Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 215

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Б даргалж хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Б.С 

Хариуцагч: ЦЕГД , Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн дарга Ж.Б 

Нэхэмжлэлийн шаардлага: “Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ж.Бгийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 56/5082 дугаартай “Б.С-д мөнгөн урамшуулал олгох хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” талаарх албан тоотыг хүчингүй болгож мөнгөн урамшуулалд хамруулахыг ЦЕГД д даалган шийдвэрлүүлэх” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.С, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.С шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Б.С нь 2003 оноос Цагдаагийн байгууллагад ажиллаж байсан бөгөөд 2011 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Цагдаагийн ерөнхий газрын даргын 669 тоот тушаалаар Д******* аймгийн Зын-******* сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагчаар томилогдон ажиллаж байгаад 2015 оны 09 дүгээр сарын 17-ний өдрийн Цагдаагийн ерөнхий газрын даргын 6/580 дугаар тушаалаар хүүхэд асрах чөлөө олгогдсон. 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Цагдаагийн ерөнхий газрын даргын 6/259 дугаар тушаалаар хүүхэд асрах чөлөөг цуцалж Замын-******* дэх Сум дундын Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагчийн ажлаас чөлөөлж Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст мөрдөн байцаагчаар томилогдсон.

Цагдаагийн албан тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт “Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшлыг 5 жил тутам олгох бөгөөд мөнгөн урамшил олгох журмыг Засгийн газар батална’’, Засгийн газрын 2017 оны 74 дүгээр тогтоолоор баталсан “Цагдаагийн алба хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-ын 3-д “Мөнгөн урамшуулал олгох хугацааг аймгийн төвөөс бусад суманд томилогдсон өдрөөс эхлэн тасралтгүй ажилласан 60 сарын хугацаагаар тооцно" гэж тус тус заасан. Ажилласан хугацаанд тооцох хугацааны талаар Засгийн газрын 1991 оны 13 дугаар тогтоолд төрүүлсэн болон үрчилж авсан хүүхдээ 2, ихэр бол 3 настай болтол нь асрахаар  авсан 2 удаагийн чөлөөний хугацааг ажилласан хугацаанд тооцохоор зохицуулсан байдаг.

2011 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл Д******* аймгийн Замын-******* сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст 5 жил 6 сар ажилласан тул Цагдаагийн албаны тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт заасан мөнгөн урамшууллыг олгуулах талаар хүсэлт гаргахад 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 56/5082 дугаартай албан бичгээр Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ж.Б-гаас ажиллах хугацааны дундуур хүүхэд асрах чөлөө олгогдсон тул тасралтгүй ажилласан гэх үзэхгүй учир хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна гэсэн утгатай хариуг ирүүлсэн. Цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж бодох бүх зүйлд хүүхэд асрах чөлөөний хугацааг ажилласан жилд оруулан тооцдог. Сумдад ажиллаж байсан эмэгтэй алба хаагчдад хүүхэд асрах чөлөөтэй байх хугацааг оруулан мөнгөн урамшлыг урьд нь олгож байсан байдаг. Иймд Цагдаагийн албаны тухай хуульд заасан мөнгөн урамшуулал олгогдох эсэх талаар шийдвэрлэж өгнө үү гэж хүсэлт гаргаж байна. цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа Ж.Б-гийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 56/5082 дугаартай “Б.С-д мөнгөн урамшуулал олгох хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” талаарх албан тоотыг хүчингүй болгож мөнгөн урамшуулалд хамруулахыг ЦЕГД , цагдаагийн хурандаа Баатаржавт даалган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга З.Д-аас шүүхэд ирүүлсэн тайлбар болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.С Цагдаагийн ерөнхий газрын даргын 2011 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 699 дүгээр тушаалаар Д******* аймаг дахь Цагдаагийн газрын Замын-******* дэх Сум дундын цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагчаар томилогдон ажиллаж байгаад мөн газрын даргын 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Б/580 дугаар тушаалаар түүнийг ажлаас чөлөөлж, хүүхэд асрах чөлөө олгосон бөгөөд аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй 3 жил 9 сар 9 хоног ажиллажээ. 

Цагдаагийн албаны тухай хуулийн 89 дүгээр 89.2-т “Аймгийн төвөөс бусад тасралтгүй ажиллаж байгаа Цагдаагийн албан хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг 5 жил тутам олгох бөгөөд мөнгөн урамшуулал олгох журмыг Засгийн газар батална” гэж заасан.

Засгийн газрын 2017 оны 74 дүгээр тогтоолоор баталсан “Цагдаагийн алба хаагчид мөнгөн урамшил олгох журам”-ын 2-т “Цагдаагийн алба хаагч аймгийн төвөөс бусад нэг буюу хэд хэдэн суманд тасралтгүй 60 сар ажилласан бол таван жил тутам нэг удаа мөнгөн урамшил авах эрхтэй”, 3-т “Мөнгөн урамшил олгох хугацааг аймгийн төвөөс бусад суманд томилогдсон өдрөөс эхлэн тасралтгүй ажилласан 60 сарын хугацаагаар тооцно”, 4-т “Цагдаагийн алба хаагчийн сүүлийн 60 сард хашиж байсан албан тушаалын цалингийн сүлжээгээр тогтоосон зэрэглэл, шатлалын цалингийн дунджийг 30 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр мөнгөн урамшлыг тооцож олгох”-оор тус тус зохицуулсан байна. 

Төрийн албаны тухай хуулийн 28.1-д “Төрийн албан хаагчид албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно” гэж заасан. 

Ажилласан хугацаанд тооцох хугацааны талаар Засгийн газрын 1991 оны 13 дугаар тогтоолд төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдээ 2, ихэр бол 3 настай болтол нь асрахаар авсан 2 удаагийн чөлөөний хугацааг ажилласан хугацаанд тооцохоор зохицуулсан боловч Цагдаагийн албан тухай хуулийн 89.2 дахь хэсэг нь цагдаагийн алба хаагч аймгийн төвөөс бусад суманд албан үүрэг гүйцэтгэхээр томилогдсон өдрөөс эхлэн тасралтгүй 60 сар ажилласан тохиолдолд мөнгөн урамшил олгох зохицуулалттай байх тул Б.С-ын хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна” гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭЛ:

Нэхэмжлэгч Б.С нь “Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ж.Б-гийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 56/5082 дугаартай “Б.С-д мөнгөн урамшуулал олгох хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” талаарх албан тоотыг хүчингүй болгож, мөнгөн урамшуулалд хамруулахыг ЦЕГД д даалган шийдвэрлүүлэх”-ийг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.  

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “Ажлаас чөлөөлж томилох, хүүхэд асрах чөлөө олгох, цуцлах тухай” дугаар 663 тоот тушаалаар Б.С-д олгосон хүүхэд асрах чөлөөг Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг үндэслэн 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс цуцалж, мөн өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлж, 2011 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс Д******* аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газрын Замын-******* сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагчаар томилсон байна.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн “Хүүхэд асрах чөлөө олгох, цуцлах тухай” дугаар Б/580 тоот тушаалаар Д******* аймаг дахь цагдаагийн газрын Замын-******* сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Б.С-д хүсэлтийнх нь дагуу 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс хүүхэд нь гурван нас хүртэл хугацаагаар хүүхэд асрах чөлөө олгосон байна. 

Улмаар Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн “Хүүхэд асрах чөлөө олгох, цуцлах тухай” дугаар Б/259 тоот тушаалаар нэхэмжлэгчид олгосон хүүхэд асрах чөлөөг 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс цуцалж, нэхэмжлэгчийг Замын-******* сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагчийн албан тушаалаас 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөр тасалбар болгон чөлөөлж, 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст мөрдөн байцаагчаар томилсон байна.

Төрийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “Төрийн албан хаагчид энэ зүйлийн 31.1.1-д зааснаас гадна улирлын ажлын үр дүнгээр болон онцгой чухал буюу онц түвэгтэй албан даалгавар биелүүлсний төлөө мөнгөн урамшил олгоно”, 31.3-д “Төрийн албан хаагчийг энэ зүйлийн 31.1.1, 31.1.2-т заасан шагналаар шагнах болон мөн зүйлийн 31.2-т заасан мөнгөн урамшил олгох журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар, ... тогтооно”, гэж заасан байна.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд мөнгөн урамшуулал гэдэг нь онц чухал, түвэгтэй албан даалгавар биелүүлсний төлөө, ажил үүрэг гүйцэтгэснийх нь төлөө, ажлын гүйцэтгэл, үр дүнгээс нь шалтгаалан төрийн албан хаагчдад олгож байгаа баталгааны нэг хэлбэр юм. 

Харин буцалтгүй тусламж, тэтгэмж нь ажлын гүйцэтгэл, үр дүнтэй нь холбоогүйгээр олгогддог хууль зүйн ойлголт юм.  

Цагдаагийн албан тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т “Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшлыг 5 жил тутам олгох бөгөөд мөнгөн урамшил олгох журмыг Засгийн газар батална’’, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 74 дүгээр тогтоолоор баталсан “Цагдаагийн алба хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-ын 2-т “Цагдаагийн алба хаагч аймгийн төвөөс бусад нэг буюу хэд хэдэн суманд тасралтгүй 60 сар ажилласан бол таван жил тутам нэг удаа мөнгөн урамшил авах эрхтэй”, 3-д “Мөнгөн урамшуулал олгох хугацааг аймгийн төвөөс бусад суманд томилогдсон өдрөөс эхлэн тасралтгүй ажилласан 60 сарын хугацаагаар тооцно" гэж тус тус заасан байна. 

Мөн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсон Цагдаагийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 39.2-т болон Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 86 дугаар тогтоолоор батлагдсан “Цагдаагийн алба хаагчид мөнгөн урамшил олгох журам”-д дээрхтэй адилхан агуулгаар зохицуулсан байна. 

Дээрх хууль, журмаас үзэхэд ...суманд тасралтгүй 60 сар ажилласан нөхцөлд мөнгөн урамшил авах эрх үүсэхээр байх ба мөнгөн урамшуулал олгох хугацааг суманд томилогдсон өдрөөс эхлэн тасралтгүй ажилласан 60 сарын хугацаагаар тооцохоор байна.

Тодруулбал аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй 5 жил ажилласных нь төлөө, тасралтгүй 5 жил ажилласны үр дүнд цагдаагийн албан хаагчид мөнгөн урамшил олгохоор  хууль, журамд заасан байна.

Нэхэмжлэгч Б.С-ын хувьд жирэмсний болон амаржсаны амралтын, хүүхэд асрах чөлөөний хугацааг оруулан тооцож үзэхэд суманд тасралтгүй 5 жил ажилласан байх хуулийн шалгуурыг хангаж байх боловч жирэмсний болон амаржсаны, хүүхэд асрах чөлөөний хугацааг хасч тооцон үзэхэд тасралтгүй 5 жил ажилласан байх хуулийн шалгуурыг хангахгүй байна. 

Нэгэнт дээрх хууль тогтоомжуудад тасралтгүй 5 жил ажилласных нь үр дүнд мөнгөн урамшуулал олгохоор зохицуулсан байх тул нэхэмжлэгчид мөнгөн урамшил олгохоос татгалзсан хариуцагчийн үйлдэл хууль зөрчөөгүй байна. 

Дээр дурдсан хууль, журмуудад жирэмсний болон амаржсаны амралт, хүүхэд асрах чөлөө авсан тохиолдолд тасралтгүй 5 жил ажилласан гэж үзэх эсэх, энэ тохиолдолд тасралтгүй ажилласан хугацааг хэрхэн тоолохыг зохицуулаагүй байх ба шүүх хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжийг хэрэглэн маргааныг шийдвэрлэх тул нэхэмжлэгчийг тасралтгүй 5 жил ажилласан гэж шүүхээс үзэх боломжгүй байна.   

Нэхэмжлэгч нь Засгийн газрын 1991 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Ажилласан хугацааг тооцох журам”-ын холбогдох заалтыг баримтлан хүүхэд асрах чөлөөний хугацааг ажилласан жилд оруулан тооцох тул би тасралтгүй 5 жил ажилласан байх шалгуурыг хангасан гэсэн агуулгаар маргаж байх хэдий ч уг журмаар тасралтгүй ажилласан гэдгийг хэрхэн тооцож, ойлгохыг зохицуулаагүй байх тул энэ маргаанд Засгийн газрын 1991 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан журмыг төсөөтэй хэрэглэх боломжгүй.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 405 дугаар тогтоолоор батлагдсан  “Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын холбогдох заалтуудад жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй байсан хугацааг ажилласан хугацаанд оруулан тооцож буцалтгүй тусламж олгохоор зохицуулсан бөгөөд төрийн албан хаагчид буцалтгүй тусламж олгох тохиолдолд ажилласан хугацааг хэрхэн тооцох харилцааг уг журмаар зохицуулсан ба тэтгэвэр тогтоолгох насанд хүрсний улмаас буцалтгүй тусламж олгож байгаа асуудалтай ажил үүрэг гүйцэтгэснийх нь төлөө олгож байгаа мөнгөн урамшууллын асуудал нь хамааралгүй тул энэ маргаанд дээрх Засгийн газрын 405 дугаар тогтоолоор  батлагдсан журмыг төсөөтэй хэрэглэх боломжгүй.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, Цагдаагийн албаны тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т заасныг баримтлан “Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ж.Бгийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 5б/5082 дугаартай “Б.С-д мөнгөн урамшуулал олгох хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” талаарх албан тоотыг хүчингүй болгож мөнгөн урамшуулалд хамруулахыг ЦЕГД-д даалган шийдвэрлүүлэх”-ийг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч Б.Солонгын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.С-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               М.Б