Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 869

 

 

“А хоёр бетон зуурмаг” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 183/ШШ2017/00310 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “А хоёр бетон зуурмаг” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Арвис-Интернэшнл” ХХК, Ё.Пүрэвдаваа нарт холбогдох

 

Бетон зуурмагийн үлдэгдэл төлбөрт 103 920 475 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч “Арвис-Интернэшнл” ХХК-ийн захирал Ё.Оюунбаярын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарантуяа,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Урангэрэл,

Хариуцагч, хариуцагч “Арвис-Интернэшнл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Пүрэвдаваа,

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч “А хоёр бетон зуурмаг” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Арвис-Интернэшнл” ХХК нь 2012 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 2012 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Эрүүл мэндийн яамтай байгуулсан 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн БУ-12/11 дугаартай гэрээний санхүүжилт орж ирэхээр өгнө гэж удаа дараа нийт 210 835 000 төгрөгийн үнэ бүхий 1402 м.куб хэмжээтэй бетон зуурмагийг зээлээр худалдаж авсан ба төлбөрийн үлдэгдлийг 2012 оны 8 дугаар сарын 28-ны дотор төлөхөөр тооцоо нийлсэн актыг үйлдэж байсан. “Арвис-Интернэшнл” ХХК-ийн захирал Ё.Пүрэвдаваа нь манай компанийн бэлтгэн нийлүүлсэн стандарт шаардлага хангасан бетон зуурмагийг зохих журмын дагуу хүлээн авчихаад үлдэгдэл төлбөрийг төлөхгүй янз бүрийн шалтаг шалтгаан тоочиж биднийг хууран мэхэлж байсан тул бид энэ асуудлыг Цагдаагийн байгууллагаар шалгуулсан боловч гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, иргэд хоорондын шинжтэй асуудал гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд “Арвис-Интернэшнл” ХХК болон иргэн Ё.Пүрэвдаваа нараас 103 920 475 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлээ гаргасан. Харин хэрэгт авагдсан баримтаар Ё.Пүрэвдаваа нь тус компанид хамааралгүй болсон байх тул Ё.Пүрэвдаваад холбогдох шаардлагаасаа татгалзаж, 103 920 475 төгрөгийг хариуцагч “Арвис-Интернэшнл” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Арвис-Интернэшнл” ХХК-ийн захирал Ё.Оюунбаяр шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Манай компани “А хоёр бетон зуурмаг” ХХК-иас бетон зуурмагийг худалдан авахдаа төлбөрийг бэлнээр төлж авдаг байсан. 2012 оны 5 дугаар сараас 6 дугаар сард авсан бетон зуурмаг чанарын шаардлага хангахгүй удаа дараа шаардаж бетоны чанар маркандаа хүрэхгүй байгааг “А хоёр бетон зуурмаг” ХХК-ийн ажилтнууд хүлээн зөвшөөрч байсан болно. “А хоёр бетон зуурмаг” ХХК-ийн өгч буй бетон зуурмаг нь хэмжээндээ хүрэхгүй дутуу ирүүлдэг, чанарын шаардлага хангахгүй маркандаа хүрдэггүй байсан. А хоёр бетон зуурмагийн үйлдвэрээс “Петровис” ХХК-ийн Толгойт дахь агуулахын барилгууд дээр авсан бетоны марк хүрээгүйгээс манай компани 3 давхар барилга нураах хүртэл хэмжээнд хүрч захиалагч байгууллагын өмнө хүнд байдалд орж байсан. Тухайн барилгыг нураахгүйгээр 140 гаруй сая төгрөгийн хүчитгэх зардал гаргаж барилгыг хүчитгэж авч үлдсэн. “А хоёр бетон зуурмаг” ХХК нь манай компанид учирсан хохирлыг барагдуулах ёстой. Манай компани нь “А хоёр бетон зуурмаг” ХХК-д ямар ч төлбөр төлөх үндэслэлгүй. “А хоёр бетон зуурмаг” ХХК-тай манай компани гэрээ байгуулаагүй, гэрээгээр хүлээсэн үүрэггүй.

Мөн тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримт нь хуурамч бөгөөд тухайн үед “А хоёр бетон зуурмаг” ХХК-ийн захирал н.Ганзориг Ё.Пүрэвдаваатай утсаар ярьж энэ баримтад гарын үсгээ зур гээд зуруулсан. Тухайн үед миний бие компанийн ямар нэг албан тушаалтан биш байсан бөгөөд ийм хуурамч баримтаар мөнгө нэхэж байгаа нь хууль бус юм. Нэхэмжлэгч “А хоёр бетон зуурмаг” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Геронтологийн барилга дээр нийлүүлсэн бетон зуурмагийн үнэ гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй бөгөөд үүнийг ялгах боломжгүй, тус компанийн нийлүүлсэн бетон зуурмаг нь стандартад нийцээгүй талаарх лабораторийн дүгнэлтүүд удаа дараа гарч байсан. Энэ талаарх баримтуудыг хэрэгт гаргаж өгсөн. Иймд “А хоёр бетон зуурмаг” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ё.Пүрэвдаваа шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Өмнө нь миний ажиллаж байсан "Арвис-Интернэшнл" ХХК нь 2012 оны 4 дүгээр сараас 2012 оны 8 дугаар сарын хооронд "А хоёр бетон зуурмаг" ХХК-иас бетон зуурмаг авч байсан. "А хоёр бетон зуурмаг" ХХК-ийн 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр өгсөн М300 маркийн бетон, 2012 оны 6 дугаар сарын 15-ны өдөр, 2012 оны 6 дугаар сарын 22-ны өдөр, 2012 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн М300 маркийн бетонууд чанарын шаардлага хангахгүй маркандаа хүрэхгүй бетон зуурмаг өгсөн нь лаборторийн дүгнэлтээр тогтоогдож тухайн барилгуудыг нураах шийдвэр захиалагч байгууллагаас гарч байсан. Чанаргүй бетоноос болж үүссэн асуудлаар 2012 оны 8 дугаар сарын 08-ны өдөр “Петровис” ХХК-ийн захиалагчийн инженер О.Сундуй, “А хоёр бетон зуурмаг” ХХК-ийн технологич инженер Ч.Батцэцэг, оператор Д.Мягмархорол нарын хүмүүстэй хуралдаж барилгуудыг нураалгүйгээр хүчитгэх ажлыг хийж 132 666 330 төгрөгийг "А хоёр бетон зуурмаг" ХХК төлөх болсон. Гэтэл өнөөдрийг хүртэл уг мөнгөө төлөхгүй хууль цагдаагийн байгууллагад гүтгэж хэрэг үүсгүүлсэн. "А хоёр бетон зуурмаг" ХХК-ийн захирлаар ажиллаж байсан В.Ганзориг нь 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 8826 дугаартай Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Ё.Пүрэвдаваад 140 000 000 төгрөг төлөх ёстой боловч одоо болтол төлөөгүй. Иймд "А хоёр бетон зуурмаг" ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Арвис-Интернэшнл” ХХК-иас 103 920 475 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А хоёр бетон зуурмаг” ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “А хоёр бетон зуурмаг” ХХК нь хариуцагч Ё.Пүрэвдаваад холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 677 560 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Арвис Интернэшнл” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 677 560 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А хоёр бетон зуурмаг” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч “Арвис-Интернэшнл” ХХК-ийн захирал Ё.Оюунбаяр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

...Шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааны тэмдэглэлд хариуцагч талын хэлсэн үг, хүсэлт зэрэг нь үнэн зөв бичигдээгүй байна. Шүүх хуралдааны тэмдэглэлийг бүрэн биш хангалтгүй бичигдсэн гэдгийг нэхэмжлэгч талын өмгөөлөгчийн шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулах тухай санал гаргасан байгаагаар нотлогдож байна. Тухайлбал, шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахыг даргалагчаас шаардсан байдаг ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хамтран хариуцагч Ё.Пүрэвдавааг хариуцагчаар татсанаасаа татгалзсан. Энэ татгалзалтай нь холбогдуулан хариуцагч "Арвис-Интернэшнл" ХХК-ийн тухайн үеийн ерөнхий захирлаар ажиллаж байсан, энэ үйл баримтыг сайн мэдэх хүний хувьд Ё.Пүрэвдавааг хариуцагчаас итгэмжлэл авч шүүх хуралдаанд оролцуулах, шинжээч томилуулах, нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн хуурамч нотлох баримт болох банкнаас зээл авахын тулд хуурамчаар хийлгэж байсан тооцооны үлдэгдлийн баталгаа гэх 1 хуудас материалыг нотлох баримтаас хасуулах, мөн татварын болон НӨАТ-ын тайлангаар нотлуулах шаардлагатай талаар шинжээч томилуулах, өмгөөлөгч авч эрхээ хамгаалуулж өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцох, шүүх хурлыг хойшлуулахыг хүссэн хүсэлтүүдийг тус тус гаргасан боловч шүүх хангаагүй төдийгүй шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдаагүй байгаад гомдолтой байна. Мөн шүүх хуралдааны тэмдэглэлд “нэхэмжлэгч тал хариуцагч Ё.Пүрэвдаваад холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байх тул Ё.Пүрэвдаваа та тайлбар гаргахгүйгээр шүүх хуралдаанд оролцож болно гэв” гэж тэмдэглэгдсэн байна.

Шүүх хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн эрүүгийн хэргээс нотлох баримт гаргуулсан атлаа үнэлэхдээ зөвхөн нэхэмжлэгч талд л ашигтайгаар үнэлж дүгнэжээ. Эрүүгийн хэрэгт хохирогчоор иргэн В.Ганзориг гэгч нь залилуулсан хэмээн иргэн Ё.Пүрэвдаваад холбогдсон эрүүгийн 201201060893 дугаартай хэргээс иргэний хэрэгт нотлох баримтаар гаргасан бетон зуурмаг нь Монгол улсад мөрдөгдөж буй стандарт шаардлага хангаагүй талаар хангалттай нотлох баримт авагдсаар байтал Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар гэм хорын хохирлоо арилгуулах, эд хөрөнгийн доголдлоо арилгуулах, доголдлыг арилгахад гарсан зардлаа нөхөн төлүүлэх шаардлага гаргах эрхтэй гэж заасан ч "Арвис-Интернэшнл" ХХК нь нэхэмжлэгч "А 2 бетон зуурмаг" ХХК-иас хэзээ нийлүүлсэн, ямар маркийн, хэдий хэмжээтэй зуурмаг чанарын шаардлага хангаагүй доголдолтой байсан нь баримтаар нотлогдоогүй тул шүүх дүгнэлт өгөх боломжгүй байна. Мөн зуурмагт шинжилгээ хийлгэх хүсэлт нь ямар ач холбогдолтой эсэх нь тодорхойгүй, ойлгомжгүй байна гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

            Нэхэмжлэгч “А хоёр бетон зуурмаг” ХХК нь хариуцагч “Арвис-Интернэшнл” ХХК, Ё.Пүрэвдаваа нарт холбогдуулан бетон зуурмагийн үлдэгдэл төлбөрт 103 920 475 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгчийн нийлүүлсэн бетон зуурмаг хэмжээндээ хүрэхгүй дутуу, чанарын шаардлага хангахгүй маркандаа хүрдэггүйн улмаас тус компани 3 давхар барилгадаа 140 гаруй сая төгрөгийн зардал гаргаж хүчитгэсэн, тооцооны үлдэгдлийн баталгаа нь хуурамч баримт гэсэн үндэслэл заан маргажээ.

 

Талууд бичгээр гэрээ байгуулаагүй боловч хэргийн 9 дүгээр талд авагдсан “тооцооны үлдэгдлийн баталгаа” гэх баримт, зохигчдын тайлбараас үзвэл талуудын хооронд бетон зуурмаг худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Нэхэмжлэгч “А хоёр бетон зуурмаг” ХХК-ийн нягтлан бодогч Ц.Цээлэй, хариуцагч “Арвис-Интернэшнл” ХХК-ийн захирал Ё.Оюунбаяр нар тооцоо нийлж, 2012 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 2012 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд 103 920 475 төгрөгийн өртэй болохыг харилцан тохиролцож, уг өрийг 2012 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн дотор бэлэн тооцооны хэлбэрээр төлөхөөр тохиролцсон бөгөөд нэхэмжлэгч компанийн нягтлан бодогч Ц.Цээлэй, хариуцагч компанийн захирал Ё.Оюунбаяр нар тооцооны үлдэгдлийн баталгаанд гарын үсэг зурсан, эдгээр гарын үсгийн үнэн зөв эсэх талаар талууд маргаагүй байна.

 

Хариуцагч компани нь нэхэмжлэгч компаниас бетон зуурмагийг бодитойгоор авч байсан болох нь “А хоёр бетон зуурмаг” ХХК-ийн нийлүүлсэн бетон зуурмагийн марк хүрэхгүй, чанарын шаардлага хангахгүй байгаа асуудлыг хэлэлцсэн тухай 2012 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн хурлын тэмдэглэлээр нотлогдсон тул “Арвис-Интернэшнл” ХХК нь бетон зуурмагийг бодитойгоор хүлээн авсан гэж үзнэ.

 

Иймээс хариуцагчаас гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлэхийг нэхэмжлэгч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Иймд анхан шатны шүүх талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэж бетон зуурмагийн үнийн талаар хэрэгт авагдсан баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлэж, хариуцагч “Арвис-Интернэшнл” ХХК-иас 103 920 475 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “А хоёр бетон зуурмаг” ХХК-д олгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

 

Хариуцагч нь нийлүүлсэн бетон зуурмаг нь маркандаа хүрэхгүй, чанарын шаардлага хангахгүй байсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотлох үүргээ биелүүлээгүй болно. Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1, 251.2 дахь хэсэгт заасан шаардлага хангаагүй, биет байдлын хувьд доголдолтой гэж үзэх, уг доголдлын улмаас нэхэмжлэгчид ямар хэмжээний хохирол учирсныг эргэлзээгүй нотолсон баримт хэрэгт байхгүй байна.

 

Хэргийн 87-89 дүгээр тал дахь 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл хэргийн талаар хэлэлцүүлэг явагдаж нотлох баримтыг шинжлэн судлах шатанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “шинжээч томилж шалгуулах нь зүйтэй” гэсэн санал хэлснийг шүүх хуралдаанд эхлэхээс өмнө буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан журмын дагуу гаргасан хүсэлт гэж үзэхгүй тул шүүх энэ талаар шийдвэр гаргахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь зөв болно.

 

Шүүх хуралдаанаар нотлох баримтыг шинжлэн судлах шатанд хэргийн оролцогчийн зүгээс гаргасан уг тайлбарыг шүүх хуралдаанд шинээр баримт гаргуулах тухай хүсэлтийг гаргасан гэж үзэх үндэслэлгүй тул хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлгүй, энэ талаарх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Анхан шатны шүүх эрүүгийн хэргийн нотлох баримт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй зөв байх тул эрүүгийн хэргийн нотлох баримтуудыг шүүх үнэлэхдээ нэхэмжлэгчид ашигтайгаар үнэлсэн гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

Нэхэмжлэгч “А хоёр бетон зуурмаг” ХХК-ийн нийлүүлсэн бетон зуурмагийн доголдолтой холбоотой талаар шаардлага гаргахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 183/ШШ2017/00310 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагч “Арвис-Интернэшнл” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 677 560 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                                    

                                      ШҮҮГЧИД                                         А.МӨНХЗУЛ

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ