| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2020/1860/Э |
| Дугаар | 1886 |
| Огноо | 2020-10-29 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | К.Чимгээ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 1886
2020 10 29 2020/ШЦТ/1886
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,
Улсын яллагч К.Чимгээ,
Шүүгдэгч Э.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Э.Ат холбогдох 2006 03086 2556 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1994 оны 10 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 26 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хэсэг, 5 дугаар байрны 14 тоотод оршин суух бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19 дүгээр гудамжны 1006 тоотод түр оршин суух, улсаас авсан шагналгүй,
Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 327 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаанд засарч хүмүүжихийг даалгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 251 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ял шийтгүүлж байсан, Б овогт Эгийн А /РД: /,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Э.А нь 2020 оны 07 дугаар сарын 16-ны шөнө 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12Б байрны орцонд хохирогчтой маргалдаж С.Түвшинсайханы биед зүүн нүдний алим, баруун доод зовхи, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Аийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Түвшинсайханы өгсөн: “... 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 21 цагийн үед Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансарын тунелийн үйлчилгээний төв дээр найзууд болох Мөнхдандар, Мягмар нарын хамт караокед орсон. Жоохон сууж байгаад би согтоод байхаар нь маргааш ажилтай, танай гэрт очоод унтаж байя гээд Мөнхдандарын гар утсыг авч гараад 3 дугаар хорооны 12Б байранд ирсэн. Тус байрны гадаа ирэхэд орцны хаалга кодтой байсан. Би тэгээд Мөнхдандарын 95971111 дугаартай гар утаснаас Мягмарын дугаар луу залгаж орцны кодыг асуугаад орц луу ороход тус орцонд дээшээ гарсан, хажуу талд нь доошоо подвал руу буух 2 шат байсан. Доошоо буух шатан дээр тэд нар байсан. 1 эмэгтэй, 3 эрэгтэй хүн зогсож байсан. Намайг гаднаас орж ирэнгүүт тэд нар хараад надаас тамхи асуусан. Байхгүй гэж хэлсэн чинь тэд нар хэрүүл өдөөд босоод ирсэн. Нэг мэдэхэд би орцны шалан дээр хэвтэж байсан. Тэр эмэгтэй нь миний дээрээс нүүр болон цээж рүү дэвсэж байсан... Намайг дэвсүүлээд зодуулж байхад хажууд байсан 2 залуу нь салгахад би гадаа гараад замын эсрэг талд буюу сансрын Баянцээлийн цагдаагийн пост руу ороход намайг тунель дээрх цагдаагийн хэсэг рүү явуулсан. Тэнд очиход цагдаагийн хэсэг нь цоожтой байсан. Ингээд би буцаад 12Б байр руу очоод 3 давхарт гараад Мягмарын гэрт ороход тэр 2 гэртээ ирчихсэн байсан. Болсон явдлын талаар хэлэхэд Мягмар гар утсаар цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх.11-13/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Бадамгаравын өгсөн: “... А бид хоёрын дэргэдүүр гал байна уу гээд бид хоёроос аваад зөрсөн. Гараад удаагүй байтал хүн орилоод гадаа бөөн чимээ гараад эхлэхээр нь Анхбаяр бид хоёр гартал А үл таних эрэгтэй хүнтэй зодолдож байсан...” гэх мэдүүлэг /хх.20-21/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Анхбаярын өгсөн: “... Бид нар 0.75 грамм хэмжээтэй хараа гэх нэртэй архи нэг шил, 2.5л хэмжээтэй Боргио нэртэй пиво нэг савын хувааж уусан. Ууж байгаад би Бадамгаравын хамт шатан дээр тамхи татаад байж байтал А бид хоёроос гал байна уу гэж асуугаад аваад гарсан. Гадаа гараад удалгүй А орилоод гадаа бөөн чимээ гараад эхлэхээр нь Бадамгарав бид хоёр араас нь гартал А үл таних эрэгтэй хүнтэй зодолдож байхаар нь салгаад Аийг аваад орсон. Атэй зодолдож байсан эрэгтэй хүн өөрөө байрны шатаар өгсөөд гарсан. Ороод байж байтал цагдаа нар ороод ирсэн...” гэх мэдүүлэг /хх.23-24/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Даваасүрэнгийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 8316 дугаартай:
“1. С.Түвшинсайханы биед зүүн нүдний алим, баруун доод зовхи, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадврын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.26-27/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Аийн яллагдагчаар өгсөн: “... Хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед би Түвшинсайханы нүүр лүү нь цохиод дараа нь түлхэхэд уначихсан. Тэгээд унасан байхад нь нүүр лүү нь өшиглөсөн санагдаад байна. Тухайн үедээ би нэлээн согтуу байсан болохоор сайн санахгүй юм. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.67-68/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Э.А нь 2020 оны 07 дугаар сарын 16-ны шөнө 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12Б байрны орцонд иргэн С.Түвшинсайхантай маргалдаж түүний биед зүүн нүдний алим, баруун доод зовхи, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Түвшинсайханы өгсөн: “... Нэг мэдэхэд би орцны шалан дээр хэвтэж байсан. Тэр эмэгтэй нь миний дээрээс нүүр болон цээж рүү дэвсэж байсан...” гэх мэдүүлэг /хх.11-13/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Бадамгаравын өгсөн: “... Гараад удаагүй байтал хүн орилоод гадаа бөөн чимээ гараад эхлэхээр нь Анхбаяр бид хоёр гартал А үл таних эрэгтэй хүнтэй зодолдож байсан...” гэх мэдүүлэг /хх.20-21/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Анхбаярын өгсөн: “... Гадаа гараад удалгүй А орилоод гадаа бөөн чимээ гараад эхлэхээр нь Бадамгарав бид хоёр араас нь гартал А үл таних эрэгтэй хүнтэй зодолдож байхаар нь салгаад Аийг аваад орсон...” гэх мэдүүлэг /хх.23-24/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Даваасүрэнгийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 8316 дугаартай:
“1. С.Түвшинсайхан-н биед зүүн нүдний алим, баруун доод зовхи, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадврын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.26-27/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Аийн яллагдагчаар өгсөн: “... Тухайн үед би Түвшинсайханы нүүр лүү нь цохиод дараа нь түлхэхэд уначихсан. Тэгээд унасан байхад нь нүүр лүү нь өшиглөсөн санагдаад байна...” гэх мэдүүлэг /хх.67-68/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Аийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Аийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд зааснаар Э.Аийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч С.Түвшинсайхан нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд Э.Аийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Э.Аийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч С.Түвшинсайхан нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Э.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч Э.Аийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Э.Ат эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Э.Ат оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 9 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Э.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Б овогт Эгийн Аийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ат 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Э.Ат оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Э.Ат сануулсугай.
5. Э.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч С.Түвшинсайхан нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Э.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР