Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 1870

 

 

 

 

 

 

2020         10           27                                     2020/ШЦТ/1870

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ө

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,

Улсын яллагч М.Ариунцэцэг,

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч С.Батнасан /ҮД:2978/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бөд холбогдох 2006 00000 2307 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 2002 оны 03 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Сансар хотхоны 11 дүгээр гудамжны 3 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Бгийн Б /РД: /,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Б.Б нь 2020 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 18-19 цагийн үед  Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 23 дугаар байрны 94 тоотод иргэн Б.Түвшинбаяртай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь “... баруун нүдний зовхи, баруун шанаа, хацар, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, хамар ясны хугарал...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бийн өгсөн: “Тэр өдөр Билгүүний гэрт Түвшинбаярыг дуудаж уулзаад, Түвшинбаяр шүд нь өвдсөн гэсэн. Би тэр өдөр хөдөө явах гэж байсан. Тэгээд Түвшинбаяр шүдний цаг бүртгүүлсэн байна гэж уурлаад байхаар нь  би хамарт нь цохисон. Би цохисондоо харамсаж байна...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч хохирогч Б.Түвшинбаярын өгсөн “... 2020 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 18 цагийн үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах  23 дугаар байрны 1 дүгээр орцны подвалд байх гэрээсээ гараад 23 дугаар байрны 5 дугаар орцны 5 давхарт Билгүүний гэрт орсон юм. Гэрт нь орсон чинь Билгүүнээ, Б, Энхмэнд нар байсан... Б нь надад хандаж “би маргааш хөдөө явах гээд байна, чи намайг найзаа гээд ирж уулзсангүй, гарч ирэхгүй байна” гээд шууд намайг хоёр удаа цохисон, хоёр гараараа далайгаад хоёр талын шанаанд 1, 1 удаа цохисон. Би цохиулаад доошоо тонгойчихсон байхдаа дээшээ гэдийгээд нэг харахад Б миний хамар луу тохойлдчихсон... Тэгээд намайг гэртээ ороход гэрт ээж байсан ба намайг хараад “хаана, хэнд зодуулаад ирэв” гэсэн. Би нэг их юм ярилгүй сууж байхад дотор муухайраад бөөлжсөн. Гэмтлийн эмнэлэг рүү явж үзүүлээд тэндээ хэвтэж  хагалгаанд орсон юм. Тухайн үед миний баруун нүд хавдсан, мөн хамар бас хавдсан байсан... Б миний нүд болон хамарт гэмтэл учруулж цохисон тэрнээс өөрөөр гэмтэл учруулахаар халдаж цохиогүй. Шинжээчийн дүгнэлтэд тусгагдсанаар Б нь баруун нүдний зовхи, баруун шанаа, хацар, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, хамар ясны хугарал гэсэн гэмтлүүдийг учруулсан. Харин зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, дагзны дэлбэнг хамарсан хатуу хальсан доор цусан хураа, аалзан хальсан доор цус харвалт гэсэн гэмтлийг би өөрөө орцонд хана мөргөж өөрөө өөртөө учруулсан... Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ээ. ...” гэх мэдүүлэг /хх. 6-12/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Уранчимэгийн өгсөн:  “... 2020 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 18 цагт манай хүү Түвшинбаярыг үл таних залуус ... тамхи аваад ороод ирээч гэж хэлж Баянзүрх дүүргийн 23 дугаар байрны 3 дугаар орцны 5 давхарт дуудаж манай хүү 18 цаг 00 минутын үед гэрээсээ гараад 19 цаг 10 минутын үед гэртээ орж ирсэн. Гэртээ орж ирэхдээ баруун талын шанаа хэсэг нь хавдаж томбойсон байдалтай баруун талын хөмсөг язарсан, хамрын баруун тал хавдаж хөхөрсөн, чихний доод хэсэг хавдаж хөхөрсөн байдалтай гэртээ орж ирсэн. Гэртээ орж ирэхдээ толгой хагарлаа гээд толгойгоо бариад бөөлжөөд байсан, юу болсон талаар тодруулахад миний зүс таньдаг хүмүүс намайг зодож  гэмтээсэн гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх. 13-14/,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Д.Билгүүний өгсөн: “... Б нь Түвшинбаярыг манай гэрт дуудаад байсан. Удалгүй Түвшинбаяр гэрт орж ирсэн... Б, Түвшинбаяр нар жижиг өрөөнд ороод байгаад байсан. Удалгүй Энхмэнд нь тэр хоёрыг дуудах гээд явсан чинь Түвшинбаяр нь ванны өрөөнд цусаа угааж байсан хамраас нь цус гарсан. Би тэгээд “юу болсон бэ? яагаад цус гарчихаа вэ?” гэсэн чинь Б нь Түвшинбаярыг цохисон байсан...” гэх мэдүүлэг /хх. 15-16/ ,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч О.Энхмэндийн өгсөн:  “... 2020 оны 08 дугаар сарын 09-ний өдөр ... Б, Түвшинбаяр нар жижиг өрөөнд орсон... Түвшинбаярын хамраас цус гарчихсан ванны өрөөнд цусаа угааж байсан. Билгүүнээ харангуутаа ээж ирж байна гээд хэлсэн...” гэх мэдүүлэг /хх. 20-21/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 9195 дугаартай:

“1. Б.Түвшинбаярын биед тархины зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, дагзны дэлбэнг хамарсан хатуу хальсан доорх цус хураа, аалзан хальсан дотор цус харвалт, баруун нүдний зовхи, баруун шанаа, хацар, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, хамар ясны хугарал, зүүн тохойд зулгаралт, баруун сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн  үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.

4. Дээрх гэмтэл  нь  гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт /хх.24-26/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн өсгөн: “... 9195 дугаартай шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан баруун нүдний зовхи, баруун шанаа, хацар, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, хамар ясны хугарал гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... тархины зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, дагзны дэлбэнг хамарсан хатуу хальсан доорх цус харвалт гэмтэл толгойн баруун зүүн болон урд хойд хэсэгт хүч үйлчлэхэд дээрх гэмтэл үүсэж болно...” гэх мэдүүлэг /хх. 29-33/,

Хувийн байдлын талаарх баримтууд /хх.35,38,39,40,50,52,53/,

Хохирол нөхөн төлсөн баримт /хх.60, шинээр гаргасан 1 хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Б.Б нь 2020 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 18-19 цагийн үед  Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 23 дугаар байрны 94 тоотод иргэн Б.Түвшинбаяртай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь “... баруун нүдний зовхи, баруун шанаа, хацар, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, хамар ясны хугарал...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч хохирогч Б.Түвшинбаярын өгсөн “... Б нь надад хандаж “би маргааш хөдөө явах гээд байна, чи намайг найзаа гээд ирж уулзсангүй, гарч ирэхгүй байна” гээд шууд намайг хоёр удаа цохисон, хоёр гараараа далайгаад хоёр талын шанаанд 1, 1 удаа цохисон. Би цохиулаад доошоо тонгойчихсон байхдаа дээшээ гэдийгээд нэг харахад Б миний хамар луу тохойлдчихсон... Б нь баруун нүдний зовхи, баруун шанаа, хацар, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, хамар ясны хугарал гэсэн гэмтлүүдийг учруулсан. Харин зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, дагзны дэлбэнг хамарсан хатуу хальсан доор цусан хураа, аалзан хальсан доор цус харвалт гэсэн гэмтлийг би өөрөө орцонд хана мөргөж өөрөө өөртөө учруулсан...” гэх мэдүүлэг /хх. 6-12/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Уранчимэгийн өгсөн:  “... Гэртээ орж ирэхдээ баруун талын шанаа хэсэг нь хавдаж томбойсон байдалтай баруун талын хөмсөг язарсан, хамрын баруун тал хавдаж хөхөрсөн, чихний доод хэсэг хавдаж хөхөрсөн байдалтай гэртээ орж ирсэн. Гэртээ орж ирэхдээ толгой хагарлаа гээд толгойгоо бариад бөөлжөөд байсан, юу болсон талаар тодруулахад миний зүс таньдаг хүмүүс намайг зодож  гэмтээсэн гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх. 13-14/,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Д.Билгүүний өгсөн: “... Б, Түвшинбаяр нар жижиг өрөөнд ороод байгаад байсан. Удалгүй Энхмэнд нь тэр хоёрыг дуудах гээд явсан чинь Түвшинбаяр нь ванны өрөөнд цусаа угааж байсан хамраас нь цус гарсан... Б нь Түвшинбаярыг цохисон байсан...” гэх мэдүүлэг /хх. 15-16/ ,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч О.Энхмэндийн өгсөн:  “... 2020 оны 08 дугаар сарын 09-ний өдөр ... Б, Түвшинбаяр нар жижиг өрөөнд орсон... Түвшинбаярын хамраас цус гарчихсан ванны өрөөнд цусаа угааж байсан...” гэх мэдүүлэг /хх. 20-21/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 9195 дугаартай:

“1. Б.Түвшинбаярын биед тархины зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, дагзны дэлбэнг хамарсан хатуу хальсан доорх цус хураа, аалзан хальсан дотор цус харвалт, баруун нүдний зовхи, баруун шанаа, хацар, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, хамар ясны хугарал, зүүн тохойд зулгаралт, баруун сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн  үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.

4. Дээрх гэмтэл  нь  гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт /хх.24-26/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн өсгөн: “... 9195 дугаартай шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан баруун нүдний зовхи, баруун шанаа, хацар, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, хамар ясны хугарал гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... тархины зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, дагзны дэлбэнг хамарсан хатуу хальсан доорх цус харвалт гэмтэл толгойн баруун зүүн болон урд хойд хэсэгт хүч үйлчлэхэд дээрх гэмтэл үүсэж болно...” гэх мэдүүлэг /хх. 29-33/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Б.Бийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.

Б.Бийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Шүүгдэгч Б.Б нь хохиролд 2.120.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч Б.Түвшинбаяр нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Б.Бөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Б.Бийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Б.Бөд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.  

Шүүгдэгч Б.Бөд оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

1. Б овогт Бгийн Бийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бөд 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Бөд сануулсугай. 

          4. Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 2.120.000 төгрөг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Түвшинбаяр нь гомдолгүй, нэхэмжилсэн зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          5. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Бөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

   

 

ДАРГАЛАГЧ,

       ШҮҮГЧ                    С.ӨСӨХБАЯР