| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 172/2020/0137/Э |
| Дугаар | 139 |
| Огноо | 2020-10-02 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Ц.Ариунжаргал |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 139
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Улсын яллагч Ц.Ариунжаргал,
Шүүгдэгч Б.Н,
Нарийн бичгийн дарга Г.Анужин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Мэнд овгийн Бын Нд холбогдох 2028000000159 дугаартай эрүүгийн нэг хавтас хэргийг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Өмнөговь аймгийн суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, жүжигчин мэргэжилтэй, Алтан говь телевизэд эвлүүлэгч ажилтай, ам бүл 1, Өмнөговь аймагт оршин суух, ял шийтгэлгүй, Мэнд овгийн Бын Н, регистрийн дугаар,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
Шүүгдэгч Б.Н нь 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг 23-12 тоот хашаанаас Б.Дийн эзэмшлийн Сiviс маркийн тээврийн хэрэгслийн задалж тавьсан байсан мотор, кроп зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 24-ний өдөр Х, Амарбаясгалан хоёртой найзынхаа гэрт уулзсан. Амарбаясгалан бид хоёр архи олъё гээд Хашаагийн мотоцикльтой явсан. Архи олдоогүй гэрт очоод байж байхад Хашаа над руу утсаар хаана байгаа юм, юм олсон уу гээд ярьсан. Би олоогүй, гэрт байна гэж хэлсэн. Хашаа такси бариад гадаа ирсэн байхаар нь би гараад очиход таксины мөнгө сурсан. Би надад юу ч байхгүйг мэдэж байж гээд өөрөө учраа ол гэж хэлсэн. Гэтэл Хашаа одоо би мөнгөгүй таксинд юу гэж хэлэх юм гэж хэлсэн. Хашааны үүдэнд хоёр мотор, нэг кроп тавиатай байсан. Энийг зарчихъя гээд хашаа руу таксиг оруулаад, ачиж төмрийн хог тушаадаг газар 60.000 төгрөгөөр зарсан. Дэлгүүр орж нэг шил архи аваад уусан. Хүний эд зүйлийг авсан гэдгээ сүүлд нь ойлгосон. Хийсэн хэрэгтээ маш их харамсаж, гэмшиж байна. Буруу үйлдэл хийсэндээ харамсаж байгаа гэв.
Хохирогч Б.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ‘’... Би Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төв Баруун сайхны 23-12 тоотод хамтран амьдрагч Дын хамт амьдардаг. Улмаар 2020 оны 08 сарын 23-ны 14 цагийн үед тус аймгийн Баяндалай сумын нутагт оршин суух төрсөн дүү Даваадалай гэх айл руу явсан. Тэндээ 2 ширхэг адуу хүнс хийчхээд 2020 оны 08 сарын 25-аас 26 шилжих шөнө 04 цагийн үед гэртээ иртэл хашааны хаалга онгорхой байсан бөгөөд орж ирээд хашаанд байх эд зүйлээ бүртгэн харахад миний эзэмшлийн Сivic маркийн тээврийн хэрэгслийн задгай мотор болон түүний кропын хамт алдагдсан байсан. Би тухайн тээврийн хэрэгслийн явах эд ангиудыг 2020 оны 08 сарын 20-ны өдөр таньдаг хүнээс түр зээлээр авсан байсан. Гэтэл тухайн эд анги алдагдсан тул цагдаагийн байгууллагад хандах болсон...’’ гэжээ /хх-12-13/
Гэрч Т.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ‘’... Миний санаж байгаагаар 2020 оны 08 сарын 23-ны өдөр хамтран амьдрагч Дийн хамт Баяндалай сум руу яваад тэндээ 1 хоноод 2 адуу хүнс авчаад 26-ны үүрээр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвд байх гэртээ ирсэн. Гэтэл тухайн үед хашааны хаалга онгорхой байсан бөгөөд хашааны баруун урд талд байсан задгай мотор болон кроп алдагдсан байсан....’’ гэжээ. /хх-17/
Гэрч Т.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ‘’ Би Х Н нартай нэг нутгийн найзууд бөгөөд танилууд болоод 4-5 жил болж байна. Улмаар би цаг хугацааг нь санахгүй байна 2020 оны 08 сарын 23-ны өдөр буюу бүтэн сайн өдөр намайг гэрт байж байхад Х гэрт ирээд бид хоёр 2 шил 750 граммын архи хувааж уугаад амарсан. Маргааш өглөө нь буюу 2020 оны 08 сарын 24-ний өдөр босоод бид хоёр Хын мотоциклтой Багахүү гэх айлд очиход тэнд Н, Багахүү болон тэдний гэр бүлийнхэн байхаар нь Нг аваад Х бид гурав Нгийн гэх Баруун сайхны 23-12 тоотод байрлах гэрт нь очсон. Улмаар тэндээ очоод архи авах гэтэл мөнгө байхгүй байсан ба нэг мэдсэн Х нь цагаан өнгийн приус-20 маркийн эмэгтэй жолоочтой такси аваад ирсэн ба Н нь “энэ моторыг заръя” гэхээр нь бид хоёр зөвшөөрөөд тухайн таксинд задгай 1 мотор, 1 кропыг дамжилж ачаад Н, Х хоёр авч явсан. Тухайн үед би гэртээ үлдсэн бөгөөд тэр хоёр хэсэг хугацааны дараа нэг шил архи аваад тухайн такситай ирээд бид гурав хувааж уусан.....’’ гэжээ. /хх-21/
Гэрч О.Х мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ‘’ Би Нтэй нэг газар хамт ажиллаж байсан бөгөөд холын хамаатан болдог харин Амарбаясгалантай танилууд болоод 4-5 жил болж байна. Улмаар 2020 оны 08 сарын 23-ны өдөр би өөрийн мотоциклтой Амарбаясгалангийн гэрт нь очиж 2 шил архи хувааж уугаад тэндээ амарсан. Тэгээд маргааш нь буюу 2020 оны 08 сарын 24-ний өглөө Нтэй яриад Багахүүгийн очиж уулзсан. Тэндээсээ Н, Амарбаясгалан хоёр түрүүлж Баруунсайханд байрлах Нгүй рүү архи олох гээд явсан байсан. Тэгээд би Багахүүгийн хүлээж байтал ирэхгүй алга болохоор нь би гарч яваад Шарга дэлгүүрийн хажуу талаас цагаан өнгийн приус-20 маркийн танихгүй эмэгтэй жолоочтой такси аваад утсаар нь Н рүү ярьж хаана байгааг нь асууж тухайн газар очсон. Улмаар тэнд очоод таксины мөнгө өгөх гэтэл мөнгөтэй хүн байхгүй байсан ба Н нь “энд байгаа хайлшийг заръя” гэхээр нь би “наадах чинь чинийх мөн юм уу? Зарж болох юм уу” гэтэл болно, миний мэдлийн юм байгаа юм гэсэн. Тэгэхээр нь Амарбаясгалан Н бид гурав нийлж байгаад тухайн хашаанд байсан 1 ширхэг задгай мотор, кропын хамт тухайн таксинд ачаад Хан-Уулд байх түүхий эд авдаг Хөхөө гэх хүн аваачиж 60,000 төгрөгөөр бэлнээр тушаасан...’’ гэжээ. /хх-22/
Гэрч Н.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ‘’... 2020 оны 08 сар байсан өдрийг нь санахгүй байна Шаргын таксины зогсоол дээр машинтайгаа байж байсан чинь нэг өндөр залуу ирээд таксинд явах уу гэхээр нь явна гэсэн чинь төв рүү явна гээд төв рүү явж байсан чинь миний утсаар найруугаа залгая гэхээр нь яриулсан. Тэгээд төв орохоо болиод баруун сайхан орохоор болоод баруун сайхны гудмыг нь мэдэхгүй байна хойшоо харсан цэнхэр хаалгатай айлын гадаа очоод тэр залуу буугаад нэг жижиг залуутай уулзаж байгаад жижиг залуу нь над дээр ирээд нөгөө өндөр залууг хаанаас такси барьсан бэ? таксины мөнгө нь хэд болсон гэж асуухаар нь шарга дээр намайг зогсож байхад аваад төв ороод буцаад Баруунсайханд ирсэн 2500 төгрөг болсон гэж хэлсэн чинь тэр жижиг залуу нь намайг хашаа руугаа ороод зогсчих хашаанаас юм ачна гэхээр нь би хашаа руу нь ороод зогссон чинь 2 мотор шиг юм ачсан. Нэг нь ямар ч байсан мотор байсан. нөгөө нь юу байсныг мэдээгүй. Цайр шиг юм ачсан. Тэгээд машинд мотор ачихдаа миний машинд мотороо алдаад миний машины арын гуперыг нь цоолчихсон. Тэгээд би тэд нарыг загнаад болгоомжгүй байлаа гэж хэлсэн. тэгээд жижиг залуу нь тэр 2 ачсан юмаа аваад нөгөө өндөр залуутай хамт Хан-Уулд байх түүхий эдийн цэг авдаг газар хүргүүлсэн. Тэгээд түүхий эдийн цэгт 2 ачсан юмаа 60000 төгрөгөөр өгөөд засмал замын урд талд байх хойшоо харсан дэлгүүр рүү тэр 2 залуу ороод удалгүй гарч ирээд Баруунсайханд байх мотор ачсан газраа буугаад машин цоолсон гэж надад 10000 төгрөг өгөөд үлдсэн...’’ гэжээ. /хх-23-24/
Хас үнэлгээ ХХК-ийн 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 696 дугаартай үнэлгээний дүгнэлтэд: Honda civic машины мотор 1 ширхэг 500.000 төгрөг, Honda civic машины хурдны хайрцаг 1.200.000 төгрөг нийт дүн 1.700.000 төгрөг гэжээ /хх-28/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-6-7/
Гэрэл зургийн үзүүлэлт /8-9/,
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /хх-39/,
Түвдэнгийн Бор интернэшнл ХХК-ийн тодорхойлолт /хх-40/,
Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-41/,
Бакалаврын дипломын хуулбар /хх-42-43/,
Улс төрийн дээд боловсролын дипломын хуулбар /хх-44-45/,
Өмнөговь аймгийн засаг даргын тамгын газрын архивын лавлагаа /хх-46/,
Банк түүний харилцагч нарын мэдээлэл /хх-47-52/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-53/,
Хохирол төлбөр төлсөн баримт /хх-54/,
Шүүгдэгч Б.Нгийн прокурорт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай “...Б овогтой Н би өөрт холбогдох хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч тул гэм буруу болон хэргийн зүйлчлэлд ямар нэгэн маргах зүйлгүй гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 1.700.000 төгрөгийг хохирогч Дид төлж барагдуулсан болно. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа тул хүсэлтийг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлт /хх-58/,
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан яллагдагчид хуульд заасан үндэслэл журмыг танилцуулсан тэмдэглэл /хх-59-60/
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 40 дугаартай тогтоол /хх-61/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Н холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учирсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Нгийн гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Нд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.
Шүүгдэгч Б.Нгийн нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Б.Н нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргаж 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 40 дугаартай Прокурорын тогтоолоор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг шилжүүлсэн.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндсэн 5 нөхцөл байдлыг хянаж шүүгдэгч Б.Нд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хулгайлах гэмт хэрэг гэж бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар, хууль бусаар авахыг хэлдэг.
Хүч хэрэглэхгүйгээр гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж халдаагүй үйлдсэнийг,
Нууцаар гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг,
Хууль бусаар авах гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх захиран зарцуулсныг тус тус ойлгохоор тайлбарласан.
Шүүгдэгч Б.Н нь 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг 23-12 тоот хашаанаас Б.Дийн эзэмшлийн Сiviс маркийн тээврийн хэрэгслийн задалж тавьсан байсан мотор, кроп зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.Дийн “...Би Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төв Баруун сайхны 23-12 тоотод хамтран амьдрагч Дын хамт амьдардаг. Улмаар 2020 оны 08 сарын 23-ны 14 цагийн үед тус аймгийн Баяндалай сумын нутагт оршин суух төрсөн дүү Даваадалай гэх айл руу явсан. Тэндээ 2 ширхэг адуу хүнс хийчхээд 2020 оны 08 сарын 25-аас 26 шилжих шөнө 04 цагийн үед гэртээ иртэл хашааны хаалга онгорхой байсан бөгөөд орж ирээд хашаанд байх эд зүйлээ бүртгэн харахад миний эзэмшлийн Сivic маркийн тээврийн хэрэгслийн задгай мотор болон түүний кропын хамт алдагдсан байсан. Би тухайн тээврийн хэрэгслийн явах эд ангиудыг 2020 оны 08 сарын 20-ны өдөр таньдаг хүнээс түр зээлээр авсан байсан. Гэтэл тухайн эд анги алдагдсан тул цагдаагийн байгууллагад хандах болсон...’’ гэх мэдүүлэг /хх-12-13/, гэрч Т.Дын “...Миний санаж байгаагаар 2020 оны 08 сарын 23-ны өдөр хамтран амьдрагч Дийн хамт Баяндалай сум руу яваад тэндээ 1 хоноод 2 адуу хүнс авчаад 26-ны үүрээр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвд байх гэртээ ирсэн. Гэтэл тухайн үед хашааны хаалга онгорхой байсан бөгөөд хашааны баруун урд талд байсан задгай мотор болон кроп алдагдсан байсан...’’ гэх мэдүүлэг /хх-17/, гэрч Т.Дын ‘’...2020 оны 08 сарын 24-ний өдөр босоод бид хоёр Хын мотоцикльтой Багахүү гэх айлд очиход тэнд Н, Багахүү болон тэдний гэр бүлийнхэн байхаар нь Нг аваад Х бид гурав Нгийн гэх Баруунсайханы 23-12 тоотод байрлах гэрт нь очсон. Улмаар тэндээ очоод архи авах гэтэл мөнгө байхгүй байсан ба нэг мэдсэн Х нь цагаан өнгийн приус-20 маркийн эмэгтэй жолоочтой такси аваад ирсэн ба Н нь “энэ моторыг заръя” гэхээр нь бид хоёр зөвшөөрөөд тухайн таксинд задгай 1 мотор, 1 кропыг дамжилж ачаад Н, Х хоёр авч явсан. Тухайн үед би гэртээ үлдсэн бөгөөд тэр хоёр хэсэг хугацааны дараа нэг шил архи аваад тухайн такситай ирээд бид гурав хувааж уусан.....’’ гэх мэдүүлэг /хх-21/, гэрч О.Хын ‘’...2020 оны 08 сарын 24-ний өглөө Нтэй яриад Багахүүгийн очиж уулзсан. Тэндээсээ Н, Амарбаясгалан хоёр түрүүлж Баруунсайханд байрлах Нгүй рүү архи олох гээд явсан байсан. Тэгээд би Багахүүгийн хүлээж байтал ирэхгүй алга болохоор нь би гарч яваад Шарга дэлгүүрийн хажуу талаас цагаан өнгийн приус-20 маркийн танихгүй эмэгтэй жолоочтой такси аваад утсаар нь Н рүү ярьж хаана байгааг нь асууж тухайн газар очсон. Улмаар тэнд очоод таксины мөнгө өгөх гэтэл мөнгөтэй хүн байхгүй байсан ба Н нь “энд байгаа хайлшийг заръя” гэхээр нь би “наадах чинь чинийх мөн юм уу? Зарж болох юм уу” гэтэл болно, миний мэдлийн юм байгаа юм гэсэн. Тэгэхээр нь Амарбаясгалан Н бид гурав нийлж байгаад тухайн хашаанд байсан 1 ширхэг задгай мотор, кропын хамт тухайн таксинд ачаад Хан-Уулд байх түүхий эд авдаг Хөхөө гэх хүн аваачиж 60,000 төгрөгөөр бэлнээр тушаасан...’’ гэх мэдүүлэг /хх-22/, гэрч Н.Аийн “...2020 оны 08 сар байсан өдрийг нь санахгүй байна Шаргын таксины зогсоол дээр машинтайгаа байж байсан чинь нэг өндөр залуу ирээд таксинд явах уу гэхээр нь явна гэсэн чинь төв рүү явна гээд төв рүү явж байсан чинь миний утсаар найруугаа залгая гэхээр нь яриулсан. Тэгээд төв орохоо болиод баруун сайхан орохоор болоод Баруунсайханы гудмыг нь мэдэхгүй байна хойшоо харсан цэнхэр хаалгатай айлын гадаа очоод тэр залуу буугаад нэг жижиг залуутай уулзаж байгаад жижиг залуу нь над дээр ирээд нөгөө өндөр залууг хаанаас такси барьсан бэ? таксины мөнгө нь хэд болсон гэж асуухаар нь шарга дээр намайг зогсож байхад аваад төв ороод буцаад Баруунсайханд ирсэн 2500 төгрөг болсон гэж хэлсэн чинь тэр жижиг залуу нь намайг хашаа руугаа ороод зогсчих хашаанаас юм ачна гэхээр нь би хашаа руу нь ороод зогссон чинь 2 мотор шиг юм ачсан. Нэг нь ямар ч байсан мотор байсан. нөгөө нь юу байсныг мэдээгүй. Цайр шиг юм ачсан. Тэгээд машинд мотор ачихдаа миний машинд мотороо алдаад миний машины арын гуперыг нь цоолчихсон. Тэгээд би тэд нарыг загнаад болгоомжгүй байлаа гэж хэлсэн. тэгээд жижиг залуу нь тэр 2 ачсан юмаа аваад нөгөө өндөр залуутай хамт Хан-Уулд байх түүхий эдийн цэг авдаг газар хүргүүлсэн. Тэгээд түүхий эдийн цэгт 2 ачсан юмаа 60000 төгрөгөөр өгөөд засмал замын урд талд байх хойшоо харсан дэлгүүр рүү тэр 2 залуу ороод удалгүй гарч ирээд Баруунсайханд байх мотор ачсан газраа буугаад машин цоолсон гэж надад 10000 төгрөг өгөөд үлдсэн...’’ гэх мэдүүлэг /хх-23-24/, шүүгдэгч Б.Нгийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Н нь хувийн байдлын хувьд тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Нгийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчийн Б.Нгийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Б.Нгийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Өмнөговь аймгийн Прокурорын газарт гаргасан “...Б овогтой Н би өөрт холбогдох хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч тул гэм буруу болон хэргийн зүйлчлэлд ямар нэгэн маргах зүйлгүй гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 1.700.000 төгрөгийг хохирогч Дид төлж барагдуулсан болно. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа тул хүсэлтийг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлт /хх-58/, Шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “24-ний өдөр Х, Амарбаясгалан хоёртой найзынхаа гэрт уулзсан. Амарбаясгалан бид хоёр архи олъё гээд Хашаагийн мотоцикльтой явсан. Архи олдоогүй гэрт очоод байж байхад Хашаа над руу утсаар хаана байгаа юм, юм олсон уу гээд ярьсан. Би олоогүй, гэрт байна гэж хэлсэн. Хашаа такси бариад гадаа ирсэн байхаар нь би гараад очиход таксины мөнгө сурсан. Би надад юу ч байхгүйг мэдэж байж гээд өөрөө учраа ол гэж хэлсэн. Гэтэл Хашаа одоо би мөнгөгүй таксинд юу гэж хэлэх юм гэж хэлсэн. Хашааны үүдэнд хоёр мотор, нэг кроп тавиатай байсан. Энийг зарчихъя гээд хашаа руу таксиг оруулаад, ачиж төмрийн хог тушаадаг газар 60.000 төгрөгөөр зарсан. Дэлгүүр орж нэг шил архи аваад уусан. Хүний эд зүйлийг авсан гэдгээ сүүлд нь ойлгосон. Хийсэн хэрэгтээ маш их харамсаж, гэмшиж байна. Буруу үйлдэл хийсэндээ харамсаж байгаа гэв.” гэх тайлбар, мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Нг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Н нь Прокуророос санал болгосон 1 жилийн хугацаагаар тэнсэх ял, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох тус тус албадлагын арга хэмжээ авах саналтай танилцан гарын үсэг зурж, санал хүсэлт гаргаагүй байх тул сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Н нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Дид 1.700.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан болох нь Хаан банкны орлогын мэдүүлгийн баримт /хх-54/-аар тогтоогдож байх тул бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж хуульд заасан үндэслэл журмыг танилцуулсан тэмдэглэлээр шүүгдэгч Б.Нгийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж үзэхээр байна.
Иймд шүүгдэгч Б.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.
Улсын яллагч шүүгдэгч Б.Нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, мөн хуулийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус авах тухай эрүүгийн хариуцлагын санал гаргасан бөгөөд шүүх шүүгдэгч Б.Нгийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг байдлуудыг харгалзан Прокурорын саналын хүрээнд эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг шүүгдэгч Б.Нд оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2, 1.3 дугаар зүйлд заасан хууль ёсны, шударга ёсны зарчим, мөн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцнэ гэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Н үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг мэдэгдэх нь зүйтэй байна.
Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Н өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Мэнд овгийн Бын Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгч Б.Нд тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг шүүгдэгч Б.Нд мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүгдэгч Б.Н нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Дид 1.700.000 /нэг сая долоон зуун мянга/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Б.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлэхийг тус тус мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ