Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2022/0422

 

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийг давж заалдах журмаар шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Батбаатар,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч С.Мөнхжаргал,

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Б,

Нэхэмжлэгч: “Э” ХХК,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 435, 436 дугаар шийдвэр, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 14, 15 дугаар шийдвэрүүдийг хүчингүй болгуулах“,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 202 дугаар шийдвэртэй захиргааны хэрэг,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Т, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, гуравдагч этгээдийн өмгөөлөгч К.Б нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Мөнгөнзул

Хэргийн индекс: 128/2021/0937/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 202 дугаар шийдвэрээр:

“Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.3.2, 26.3.4 дэх заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-аас “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 435, 436 дугаар шийдвэр, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 14, 15 дугаар шийдвэрүүдийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

2. Гомдлын агуулга:

2.1.“Манай “Э” ХХК нь 2008 онд Хэнтий аймгийн Мөрөн сумын Засаг даргын газрын дуудлага худалдаа зохион байгуулах тухай шийдвэрийн дагуу дуудлага худалдаанд оролцон шалгарч, Хэнтий аймгийн Мөрөн сумын Засаг даргын 59 дугаар захирамж, мөн Засаг даргын А/38, А/39, А/40, А/41, А/44, А/46, А/47 дугаар захирамжуудаар болон газар эзэмшүүлэх гэрээний үндсэн дээр тус газарт газар тариалангийн зориулалтаар 9 газарт буюу нийт 2000 м.кв газрыг 40 жилийн хугацаатайгаар эзэмшилдээ авсан.

2.2.Уг газруудын гэрчилгээ 2015 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн Мөрөн сумын Засаг даргын А/38, А/39, А/40, А/41, А/44, А/46, А/47 дугаар захирамжаар шинэчлэгдсэн ба харин А/40, А/42 дугаар захирамжаар олгосон газрууд нь бусдын газартай давхцалтай үндэслэлээр газрын хэмжээ байршил өөрчлөгдөн 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/121 дүгээр захирамжаар өөрчлөгдөж олгогдсон. Тухайн үед түүнээс өөр газартай огт давхцалгүй байсан.

2.3.Гэтэл 2015 онд “Т” ХХК нь Хэнтий аймгийн Мөрөн, Хэрлэн сумдын нутагт байрлах Тугалгатай, Тугалгатай-2 нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай авсан байна. Ингээд уг газарт 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр “Т”ХХК-д сум орон нутгаас уул уурхай ашиглах талаар дэмжээгүй байхад Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 435, 436 дугаар шийдвэрүүдээр ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсон байна. Уг зөвшөөрлүүд 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 14, 15 дугаар шийдвэрээр “Т” ХХК-аас “К” ХХК-д шилжжээ. Гэтэл 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Ашигт малтмал газрын тосны газраас “К” ХХК-д 2/2152 дугаартай албан бичгээр 017399 дугаартай Тугалгатай-2 нэртэй газар нь Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор баталсан ашигт малтмал ашиглахыг хориглосон талбайтай давхцалтай тул газрын солбицолд өөрчлөлт оруулсныг мэдэгдсэн байна.

2.4.Ийнхүү Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрээр олгогдсон 017399 дугаартай Тугалгатай-2 гэх газарт олгосон газар нь манай “Э” ХХК-ийн 9 газартай бүхэлд нь давхцалтай байна.

2.5.Манай “Э” ХХК нь Монгол Улсын Засгийн газраас газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэн хөгжүүлэх, техник технологийн шинэчлэлийг нэвтрүүлэх, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, газар тариалан эрхлэгчдийн эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх, үр тариа, төмс, голлох нэрийн хүнсний ногооны хэрэгцээг дотоод үйлдвэрлэлээр бүрэн хангахад зорилгоор “Атрын гурав дахь аян 2016-2020”-г баталсан.

Түүнчлэн Тариалангийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт “Тариалангийн бүс нутгийг засаг захиргааны нэгжээр тогтооно” гэх заасны дагуу Засгийн газрын 2018 оны 131 дүгээр тогтоолоор Хэнтий аймгийн зарим сум багийг газар тариалангийн бүсэд тогтоосны дотор манай компанийн газар тариалангийн зориулалтаар эзэмшиж буй дээр газар үүнд багтдаг юм.

2.6.Манай компани ийнхүү эзэмшиж буй газартаа зориулалтын дагуу Монгол Улсын хууль тогтоомж, Засгийн газрын бодлого, шийдвэрт бүрэн нийцсэн үйл ажиллагаа явуулсаар ирсэн газар тариалангийн бүс нутгаар тогтоогдсон байхад манай 9 газартай давхцуулан ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон нь манай компанийн эрх ашиг сонирхолд асар их хохирол учруулахаар байна.

2.7.Гэтэл шүүхээс зөвхөн түрүүлж олгогдсон гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

1.Нэхэмжлэгч “Э” ХХК-аас “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 435, 436 дугаар шийдвэр, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 14, 15 дугаар шийдвэрүүдийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргажээ.

2.Маргаан бүхий 435 дугаар шийдвэрээр[1] Хэнтий аймгийн Жаргалтхаан, Мөрөн сумын нутагт орших Тугалгатай-2 нэртэй 11690.18 га талбай бүхий уурхайн эдэлбэрт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг, маргаан бүхий 436 дугаар шийдвэрээр[2] Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт орших Тугалгатай нэртэй 1762.3 га талбай бүхий уурхайн эдэлбэрт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг тус тус “Т” ХХК-д олгожээ.

3.Маргаан бүхий 14, 15 дүгээр шийдвэрээр[3] “Т” ХХК-ийн эзэмшиж байсан Хэнтий аймгийн Жаргалтхаан, Мөрөн сумын нутаг дахь Тугалгатай-2 нэртэй 11690.18 гектар талбай бүхий MV-017399, 1762.30 гектар талбай бүхий MV-017401 ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг тус тус “К” ХХК-д шилжүүлсэн.

 4.Нэхэмжлэгч компаниас “2008 оноос “үр тариа тэжээлийн ургамлын” зориулалтаар газар эзэмших олж авсан 1725 га газрыг дуудлага худалдаа, сонгон шалгаруултын журмын дагуу аван, эзэмшиж байхад манай газартай давхцуулан гуравдагч этгээдэд ашигт малтмал ашиглах зориулалтаар тусгай зөвшөөрөл олгосон хариуцагчийн шийдвэр нь  манай компанийн газар эзэмших эрхэд сөргөөр нөлөөлсөн байна” гэж маргадаг.

5.Харин хариуцагчаас “нэхэмжлэгчид газар эзэмшүүлэхээс өмнө 2005 онд маргаан бүхий тусгай зөвшөөрлүүдийг олгосон, кадастрын мэдээллийн санд шүүлт хийхэд хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн талбай нь хуулиар хориглосон, хязгаарласан талбайтай давхцалгүй байсан” гэж маргасан.

6.Гуравдагч этгээд “К” ХХК-аас “Мөрөн сумын Засаг дарга тухайн газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхцалтайг шалгалгүйгээр 2008 онд дуудлага худалдаа зохион байгуулсан нь манай компанийн эрх ашгийг хөндсөн. Нэхэмжлэгч компанид газар эзэмшүүлсэн захирамж гарахаас өмнө “Т” ХХК хайгуулын тусгай зөвшөөрлийг 2005 онд авсан байсан.” гэсэн тайлбарыг өгчээ.

7.Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.14-д “"нөөцөд авсан талбай" гэж урьд нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсон талбайг эрх бүхий байгууллагын шийдвэрээр төрийн мэдэлд авч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааг зогсоосон талбайг” хэлэхээр,

13 дугаар зүйлийн 13.3-д “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 13.1-д заасны дагуу нөөцөд авсан талбайг тусгай зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлд бүртгэнэ.”,

 24 дүгээр зүйлийн 24.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй”,

26 дугаар зүйлийн 26.1-д “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 25.1-д заасан өргөдлийг хүлээн авмагц дор дурдсан ажиллагаа явуулна:”, 26.1.2-т “бүртгэсэн даруйд өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 24.3, 24.4, 25.1-д заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд анхан шатны шүүлт хийх.”,

26 дугаар зүйлийн 26.3-д “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 26.1, 26.2-т заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 20 өдөрт багтаан дараахь шийдвэрийн аль нэгийг гаргаж, өргөдөл гаргагчид мэдэгдэнэ:”, 26.3.3-д “хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, эсхүл тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй бол уурхайн талбай олгож, тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 34.1-д заасан хугацаанд төлүүлэх”,

26.3.4-д “хүсэлтэд дурдсан талбай нь энэ хуулийн 26.3.3-т заасан талбайн аль нэг хэсэгтэй давхацсан бол ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж, шалтгаан үндэслэлийг нь дурдсан хариуг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, энэ тухай өргөдөл бүртгэх дэвтэрт тэмдэглэх” гэж тус тус заасан.

8.Нэхэмжлэгч компанийн 9 нэгж талбар бүхий эзэмшлийн газрууд нь гуравдагч этгээд “К” ХХК-ийн Хэнтий аймгийн Жаргалтхаан, Мөрөн сумын нутагт орших Тугалгатай-2 нэртэй 11690.18 га уурхайн эдэлбэрт талбайтай бүхэлдээ давхцалтай, харин нэхэмжлэгчийн эзэмшлийн газар нь гуравдагч этгээд “К” ХХК-ийн Тугалгатай-2 нэртэй, 1762.30 гектар уурхайн эдэлбэрт талбайтай давхцалгүй гэдэг нь “Э” ХХК болон “К” ХХК-ийн газрын давхцал харуулсан тойм зураглал[4], шинжээчийн дүгнэлт зэргээс тогтоогдов.

9.Мөн хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн газрын даргын 2005 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 892 дугаар шийдвэрээр Хэнтий аймгийн Жаргалтхаан, Мөрөн, Хэрлэн сумдын нутагт байрлах Тугалгатай-2 нэртэй 26329.27 гектар талбай бүхий XV-010144 дүгээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл, 2005 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 457 дугаар шийдвэрээр Хэнтий аймгийн Мөрөн, Хэрлэн сумдын нутагт байрлах Тугалгатай нэртэй 6726.63 гектар талбай бүхий XV-009720 дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “Т” ХХК-д олгож шийдвэрлэсэн.

10.Уг хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг маргаан бүхий Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 435, 436 дугаар шийдвэрээр ашиглалтын тусгай зөвшөөрөл болгон өөрчилсөн, улмаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 14, 15 дугаар шийдвэрээр эдгээр ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг “Т” ХХК-иас гуравдагч этгээд “К” ХХК-ийн эзэмшилд шилжүүлсэн зэрэг үйл баримтууд тогтоогдож байна.

11.Харин нэхэмжлэгч компанийн хувьд Хэнтий аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 59 дүгээр захирамжийн дагуу[5] Мөрөн сумын 5 дугаар багийн нутагт Чандганы уурхайн баруун хойд талд 2500 га газрыг үр тариа, тэжээлийн ургамал тариалах зориулалтаар, 2000 м.кв газрыг үр тарианы болон тэжээлийн ургамал тариалах зориулалтаар 2008 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээг[6] олж авсан.

12.Мөн Хэнтий аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/121 дүгээр захирамжаар[7] Мөрөн сумын 5 дугаар баг Чандганы уурхайн баруун хойд талд үр тариа тэжээлийн ургамал тариалах зориулалтаар “Э” ХХК-ийн дуудлага худалдаагаар авсан 492716, 492717 дугаартай талбайгаас 183 га талбай нь “П” ХХК-ийн талбайтай давхцаж байгаа үндэслэлээр үр тарианы 49716 дугаартай талбайн 275 га, 492712 дугаартай талбайгаас 172,5 га газрыг “Э” ХХК-д 40 жилийн хугацаатай шилжүүлжээ.

13.Эдгээр үйл баримтаас дүгнэхэд гуравдагч этгээдийн шилжүүлэн авсан ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай нь 2005 онд ашигт малтмалын хайгуулын зориулалтаар бусдад ашиглуулж болохоор кадастрын мэдээллийн санд бүртгэгдэж, уг талбай нь хуулиар хориглосон, хязгаарласан, бусад этгээдэд олгогдсон газартай давхцаагүй байсан гэдэг нь тогтоогдож байна.

14.Харин нэхэмжлэгч компани газар эзэмших эрх авах 2008 оны үед түүний эзэмшил газар нь энэхүү бусдад ашигт малтмалын хайгуулын зориулалтаар эзэмшүүлэхээр олгосон талбайтай давхцалтай байжээ.

15.Иймээс хариуцагчийг Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.3.3, 26.3.4-д заасныг зөрчсөн бөгөөд нэхэмжлэгч компанийн түрүүлж үүссэн эзэмшлийн газартай давхцуулан гуравдагч этгээдэд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгосон гэж буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

16.Дүгнэхэд, давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн “... манай 9 газартай давхцуулан ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон нь манай компанийн эрх ашиг сонирхолд асар их хохирол учруулахаар байна” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дүгээр сарын 21-ний өдрийн 202 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Э” ХХК-ийн төлөөлөгч Ц.Б-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                   С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                   А.САРАНГЭРЭЛ

 

[1] Хэргийн 1-р хавтас 69 дэх тал

[2] Хэргийн 1-р хавтас 70 дахь тал

[3] Хэргийн 1-р хавтас 71, 72 дахь тал

[4] Хэргийн 1-р хавтас 110 дахь тал

[5] Хэргийн 1-р хавтас 134 дэх тал

[6] Хэргийн 1-р хавтас 137 дахь тал

[7] Хэргийн 1-р хавтас 35 дахь тал