| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнамжилийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 185/2020/0439/Э |
| Дугаар | 897 |
| Огноо | 2020-10-09 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | П.Бямбасүрэн |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 897
2020 10 09 2020/ШЦТ/897
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам
Улсын яллагч П.Бямбасүрэн
Хохирогч З.Ө, түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин
Гэрч Х.Уранчимэг
Шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч Э.Түвшинбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хулууд овогт Д.Ат холбогдох эрүүгийн 1909018450384 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1962 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужааны мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, группт байдаг, ам бүл ганцаараа Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө /дамж, 55 дугаар байрны 45 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Х овгийн Д.А
Холбогдсон гэмт хэргийн талаар: /2020 оны 09 сарын 03-ны өдрийн 297А
дугаартай яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Д.А нь 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 12 цагийн үед Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын зуслангийн задгай тоотод байрлах хохирогч З.Өын эзэмшлийн хөрөнгө болох Монгол эрт гал тавин шатааж хууль бусаар устгасны улмаас 6.895.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн 1909018450384 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Д.А нь мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “ Би 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Дархан-уул аймгийн Дархан хотод байсан. 2019 оны 05 дугаар сарын 03-н өдөр албан саатуулах төвөөс суллагдаж гарсан. Тэгээд тэр өдрөө хамт гарсан хүмүүстэйгээ архи уугаад маргааш нь Вокзал дээр очиж хүмүүстэй архи уусан. 2019 оны 05 сарын 05-ны өдөр Бямбахүү гэрт орж ирээд үхсэнээ хийж архи уугаад байгаа юм. Явж ахад тусал гэхээр нь найз Даланжин рүү утасдаад Дархан явах унааны мөнгө өгчих гэхэд Даланжин Драгон дээр уулзаад 40.000 төгрөг авч жижиг тэргэнд суугаад Дархан хотод 15 цагийн үед очсон. Тэгэхээр би 2019 оны 05 сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Шарга морьтын зуслангийн задгай тоотод байрлах Уранчимэгийн гэрт очоогүй” гэх мэдүүлэг /хх-ийн 101-103 дугаар хуудас /
Хэргийн газрын үзлэгийн "... үзлэгийг цааш гэрийн гадна талд явуулахад эрийн үүдэнд шатсан бөөгийн хэнгэрэг, шатсан унинууд, шуудайтай мод, түлээний өмөр савтай моднууд зэрэг эд зүйлсийг хаясан байв, гэрийн хаалгад эвдрэл гэмтэл байхгүй, хаалганы цүүц зүүн тийш мурийсан байв.Үзлэгийг гэрт орж явуулахад гэрийн тооно хэсэг шатсан, дотогш унасан, гэрийн үүдэнд хаалганы цоож хэвтэж байх ба цоож байсан газрыг №1 гэж дугаарлан гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. Үзлэгийг цааш гэрийн голд явуулахад хүйтэн зуух байх ба гэрийн тооно бүрэн шатаж дотогш унасан байна...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 18-19, 20-23 дугаар тал/
Хохирогч З.Ө-ын “...Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шарга морьтын задгай тоотод байрлах 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр шатсан Монгол гэр нь миний эзэмшлийн гэр байгаа юм. 2018 оны 08 дугаар сарын сүүлээр Х.Уранчимэг эгч А-тай гэр бүл болохоор болоод байшин барьсан. Тэгээд агаарт бөөгийн зан үйл хийх гээд Аын байшингийн гадна гэрээ барьсан. Эхний 2-3 сар Х.Уранчимэг, Д.А хоёрыг хоорондоо хэрэлдэж маргалдаж байхыг нь мэдээгүй, сүүлд Д.А архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ, Х.Уранчимэгтэй хэрэлдээд юм авч шидээд байсан. Х.Уранчимэг эгч хэлэхдээ “бөөгийн үйл хийлээ, эд нарыгаа зайлуул, шатаана шүү” гэж байнга дарамталдаг талаар хэлж байсан. Надад үнэлгээний газраар тогтоолгосон 6.895.000 төгрөгийн хохирол учирсан. Хохирлын мөнгө төгрөг өгөөгүй. 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хотын төвд ажлынхаа байранд ажлаа хийж байтал Уранчимэг эгч над руу залгаад “намайг эмчилгээнд яваад ирэх хооронд монгол гэр шатсан байна” гэж хэлсэн. Би Д.А-аас өөр хэн шатаах билээ, тэр л шатаасан байгаа биз гэж хэлсэн. Бид нар 7 хоног болгон бөөгийн үйл хийдэг, гэр шатсан гэх өдөр орой очиж, маргааш орой эрт бөөгийн үйл хийх байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 48-49 дүгээр тал/
Гэрч Х.Уранчимэгийн "... Д.А гэх хүнийг танина. 10 жилийн 6-8 дугаар ангидаа Д.А гэх хүнтэй нэг ангид сурч байсан. 2018 оны 04 дүгээр сараас эхлэн Д.А-тай хамтран амьдрах болсон. Хамтран амьдарснаас хойш архи согтууруулах ундаа хэрэглэх болсон. 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Д.А архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ энэ бөөгийн чинь гэрийг шатаана" гээд гэрт байхдаа зуухны урд таг руу цаас хийгээд гал асаагаад шидээд, баганыг хөлөөрөө өшиглөөд, гараараа баганын хавтсыг хугалаад миний үснээс үсдээд дарж унагаад гараараа толгой руу 2-3 удаа цохиод арай гэж босоод галыг ус цацаж унтраасан. Тэгтэл Д.А нь гэрийн хатавчинд асаагуурыг гал гаргаад айхаар нь би түлхэж холдуулж, цагдаад дуудлага өгч А-г бариулж, 10 хоног баривчилгаанд явуулсан. А нь удаа дараа намайг заналхийлж гэрийг шатаан гэж дарамталдаг.байсан бөгөөд гал гарсан өдөр эрийн ойролцоо явж байсныг харсан хүн байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 119-120 дугаар хуудас/
Гэрч Г.Дэлгэрмаагийн “ Би 2019 оны 5 сарын 6-ны өдөр нөхөр Эрдэнэбилэгийн хамт гэртээ байсан. Тэгээд...би унтлагын өрөө рүү ороод хувцсаа өмсөж байхдаа баруун тал руу харсан цонхоор хартал хөл муутай эрэгтэй хүн баруун талаас зүүн тийш чиглэлтэй ганцаараа алхаж байхаар нь баруун талын айлын нөхөр нь явж байна даа гэж харсан. Тэрнээс биш тэр хүнийг нэг их сайн танихгүй учраас зүс царайг нь хараагүй. Хөл муутай хүн явж байхаар нь баруун талын айлын нөхөр явж байна даа гэж харсан. Тэгээд 10-20 минутын дараа байхаа сайн санахгүй байна. Гэрээсээ нөхөр хамт хашаанаасаа гарч байхад гол командын машин манай гудамжаар орж ирж байхыг харсан...“ гэх мэдүүлэг / хх-ийн 59-60 дугаар хуудас /
Гэрч Даланжингийн / ...Би А-д 40.000 төгрөг өгсөн нь үнэн. Намайг Ат 40.000 төгрөгийг аваачиж өгөхөд А нэг үл таних эрэгтэйтэй зогсож байсан...яг он сар өдрийг нь сайн санахгүй байна. миний бодож байгаагаар 2019 оны 5 сарын санагдаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58 дугаар хуудас /
Гэрч Ц. Бямбахүүгийн “...миний санаж байгаагаар 2019 оны 05 сарын эхээр А над дээр ирсэн. Тухайн үед А нь би хэд хоног баривчилгаанд яваад ирлээ, групп сунгатал байх газар хэрэгтэй байна гэж хэлэхээр нь би бодохдоо А-ыг эхнэртэйгээ муудаад гэртээ оруулахгүй байгаа юм байна гэж бодоод Дарханд байдаг Төмөрбаатар ах руу утасдаад “ манай найз хөдөө хэд хоног баймаар байна гэнээ манаачийн гэртээ хэд хонуулчхаач гэж хэлэхэд ах Төмөрбаатар нь цалин мөнгө өгч чадахгүй харин хоол унд тамхи тариаг нь аваад өгнө гэхэд А-т хэлэхэд би найзаасаа гээд утсаар яриад унааны мөнгө авахаар болсон. Тэгээд манай гэрээс гараад автобусанд суугаад драгоны буудал дээр очоод Дархан руу явдаг хувийн машинд суулгаж өгөөд явсан...гэх мэдүүлэг / хх-ийн 62-63 дугаар хуудас/
Гэрч Д.Эрдэнэбилэгийн “... 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн иргэний үнэмлэхийн лавлагаатай танилцахад Д.А гэх хүн нь манай зуслангийн байшингийн баруун талын хашаанд 2018 оны зун 1 давхар амины орон сууц барьж байхад харж байсан, зуслангийн хашаанд гүний худаг байдаг ба А нь ус гуйж авдаг байсан, 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр зуслангийн хашаа байшиндаа эхнэр н.Дэлгэрмаагийн хамт байсан, хувцсаа өмсөх гээд унтлагын өрөөндөө байхад манай хөрш айл болох Уранчимэгийн байшингийн даанаас цэнхэр цайвар өнгийн утаа гарахаар нь би бодохдоо “энэ айлыг хогийг шатаагаад байгаа юм болов уу гал гарвал яана” гээд бодоод цонхоор харж байсан, манай байшин хоёр давхар бөгөөд унтлагын өрөө нь 2 давхарт ба цонх нь баруун тийшээ харсан байдаг учраас л бүх юм тодорхой харагдаж байсан. Би хувцсаа өмсөж дуусаад гэрээсээ гарахын өмнө “ямар их гал түлж байна, нэг л биш байна даа” гээд дахин цонхоор харахад хажуу айлын Уранчимэгийн нөхөр А нь ганцаараа манай байшингийн хажуугаар гараад явж байгаа харагдсан, А гэх хүн нь хөл муутай хазганаж явдаг учраас би шууд таньсан. Тухайн үед би хоёр давхрын цонхоор харахад А нь хойшоогоо эргэж харан харан явсаар байгаад манай байшингийн хойд талаар гараад явсан, тэгээд бид хоёр байшингийнхаа гадаа 10-15 минут утсаар яриад зогсож байхад байшингийн цанаас гарч байгаа утаа маш их болж эхэлсэн, би бодохдоо “энэ нэг л биш болж байна” гээд машиндаа суухад доороос галын машин ирж байсан, тухайн үед А гэх эрэгтэй цайвар өнгийн жинсэн урдуураа товчилдог сорочкин цамц болон сул хөх цайвар өнгийн жинсэн өмдтэй, цамцныхаа товчийг товчлоогүй, дотор талд бор өнгийн оосортой цүнхийг хүзүүнээсээ зүүсэн байдалтай харагдаж байсан, тэр өдөр үүлгүй нартай дулаахан өдөр байсан, энэ талаар эхнэр Уранчимэгт нь хэлж байсан, би тухайн хүнийг хараад танина...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 64 дүгээр хуудас /
Гэрч О.Төмөрбаатарын “...А гэх хүнийг зүс мэднэ, дүү Бямбаахүүгээр дамжуулж танилцсан, 2019 оны 05 дугаар сарын 20-ны орчим дүү Бямбаахүү над руу залгаад манай найз хөдөө очиж хэд хоног цэвэр агаарт байя гэнээ, тань дээр очуулж болох уу гэхээр нь тэг тэг гэсэн, тэгээд А гэх хөл муутай эрэгтэй ганцаараа Дархан хотод ирэхээр нь би тосож аваад манаачийн гэрт надтай цуг 20 гаран хоног цуг байж байгаад 2019 оны 06 дугаар сарын дундуур А нь группээ сунгах хэрэгтэй байна гэж хэлээд Улаанбаатар хот руу явсан, тэрнээс хойш дахин уулзаагүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 104-105 дугаар тал/
Гэрч М.Мөнхжаргалын "... З.Ө, н.Алтантуяа, Х.Уранчимэг бид дөрөв нийлж бөөгийн зан үйл хийдэг, танилцаад 10 жил болж байна, миний эзэмшлийн бугийн арьсан хэнгэрэг 1 ширхэг, ямааны арьсан хэнгэрэг 1 ширхэг, гоёлын торгон дээл 1 ширхэг, эд зүйл шатаж устсан, үлдсэн эд зүйл нь шатаагүй гайгүй байсан, тус хэрэгт хохирогчоор оролцох боломжгүй байна, З.Ө миний өмнөөс мөрдөн шалгах ажиллагаанд оролцох, шүүхэд төлөөлөх итгэмжлэлийг гаргаж өгнө, шүүхийн шийдвэр гарсны дараа би З.Ө-тай тооцоо нийлж хохирлоо барагдуулж авах болно, хохирлоо барагдуулж авах хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг/ хх-ийн 207 дугаар хуудас /
Гэрч Б.Алтантуяагийн "...миний эзэмшлийн ямааны арьсан хэнгэрэг 1 ширхэг, гоёлын торгон дээл 2 ширхэг, бөөгийн иж бүрэн хувцаснууд, малгай /баатрын, хатны/ 2 ширхэг, монгол гутал 1 ширхэг, хонины ноосон хөнжил 1 ширхэг, тэмээний ноосон цамц 1 ширхэг, ууж 1 ширхэг, тэмээний ноосон өмд 1 ширхэг, биеийн тамирын малгайтай цамц 2 ширхэг, биеийн тамирын өмд 2 ширхэг, эд зүйлс шатаж устсан, хохирогчоор оролцох боломжгүй, ажил ихтэй байна, хохирлоо барагдуулж авмаар байна, Д.А нь их л танхай зан ааштай, юм л болбол хэм амаар доромжилж, айлган сүрдүүлдэг, Мөнхжаргал, Өсөхбаяр, бид гурав руу гайгүй боловч Уранчимэг руу байнга орилж дарамталдаг, дандаа согтуу, гэрээрээ дүүрэн хогийн архичин цуглуулдаг, Х.Уранчимэгийг байнга пизда минь гэж орилж хашхирч байдаг, нэг удаа Х.Уранчимэгийг зодсон гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 210 дугаар хуудас/
Насанд хүрээгүй гэрч Б.Лхамдоржийн “...Намайг Улаанаа ахтай хамт Шарга морьтын эцсийн буудлаас дэлгүүрийн ахын машинд суугаад явж байхад галын машин зөрөөд өнгөрсөн. Тэгээд 18 цагийн орчим хичээлээ тараад гэртээ ирэхэд нөгөө доголон өвөөгийн эхнэр нь “манай гэр шатчихсан байна, миний дүү харсан уу” гээд хашаан дотроо зогсож байсан, би сайн хараагүй, нөгөө доголон ах байсан гэхэд тэр эгч аан за за баяртай гэж хэлсэн.Тэрнээс хойш доголон өвөөг хараагүй. Би тэр доголон өвөө гээд байгаа хүнээ хараад танина. Хамрынхаа хажууд том мэнгэтэй....” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 215-216 дугаар тал/
Дамно хөрөнгө үнэлгээ зуучлалын компанийн “... үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн шууд харьцуулалтын аргаар 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр 6.895.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан, /хавтаст хэрийн 72-74 дүгээр тал/
Гамшиг судлалын хүрээлэн Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн "... шинжилгээнд ирүүлсэн цахилгаан дамжуулагч, утсанд цахилгаан богино холболт, хэт ачаалал, шилжилтийн эсэргүүцэл үүсээгүй, хэрэв эсэргүүцэл болсон тохиолдолд дамжуулагч утсанд бөмбөлөг үүснэ, бөмбөлөг үүсээгүй...,...шатах тослох материал илрээгүй гэх дүгнэлтүүд /хх-ийн 80 , 86 дугаар хуудас / зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Д.А нь 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 12 цагийн үед Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын зуслангийн задгай тоотод байрлах хохирогч З.Ө-ын эзэмшлийн хөрөнгө болох Монгол эрт гал тавин шатааж хууль бусаар устгасны улмаас 6.895.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь : хохирогч З.Ө-ын “ ...Х.Уранчимэг эгч хэлэхдээ “бөөгийн үйл хийлээ, эд нарыгаа зайлуул, шатаана шүү” гэж байнга дарамталдаг талаар хэлж байсан. Надад үнэлгээний газраар тогтоолгосон 6.895.000 төгрөгийн хохирол учирсан. Хохирлын мөнгө төгрөг өгөөгүй. 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хотын төвд ажлынхаа байранд ажлаа хийж байтал Уранчимэг эгч над руу залгаад “намайг эмчилгээнд яваад ирэх хооронд монгол гэр шатсан байна” гэж хэлсэн. Би Д.А-аас өөр хэн шатаах билээ, тэр л шатаасан байгаа биз гэж хэлсэн. Бид нар 7 хоног болгон бөөгийн үйл хийдэг, гэр шатсан гэх өдөр орой очиж, маргааш орой эрт бөөгийн үйл хийх байсан...” гэх мэдүүлэг, гэрч Х.Уранчимэгийн “...2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Д.А архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ энэ бөөгийн чинь гэрийг шатаана" гээд гэрт байхдаа зуухны урд таг руу цаас хийгээд гал асаагаад шидээд, баганыг хөлөөрөө өшиглөөд, гараараа баганын хавтсыг хугалаад миний үснээс үсдээд дарж унагаад гараараа толгой руу 2-3 удаа цохиод арай гэж босоод галыг ус цацаж унтраасан. Тэгтэл Д.А нь гэрийн хатавчинд асаагуурыг гал гаргаад айхаар нь би түлхэж холдуулж, цагдаад дуудлага өгч А-ыг бариулж, 10 хоног баривчилгаанд явуулсан. А нь удаа дараа намайг заналхийлж гэрийг шатаан гэж дарамталдаг.байсан бөгөөд гал гарсан өдөр эрийн ойролцоо явж байсныг харсан хүн байгаа... ” гэх мэдүүлэг, гэрч Г.Дэлгэрмаагийн “ ...Хөл муутай хүн явж байхаар нь баруун талын айлын нөхөр явж байна даа гэж харсан. Тэгээд 10-20 минутын дараа байхаа сайн санахгүй байна. Гэрээсээ нөхөр хамт хашаанаасаа гарч байхад гол командын машин манай гудамжаар орж ирж байхыг харсан.../ гэх мэдүүлэг, гэрч Д.Эрдэнэбилэгийн “манай хөрш айл болох Уранчимэгийн байшингийн даанаас цэнхэр цайвар өнгийн утаа гарахаар нь би бодохдоо “энэ айлыг хогийг шатаагаад байгаа юм болов уу гал гарвал яана” гээд бодоод цонхоор харж байсан, манай байшин хоёр давхар бөгөөд унтлагын өрөө нь 2 давхарт ба цонх нь баруун тийшээ харсан байдаг учраас л бүх юм тодорхой харагдаж байсан. Би хувцсаа өмсөж дуусаад гэрээсээ гарахын өмнө “ямар их гал түлж байна, нэг л биш байна даа” гээд дахин цонхоор харахад хажуу айлын Уранчимэгийн нөхөр А нь ганцаараа манай байшингийн хажуугаар гараад явж байгаа харагдсан, А гэх хүн нь хөл муутай хазганаж явдаг учраас би шууд таньсан. Тухайн үед би хоёр давхрын цонхоор харахад А нь хойшоогоо эргэж харан харан явсаар байгаад манай байшингийн хойд талаар гараад явсан.../ гэх мэдүүлэг болон Дамно хөрөнгийн үнэлгээний тайлан, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Гамшиг судлалын хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд болон хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Д.А нь хохирогч З.Ө-ын гэрт гал тавьж байгаа үйлдлийг харсан хүн байхгүй ч гал командын машин ирэхээс хэдхэн минутын өмнө гэрийн хажуугаар эргэн эргэн харан яаран алхаж байсан талаар хөрш айлын хүмүүс болох Г.Дэлгэрмаа, Г.Эрдэнэбилэг нар тодорхой мэдүүлсэн ба шүүгдэгч Д.А нь шүүхийн хэлэлцүүлэгт “би Уранчимэгтэй маргалдаад шатаагаад хаячихмаар пизда нар юмаа та нар нээрээ залилан хийсэн бузар янхнууд юм. Өөрийнхөө амьдрал ах дүүсээ засаж чадахгүй байж гаднын хүмүүсийг засна гэж юу байдаг юм гэж хэлээд уурандаа энэ гэрийг чинь шатаана шүү гээд асаагуурыг асаасан асуудал байгаа ” гэж мэдүүлжээ. Мөн мөрдөн шалгах ажиллагаанд Гамшиг судлалын хүрээлэнгээс гаргасан 2 удаагийн шинжээчийн дүгнэлтээр: цахилгаан дамжуулагч утсанд цахилгааны богино холболт, хэт ачаалал шилжилтийн эсэргүүцэл үүсээгүй ба хэрэв богино холболт, хэт ачаалал, шилжилтийн эсэргүүцэл болсон бол дамжуулагч утсанд бөмбөлөг үүснэ..., шинжилгээнд хүргүүлсэн хөрс шороонд шатах тослох материал илрээгүй гэх дүгнэлтүүдээр хохирогч З.Ө-ын монгол гэрт гаднын хүчин зүйлийн нөлөөллөөс буюу шүүгдэгч Д.А-ын үйлдлийн улмаас гал гарч, хохирогчид 6 895.000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.А нь 2019 оны 05 сарын 06-ны өдөр Дархан уул аймагт байсан ба Өсөхбаярын гэрийг шатах үед Улаанбаатар хотод байгаагүй гэж мэдүүлсэн ба гэрч Ц.Бямбахүү, О.Төмөрбаатар нарын мэдүүлгээр Д.А нь 2019 оны 5 сард Дархан уул аймаг явсан болох нь тогтоогдож байх боловч гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд Улаанбаатар хотод байгаагүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсонгүй.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар
Шүүгдэгч Д.А-т ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцлоо. Шүүгдэгч Д.А нь хөдөлмөрийн чадвараа насан туршдаа алдсан болох нь ШШҮХ-ийн 2020 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн 3854 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон тул эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахгүйгээр торгуулийн ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, түүний ажил хөдөлмөр эрхэлж орлого олох боломжгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 / гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-аас хөрөнгийн үнэлгээний байгууллагын гаргасан дүгнэлтээр тогтоогдсон, шатсан эд зүйлийн үнэлгээ болох 6895000 төгрөгийг гаргуулж хохирогч З.Өт олгуулж, хохирогч нь бөөгийн зан үйлтэй холбоотой бусдад түрээслүүлж олдог орлогыг нэхэмжилсэн боловч холбогдох нэхэмжлэлтэй холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул хэлэлцэхгүй орхин цаашид нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж. шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд зүйл хурааж битүүмжлээгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1. 5. 6. 8, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасныг журамлан Хулууд овогт Д.А-ыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бусдад 6.895.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-ыг 1000 / нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний (1 нэгж=1000 төгрөг) буюу 1.000.000 /нэг сая / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-т оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 / нэг сая / төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 / гурав / жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
6. Шүүгдэгч Д.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй ба хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-аас 6895000 / зургаан сая найман зуун ерэн таван мянга / төгрөг гаргуулж хохирогч З.Өт олгож, хохирогчийн нэхэмжлэлээс түрээсийн төлбөр нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхин цаашид иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДАРЬСҮРЭН