Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2018/01707

 

“Х Б”ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 184/ШШ2018/00901 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 1388 дугаар магадлалтай,

“Х Б”ХХК-ний нэхэмжлэлтэй

Ш.О, Н.Гнарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэг 93 813 627 төгрөг гаргуулж, үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин, Ш.Түвшинтөгс, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Жавхлантөгс нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бархас, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Жавхлантөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч “Х Б”ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бархас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Ш.О, Н.Гнар нь “Х Б”ХХК-тай 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 1080018069 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж 36 сарын хугацаатай, жилийн 25.2 хувийн хүүтэй 50.000.000 төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 1080026847 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж 36 сарын хугацаатай, жилийн 28.2 хувийн хүүтэй, 70.000.000 төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар тус тус авсан. Өнгөрсөн хугацаанд зээлдэгч Ш.О, Н.Гнарт Банкны зүгээс гэрээний үүргээ биелүүлж, зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа амаар болон бичгээр мэдэгдэж, шаардаж байсан боловч гэрээний үүргээ биелүүлэх талаар идэвхи санаачилга гаргалгүй 1080018069 дугаартай зээлийг 348 хоног, 1080026847 дугаартай зээлийг 363 хоног тус тус хугацаа хэтрүүлсэн байна. Иймээс 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөр гэрээг цуцалж 1080018069 тоот гэрээний үндсэн төлбөр 16.664.375 төгрөг, хүү 3 805 874 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 383 741 төгрөг, нийт 20 583 990 төгрөг, 1080026847 тоот гэрээний үндсэн төлбөр 56.031.193 төгрөг, хүү 14 044 151 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 596 389 төгрөг, нийт 70 671 733 төгрөг, 2 зээлийн гэрээний нийт төлбөр 91 255 723 төгрөг болсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын хооронд байгуулсан 1080018069 дугаартай гэрээний 1.6-д заасныг үндэслэн 2017 оны 8 сарын 8-ны өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хүртэлх 174 хоногийн зээлийн үндсэн хүү 1 906 587 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 381 317 төгрөг, өмнө бодогдсон 383 741 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүгийн дутуу нэхэмжилсэн дүн болох 270 000 төгрөг, нийт 2 557 904 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээд одоо нийт 93 813 627 төгрөгийг зээлдэгч Ш.О, Н.Гнараас гаргуулж, үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ш.О шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хасбанк ХХК-тай зээлийн гэрээ байгуулж зээл авсан. Зээлийн гэрээний дагуу зохих хугацааны туршид зээлээс төлж байсан. Миний зүгээс их хэмжээний мөнгийг төлсөн. Гэтэл Хасбанк ХХК нь шалтгаангүйгээр зээлийн гэрээг цуцалсан. Гэрээг цуцалж байгаа бол тэр үеэс эхлэн шаардах эрх дуусгавар болох ёстой, шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөр хугацаа тасалдана. Тиймээс нэмэгдүүлсэн шаардлага үндэслэлгүй болно. Иймээс дээрх хоёр гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй гэж бодож байна. Түүнчлэн шүүхэд нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд нэхэмжлэл гаргасан эсэх нь эргэлзээтэй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Гшүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Түвшинтөгс шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Х Б”ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Ш.Отай байгуулсан зээлийн барьцааны гэрээний үүргийг хамтран хариуцахаар тохиролцож гэрээнд гарын үсэг зурсан гэж бичсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний бие тус гэрээнд гарын үсэг зураагүй. Энэ талаар шинжээч томилуулах хүсэлт гаргаж байсан ч шүүх хүлээж аваагүй. Үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 184/ШШ2018/00901 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ш.О, Н.Гнараас зээлийн гэрээний үүрэгт 93 813 627 /ерэн гурван сая найман зуун арван гурван мянга зургаан зуун хорин долоо/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хасбанк ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд улсын бүртгэлийн Ү-2201015298 дугаартай Сонгинохайрхан дүүрэг 29-р хороо, 131/3 байр, 28 тоотод байрлах, 41.57 м.кв, 1 өрөө орон сууцыг, улсын бүртгэлийн Ү-2203005366 дугаартай Сүхбаатар дүүрэг 7-р хороо, 11-р хороолол, 7-р байр, 285 тоотод байрлах, 40 м.кв, 3 өрөө орон сууцыг тус тус албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 740 306 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хасбанк ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 740.306 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 1388дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 184/ШШ2018/00901 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшингийн төлсөн 741 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин, Б.Түвшинтөгс нар хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-д заасныг удирдлага болгон хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх нь хэрэгт авагдсан нотлох баримтад хууль зүйн хувьд үнэлэлт дүгнэлт өгөлгүй, хэт хийсвэр таамагласан шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар иргэний эрх зүйн харилцаанд оролцогчид нь хуульд хүрээнд гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлон байгуулах эрхтэй. Иймээс талуудын хуульд нийцүүлэн байгуулсан гэрээ нь шаардах эрхийг бий болгох юм. Өөрөөр хэлбэл хуулийн зохицуулалтыг зөрчиж байгуулагдсан гэрээ нь шаардах эрхийг бий болгохгүй. 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн дугаар 1080026847 тоот бүхий зээлийн гэрээ /хх10-12/, тус өдрийн дугаар 1080026847-02 тоот барьцааны гэрээ /хх13-16/, уг өдрийн 1080026847 тоот гэрээний нэмэлт нөхцөл, 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дугаар 1080018069 тоот зээлийн гэрээ, мөн өдрийн 1080018069 тоот гэрээний нэмэлт нөхцөл, мөн өдрийн барьцааны гэрээ, баталгаат ипотекийн гэрээ зэрэг нь хуулиар тогтоосон журмыг зөрчиж байгуулагдсан буюу хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үндсэн дээр хийгдсэн тул шаардах эрхийг үүсгэхгүй. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль 11.1-д “Улсын бүртгэлийн жагсаалтад хуулийн этгээдийн тухай дор дурдсан мэдээллийг тусгана” 11.1.13-д “тухайн хуулийн этгээд салбар, төлөөлөгчийн газартай бол түүний оршин байгаа газрын хууль ёсны хаяг” гэж заасан байна. Хасбанк ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон Оюуны өмч, улсын бүртгэлийн газраас ирүүлсэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар Хасбанк ХХК нь салбар төлөөлөгчийн газар байхгүй болох нь нотлогддог. Иймээс салбар байхгүй байгаа тохиолдолд салбарын захирал байх боломжгүй. Иймээс салбар байгуулсан гэх гэрээг хууль зөрчиж хийсэн хэлцэл гэж үзнэ. Нөгөөтэйгүүр Хасбанк ХХК нь дээрх гэрээнүүдэд салбарын н.Энэрэл гарын үсэг зурсан гэх боловч н.Энэрэл гарын үсэг зурсан эсэх тодорхой бус байдаг. М.Энэрэл гэх хүний гарын үсэг нь мөн эсэхийг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлтийг гаргаж байсан боловч анхан шатны шүүх үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан. Анхан болон давж заалдах шатны шүүх нь М.Энэрэлийн гарын үсэг нь гэдэг нь нотлох баримтаар тогтоогдоогүй байхад салбарын захирал гарын үсэг зурсан байна гэх хийсвэр дүгнэлт хийж, хэргийн таамаглаж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна. Хариуцагч Н.Ганбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч би анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг дараахь үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд гарын үсэг зурснаар гэрээг байгуулагдсанд тооцдог. Гэрээ байгуулагдснаар гэрээний талууд нэгнээсээ гэрээний үүргийг харилцан шаардах эрхийг бий болгох юм. Иймээс Хасбанк ХХК болон Ш.О нарын байгуулсан зээлийн гэрээнд Н.Горолцсон эсэх нь Н.Гнь уг зээлийн гэрээний үүргийг хариуцах ёстой этгээд эсэхийг тогтооход чухал ач холбогдолтой. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэлийн хувийг гардан авах үед Н.Ганбаатарын зурсан үсэг нь зээлийн гэрээ болон зээлийн нэмэлт гэрээнд байх гарын үсэг нь хэт налуу, гарын үсгийн сүүлийн хэсгийг хэт томоор бичигдсэн зөрүүтэй байдаг. Мөн хариуцагч Н.Ганбаатарын зүгээс тус зээлийн гэрээний харилцаанд оролцож байгаагүй талаараа удаа дараа бичгээр шүүхэд тайлбараа өгсөн. Энэ талаарх тайлбараа нотлохын тулд шинжээч томилуулах хүсэлтийг гаргаж байсан боловч үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Нотлох баримтад үндэслэлгүйгээр хариуцагч Н.Ггарын үсэг зурсан мэтээр таамаглаж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна. Уг маргааныг эцэслэн шийдвэрлэхийн тулд хариуцагч Н.Гнь гэрээнд гарын үсэг зурсан эсэх нь шийдвэрлэх ач холбогдолтой гэж үзэж байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Жавхлантөгс хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-д заасныг удирдлага болгон хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх нь иргэний хууль ёсны эрх ашиг сонирхлыг хохироосон шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь барьцаанд тавьсан гэх Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 7-р хороо, 7-285 тоот байрлах, 3 өрөө орон сууц нь 6 хүний өмчлөлийн эд хөрөнгө юм. Гэтэл зөвхөн Ц.Аг гуравдагч этгээдээр татан оролцуулсан. Тус байрны өмчлөгч нар нь Ш.Ог ББСБ-аас 10 000 000 төгрөгний зээл авна гэсэн тул итгэмжлэл олгож байсан. Гэтэл Ш.О нь 70 000 000 төгрөгний барьцаанд тавьсныг хулээн зөвшөөрөхгүй байна. Тус байрны өмчлөгч нарын зүгээс 70 000 000 төгрөгний барьцаанд тавих эрхийг олгож байгаагүй. Банкны барьцаанд тавина гэж тохиролцож байгаагүй. Гэтэл итгэмжлэлээр олгосон бүрэн

эрхийг урвуулан ашигласныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжоор хангаагүй. Хэргийг хэт нэг талыг барьж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Х Б”ХХК нь хариуцагч Ш.О, Н.Гнарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 93 813 627 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар зөвшөөрөхгүй, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж, нэхэмжлэлийн шаардлагын талаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай, Банкны тухай болон Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж үзэв. Хариуцагч нар болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон зээлийн хоёр гэрээ, барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээг байгуулах эрх бүхий этгээд, төлөөлөх эрх, үүргийн зөрчил, зээлдэгч нарын биелүүлэх үүргийн хэмжээ, гэрээг цуцлах үндэслэл, барьцааны зүйл болох хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөөс үүргийг хангуулах эрх зүйн асуудлаар хоёр шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглэж, хийвэл зохих эрх зүйн дүгнэлтийг бүрэн хийсэн байна.

Иргэн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага нь иргэний эрх зүйн харилцааны оролцогч болдог бөгөөд хуулийн этгээд өөрийн салбарыг тогтоосон журмын дагуу байгуулж болно. “Х Б”нь өөрийн салбарыг байгуулсан, хариуцагч нар “Х Б”ны Сүхбаатар салбартай зээлийн гэрээ байгуулж зээлийг хүлээж авсан ба салбарыг төлөөлөх эрх бүхий этгээдийн талаар “Х Б”өөрөө маргаагүй байхад салбар байгуулсан эсэх нь тодорхойгүй, салбарыг төлөөлөх эрх бүхий этгээд нь М.Энэрэл мөн эсэх, улмаар гэрээнд зурсан гарын үсэг түүнийх эсэх нь эргэлзээтэй гэх хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.

2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 1080018069 тоот, 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1080026847 тоот зээлийн гэрээнд зээлдэгч Н.Ганбаатар, Ш.О нар хүсэл зоригоо илэрхийлж, гарын үсгээ зурсан, гэрээг байгуулсны үндсэн дээр зээлдүүлэгч зээлийн мөнгийг шилжүүлжээ. Гэрээнд Н.Ггарын үсэг зураагүй гэж шинжээч томилуулах хүсэлтийг хариуцагч, түүний өмгөөлөгч гаргасныг шүүгчийн захирамжаар хангаагүй байна. /хх-100,120,107, 124/ Хүсэлтэд “гарын үсэг огт зураагүй” гэж үзэхдээ гэрээг байгуулахад байгаагүй, эсвэл хуурамчаар зурсан, ямар үндэслэлээр шинжээч томилуулах шаардлагатай болсон талаар дурдаагүй тул шүүх хангаж шийдвэрлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсгийг зөрчөөгүй, энэ талаарх гомдлыг үндэслэлгүй гэж үзнэ.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээд өөрөө эсвэл хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх шийдвэр гаргаснаар оролцдог тул барьцааны зүйлийн бусад өмчлөгч нарыг оролцуулаагүй гэх гуравдагч этгээд Ц.Агийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол мөн үндэслэл муутай байна.

2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 1080018069 тоот гэрээний дагуу үндсэн зээлийн дутуу 16 664 375 төгрөг, хүү 5 712 461 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 765 058 төгрөг, нийт 23 141 894 төгрөгийг, 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1080026847 тоот гэрээг цуцлах үндэслэлтэй гэж үзэж, үндсэн зээлийн дутуу 56 031 193 төгрөг, хүү 14 044 151 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 596 389 төгрөг, нийт 70 671 733 төгрөг нийтдээ  93 813 627 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус нийцсэн, шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 184/ШШ2018/00901 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 1388 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч нар болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 741 000 төгрөг, гуравдагч этгээдээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод тус тус  хэвээр үлдээсүгэй.

                             

                             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        Х.СОНИНБАЯР

                           ШҮҮГЧ                                                  П.ЗОЛЗАЯА