| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2020/1844/Э |
| Дугаар | 1862 |
| Огноо | 2020-10-27 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Ц.Ганцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 1862
2020 10 27 2020/ШЦТ/1862
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,
Улсын яллагч Ц.Ганцэцэг,
Шүүгдэгч Л.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Л.Цд холбогдох 2006 00000 2688 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Эрдэнэсайхан суманд 1980 оны 03 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 9 дүгээр гудамжны 443 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Г овогт Лгийн Ц /РД: /,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Л.Ц нь 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Энхболдыг эхнэр болох Н.Нандинцэцэгтэй хардсаны улмаас нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь “баруун хөмсгөнд шарх, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд үүдэн баруун 3 дугаар шүдний сулрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Цгийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, бичгээр гаргасан өргөдөл /хх.2-3/,
Эд зүйл баримт бичиг хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл /хх.4-6/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Энхболдын өгсөн: “... Би өнөөдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 16 цагийн орчим найз Өнөрөө, Батболд нартай Сансарын 25 дугаар байрны орчим уулзаад Бөхийн өргөө орж хүнээс юм аваад Батболд буцаад явсан. Өнөрөө бид хоёр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Солонгос саун орох үед Өнөрөөгийн найз Нандиа гэх эмэгтэйтэй таарсан... Өнөрөө надад хандан “Нандиаг хүргээд өгчих” гэсэн. Тэгээд хүргэж өгөхөөр болоод явсан, тэгээд замдаа Сансарын 25 дугаар байранд Өнөрөөг буулгаж өгөөд, явах гэсэн чинь Нандиа “намайг хүргээд өгчих” гээд байсан ба хаана юм гэсэн чинь “22-ын товчоо” гэсэн. Би “хол юм байна, явахгүй” гээд бид хоёр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт ирээд дэлгүүрээс 2 ширхэг пиво авч өгсөн, машин дотор уугаад “караокед оръё” гэхээр нь хамт орсон, тэнд нийт 4 лааз пиво би авч өгсөн, тэгээд байж байтал гаднаас нөхөр нь ирээд намайг “чи юу нь вэ” гэж хардаад зодсон, намайг нүүрэн тус газар хэд хэдэн удаа цохисон, бөгс болон өвдөг хэсэгт хэд хэдэн удаа өшиглөсөн, 4-5 удаа байх...” гэх мэдүүлэг /хх.10-11/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Нандинцэцэгийн өгсөн: “... тэр өдөр өглөө би 11 цагийн ажлаасаа тараад гарах гэж байсан чинь манай ажлын үүдэнд Энхболд, тэрний найз гээд Өөнөө гэх залуу 2 машинтай зогсож байсан. Энхболд нь тэр үед машин бариад харин Өөнөө согтуу байсан. Тэгээд би тэр хоёрын машинд суугаад Баянзүрхийн товчоо ороод юм авах байсан юм. Тэгээд бид 3 Сансар орж нэг айлд очоод тэр айл нь нэг шил архи гаргаж ирээд тэр архийг Өөнөө, бид 2 уусан. Харин тэр архинаас Энхболд уугаагүй. Өөнөө тэр айлд унтаад үлдсэн. Тэгээд би Энхболдоор гэр лүүгээ хүргүүлэх замдаа саатаад Офицероос дээшээ өгсөөд нэг пабад орсон. Тэр үед цаг 16 цаг болж байсан байх. Би нэлээн согтчихсон байна лээ. Тэгээд тэр газар сууж байхдаа нөхрийгөө ирээд ав гэж Энхболдын утсаар дуудсан юм. Тэр үед миний rap утас эвдэрчихсэн байсан. Энхболд бид 2 тэр пабад ороод би ямар ч байсан 2 шил пиво уусан. Харин Энхболд пиво уугаагүй, ундаа уугаад суугаад байсан. Тэгээд тэнд байж байтал манай нөхөр гаднаас орж ирээд, тэгээд нөхрийгөө хараад тайвширсан уу яасан тэгээд тасарчихсан байна лээ. Тэгээд би тэрнээс хойш юу болсныг юу ч санахгүй байна... маргааш өглөө нь нөхрөөсөө сонссон. Нөхөр харин тэр үед уур хүрээд Энхболдыг цохичихсон, тэрний хөмсгийг нь задалчихсан гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх.16-17/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Г.Энхбаатарын 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 11730 дугаартай:
“1. Б.Энхболдын биед баруун хөмсгөнд шарх, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд үүдэн баруун 3 дугаар шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.19-20/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Л.Цгийн яллагдагчаар өгсөн: “... Би сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна... Энхболдоос уучлалт гуйсан. Мөн тэрний биед учирсан гэмтлийн эмчилгээний зардлыг нь бүрэн төлж өгсөн болно...” гэх мэдүүлэг /хх.30/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Л.Ц нь 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Энхболдыг эхнэр болох Н.Нандинцэцэгтэй хардсаны улмаас нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь “баруун хөмсгөнд шарх, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд үүдэн баруун 3 дугаар шүдний сулрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, бичгээр гаргасан өргөдөл /хх.2-3/,
Эд зүйл баримт бичиг хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл /хх.4-6/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Энхболдын өгсөн: “... гаднаас нөхөр нь ирээд намайг чи юу нь вэ гээд хардаад зодсон, намайг нүүрэн тус газар хэд хэдэн удаа цохисон, бөгс болон өвдөг хэсэгт хэд хэдэн удаа өшиглөсөн, 4-5 удаа байх...” гэх мэдүүлэг /хх.10-11/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Нандинцэцэгийн өгсөн: “... Нөхөр харин тэр үед уур хүрээд Энхболдыг цохичихсон, тэрний хөмсгийг нь задалчихсан гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх.16-17/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Г.Энхбаатарын 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 11730 дугаартай:
“1. Б.Энхболдын биед баруун хөмсгөнд шарх, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд үүдэн баруун 3 дугаар шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.19-20/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Л.Цгийн яллагдагчаар өгсөн: “...Би сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна...Энхболдоос уучлалт гуйсан. Мөн тэрний биед учирсан гэмтлийн эмчилгээний зардлыг нь бүрэн төлж өгсөн болно...” гэх мэдүүлэг /хх.30/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Цгийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Л.Цг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд зааснаар Г.Цгийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч Б.Энхболд нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд Л.Цг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Л.Цгийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Л.Ц нь хохиролд 200.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч Б.Энхболд нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Л.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч Л.Цгийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Л.Цд эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Л.Цд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 9 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Л.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Г овогт Лгийн Цг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Цд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Л.Цд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Л.Цд сануулсугай.
5. Л.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 200.000 төгрөг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Энхболд нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Л.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР