| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 106/2017/0335/Э |
| Дугаар | 181 |
| Огноо | 2018-02-22 |
| Зүйл хэсэг | 10.1.2, |
| Улсын яллагч | Н.Ням-Очир |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 181
Б.О-т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Ням-Очир,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М, түүний өмгөөлөгч М.Энхжаргал,
шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Ж.Ганболд,
нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж, шүүгч А.Алтанхуяг, Ц.Дайрийжав нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 578 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М, шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Т.Отгонсүрэн, Ж.Ганболд нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудаар Б.О-т холбогдох эрүүгийн 201626023148 дугаартай хэргийг 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Л овогт Б-н О, 19.. оны .. дүгээр сарын ..-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, охин, хүргэн, зээ нарын хамт ..........дүүргийн .. дугаар хороо, ............ .. дугаар гудамжны ... тоотод оршин суух,
2014 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, уг ялыг биечлэн эдэлсэн, /РД: ............/;
Б.О нь согтуугаар 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 17 цаг 30 минутын орчим ....... дүүргийн .. дугаар хороо, ......... дугаар гудамжны ....... тоотод гэр бүлийн харилцан хамаарал бүхий Ц.С-тай хоорондын таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар 1 ой 6 сартай зээ охины дэргэд хохирогчийг согтуурсны улмаас өөрийгөө хамгаалах, хянах чадваргүй байхад нь цээжин тус газар 1 удаа хутгалж, бусдыг онц харгис хэрцгий аргаар, биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.О-н үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос Б.О-т 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар Баянгол дүүргийн прокурорын газраас Б.О-т 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 болгон өөрчилж, Б.О-ыг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар Б.О-г 12 жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар түүнд оногдуулсан 12 жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.О-н 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 359 хоногийг ялтны ял эдлэх хугацаанд оруулан тооцож, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди бичлэгийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган хадгалж, бэлтгэлийн өмд, оймс, дотуур өмд, дотоож, Б.О-н даавуун фудволка, хөхөвч, хар өнгийн даавуун өмд, гудасны гадна даавуу, ягаан өнгийн цэцгэн хээтэй, цагаан өнгийн дэвсгэр бүхий ахуйн хэрэглээний хутга, гар утасны шатсан эд анги, угаадас зэргийг устгаж, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүйг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар Б.О-с гэм хорын хохиролд 9.359.000 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М-т олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн зардалд нэхэмжилсэн 3.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие 12 жилийн хорих ялаар шийтгүүлсэн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Би хэрэг болох үед хэсэг зүүрмэглэж байгаад их дуу гарахаар нь эргээд харсан. Тэгээд охиноо дуудсан ба “аав чинь өөрийгөө ингэчихлээ, түргэн дуудаарай” гэсэн. Би талийгаачийг газар хэвтүүлээд хутгатай гарыг сугалсан, ингээд маш их цус гарсан. Охин орж ирээд ардаас нь цуг Э гуай орж ирсэн. Би чадахаараа цусыг нь тогтоох гэж хичээсэн боловч чадаагүй. Удалгүй цагдаа, түргэн ирсэн. Талийгаач нөхрийнхөө амь насыг аврах гэж байгаад ийм хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байна. Би амийг нь аваръя гэж бодож байсан болохоос биш ингэж хэлмэгдэнэ гэж огт бодоогүй. Бид хоёрын дунд ямар ч хэрүүл маргаан байхгүй. Надад холбогдуулан шалгасан хэргийг шийдвэрлэхдээ хэргийг бүрэн гүйцэд шалгаагүй. Үүнд:
1. Хэргийн мөрдөн байцаалт болон хэлэлцүүлэг явуулахдаа нэг талыг барьсан, гүйцэд биш хийсэн.
2. Дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад шүүх зөвхөн хохирогчийн талыг онцлон авч үзэж миний нотлох баримтыг үгүйсгэсэн.
3. Мөрдөн байцаагч, прокурор, шүүх эмнэлгийн шинжээч, анхан шатны шүүгч нар хэргийн бодит байдлыг зөв шударгаар тогтоох, хэргийн бүх талыг бүрэн дүүрэн бодитойгоор хянан шийдвэрлэж, процессыг гүйцэд бодитойгоор хянаж чадаагүй байж хэргийг эцэслэн шийдвэрлэж, надад ял оногдуулсанд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг дахин хянан хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Б.О-н өмгөөлөгч Ж.Ганболд, Т.Отгонсүрэн нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Ж.Ганболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 578 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
Шүүгдэгч Б.О нь талийгаач Ц.С-ын цээжний зүүн хөндий рүү хутгалж, амь насыг нь хохироосон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдохгүй байна.
Нэг. Гэрч О.Х-н мэдүүлгийн талаар:
Мөрдөн байцаалтын шатанд гэрч О.Х-с мэдүүлэг авахдаа Үндсэн хуулийн 16 дугаар зүйл, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 147 дугаар зүйлийн 147.4 дэх хэсэгт заасан эрх үүргийг танилцуулж тайлбарлалгүй байцаалт авсан, мөрдөн байцаалтад авагдсан О.Х-н байцаалт нь үнэн зөв эсэх, хуульд заасан журмын дагуу авагдсан эсэх нь эргэлзээтэй, харин шүүхийн шатанд гэрчээр үнэн зөв мэдүүлэг өгсөн гэж үзэж байна. Гэрч О.Х-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: "...нойлд сууж байхад ээж гэнэт Х-аа гэж орилохоор нь нойлоос гарч гэртээ ороход аавын цээжнээс цус гарсан байдалтай, сандал дээр сууж байсан, талийгаачийн цус гарч байгаа газар нь хутга байгаагүй, ээж түргэн цагдаа дуудаач аав чинь өөрийгөө хутгаллаа хэнийг ч хамаагүй дуудаач гэж орилоод байхаар нь би сандраад гар утсаараа залгасан, тэгээд миний гар утас унтрахаар нь хажуу айл руу орж Э ахаас гар утсыг нь аваад гэрт орсон, гэтэл тэр ах яг миний араас гэрт орж ирсэн, тэгтэл аав газар хэвтсэн, зүүн гарт нь хутга байсан, би хажуу айл руу ороод гарч ирэхэд ихдээ л 1 минут болсон би маш хурдан гүйж ороод тэр хүний гар утсыг нь шүүрээд гарсан, намайг анх нойлоос гэртээ ороход аавын цээжинд цустай байсан болохоор би айгаад хутгыг анзаараагүй байх...би цагдаад дуудлага өгөхдөө ээж аавын мөөмөн дээр хутгалчихлаа гэж хэлснээ санахгүй байна, сүүлд байцаагч “чи ээж аавын мөөмөн дээр нь хутгалчихлаа гэж хэлсэн байна яагаад ингэж хэлсэн бэ” гэж надаас асуухад өөрийгөө тэгж хэлсэн юм байна гэж бодсон, би айсандаа ийм зүйл хэлсэн байна. Би их айсан юу болж байгааг ойлгохгүй байсан, би ээжийгээ аавыг хутгалаагүй гэж бодож байна... Шүүх хуралдаанд судалсан сиди бичлэгт дуудлага өгч байгаа хүн нь би бөгөөд энэ миний дуу мөн байна..." гэсэн мэдүүлэгт дүгнэлт хийхэд
1. Гэрч О.Х-н "...нойлоос гарч гэртээ ороход аавын цээжнээс цус гарсан байдалтай, сандал дээр сууж байсан, талийгаачийн цус гарч байгаа газар нь хутга байгаагүй..." гэж мэдүүлсэн мэдүүлгээ үгүйсгэж "намайг анх нойлоос гэртээ ороход аавын цээжинд цустай байсан болохоор би айгаад хутгыг анзаараагүй байх..." гэсэн мэдүүлэг өгсөн нь "Талийгаач Ц.С-н цээжинд хутга байсан эсэхийг нотлож чадахгүй байна.
2. Хавтаст хэргийн 198 дугаар талд Мэдээлэл шуурхай удирдлагын төвөөс хуулбарлаж авсан сиди бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: "...О.Х-с ээж нөгөө, ээж аавыг хутгалаад, зүрхэн дээр нь хутгалсан гэж хэлэхэд цагдаагаас хаана нь аль талд нь юм гэхэд мээмэн дээр нь зүүн талынх, цус нь гоожоод байна гэхэд..." гэжээ. Энэ тэмдэглэлийн талаар гэрч О.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхдөө: "Шүүх хуралдаанд судалсан сиди бичлэгт дуудлага өгч байгаа хүн нь би бөгөөд энэ миний дуу мөн байна" гэсэн боловч "би айсандаа ийм зүйл хэлсэн байна. Би их айсан юу болж байгааг ойлгохгүй байсан, би ээжийгээ аавыг хутгалаагүй гэж бодож байна" гэсэн мэдүүлгээр сиди хуулбарлагдан авагдсан бичлэг үгүйсгэгдэж байна. Гэрч О.Х-д шүүхийн хэлэлцүүлэгт хууль, сануулж авсан мэдүүлгийг бодит үнэнд тулгуурлаж авсан мэдүүлэг гэж үзэх үндэслэлтэй бөгөөд хүн сандрахдаа юу ч хэлсэн байхыг үгүйсгэхгүй юм.
3. Гэрч О.Х-н "...би хажуу айл руу ороод гарч ирэхэд ихдээ л 1 минут болсон" гэсэн мэдүүлэг нь шүүгдэгч Б.О-н гэмт хэргийн ул мөрийг баллаж талийгаачийг хутгалсан гэх хутгыг арчаад талийгаачийн гарт бариулах цаг хугацаа болоогүйг харуулж байна. Гэмт хэрэг үйлдсэн этгээд нь сэтгэл санаа цочирдсон байдаг бөгөөд шүүгдэгч О нь Х-г дуудаад улмаар түргэн цагдаа дуудуулж, эмнэлгийн тусламж үзүүлэхийг оролдсон зэргээс үзэхэд талийгаачийг хутгалах санаа зорилго харагдахгүй байна.
Гэрч О.Х-н мэдүүлэгт дүгнэлт хийхэд: шүүгдэгч Б.О нь талийгаач Ц.С-г хутгалсан болохыг нотлож чадахгүй байна.
Хоёр: Гэрч Н.Э-н мэдүүлгийн талаар,
Гэрч Н.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ "...О.Х орж ирээд уйлаад утсаа өгөөч түргэн дуудах гэсэн юм, аав үхэх гээд байна гэж хэлэхээр нь би түүнд гар утсаа өгчихөөд өмдөө өмсөөд араас нь гэрт нь орсон, би гэрт ороод О.Х-аас гар утсаа буцаан авч өөр түргэн дуудсан, тэр үед талийгаач авдрынхаа урд толгой нь гэдийсэн царай нь хөхөрсөн баруун талаараа хэвтсэн байдалтай, талийгаачийн наана Б.О суусан талийгаачийг өөрийгөө ингэчихлээ, цус нь тогтохгүй байна, одоо яах вэ гээд уйлаад байсан, би гэрийн үүднээс холдоогүй тэр хавьд байсан... намайг ороход талийгаач газар хэвтсэн ташаан дээрээ гартаа хутга барьсан байсан, О.Х манай гэрт орж ирээд миний утсыг аваад гарсан, удаагүй би араас нь өмдөө өмсөөд гарсан ойролцоогоор 1-2 минут болсон".... гэжээ.
Гэрч Н.Э-н мэдүүлэгт дүгнэлт хийхэд
1. Шүүгдэгч Б.О нь талийгаач Ц.С-г хутгалаагүй болохыг нотолсон. Өөрөөр хэлбэл: Гэрч Н.Э нь гэрч О.Х-н араас шууд гэрт орж хэргийн бодит байдлыг шууд газар дээр нь харсан, шүүгдэгч Б.О-н гэмт хэргийн ул мөрийг баллаж, талийгаачийг хутгалсан гэх хутгыг арчаад талийгаачийн гарт бариулах цаг хугацаа болоогүйг гэрчилж байгаа, мөн гэрч О.Х нь "аав үхэх гээд байсан" гэсэн, Б.О нь "талийгаачийг өөрийгөө ингэчихлээ" гэсэн мэдүүлгээр шүүгдэгч Б.О нь талийгаач Ц.С-г алаагүй болохыг гэрчилж байгаа, мөн "Шүүх хуралдаанд судалсан сиди бичлэгийг" О.Х нь "аав үхэх гээд байсан" гэсэн мэдүүлгээр үгүйсгэж байна.
Гурав: шинжээч эмч Ц.Ганболдын мэдүүлгийн талаар,
"...Хүн өөрийнхөө цээжний зүүн хэсэгт зүүн гараараа хутгалах бэрхшээлтэй, би шинжилгээ хийх явцдаа.... туршилт хийсэн, цогцсон дээр үүссэн шарх нь 10 см урттай багажаар үүсгэгдсэн байсан учраас түүнээс урт хэмжээний багажаар туршилт хийхэд зүүн гараараа нэлээн төвөгтэй байдлаас өөрийгөө хутгалахаар байсан ба амь насаа егүүтгэх хэмжээний гэмтэл өөртөө учруулах нь хэцүү түүний сурсан дадсан хөдөлгөөн биш байна гэж үзсэн. Мөн "Баруун гараараа уг үйлдлийг хийсэн ч тухайн үед 3,3 промилл буюу хүнд зэргийн согтолттой байсан тул сурсан дадсан хөдөлгөөнөөр богино хугацаанд өөрийн амь насыг хохироох үйлдлийг өөртөө учруулах боломж багатай... Би шинжээчийн дүгнэлтдээ гэмтлийг баруунаас зүүн, урдаас хойш, доороос дээш чиглэлтэй гэж бичсэн байна. Харин шарх дээрээс доош чиглэлтэй байхад доороос дээш гэж дүгнэлтэд буруу бичсэн байна..." гэжээ.
Шинжээч эмч Ц.Ганболдын мэдүүлэгт дүгнэлт хийхэд:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.5 дугаар зүйлд мөрдөн шалгах туршилт хийх журмыг зохицуулсан. Гэтэл шинжээч эмч Ц.Ганболдын туршилтыг ямар шинжлэх ухааны аргаар хийснээ үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй. Өөрөөр хэлбэл, амьд хүний хүчний үйлчлэлийг үхсэн хүн дээр хэрхэн туршиж болох...гэх мэт.
Шинжээч эмч Ц.Ганболдын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ "...туршилт хийсэн цогцсон дээр үүссэн шарх нь 10 см урттай багажаар үүсгэгдсэн байсан учраас түүнээс урт хэмжээний багажаар туршилт хийхэд..." гэжээ. Туршилтыг 10 см урттай багажаар хийгээгүй бөгөөд түүнээс урт багажаар туршилт хийсэн нь харагдаж байгаа тул хэргийн бодит байдалд нийцсэн туршилт хийсэн гэхэд эргэлзээтэй, шинжээчийн дүгнэлтээ өөрчлөн тайлбарлаж байгаа нь шинжлэх аргаар гаргасан дүгнэлт гэхэд эргэлзээтэй байна.
Дөрөв. Гэрч Д.А-н мэдүүлгийн талаар,
Гэрч Д.А мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: "...тэр хүний эхнэр гээд байгаа эмэгтэйгээс юу болсон талаар асуухад манай нөхөр бөө утсаа шүүрч аваад гал руу хийсэн, манай нөхөр сандал дээр сууж байгаад өөрийгөө хутгалсан гэх зэргээс хэлж байсан..." гэжээ. Гэрч Д.А-н мэдүүлэгт дүгнэлт хийхэд, шүүгдэгч Б.О нь бусдыг хутгалчихлаа гэж хэлээгүй байх тул Б.О-н гэм буруугүй болохыг нотлож байгаа баримт юм. Харин шүүх гэрч Д.Ан мэдүүлгийг үнэлж байгаа нь ойлгомжгүй байна. Иймд Б.О-н үйлдлийн улмаас Ц.С амь нас хохирсон болох нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд...эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн зарчмын дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол болон Б.О, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолтой танилцаад шүүхээс Б.О-т оногдуулсан 12 жилийн хорих ялыг болон давж заалдах гомдлуудыг хүлээн зөвшөөрөхгүй тул дараах гомдлыг гаргаж байна.
1. Хохирогч би маш их гомдолтой байна. Зөв зүгээр, эрүүл саруул, ид хийж бүтээх насандаа явсан дүүг минь ямар учраас нэг удаагийн үйлдлээр амь насыг нь бүрэлгэсэн юм болоо. Эмэгтэй хүнээс гарах үйлдэл биш гэж бодож байна. 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр талийгаач дүүгийн минь гэрт ямар нэгэн хэрүүл, маргаан гаргаагүй, мөн талийгаач дүүг минь цаашдаа юу хийж, хэрхэн амьдрах, амьдралд хайртай, тэмүүлэлтэй, зорилготой хүн байсныг шүүгдэгч Б.О, гэрч О.Х нарын мэдүүлэг нотолж байна. Эсрэг хүйсийнхээ хүнтэй утсаар ярьж, мессеж бичих нь хүний ёсонд байдаг хэвийн харьцаа болохоос 1 ой 6 сартай зээ охиныхоо өмнө өөрийн охины ээжийн гарт хэрцгийгээр амиа алдах ноцтой шалтгаан биш байх. Төрсөн ээж, дүүтэйгээ хамт амьдарч байж төрсөн гэрээсээ хөөгдөж гарсан нь Б.О-н зан чанарыг харуулж байна.
2. Анхан шатны шүүхээс хохирогч өмгөөлүүлэх эрхтэй ч энэ хэрэгт өмгөөлөгч авах шаардлагагүй гэж тайлбарласныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:
О.Х бидэнд дүүг минь өөрийгөө хутгалчихсан гэж хэлсэн. Гэтэл 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр талийгаачийн хүүгийн ээж Б-с Х-н 102-т өгсөн дуудлага болон гэмт хэргийн талаар сонссон. Мөн хэргийн газарт үзлэг хийсэн ахын танилын дүү цагдаагийн албан хаагч ахаас “танай дүү солгой юу” гэж асуусан. Ах “үгүй” гэхэд “зүүн гарт нь хутга байсан шүү” гэж хэлсэн. Хэргийг бид нүдээр хараагүй учир сонссон мэдээллээ үнэн эсэхийг тодруулахын тулд хуулийн байгууллагад итгэж, хэргийг үнэн зөв шийдэхийн тулд өмгөөлөгч авах аргагүй байдалд хүрсэн. Хохирогчийн зүгээс өмгөөлөгчийн зардлыг гэмт хэргийн улмаас бидэнд учирсан хохирол, зардалд тооцож, Б.О-с гаргуулах хүсэлтэй тул магадлалд тусгаж өгнө үү.
3. Хуулийн байгууллагуудын ажиллагааг үнэн зөв шинжлэх ухааны үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа ч шүүхээс оногдуулсан ялын шийдвэрт гомдолтой байна. Телевиз, радио, цахим ертөнцөөр хүний нэр төрд халсан, хувь хүний болон улсын хөрөнгө завшсан, залилсан гэмт хэргүүдэд 8-12 жилийн хаалттай хорих ял өгч байсныг сонсож үзэж байсан. Гэтэл ямар ч шалтгаангүйгээр дүүгийн минь амийг хөнөөсөн Б.О-т 12 жилийн хорих ял оногдуулсныг ял хөнгөдсөн гэж үзэж, маш их гомдолтой байна. Цаазын ял байгаа бол амийг амиар солимоор байна. Шүүгдэгч Б.О нь гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй, хийсэн хэрэгтээ огт гэмшээгүй, хохирогч биднээс уучлалт гуйгаагүй, гэмт хэргийн улмаас хохирогч бидэнд учруулсан оршуулгын зардал болон бусад зардлыг төлж барагдуулаагүй байхад шүүхээс Б.О-т 12 жилийн нээлттэй хорих ял оногдуулсанд хохирогчийн зүгээс ял хөнгөдсөн гэж үзэж байна...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М-н өмгөөлөгч М.Энхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь мөрдөн байцаалтын шатанд хэрэгт хамаарал бүхий бүх ач холбогдолтой баримтуудыг шалгаж, бэхжүүлж авсан. Б.О нь өөрийгөө гэмт хэрэг үйлдээгүй гэж байгаа боловч шинжээчийн дүгнэлт, гэрч, хохирогчийн мэдүүлэг болон бусад баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Энэ гэмт хэрэг гарах үед Б.О, түүний охин О.Х, насанд хүрээгүй зээ нь хамт байсан. Энэ гурваас өөр хэргийг баталж, нотлох хүн байхгүй... Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан О.Х-н мэдүүлгүүд ач холбогдолгүй гэж үзэж байна. Хүн сандарсан үедээ болсон процессийг харин ч үнэн шударгаар хэлдэг. О.Х тухайн үед болсон процессийг харангуутаа ээж аавыг хутгалчихлаа гэж хэлсэн. Үүнээс хойших О.Х-н мэдүүлгүүд өөрчлөгдөж, тогтворгүй болдог. Э гэртээ байж байсан ба тэрээр өмдөө өмсөөд, гэрээсээ гарч, айл руу ороход 1-2 минут болсон гэдэг нь эргэлзээтэй байна. Шинжээч эмч Ганболд “техникийн алдаа гарсан” гэж мэдүүлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Хохирогч, шүүгдэгч нарын хувийн байдлын талаар мөрдөн байцаалтын явцад хангалттай тогтоосон. Тэгэхээр энэ хэрэгт ямар ажиллагаа нэмж хийлгэхээр буцаах гэж байгааг ойлгохгүй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дэмжиж байна...” гэв.
Прокурор Н.Ням-Очир тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...О.Х-с мэдүүлэг авахдаа Үндсэн хууль сануулаагүй гэж давж заалдах гомдол гаргажээ. О.Х нь мөрдөн байцаалтын шатанд 5-6 удаа мэдүүлэг өгсөн. Эхний өдөр буюу шуурхай ажиллагааны үед өгсөн мэдүүлэгт Үндсэн хуулийн заалт бичигдээгүй байсан. Гэхдээ байцаан шийтгэх хуульд заасан “ойр дотны болон ар гэрийнхнийхээ талаар мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй” гэсэн заалтууд бичигдсэн байсан. Үүнээс бусад мэдүүлгийг Үндсэн хууль сануулж авсан. О.Х-н мэдүүлгийг гол нотлох баримт гэж үзээгүй. О.Х-н мэдүүлэг байнга өөрчлөгдөж, тогтворгүй болдог. Гэрч Б, шүүгдэгч Б.О болон талийгаач нарын дунд хувийн тааламжгүй харилцаа буюу хардалтын асуудал байсан гэдэг нь тогтоогдсон. Энэ нь хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шатаагдсан гар утас, ирсэн мессеж, гэрчүүдийн мэдүүлгүүдээр хангалттай тогтоогддог... Шинжээч туршилт хийж байгаа бүх явцыг фото зургаар бэхжүүлсэн. “Доороос дээшээ” гэдгээ буруу бичсэн гэж шинжээч шүүх хуралдаанд мэдүүлсэн. 10 см урттай зүйлээр туршилт хийсэн. Хэвлийн хөндий рүү нэвтэрч орсон зүйл нь 10 см, чиглэлийг нь харахад түүнээс урттай зүйлээр туршилт хийвэл чиглэл нь нарийн тодорхой харагдах байх. Тэгэхээр “10 см болон түүнээс урттай зүйлээр” гэж бичихээс өөр аргагүй. Үүнийг үндэслэлтэй гэж үзэж байна. Талийгаачийн цээжинд хутга байсан эсэх талаар О.Х анхнаасаа тогтвортой мэдүүлэг өгдөггүй. Талийгаач өөрийгөө зүүн гараараа дээрээс доошоо, зүүнээс баруун чиглэлтэй хутгалах боломжгүй болох нь фото зургаас харагдаж байгаа. Мөн шинжээч эмч Ганболдын туршилт хийсэн фото зургуудаас тодорхой харагдана... Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь тогтоогдсон учраас шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн бөгөөд шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна...” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Б.О-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Б.О нь согтуугаар 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 17 цаг 30 минутын орчим Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн нарангийн 15 дугаар гудамжны 110 тоотод гэр бүлийн харилцан хамаарал бүхий Ц.С-тай хоорондын таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, хохирогчийг өөрийгөө хамгаалах, хянах чадваргүй байхад нь цээжин тус газар 1 удаа хутгалж, биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Х-н “...2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 18 цагийн үед манай аав Ц над руу залгаад “дүү чинь өнгөрчихлөө” гэж хэлсэн... Тэгээд талийгаач дүү Ц.С-н гэрт очиход цагдаа нар ирээд хэргийн газрыг хамгаалалтад авчихсан, орж болохгүй гэсэн... Талийгаач урьд нь амиа хорлох ямар ч үйлдэл хийж байгаагүй... амиа хорлох ямар ч шалтгаан байхгүй...” /хх 1-н 25/,
гэрч О.Х-н мөрдөн байцаалтын шатанд 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр өгсөн “...намайг гэртээ орж ирэхэд аав ширээний ард суучихсан, ээж хоол хийх гээд байж байсан. Би хүүхэдтэйгээ байж байсан. Тэгээд ээж гэнэт “за за, би явлаа, яршиг, яршиг” гэж байсан. Аав тэр үед нь “чи хүний үгээр үг хийгээд яадаг юм, хүмүүс чи бид хоёрыг хорлох гэж л тэгэж байгаа юм” гэж байсан... миний гэдэс базлаад нойлд сууж байхад ээж гэнэт “Х аа” гээд орилохоор гэр лүү яваад ортол аав сандал дээр цус нь гоожчихсон сууж байсан. Тэгээд би 102, 103 руу залгаад гэрийнхээ хаягийг зааж өгсөн. Ирэхгүй болохоор нь хажуу айлын ахын утаснаас залгах гээд утсыг нь авсан. Тэр ах араас орж ирсэн. Намайг гэрт ороход аавыг газар хэвтүүлчихсэн цус газарт нь дараад байж байсан... аав сандал дээр суучихсан бие нь нэг сонин болчихсон амнаас нь цэр шиг зүйл гараад хахаад байгаа юм шиг байсан. Тэгээд би хажуу айл руу ороод утас аваад ороод ирэхэд газар хэвтүүлчихсэн байсан...” /хх 1-н 29-30/,
мөн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн мэдүүлэг “...аав ширээний хажууд өөрийнхөө байнга суудаг модон сандал дээр суугаастай, цээж орчмоос нь цус нэлээд гараад бие нь татваганаад байгаа юм шиг байдалтай байсан. Ээж бөөгийн тахилын тэнд зогсчихсон “түргэн дуудаарай” гэж надад хэлэхээр нь би айж сандраад аавыг сайн харж чадаагүй тул тухайн үед аавын гарт хутга байсан үгүйг сайн анзаараагүй. Харин би утсаараа залгаж яриад дараа нь хажуугийн айл руу орчихоод буцаад гэртээ ороход аав гудсан дээр дээшээ хараад хэвтчихсэн, аавын зүүн гарт нь цагаан өнгийн том хутга бариастай байгаа харагдсан... аав өөрөө хөдлөөгүй бол ээж аавыг гудсан дээр хэвтүүлсэн болов уу... Болсон асуудлыг би нүдээрээ хараагүй ч гэрт аав, ээж хоёроос өөр хүн байгаагүй болохоор тэр үед би ээж аавыг хутгалсан юм болов уу гэж бодсон... Талийгаач солгой биш, ажил хийх болон юм бичихдээ баруун гараараа хийдэг, хэвийн хүн байсан... Хутга нь яагаад аавын зүүн гарт байсныг мэдэхгүй... Намайг гэртээ ирэхэд ширээн дээр 1 шил архины шил байгаа харагдсан. Аав, ээж хоёр хоёулаа архи уусан байдалтай байсан боловч ухаанаа алдсан гэхээр согтуу байгаагүй. Хоорондоо нэг хүүхний талаар яриад ээж тэр хүүхнийг нь залгаж байна гэхэд аав ярихгүй, наад хүүхэн чинь бид хоёрыг хорлох гэж байна гэж хэлэхэд ээж аавын утсыг хаялаа шүү гэсэн. Тэгээд аав шатаачихгүй гээд утсаа зуух руу хийчихсэн санагдаж байна...” /хх 1-н 33-34/,
гэрч Н.Э-н “...Би тухайн өдөр өглөөнөөс орой хүртэл 7 настай хүүхдийн хамт гэртээ байж байсан. Тэгтэл ойролцоогоор 17 цагийн орчимд манай хажуу айлын О.Х ганцаараа уйлсан байдалтай орж ирсэн. О.Х нь “аав үхэх гээд байна, түргэн дуудах гэсэн юм, утсаа өгөөч” гэхээр нь өөрийнхөө гар утсыг өгсөн. Тэгтэл О.Х манай гэрээс гарахаар нь би яасан юм бол гэж бодоод өмдөө өмсөөд араас нь гараад О.Х-н амьдардаг гэрт нь ороход О.Х, түүний охин, ээж Б.О, Ц.С нар байсан. О.Х нь зүүн талын орон дээр хүүхдээ тэврээд “одоо яах юм бэ” гээд уйлаад сууж байсан. Гэрийн баруун талын газар гудсан дээр Ц.С их эвгүй байдалтай хэвтэж байсан. Хажууд нь эхнэр нь болох Б.О сууж байсан. Б.О надад “цус тогтохгүй байна, одоо яах вэ, ямар аймар юм бэ” гээд байсан. Би тэгэхээр нь шууд түргэн тусламж дуудсан... Ц.С тухайн үед их эвгүй хэвтэж байсан ба намайг ороход царай нь хөхрөөд бие нь татганаад хөдлөөд, ухаангүй байдалтай байсан...” /хх 1-н 26-27/,
гэрч П.Б-н “...Би 2007 онд анх талийгаач Ц.С-тай танилцсан... 2016 оны 12 дугаар сарын 19-ний орчим нэг согтуу эмэгтэй Ц.С-н утаснаас над руу залгаад “Ц.С-гаа Парадоксын урдаас ирж ав” гэж хэлэхээр нь би уурлаад “чи хамт идэж уусан юм бол өөрөө аваад яв” гэж хэлсэн. Тэгээд би “битгий хөгшин янхан яриулаад бай” гэсэн мессеж бичээд орхисон юм...” /хх 1-н 168/,
шинжээч Ц.Г-н “...Талийгаачид шинжилгээ хийх үед уг гэмтлийг талийгаач өөртөө учруулах боломжтой эсэхийг туршилт хийж үзсэн бөгөөд талийгаачийн гарын хөшилтийг идэвхитэй аргаар тавиулж, багаж бариулан хоёр гараар шархны сувгийн дагуу хатгаж болох эсэхийг шалгахад өөрөө өөртөө гэмтэл учруулах боломжгүй ба бэрхшээлтэй, сурсан дадсан хөдөлгөөн бус байна. Иймээс баруун, зүүн гарын алинаар нь ч уг гэмтлийг өөртөө учруулах боломжгүй гэж дүгнэсэн...” /хх 1-н 52-53/ гэх мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... Талийгаачид цээж зүүн хөндийг 4-5-р хавирганы мөгөөрсийг гэмтээн нэвтэрсэн үнхэлцэг, зүрхний хоёр ховдолын доод хэсгийг нэвт хатгаж зүссэн, баруунаас зүүн, урдаас хойш, дороос дээш чиглэлтэй шарх, цээжний зүүн хөндийн цус хуралт 1550 мл, зүүн уушины авчилт, цээж, баруун бугалга, гуя, шилбэний цус хуралтууд тогтоогдлоо. Цээжний хөндий нэвтэрсэн шарх нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн хатгах үйлдлээр үүсгэгдэх ба ажлын хэсгийн урт нь 10,5 см-эс багагүй, өргөн нь 4,7 см байж болно. Цээж баруун бугалга, гуя, шилбэний цус хуралтууд нь мохоо зүйлийн олон удаагийн буюу цохих үед үүсгэгдэнэ. Цээжний зүүн хөндий рүү нэвтэрсэн шарх нь үхэлд хүргэжээ. Нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. Цусанд нь 3.3 промилл, ходоодны шингэнд 3.4 промилл спиртийн агууламж илэрсэн байна...” гэх 2017 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 65 дугаартай дүгнэлт /хх 1-н /45-47/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн “...Б.О нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийг ухамсарлан ойлгох чадвартай, хэрэг хариуцах чадвартай байна...” гэх 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 359 дугаартай дүгнэлт /хх 1-н 172-173/,
хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 3-7/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 1-н 12-14, 48-49/, Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн дуудлагын лавлагааны хуудас /хх 1-н 195/, О.Х-н 99270991 дугаарын утаснаас Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 102 дугаарын утас руу ярьсан ярианы бичлэг бүхий сиди-нд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 197-199/ зэрэг нотлох баримтуудаар болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Прокуророос Б.О-г хүнийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, онц харгис хэрцгий аргаар санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн, түүний үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хэргийг хянан шийдвэрлэх явцад Монгол Улсын Их хурлаас 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн бөгөөд уг хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.
Анхан шатны шүүх Б.О-н үйлдлээс 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт заасан “онц харгис хэрцгий аргаар” хүнийг санаатай алсан хэргийн хүндрүүлэх шинж нь нотлогдоогүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, мөн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15 дахь хэсэгт зааснаар зүйлчилснийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад нийцүүлсэн нь зөв байна.
Түүнчлэн анхан шатны шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан Б.О-т 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М-н давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
Шүүгдэгч Б.О-с “...хэргийн бүрэн гүйцэд шалгаагүй...”, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ганболд, Т.Отгонсүрэн нараас “...Б.О-н үйлдлийн улмаас Ц.С-н амь нас хохирсон нь тогтоогдохгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргасныг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Учир нь: хэрэгт авагдсан шинжээч Ц.Ганболдын “...талийгаачийн гарын хөшилтийг идэвхитэй аргаар тавиулж, багаж бариулан хоёр гараар шархны сувгийн дагуу хатгаж болох эсэхийг шалгахад өөрөө өөртөө гэмтэл учруулах боломжгүй ба бэрхшээлтэй, сурсан дадсан хөдөлгөөн бус байна. Иймээс баруун, зүүн гарын алинаар нь ч уг гэмтлийг өөртөө учруулах боломжгүй гэж дүгнэсэн...” /хх 1-н 52-53/ гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 65 дугаартай дүгнэлт болон дүгнэлтэд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүдээс харахад хохирогч нь зүүн гартаа хутга барин өөрийнхөө цээжний зүүн хөндийн 4-5-р хавирганы мөгөөрсийг гэмтээн, цааш нэвтэлж үнхэлцэг, зүрхний хоёр ховдолын доод хэсгийг нэвт хатгаж, 10.5 см орчим гүн хутгалах боломжгүй болох нь тогтоогдож байна.
Иймд давж заалдах гомдлуудад дурдсан үндэслэлээр шүүгдэгч Б.О-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.