Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 261

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Ш” ХХК

Хариуцагч: ОӨУБЕГ 

Гуравдагч этгээд: “ШЗ” ХХК /РД:/

Нэхэмжлэлийн шаардлага: “2010 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “ШЗ” ХХК-ийг улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах, ШЗ сонинг улсын бүртгэлд шинэчлэн бүртгэхийг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б нарыг оролцуулан хийв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Ш” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Манай компани нь 1992 оноос хойш “ШЗ” сонинг эрхлэн гаргаж ирсэн. Бидний эрхлэх ШЗ сонинг улсын бүртгэлд Хууль зүйн яамнаас 1998 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр бүртгэж гэрчилгээ олгосон байна. Мөн “ШЗ” сонин нь зах зээлд танигдаж, өөрийн гэсэн брендингийг бий болгож чадсан. Хууль зүйн сайдын 1999 оны 292 тоот щийдвэрээр “ШЗ сонин” барааны тэмдгийн онцгой эрхийг анхдагч огноог нь 1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөр тогтоон олгосон байна. Оюуны өмчийн газраас 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдөр мөн адил “ШЗ” барааны тэмдгийн онцгой эрхийг сонин, цахим хуудасны үйлчилгээнд хэрэглэхээр авсан. 

Гэвч, улсын бүртгэлийн байгууллага нь 2010 оны 01 дүгээр сарын 2.9-ны өдөр “ШЗ” ХХК-ийг улсын бүртгэлд бүртгэсэн байна. Энэ нь дараах байдлаар хууль зөрчиж, компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж байна.

Хууль зүйн сайдын 1998 оны 04 дүгээр сарын 02-ны.өдөр ШЗ сонинг улсын бүртгэлд бүртгэж байсан. Улсын бүртгэлийн байгууллагаас бидэнд ирүүлсэн албан бичигт “ШЗ сонинг шинэчлэн бүртгүүлээгүй байх тул нэр давхацсан гэж үзэхгүй" гэх агуулгаар тайлбарласан байна. Гэвч тухайн үед буюу 2010 онд хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль болох 2003 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 31.1 дэх хэсэгт “Энэ хууль батлагдахаас өмнө улсын бүртгэлд бүртгүүлсэн хуулийн этгээдийн хувьд тэдгээрийн улсын бүртгэл хүчин төгөлдөр хэвээр байна” гэж, 31.2 дахь хэсэгт “Энэ хууль батлагдахаас өмнө улсын бүртгэлийн ажил хариуцаж байсан байгууллагад хадгалагдаж байгаа, өмнө нь улсын бүртгэлд бүртгэгдсэн хуулийн этгээдийн хувийн хэрэг, бүртгэлтэй холбогдох бусад материал нь улсын мэдээллийн эх сурвалжийн бүрэлдэхүүн хэсэг болно” гэж, 26.3 дахь хэсэгт “Хуулийн этгээд татан буугдсан тухай улсын бүртгэлийн жагсаалтад бичилт хийснээр тухайн хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хассанд тооцно” гэж тус тус заасан байна. ШЗ сонин татан буугдаагүй тул түүний бүртгэл хүчин төгөлдөр байна. Иймд 2010 онд “ШЗ” ХХК-ийг улсын бүртгэлд бүртгэсэн нь Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхацсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй” гэж заасныг зөрчсөн байна.

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 12.3.3 дахь заалтын дагуу барааны тэмдэг эзэмшигч нь барааны тэмдгийг бусад ашигласан бол таслан зогсоохыг шаардах эрхтэй. “ШЗ” ХХК нь бидний барааны тэмдэгтэй ижил нэрээр байгуулагдаж үйл ажиллагаа явуулж байгаа нь бидний барааны тэмдгийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж байгаа, хэрэглэгчдийг төөрөгдөлд оруулах зүйл юм. Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.4 дэх заалтаар бусдын барааны тэмдэг, аж ахуй эрхлэгчийн нэрийг дур мэдэн хэрэглэх, барааны нэрийг хуулбарлахыг өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагаа хэмээн үзэж, хориглосон байна.  

Улсын бүртгэлийн байгууллага нь “ШЗ” ХХК-ийг бүртгэсэн нь Өрсөлдөөний тухай хууль, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон барааны тэмдэг эзэмшигчийн эрхтэй холбоотой олон улсын гэрээ болох Парисын конвенцийн тодорхой заалтуудыг зөрчиж буй тухай бид хуульчаас зөвөлгөө авсаны үндсэн дээр нэмэлт тайлбар гаргаж өгөх болно.

Бидний зүгээс энэ асуудлаар өмнө шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн захирамжаар “маргааныг урьдчилан шийдвэрлүүлэх журмыг биелүүлээгүй байна” хэмээн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Бид ОӨУБЕГ т энэ асуудлаар гомдол гаргасан бөгөөд тус газрын 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн албан бичгээр бидний гомдлыг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. Иймд тус асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.

Хариуцагч ОӨУБЕГ ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л шүүхэд гаргасан хариу тайлбартаа “Ш ХХК нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дараах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус байгууллагад холбогдуулан гаргасан байна.Үүнд: 2010 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “ШЗ” ХХК-ийг бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах, ШЗ сонинг улсын бүртгэлд шинэчлэн даалгах Энэхүү нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Ш ХХК-ийн үүсгэн байгуулсан ШЗ сонинг Хууль зүйн яамнаас 1998 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр улсын бүртгэлд бүртгэн гэрчилгээ олгосон байх ба үүнээс хойш бүртгэлд өөрчлөлт ороогүй, шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй байна. 

2003 онд батлагдсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Энэ хууль батлагдахаас өмнө улсын бүртгэлд бүртгүүлсэн хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан уг хууль хүчин төгөлдөр болсноос хойш арван найман сарын дотор дараахь баримт бичгийг энэ хуулийн 7.1-д заасан бүртгэх байгууллагад ирүүлнэ” гэж заасан байна. 

ШЗ сонин нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй, хуулиар тогтоосон хугацааны дотор улсын бүртгэлийн хандаж шинэчилсэн бүртгэлдээ хамрагдаагүй байгаа нь улсын бүртгэлийн байгууллагаас татан буулгахаар шүүхэд хандах нөхцөл байдлыг үүсгэсэн байна. ШЗ ХХК-ийг 2010 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр улсын бүртгэлд бүртгэсэн нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй байна. Энэ бүгдээс дүгнэхэд Улсын бүртгэлийн байгууллагыг буруутгах хуулийн үндэслэлгүй болох нь харагдаж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “ШЗ” ХХК-ийн зүгээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: “ШЗ” ХХК-ийн Улсын бүртгэлийг хүчингүй болгуулахаар гаргасан шаардлагыг эс зөвшөөрч байна. Учир нь

1-рт: Иргэн Д.Б******* нь 2010 оны 01-р сарын 29-ний өдөр 01 тоот шийдвэрээр "ШЗ” ХХК байгуулахаар шийдвэрлэж эрх бүхий байгууллагад тухайлбал Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлэхээр хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 14-р зүйл, 15-р зүйл, 16-зүйлд заасны дагуу зохих баримт бичгийг бүрдүүлэн өгч бүртгүүлснээр 2010 оны 01-р сарын 29-ний өдөр 9011******* улсын бүртгэлийн дугаар, 535******* регистрийн дугаар бүхий Улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдож дээрхи хуулийн 5-р зүйлийн 5.1-д зааснаар Иргэний эрх зүйн харилцаанд оролцох эрх үүссэн болно.

2-рт: “ШЗ” ХХК нь анх байгуулагдахдаа дараах үйл ажиллагааг эрхлэхээр  бүртгэгдсэн. Үүнд:\

-                       Зар сурталчилгаа

-                       Гадаад харилцаа

-                       Вэб сайтын үйлчилгээ

-                       Соёл урлагийн үйл ажиллагаа зохион байгуулах

3-рт: Харин “Ш” ХХК нь 1995 онд Худалдаа зуучлалын үйл ажиллагаа эрхлэхээр байгуулагдаж 201******* регистрийн дугаар бүхий Улсын бүртгэлийн гэрчилгээг авсан байна. Үүнээс хойш шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүйгээс гадна ямарваа нэгэн өөрчлөлт оруулаагүй байна.

4-рт: “Ш” ХХК нь 1999 оны 292 тоот шийдвэрээр “ШЗ” барааны тэмдгийн нэрийг зөвхөн “ШЗ” сонинд хадгалагдахаар 2889 тоот барааны тэмдгийн гэрчилгээ авсан байх бөгөөд 2000 онд 59 тоот шийдвэрээр мөн л “ШЗ” сонинд 2945 тоот барааны тэмдгийн гэрчилгээ, 2016 оны 6-р сарын 6-ний өдрийн А/62 тоот тушаалаар “ШЗ” барааны тэмдгийг Ш ХХК-д сонин, цахим хуудсанд хадгалагдахаар 15592 дугаар бүхий Барааны тэмдгийн гэрчилгээ олгогдсон байна.

5-рт: “ШЗ” ХХК нь “ШЗ” нэртэй сонин хэвлэн нийтэлдэггүй бөгөөд дээр дурьдсанчлан Монгол улсад мөрдөгдөж буй хуулийн хүрээнд “ШЗ” ХХК-г байгуулсан нь Шударга бус өрсөлдөөний хууль, Барааны тэмдэг, газарзүйн заалтын тухай хууль, Олон улсын холбогдох конвенцын заалтуудыг зөрчөөгүй болно. 

Мөн "ШЗ” барааны тэмдэг, лого-г ашиглаагүй болохоо мэдэгдэж байна. Тиймээс “ШЗ” ХХК нь “Ш” ХХК-ийн эрх ашгийг хөндөөгүй байх бөгөөд “Ш” ХХК нь “ШЗ” ХХК-ийн бүртгэлийг хүчингүй болгуулахаар шаардах эрхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Ш” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б нь “2010 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “ШЗ” ХХК-ийг улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах, ШЗ сонинг улсын бүртгэлд шинэчлэн бүртгэхийг даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.

Шүүх нэхэмжлэгчийн “2010 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “ШЗ” ХХК-ийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,  үлдэх шаардлага болох “ШЗ сонинг улсын бүртгэлд шинэчлэн бүртгэхийг даалгах”-ыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

“2010 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “ШЗ” ХХК-ийг бүртгэсэн бүртгэлийн хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн үндэслэлийн тухайд:

Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч, хуульд заасан журмын дагуу татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болно”, 27 дугаар зүйлийн 27.3-д “Хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй” гэж заасан байна.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай 2003 оны хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч, хуульд заасан журмын дагуу татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болдог хуулийн этгээдийн улсын бүртгэлтэй холбогдолтой асуудлыг энэ хуулиар зохицуулна”, 26 дугаар зүйлийн 26.3-д “Хуулийн этгээд татан буугдсан тухай улсын бүртгэлийн жагсаалтад бичилт хийснээр тухайн хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хассанд тооцно” гэж тус тус заасан байна.

Мөн дээрх хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Энэ хууль батлагдахаас өмнө улсын бүртгэлд бүртгүүлсэн хуулийн этгээдийн хувьд тэдгээрийн улсын бүртгэл хүчин төгөлдөр хэвээр байна” 31.3-д -Энэ хууль батлагдахаас өмнө улсын бүртгэлд бүртгүүлсэн хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан уг хууль хүчин төгөлдөр болсноос хойш арван найман сарын дотор дараахь баримт бичгийг энэ хуулийн 7.1-д заасан бүртгэх байгууллагад ирүүлнэ:”, 31.4-д “Энэ хуулийн 29.3-т заасан баримт бичгийг тогтоосон хугацаанд бүртгэх байгууллагад ирүүлээгүй бол тухайн хуулийн этгээдийг бүртгэх байгууллагын саналыг үндэслэн шүүх татан буулгана” гэж тус тус заасан байна.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараахь зүйлийг хориглоно”, 18.1.8-д “улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгох” гэж заасан байна.

Улсын  бүртгэлийн   ерөнхий  газрын даргын  2009  оны  10  дугаар  сарын  09-ны өдрийн  391 дүгээр тушаал /уг тушаалыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2013 оны  сарын 19-ний өдрийн 742 дугаар тушаалаар хүчингүйд тооцсон/-ын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Хуулийн этгээдийн нэр олгох журам”-ын 3.10-д “Хуулийн  этгээдийн  нэр  нь  улсын бүртгэлд бүртгэгдсэн хуулийн этгээдийн нэртэй бусдыг төөрөгдүүлэхээр ижил төсөөтэй байвал хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд гэм хор учруулахаар байна гэж үзэж хуулийн этгээдийн нэр олгохгүй” гэж заасан байна. 

  Хууль зүйн яамнаас “Ш” компаний өргөдөл, холбогдох материалыг хянан хэлэлцээд “ШЗ” сонинг улсын бүртгэлд бүтгэж, № 673 тоот гэрчилгээг  1998 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр олгосон байна. 

Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газраас “ШЗ” ХХК-ийг 2010 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр улсын бүртгэлийн 9011******* дугаарт бүртгэж гэрчилгээ  олгосон байна.

Дээрх хууль зүйн үндэслэлүүд болон үйл баримтуудаас үзэхэд “ШЗ” гэсэн оноосон нэртэй, Хууль зүйн яаманд бүртгэлтэй буюу улсын бүртгэлд бүртгэлтэй хэвлэл мэдээллийн байгууллага татан буугдаагүй буюу эрх зүйн чадвар нь дуусгавар болоогүй байхад адил оноосон нэртэй  “ШЗ” ХХК-ийг улсын бүртгэлд бүртгэсэн нь хуульд нийцэхгүй байна.

Тодруулбал дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай 2003 оны хууль батлагдахаас өмнө улсын бүртгэлд бүртгүүлсэн байсан хуулийн этгээд нь уг хууль хүчин төгөлдөр болсноос хойш арван найман сарын дотор холбогдох баримт бичгийг бүртгэх байгууллагад ирүүлээгүй бол тухайн хуулийн этгээдийг бүртгэх байгууллагын саналыг үндэслэн шүүх татан буулгахаар тодорхой хуульчилсан байна.

“ШЗ” сонинг шүүхийн шийдвэрээр татан буулгаагүй болох нь, улсын бүртгэлээс хасаагүй болох нь хариуцагчийн шүүхэд ирүүлсэн бичгийн тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогддог ба “ШЗ” сонинг татан буулгаагүй, улсын бүртгэлээс хасаагүй үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй болно.  

Үүнээс үзэхэд “ШЗ” сонинг улсын бүртгэлд бүртгэсэн өмнөх бүртгэл хүчинтэй байхад буюу “ШЗ” сонинг албан ёсоор татан буулгаагүй байхад “ШЗ” ХХК-ийг бүртгэсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8-д заасныг зөрчсөн байна. 

Мөн “ШЗ” гэсэн оноосон нэртэй сонинг улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэл хүчинтэй буюу уг сонинг татан буулгаагүй, улсын бүртгэлээс хасаагүй байхад уг сонингийн нэртэй давхардуулан “ШЗ” гэсэн нэртэй хязгаарлагдмал хариуцлагатай компанийг бүртгэсэн нь Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д заасныг зөрчсөн байна.  

Дээрх үндэслэлүүдээр “ШЗ” ХХК-ийг улсын бүртгэлд 2010 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэлээ. 

““ШЗ” сонинг улсын бүртгэлд шинэчлэн бүртгэхийг даалгах”-ыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлийн тухайд:

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай 2003 оны хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол бүртгэх байгууллага энэ хуулийн 16.1-д заасан баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан тухайн хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэх эсэх талаар бичгээр шийдвэр гаргана”, 16 дугаар зүйлийн  16.1-д Өргөдөл гаргагч хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ дараахь баримт бичиг бүрдүүлнэ” 16.1.1-д “баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл”, 16.1.2-т “хуулийн этгээд байгуулах тухай эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийн эх хувь, эсхүл хуулбар, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар”, 16.1.3-д “хуулийн этгээдийн дүрэм”, 16.1.4-д “хуульд заасан бол үүсгэн байгуулах гэрээ” 16.1.7-д “улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт”, 16.1.8-д “хуулийн этгээдийг нэг, эсхүл түүнээс дээш үргэлжилсэн хэлхээ холбоо бүхий хуулийн этгээд өмчилж байвал тэдгээрийг анх үүсгэн байгуулсан хүний овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр” гэж заасан байна.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай 2015 оны хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол улсын бүртгэлийн байгууллага энэ хуулийн 17.1-17.3-т заасан баримт бичгийг бүрэн гүйцэд хүлээн авснаас хойш гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийг бүртгэх эсэх талаар ажлын 10 өдрийн дотор, бусад хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэх эсэх талаар ажлын хоёр өдрийн дотор шийдвэр гаргаж, энэ тухай өргөдөл гаргагчид бичгээр, цахим хэлбэрээр мэдэгдэнэ” гэж заасан байна.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд бүртгэлийн байгууллага нь өргөдөл болон хуульд заасан бүрдүүлбэл зохих бичиг баримтууд хуулийн шаардлага хангасан эсэх, гүйцэд эсэх гэх мэт болон бусад нөхцөл байдал үндэслэлүүдийг судлан, шалган үзсэний үндсэн дээр хуулийн этгээдийг бүртгэх эсэхийг шийдвэрлэх нь хариуцагчийн бүрэн эрх байх тул “Ш” ХХК-ийн “ШЗ” сонинг улсын бүртгэлд шинэчлэн бүртгэхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй гэж шүүх үзлээ. 

Иймд “Ш” ХХК-ийн “ШЗ” сонинг улсын бүртгэлд шинэчлэн бүртгэхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгч нь манайх “ШЗ” барааны тэмдгийн онцгой эрхийг эзэмшигч ба барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрхийг зөрчиж байна гэсэн агуулга, үндэслэлээр маргаж байх боловч нэхэмжлэгч нь барааны тэмдгийг биш хуулийн этгээдийн бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх тул нэхэмжлэгчийн маргаж байгаа энэ үндэслэл нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн  манайх “ШЗ” барааны тэмдгийн онцгой эрхийг эзэмшигч бөгөөд манай барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрхийг зөрчиж байна гэсэн агуулгаар маргаж байгаа үндэслэлд шүүхээс дүгнэлт өгөх шаардлагагүй байна. 

 

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.3, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай 2003 оны хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 26 дугаар зүйлийн 26.3, 31 дүгээр зүйлийн 31.1, 31.4, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай 2015 оны хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасныг тус тус баримтлан Ш ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж “ШЗ” ХХК-ийг 2010 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр улсын бүртгэлийн 9011******* дугаарт бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож, үлдэх ““ШЗ” сонинг улсын бүртгэлд шинэчлэн бүртгэхийг даалгах”-ыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Захиргааны хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй

   

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  М.БАТЗОРИГ