| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Золзаяа |
| Хэргийн индекс | 138/2018/0183/и |
| Дугаар | 001/ХТ2018/01706 |
| Огноо | 2018-10-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 001/ХТ2018/01706
“Х Б”ны Дорнод салбарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 138/ШШ2018/00341 дүгээр шийдвэр,
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 201/МА2018/00016 дугаар магадлалтай,
“Х Б”ны Дорнод салбарын нэхэмжлэлтэй
Д.Хд холбогдох
Зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 15 016 756.02 төгрөг гаргуулах, хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэрт тусгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Хашчулууны гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнх-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.
Нэхэмжлэгч “Х Б”ны Дорнод салбараас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Х нь тус банктай 2013.04.03-ны өдөр №1220009000 тоот барьцаат зээлийн гэрээг байгуулж 17 500 000 төгрөгийн зээлийг жилийн 20 хувийн хүүтэйгээр, 180 сарын хугацаатай үл хөдлөх хөрөнгө худалдан авах зориулалтаар авсан. Банк зээлдэгч Д.Хы “Х Б”ин дахь дансанд 17 500 000 төгрөгийг шилжүүлэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Д.Х нь гэрээний хугацаанд үндсэн зээлд 2 962 135.66 төгрөг, зээлийн хүүнд 6 598 869.46 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1282.17 төгрөгийг тус тус төлсөн. Зээлийн барьцаанд Хэрлэн сумын 10 дугаар багт байрлах, 49 дүгээр байрны 08 тоот орон сууцыг барьцаалуулсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж, зээлийн төлбөрөө төлөхгүй болсон бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлээс 14 537 864.02 төгрөг, үндсэн хүүгээс 477 957 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн 935 төгрөг буюу нийт 15 016 756.02 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч Д.Хд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж буй талаар сануулж, зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах талаар мэдэгдэж байсан боловч үндсэн зээл, зээлийн хүүг графикт хугацаанд төлж барагдуулалгүй зээлийн гэрээг ноцтой зөрчиж байгаа учир зээлийн гэрээнд заасны дагуу банкны зүгээс гэрээг нэг талын санаачилгаар цуцлах үндэслэлтэй байна. Иймд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 1.Зээлдэгч Д.Хтай байгуулсан №1220009000 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 15 016 756.02 төгрөгийг гаргуулж өгнө үү. 2. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох Д.Хы өмчлөлийн Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, 49 дүгээр байрны 08 тоот эрхийн улсын бүртгэлийн Ү-0614003250 дугаарт бүртгэлтэй, 000148601 тоот өмчлөх эрхийн гэрчилгээтэй 18м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Хашчулуун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Д.Х нь 2017 оны 10 сараас эхлэн зээлийн төлөлтийг графикт хугацаандаа төлөлгүй зээлийн гэрээг зөрчиж эхэлсэн. Энэ үеэс эхлэн манай банкны зүгээс зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж байгааг нь сануулж, гэрээг цуцлах тухайгаа амаар болон мэдэгдэх хуудсаар байнга сануулж байсан. Д.Х банктай ирж уулздаггүй, гэрээр нь очиход өөрөө байдаггүй, бид уулзалдаж чаддаггүй байсан. Мөн тэрээр дээрх орон сууцны зээлийн гэрээг байгуулахаас өмнө тус банкнаас бизнесийн зээл авсан байсан бөгөөд уг зээлээ төлөлгүй 2 жил гаруй хугацаа өнгөрч, муу зээлийн ангилалд багтсан байсан. Бизнесийн зээл болон орон сууцны зээл гэсэн энэ хоёр зээлийн харилцах данс нь 5000161263 гэсэн нэг данстай бөгөөд энэ дансанд орж ирсэн мөнгийг банк эхний ээлжинд төлөгдөөгүй, муу зээлэнд нь татаж авдаг. Харилцагч өөрөө аль зээлийг төлөх тухайгаа орлогын мэдүүлэг болон банкны теллерт дэлгэрэнгүйгээр мэдүүлж зээлээ төлөх ёстой бөгөөд дэлгэрэнгүй төлөх тухайгаа мэдүүлээгүй орлого хийсэн тохиолдолд банк муу зээлрүү уг орлогыг шилжүүлэх тухай заалт аль аль зээлийн гэрээнд тусгасан байгаа. Энэ бизнесийн зээлтэй холбоотой нэхэмжлэлийг энэ нэхэмжлэлтэй хамт шүүхэд гаргасан бөгөөд Д.Х уг зээлийг төлөхийг хүлээн зөвшөөрч, хэрэг хялбаршуулсан журмаар шийдэгдсэн байгаа. Д.Хы төлсөн гээд баримтыг нь хавсаргаж өгсөн 2018.02.15-ны өдрийн 300000 төгрөг, 2018.01.05-ны өдрийн 180000 төгрөгийн орлогууд бүгд бизнесийн зээлд төлөгдсөн байгаа. Д.Хы орон сууцны зээл нь 2013.08.26-ны өдөр жилийн тогтмол 8 хувийн хүүтэй зээлд шилжсэнийг 1220009956 тоот гэрээний нэмэлт өөрчлөлтөөр өөрчлөлт оруулсан бөгөөд, мөн 2014.12.03-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр зээлийн төлбөрийн сар бүр төлөх графикийг өөрчилж, сар бүр тогтмол 171000 төгрөг байхаар нэмэлт өөрчлөлтийг хийсэн. Зээл авснаас хойш Д.Х нь зээлийн сар бүрийн төлөлтийг графикт хугацаанаас хожимдуулж төлөөд явдаг байсан боловч 2017 оны 10 сараас эхлээд зээлийн төлбөрөө огт төлөөгүй учраас энэ зээл муу зээлийн ангилалд багтсан тул бид гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөрийг түүнээс нэхэмжилж, шүүхэд хандахаас өөр аргагүй болсон. Энэ хугацаанд Д.Х банктай огт уулзаагүй, зээлээ төлөх талаар ямар ч санаачилга гаргаагүй учраас бид зээлийг хэвийн ангилалд нь оруулах боломжгүй гэж үзсэн. Иймд банкны гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Х шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “Х Б”ны Дорнод салбараас 2013 оны 4 сарын 03-ны өдөр орон сууцны зээлийн гэрээ байгуулан 17 500 000 төгрөгийн зээлийг жилийн 20 хувийн хүүтэйгээр 15 жилийн хугацаатайгаар авсан нь үнэн. 2014 онд миний зээл жилийн 8 хувийн хүүтэй зээлд шилжсэн. Би энэ орон сууцны зээлийг ямар ч зөрчилгүйгээр төлж явсан. Дунд нь ганц нэг сар хожимдуулах зүйл байсан. Үүнийг хүлээн зөвшөөрнө. Гэвч 2017 оны 10 сараас эхлэн зээлээ төлөөгүй байсан нь үнэн. Тийм учраас би 2017 оны 10 сараас хойшхи төлөлтийг нэг удаа 180000 төгрөгөөр, нэг удаа 300000 төгрөгөөр төлөөд 2017 оны төлөлтийг дуусгасан гэж бодож байсан. Гэтэл миний төлсөн мөнгийг миний урьд нь тус банкнаас авсан бизнесийн зээлд төлсөн байсан. Би энэ бизнесийн зээлийг хоёр жил гаруй хугацаанд төлөөгүй байсан нь үнэн. Би энэ хоёр зээлийг дундаа нэг харилцах данстай, энэ дансанд орсон мөнгийг бизнесийн зээлрүү татаж авсан гэдгийг сайн ойлгоогүй байсан байна. Би орон сууцны зээлээ зөрчилгүй, сүүлийн 3 сарын төлбөрийг л төлөөгүй байгаа гэж ойлгож явж байсан. Энэ харилцах дансанд л би зээлийн төлөлтийг хийдэг. Гэхдээ би зээл төлөхдөө теллерт нь хэлдэг байсан. Банкны зүгээс нэхэмжилсэн 15 016 756 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Харин урт хугацаатай зээлийн гэрээг цуцлалгүйгээр зээл төлөлтийг хэвийн ангилалд нь оруулж өгөхийг банкнаас хүсч байна. Мөн орон байраа алдмааргүй байна гэжээ.
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 сарын 06-ны өдрийн 138/ШШ2018/00341 дугаар шийдвэрээр Монгол Улсын Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч “Х Б”ны Дорнод салбар болон хариуцагч Д.Х нарын хооронд байгуулагдсан 2013 оны 04 сарын 03-ны өдрийн зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Д.Хаас зээлийн гэрээний үүрэгт 15 016 756.02 /арван таван сая арван зургаан мянга долоон зуун тавин зургаан төгрөг хоёр мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х Б”ны Дорнод салбарт олгож, Монгол Улсын Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол зээлийн барьцааны үл хөдлөх эд хөрөнгө болох Д.Хы өмчлөлийн Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, 49 дүгээр байрны 08 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-0614003250 дугаарт бүртгэлтэй, 000148601 тоот өмчлөх эрхийн гэрчилгээтэй 18 м.кв талбай бүхий орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233 034 төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод үлдээж, хариуцагч Д.Хаас улсын тэмдэгтийн хураамжид 233 034 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ”Х Б”ны Дорнод салбарт олгож шийдвэрлэжээ.
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 201/МА2018/00016 дугаар магадлалаар Хариуцагч Д.Хы давж заалдах гомдлыг хүлээн авч, Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 сарын 06-ны өдрийн 138/ШШ2018/00341 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Д.Хд холбогдох нэхэмжлэгч “Х Б”ны Дорнод салбарын Зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 15 016 756.02 төгрөг гаргуулах, хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэрт тусгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “Х Б”ны Дорнод салбараас нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233034 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Хы давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Хашчулуун хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 26.1.6, 172 дугаар зүйлийн дагуу хянаптын журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг дээрх магадлалаар “...нэхэмжлэгч нь хариуцагчид урт хугацааны ипотекийн зээлийг олгохдоо зээлийн эргэн төлөлтийн дансыг, хариуцагчийн өмнө нь авсан бизнесийн зээлийн эргэн төлөлтийн данстай хамт 5000161263 гэсэн нэг данс нээж өгсөн нь хариуцагчийн үүргийн гүйцэтгэлийг сонгож биелүүлэх эрхийг хязгаарлаж…”, “Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт заасан үүрэг гүйцэтгэгчийн сонгох эрхийг хязгаарласан” гэх үндэслэлээр хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Давж заалдах шатны шүүх дараах байдлаар хэргийн нотлох баримт, үйл баримтуудыг буруу, дутуу үнэлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай болон Иргэний хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул магадлал хууль ёсны үндэслэл бүхий болоогүй. Учир нь: а/ Холбогдох хуулийн дагуу Банк нь Зээлийн гэрээ байгуулагдах бүрт тухайн зээлийг олгох болон буцаан төлөх “зээлийн данс” нээж, түүнийг гэрээнд тусгадаг болно. Үүний дагуу орон сууцны зориулалттай зээлд 122009000 дугаар зээлийн данс нээж олголтыг хийж, хожим хүү өөрчлөгдөхөд дансны дугаар 1220009956 бол өөрчлөгдсөн. Харин өмнөх Зээлийн хувьд 1220014456 дугаар зээлийн данс нээсэн. Иймээс зээлдэгч эдгээр 2 өөр төрлийн зээлийн гэрээтэй, тэдгээр нь өөр өөр дансанд зээлийн төлбөрийн үүрэг гүйцэтгэгдэнэ гэдгээ мэдэж байгаа, тодруулбал аль үүргээ гүйцэтгэх тухайгаа сонгон хэрэгжүүлэх боломжтой байсан. б/ Харилцагчийн орлого хийсэн гэх 5000161263 дугаар данс нь түүний эзэмшдэг харилцах данс бөгөөд орлого хийхдээ гүйлгээний утгыг харилцагч өөрөө тодорхойлох, түүгээр бичүүлэхийг шаардах эрхтэй билээ. Харилцагч харилцах дансандаа “орон сууцны зээлийн төлбөр” гэж гүйлгээний орлого хийсэн, хийгээгүй гэдэг асуудал дээр хариуцагч нь эхлээд татгалзлаа нотлоогүй байхад татгалзлыг үгүйсгэснээ нэхэмжлэгч нотлоогүй гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн. Гэтэл нотлох баримт буюу орлогын баримт дээр тийнхүү бичигдээгүй байгаа, харилцагч “бэлэн орлого, ЗЭТ” гэсэн гүйлгээний утга бүхий баримтад гарын үсэг зурсан байгааг зохих ёсоор үнэлээгүй. в/ Нэхэмжлэгч нь хариуцагчаас бизнесийн болон орон сууцны зээлийн төлбөрийг ижил хугацаанд шаардсан бөгөөд зээлдэгч бизнесийн зээлийн төлөлт, Банкны нэхэмжилсэн үнийг дүнг хүлээн зөвшөөрч талууд эвлэрлийг батапгаажуулж Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 341 дүгээр захирамж гарсан. Энэ үед зээлдэгч бизнесийн зээлийн төлөлт, түүний тооцооллыг зөвшөөрсөн билээ. Өөрөөр хэлбэл, 2018 оны 1, 2 дугаар сард төлсөн 480 000 төгрөгийг Бизнесийн зээлийн төлбөрт төлснөө хүлээн зөвшөөрсөн атлаа одоо ийнхүү татгалзаж байгаа нь ойлгомжгүй байдал үүсгэж байна. г/ Зээлдэгч 2017 оны 10 дугаар сараас зээлийн төлбөрийг төлөөгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн нь шүүх хурапдааны тэмдэглэл, шийдвэр зэрэгт тусгагдсан байгаа болно. Түүнчлэн зээлдэгч Д.Х нь одоог хүртэл энэхүү орон сууцны зээлийн гэрээний үүргийг гүйцэтгээгүй 28 хоног хугацаа хэтэрсэн хэвээр байгаа. Иргэний хуулийн 216 дугаар зүйл нь бүхэлдээ “үүрэг гүйцэтгэгч нь ижил төрлийн хэд хэдэн үүргийн гүйцэтгэлийг хангах үүрэгтэй бөгөөд үүргийн гүйцэтгэл нь бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол үүрэг гүйцэтгэгч аль нэг үүргийг сонгож гүйцэтгэх эрхтэй. Үүрэг гүйцэтгэгч ийм сонголт хийгээгүй бол төлбөрийн хугацаа болсон өрийг тэргүүн ээлжинд төлүүлнэ.” гэсэн. Зээлдэгч нь 2 тусдаа зээлийн данс бүхий 2 өөр зээлийн гэрээтэй гэдгийг мэдэж байгаа энэ тохиолдолд өөрийн харилцах дансанд орлого хийхдээ тухайлсан сонголтыг хийгээгүй тул Банкны хувьд эхлээд үүссэн, илүү хугацаа хэтрэлттэй байгаа зээлд авсан нь хуульд нийцээгүй үйлдэл гэж үзэхгүй байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, “Х Б”ны Дорнод салбарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь үндэслэлтэй боловч магадлалын тогтоох хэсэгт хууль баримтлаагүй алдааг залруулах нь зүйтэй гэж үзэв.
Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчид мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлсэн байна.
Нэхэмжлэлийн үндэслэл болох “Х Б”ны Дорнод салбар болон Д.Х, хамтран зээлдэгч Б.Баатарсүрэн нарын байгуулсан 2013 оны 04 сарын 03-ны өдрийн зээлийн гэрээ, уг гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан 2013 оны 08 сарын 26, 2014 оны 12 сарын 03-ны өдрийн нэмэлт гэрээ, зээлийн үүргийг хангуулах зорилгоор байгуулсан барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдал, хариуцагч нь гэрээний дагуу 17 500 000 төгрөгийг, жилийн 20 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай зээлж авсан, зээлийн гэрээний төлөлт, үүргийн зөрчил зэрэг эрх зүйн асуудлаар шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт заасны дагуу хийвэл зохих дүгнэлтийг хийжээ.
Хариуцагч нь зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлд 2 962 135 төгрөг, зээлийн хүүд 6 598 869 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1282.17 төгрөг, нийт 9 562 287 төгрөгийг төлсөн боловч 2017 оны 10 сараас хойш үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн нь тогтоогджээ.
Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, хариуцагчаас 15 016 756 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах Хас банзны Дорнод салбарын нэхэмжлэлийн үндэслэл буюу гэрээг цуцлах талаар анхан шатны шүүх хэрэглэх зохих хэм хэмжээг хэрэглээгүй алдааг зөвтгөж, давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1, 225 дугаар зүйлийн 225.4, 225.4.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хуулийн үндэслэл бүхий болсон байна.
Үүргийг ялимгүй зөрчсөн бол талууд гэрээнээс татгалзаж болохгүй болохыг хуульд заасан бөгөөд хариуцагчаас 2018 оны 01 сарын 05-ны өдөр төлсөн 180 000 төгрөг, 2018 оны 02 сарын 15-ны өдөр төлсөн 300 000 төгрөгийг банк хариуцагчийн өөр зээлийн төлбөрт тооцсон нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсгийг зөрчсөн, дээрх төлөлтийг хасч тооцвол хариуцагчийн биелүүлээгүй үүргийн хэмжээ ялимгүй байх тул гэрээг цуцлах үндэслэлгүй гэж үзнэ. Мөнгө төлсөн баримтаас үзвэл хариуцагч нь “зээлийн төлөлт, орлого” гэж зориулалтаа бичсэн, аль зээлийн төлбөрт төлсөн нь тодорхой бичигдээгүй байхад уг төлөлтийг орон сууцны зээлд бус бизнесийн зээлийн зориулалтаар төлсөн гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй байв.
Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь үндэслэлтэй боловч магадлалын тогтоох хэсэгт хууль баримтлаагүй тул магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 201/МА2018/00016 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...хүчингүй болгож гэсний дараа Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсгийг баримтлан...” гэж нэмж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 233 034 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА