| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2020/1829/Э |
| Дугаар | 1858 |
| Огноо | 2020-10-26 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Т.Мөнх-Амгалан |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 1858
2020 10 26 2020/ШЦТ/1858
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,
Улсын яллагч Т.Мөнх-Амгалан,
Шүүгдэгч А.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Уд холбогдох 1906 04818 2446 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд 1987 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, 33 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Дундговь аймгийн Дэрэн сумын 2 дугаар баг, Саруул гэх газар оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 41 дүгээр байрны 2 дугаар орцны 137 тоотод түр оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Аын У /РД:СУ87092864/,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
А.У нь 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө 04 цагийн үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансар захын автобусны буудал дээр иргэн С.Оюунбатын гар цүнх, гар цүнхэнд байсан Самсунг А-50 загварын гар утас, цэнэглэгч, бэлэн 200.000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1.491.470 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Уын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Иргэн С.Оюунбатаас цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, /хх.12-13/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Оюунбатын өгсөн: “...би 2019 оны 08 дугаар сарын 14-ний орой 22 цагт 30 минутын үед ажлаа тараад Асайт худалдааны төвийн хажууд байх Рояал нэртэй караокед ганцаараа ороод сууж байсан чинь нэг үл таних эмэгтэй хүн ирээд “хамт суух уу” гэсэн, тэгээд бид 2 танилцсан, тэгээд хамт пиво уусан, тэгээд тэндээсээ гараад Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Сансарын Түнель дээр байх Хэрлэн гэх нэртэй караокед ганцаараа ороод хамт уун сууж байгаад тэндээсээ 03-04 цагийн үед гарч ирээд бид 2 хамтдаа гарч ирсэн, би харих гээд такси барьсан, тэгсэн чинь нөгөө хүүхэн надтай хамт таксинд суугаад явсан, тэгээд Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, КТМС-ийн урд талын автобусны буудлын хажууд явж байгаад таксинаас буусан, буухдаа миний гар цүнхийг авч буусан байсан, тухайн үед би унтаж байсан, авч буухыг нь таксины жолооч харсан байна, таксинаас буухдаа шээнэ гэж буусан байсан, тэгээд ирээгүй алга болсон... миний цүнхэнд Самсунг А-50 маркийн гар утас, цэнэглэгч, банкны картууд, иргэний үнэмлэх, банкны түлхүүр, бэлэн мөнгө 200.000 төгрөг ягаан өнгийн ээмэг байсан...” гэх мэдүүлэг, /хх.4-5/,
“Дамно” ХХК-й 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №БЗД2-19-825 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.23 /,
Мөрдөн шалгах ажиллагаанд А.Уын яллагдагчаар өгсөн: “... хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна... Хохирлоо барагдуулаагүй байна. Удахгүй барагдуулна... Самсунг А-50 маркийн гар утас 1 ширхэг, бор өнгийн гар эмэгтэй цүнх 1 ширхэг, гар утасны цэнэглэгч байсан...” гэх мэдүүлэг /хх.35-36/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
А.У нь 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө 04 цагийн үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансар захын автобусны буудал дээр иргэн С.Оюунбатын гар цүнх, гар цүнхэнд байсан Самсунг А-50 загварын гар утас, цэнэглэгч, бэлэн 200.000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1.491.470 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Иргэн С.Оюунбатаас цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, /хх.12-13/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Оюунбатын өгсөн: “... Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, КТМС-ийн урд талын автобусны буудлын хажууд явж байгаад таксинаас буусан, буухдаа миний гар цүнхийг авч буусан байсан, тухайн үед би унтаж байсан, авч буухыг нь таксины жолооч харсан байна, таксинаас буухдаа шээнэ гэж буусан байсан тэгээд ирээгүй алга болсон... миний цүнхэнд Самсунг А-50 маркийн гар утас, цэнэглэгч, банкны картууд, иргэний үнэмлэх, банкны түлхүүр, бэлэн мөнгө 200.000 төгрөг ягаан өнгийн ээмэг байсан...” гэх мэдүүлэг, /хх.4-5/,
“Дамно” ХХК-й 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №БЗД2-19-825 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.23/,
Мөрдөн шалгах ажиллагаанд А.Уын яллагдагчаар өгсөн: “... Самсунг А-50 маркийн гар утас 1 ширхэг, бор өнгийн гар эмэгтэй цүнх 1 ширхэг, гар утасны цэнэглэгч байсан...” гэх мэдүүлэг /хх.35-36/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт А.Уыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.
А.Уын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч А.Уас 1.491.470 төгрөг гаргуулан хохирогч С.Оюунбатад олгох нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
А.Уд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ А.Уын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохирогчийн гомдол санал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
А.Уд эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
А.У урьд нь цагдан хоригдсон хоноггүй, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.12 дугаар зүйлийг тус тус удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Б овогт Аын Уыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Уд 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, А.Уд оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. А.Уд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. А.У урьд нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Уас 1.491.470 төгрөг гаргуулж хохирогч С.Оюунбатад олгосугай.
7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, А.Уд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР