэгэхээр нь би аваарын шар гэрэл дохиогоо асаагаад зорчих хэсгийн 2 дугаар эгнээнд явж байсан мопед жолоодож явсан эрэгтэй хүн миний машины зүүн урд хэсэг рүү мөргөөд газарт унаад босоод ирсэн, тэгэхээр нь би машинаа шууд зогсоогоод цонхоо буулгаад хөөе чи яаж явж байна гэж хэлтэл эгчээ миний мотоцикл асахгүй байна гэж хэлсэн, тэгэхээр нь би мотоцикл яах вэ чи зүгээр үү гэж асуухад тэр залуу би зүгээр гэж хариулсан. Тэгэхээр нь би хоёулаа замаа чөлөөлөөд зогсчих уу гэж асуутал тэр залуу тэгье гэж хэлсэн тэгэхээр би машинаа гэтэл миний машины зүүн урд талын дугуй хагарсан байсан тухайн үед замын нөгөө талд дугуй засвар байхаар нь шууд машинаа хөдөлгөөд дугуй засвар дээр очсон, нөгөө залуу мотоцикл түрээд араас хүрээд ирсэн дугуй засварын гадна машинаа байрлуулж байтал нөгөө мотоциклтэй жолоочийн ах нь хүрээд ирчихсэн байсан тэгтэл тэр ах нь гээд нэг хүн намайг балай авгай минь машинаасаа буугаад ир хүүхэд дайрч хаячхаад гээд уурлаад машины хаалга савсан, би машинаасаа буугаад очтол нөгөө залуугийн ах нь 102, 103 луу дуудлага өгсөн удалгүй эхлээд эмнэлгийн машинтай эмч ирээд нөгөө залуу үзээд гэмтлийн эмнэлэгт өөрсдөө очиж үзүүлээрэй гэж хэлээд явсан, араас нь цагдаагийн хүн ирээд ослын газарт үзлэг хэмжилт хийсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 85-89/, Б.Од хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 83-84/, Б.Огийн иргэний үнэмлэхийн лавлагаа / х-н 89/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 92/, оршин суугаа хаягийн тодорхойлолт/ хх-н 93 /, жолоочийн лавлагаа / хх-н 99/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-н 102/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзэв.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Яллагдагч Б.О нь 2020 оны 8 дугаар сарын 05-ны орой 20 цаг 15 минутын үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Улаан хауран Мона төвийн зүүн талын замд Тоёота Ист маркийн 20-81 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.5-д заасан “ Уулзвар,гарцаар нэвтрэх хөдөлгөөн нь зөвхөн нэг чигт зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд жолооч баруун гар тийш эргэхийн өмнө хамгийн баруун, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн өмнө хөдөлгөөний тухайн чигийн хамгийн зүүн гар талын захад урьдчилан байр эзэлсэн байна “ гэсэн заалтыг зөрчсөний улмаас Daelim B Bone маркийн улсын дугааргүй мотоциклийг мөргөж мотоциклийн жолооч Б.Тайваны эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би эргэх ёсгүй газраар эргэсэн. Гэтэл мопед унасан хүүхэд ирж байсан гэдгийг хараагүй. Энэ хүүхэд миний машиныг ирээд мөргөсөн. Тэгээд би яаж байна гэсэн чинь тэр хүүхэд бас та яаж байна гэсэн. Тэгээд би чи зүгээр үү гэсэн чинь зүгээр миний мопед асахгүй байна гэсэн. Тэгэхээр нь чи зүгээр бол яах вэ хоёулаа замаа чөлөөлөх үү гэсэн энэ хүүхэд тэгье гэсэн гээд толгой дохисон. Тэгээд хөдлөх гэсэн чинь эгчээ таны машины дугуй хагарсан байна гэсэн. Тэгээд дугуй засвар бид хоёр явсан. Энэ хүү мопедоо түрээд хамт явсан. Тэгээд хохирогч Тайваны ах гээд хүн ирээд балай авгай минь хүүхэд дайрчхаад буугаад ирээч гээд хаалга саваад байсан. Тэгээд би буугаад ирсэн чинь Тайваны ах байна гээд 102, 103 дугаарт залгаж дуудсан. Түргэн ирээд Тайваныг даралт ихтэй байна гээд даралтын эм өгсөн. Тэгээд гэмтэлд очоод үзүүл гэсэн. 102 ирээд бид хоёр хэргийн газраас холдсон байсан болохоор ам зураг авсан...” гэсэн мэдүүлэг,
Насанд хүрээгүй хохирогч Б.Тайван шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 08 дугаар сарын 05-ны өдөр би мопед унаад найзындаа очих гээд явж байсан. Тэгэхэд нэг Ist /ист/ маркийн машин удаан явж байгаад гэнэт хажуу тийшээ дарсан. Тэгээд би зугтах маягтай хажуу тийшээ дарсан. Тэгээд намайг ирээд мөргөсөн. Энэ эгч надаас зүгээр үү гэж нэг ч удаа асуугаагүй би тэрэнд гомдолтой байна. Тэгээд осол болоход машинаасаа бууж ирээгүй. Тэгээд замаа чөлөөлөөд тохиролцоно гээд байж байхад манай ах Тэлмүүн ирээд яасан гэж надаас асуусан. Тэгээд би энэ машин намайг мөргөсөн гэж хэлсэн... гэсэн мэдүүлэг,
Насанд хүрээгүй хохирогч Б.Тайваны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Батлан хамгаалах их сургууль руу өгсөх замд зорчих хэсгийн нэг дүгээр эгнээнд жижиг суудлын авто машин маш удаан явж байсан, тэгээд би ойртон ирэх үед зүүн гар тал руугаа дараад миний урдуур нөгөө машин орж ирсэн, тэгэхээр нь би жоохон зай байхаар нь амжаад гарах гэтэл миний мопедыг баруун талаас нь ирээд мөргөсөн, би тухайн үед газарт унаад босож ирсэн, тэр хавьд байсан хүмүүс цагдаа болон эмнэлэгт дуудлага өгсөн, удалгүй эмнэлгийн машинтай эмч ирээд миний биеийг үзээд гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлээрэй, нарийн шинжилгээ өгөөрэй гэж хэлээд яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 24-25/,
Гэрч Б.Тэлмэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... тухайн үед Батлан хамгаалах их сургуулийн баруун урд замд явж байтал миний төрсөн дүү Тайван машинд мөргүүлээд унасан байдалтай газраас унаж явсан мотоциклоо босгож байгаад надтай тааралдсан. Тэгэхээр юу болсон талаар асуухад энэ машинтай эмэгтэй миний урдуур гэнэт орж ирээд мөргөчихлөө гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг, / хх-н 36-38/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 9036 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Б.Тайваны биед зүүн богтос ясны далд хугарал, баруун гуя, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн Хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэж тогтоогджээ. /хх-н 47-49/,
Авто тээрийн үндэсний төв” ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 47133 дугаар дүгнэлтээр : тээврийн хэрэгсэл осол гарахад нөлөөлсөн ямар нэгэн гэмтэл эвдрэлгүй байсан байна гэжээ.
Яллагдагч Б.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний машины мотор унтрах гэж байгаа юм шиг нэг сонин дуугарсан тэгэхээр нь би аваарын шар гэрэл дохиогоо асаагаад зорчих хэсгийн 2 дугаар эгнээнд явж байсан мопед жолоодож явсан эрэгтэй хүн миний машины зүүн урд хэсэг рүү мөргөөд газарт унаад босоод ирсэн, тэгэхээр нь би машинаа шууд зогсоогоод цонхоо буулгаад хөөе чи яаж явж байна гэж хэлтэл эгчээ миний мотоцикл асахгүй байна гэж хэлсэн, тэгэхээр нь би мотоцикл яах вэ чи зүгээр үү гэж асуухад тэр залуу би зүгээр гэж хариулсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 85-89/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Б.Ог Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.5-д заасан “ Уулзвар,гарцаар нэвтрэх хөдөлгөөн нь зөвхөн нэг чигт зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд жолооч баруун гар тийш эргэхийн өмнө хамгийн баруун, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн өмнө хөдөлгөөний тухайн чигийн хамгийн зүүн гар талын захад урьдчилан байр эзэлсэн байна “ гэсэн заалтыг зөрчсөний улмаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв,тохирсон, хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд Б.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Огийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Огаас эмчилгээний зардалд 227.000 төгрөг, мотоциклийн засварын төлбөрт 620.700 төгрөг, журмын хашаанд байсны төлбөрт 43.300 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 891.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16-3-32 тоотод оршин суух хаягтай хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Цэвэлмаад олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар :
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.
Шүүхээс шүүгдэгч Б.Огийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.О нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс нэхэмжилсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидиг хэрэгт хадгалахаар тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.12, 36.13, 38.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь
1. Б.О-г авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Ог 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.О нь торгох ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар Б.О шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Б.О нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс нэхэмжилсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг СД-г хэрэг хадгалах хугацаа дуустал хугацаагаар хэрэгт үлдээсүгэй.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Огаас 891.000 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Цэвэлмаад олгосугай.
9. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсыг яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах, гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ПҮРЭВСҮРЭН