Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 900

 

 

“Жи мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2017/00585 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Цагдаагийн Ерөнхий газрын “Цагаан шонхор” Төрийн өмчит ААТҮГазарт холбогдох

 

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 526 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цогбадрахын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цогбадрах,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Болд,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Цагдаагийн Ерөнхий газрын “Цагаан шонхор” Төрийн өмчит ААТҮГазар нь манай байгууллагатай 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр ХАГ-0293/16 тоот зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулан 2 882 000 төгрөгийн бараа материал зээлээр худалдан авч зээл төлөх график тохирсон боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Талууд 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдөр тооцоо нийлсэн тул 526 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн хүсэлтээр явагдсан зээлийн арга хэмжээний хүрээнд 11 ажилчин хамрагдахаар болж, зээлдэгчид нь тус үйлдвэрийн ажилчид мөн болох, хэдэн төгрөгийн цалин авдаг болохыг тодорхойлсон гэрээг байгууллагатай хийнэ, хувь хүмүүстэй төлбөр тооцооны гэрээ байгуулна, төлбөр тооцоо байгууллагад ямар ч хамааралгүй гэж амаар тохиролцсноор 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн ХАГ-0293/16 дугаартай гэрээг байгуулсан. Гэтэл “Жи мобайл” ХХК нь манай компанид хамааралгүй мөнгийг алданги тооцож нэхэмжилснийг зөвшөөрөхгүй байгаа. Тооцоо нийлээд 526 000 төгрөг үлдсэн энэ нь ажлаас гарсан 2 албан хаагчдад холбогдох тооцоо юм. Гэрээний 2.2.7-д зааснаар ажлаас гарсан албан бичгийг бид нэхэмжлэгчид хүргүүлсэн тул хариуцахгүй гэж үзэж байна. Гэрээний хавсралт №2-т заасан төлбөрийн хугацаа нь манай байгууллагад биш худалдан авсан иргэнд хамааралтай зүйл болох нь харагдаж байна. Мөн гэрээний 3.4-т заасан заалт нь ажилчдын цалингаас суутгал хийж Хаан банкаар дамжуулж шилжүүлэхээр тохиролцов гэснээс биш байгууллага хариуцан хувь хүмүүсийн данснаас суутган бөөнд нь “Жи мобайл ХХК-ийн дансанд хийсэн гэсэн заалт байхгүй. Худалдан авагч иргэдтэйгээ давхар гэрээ хийснийхээ дагуу төлбөрийн нэхэмжлэлээ хувь хүмүүст хандан гаргахын оронд ажлаа хялбарлчлах арга хэрэглэн байгууллагад төлбөрийг тулган хандаж байна хэмээн үзэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Цагдаагийн Ерөнхий газрын “Цагаан шонхор” Төрийн өмчит ААТҮГазраас 526 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 48 772 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цогбадрах давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Манай компани нь Цагдаагийн Ерөнхий газрын “Цагаан шонхор” Төрийн өмчит ААТҮГазартай 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр ХАГ-0293/16 тоот "Зээлээр худалдах-худалдан авах" гэрээ нь хууль зүйн шаардлага хангасан, эрх зүйн бүрэн чадамжтай хоёр хуулийн этгээдийн хооронд байгуулагдсан байхад хувь хүнтэй гэрээ байгуулагдсан мэтээр буруу үнэлж худалдан авагч байгууллагын ажилтнууд ажлаас чөлөөлөгдсөн тохиолдолд төлбөрөөс чөлөөлөгдөх мэт дүгнэлт гаргаж шийдвэрлэсэн. Дээрх гэрээгээр худалдан авагч тал буюу үүрэг гүйцэтгэгч Цагдаагийн Ерөнхий газрын “Цагаан шонхор” Төрийн өмчит ААТҮГазар нь манай компаниас бараа бүтээгдэхүүнийг гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3-т зааснаар урьдчилгаа төлбөргүй, барьцаагүй, хүүгүйгээр зээлээр худалдан авч гэрээнд заасан төлбөрийн нөхцлөөр ажилчиддаа олгосон. Энэхүү гэрээний худалдан авагч буюу үүрэг гүйцэтгэгчийн хувьд Цагдаагийн Ерөнхий газрын “Цагаан шонхор” Төрийн өмчит ААТҮГазар нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1, гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1-д тус тус зааснаар төлбөр тооцоог ажилчид бус Цагдаагийн Ерөнхий газрын “Цагаан шонхор” Төрийн өмчит ААТҮГазар хариуцах үүрэгтэй байна. Гэтэл шүүх үнэлэхдээ хувь хүнтэй гэрээ байгуулагдсан мэтээр дутуу дүгнэлт өгч хуулийг буруу хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр буруу гарах нэг нөхцөл болсон гэж үзэж байна.

Нотлох баримтыг буруу үнэлсэн гэх талаар: Талуудын хооронд хийгдсэн гэрээнд худалдан авагч байгууллагын ажилтнууд ажлаас чөлөөлөгдсөн тохиолдолд төлбөрөөс хариуцагч чөлөөлөгднө гэсэн зохицуулалт байхгүй. Мөн хариуцагч байгууллагын ажилтнууд ажлаас чөлөөлөгдсөн талаарх мэдэгдлийг нэхэмжлэгчид өгсөн нь төлбөрөөс чөлөөгдөх үндэслэл болно гэж дүгнэсэн. Гэтэл нэхэмжлэгч байгууллага ажлаас гарсан ажилтнуудын талаарх мэдэгдлийг нэхэмжлэгчийг шүүхэд хандахаас өмнө буюу 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс өмнө гаргаж өгөөгүй болох нь “Жи мобайл” ХХК-ийн "ирсэн, явсан" бичгийн бүртгэлийн баримтаар тогтоогддог. Харин хариуцагч нь шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 01 дүгээр сард иргэний хэрэг үүссэнээс хойш 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 134 тоот албан мэдэгдлийг манай компанид ирүүлж хэрэгт ач холбогдол бүхий баримтыг хуурамчаар нөхөж бүрдүүлсэн. Дээрх албан бичгийг 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр бүртгэлд авагдсаныг 2016 оны 9 дүгээр рарын 14-ний өдөр компанид ирүүлээгүй гэдгийг нотлох үүднээс менежер гээд компанийн рессепшинд өгснийг бүртгэсэн бүртгэлийг Цагдаагийн Ерөнхий газрын “Цагаан шонхор” Төрийн өмчит ААТҮГазар 2016 оны 9 дүгээр сард энэхүү албан бичгийг манай компанид ирүүлсэн бол энэ байдлаар бүртгэлд авагдсан байх ёстой гэдгийг нотлох үүднээс шүүхэд гаргаж өгсөн баримт юм. Үүнийг үндэслэж хэрэг хянан шийдвэрлэсэн нь учир дутагдалтай буюу шүүхийн ажиллагааны явцад нотлох баримтыг нөхөж бүрдүүлснийг үнэлж үзээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3 дахь заалтуудыг зөрчсөн. Иймд шүүх хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой эргэлзээгүй талаас нь хянан шийдвэрлээгүй гэж үзэх хууль зүйн үндэслэлүүд байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэрэг хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь хариуцагч Цагдаагийн Ерөнхий газрын “Цагаан шонхор” Төрийн өмчит ААТҮГазарт холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт үндсэн төлбөр 1 897 500 төгрөг, алданги 216 315 төгрөг, нийт 2 113 815 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаснаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад багасгаж 526 000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч байгууллагын албан хэрэгцээнд бараа материалыг худалдан аваагүй тул ажлаас чөлөөлөгдсөн албан хаагчийн төлбөрийг хариуцахгүй гэж маргажээ.

 

Талууд 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр бичгээр гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь 11 ширхэг Hisense L675 гар утас, 11 ширхэг 0/50+365х+0 нэгжтэй дугаар /1000+1GВ 30 хоног-12 сарын турш/-ыг худалдах үүргийг, хариуцагч Цагдаагийн Ерөнхий газрын “Цагаан шонхор” Төрийн өмчит ААТҮГазар 11 ширхэг Hisense L675 гар утас, 11 ширхэг 0/50+365х+0 нэгжтэй дугаар /1000+1GВ 30 хоног-12 сарын турш/-ын үнэ 2 882 000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн болох нь хэрэгт авагдсан баримтууд болон зохигчдын тайлбараар тогтоогдсон, энэ үйл баримтын талаар талууд маргахгүй байна. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзнэ.

                                                                                                /хэргийн 7-10 дугаар тал/

 

            Зохигчид худалдах-худалдан авах гэрээ байгуулахдаа хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан тохиолдолд тэдгээрийг Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар бичгээр хэлцэл хийсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Талууд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан үйл баримтын талаар маргаагүй, харин гэрээгээр худалдсан гар утас, төхөөрөмжийн үнийг бүрэн төлөөгүйгээс талуудын хооронд маргаан үүсчээ. Хэргийн 7-10 дугаар талд авагдсан талуудын хоорондын гэрээний 2.2.7-д “зээлийн гэрээний дагуу гар утас, төхөөрөмж авсан албан хаагч ажлаасаа халагдах, тэтгэвэрт гарах, шилжилт хөдөлгөөнд орох тохиолдолд худалдагч талд мэдэгдсэнээр тухайн албан хаагчийн өмнөөс ямарваа үүрэг хариуцлага хүлээхгүй болно” гэж заасан байна.

 

Хариуцагч байгууллага ажилтан Б.Осгалмаа, Г.Оюунболд нар 2016 оны 8 дугаар сард, Н.Одонжаргал нь 2016 оны 9 дүгээр сард тус тус ажлаас чөлөөлөгдсөн талаар гэрээний 2.2.27-д заасны дагуу 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 134 тоот албан бичгээр нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-д мэдэгдсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

Нэхэмжлэгч байгууллагаас “Ирсэн баримт бичгийн бүртгэлийн” дэвтрийг нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд уг дэвтэрт хийгдсэн бичилтээс үзэхэд 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 134 тоот албан бичгийг нэхэмжлэгч байгууллага хүлээж авсан гэж үзэхгүй.

 

Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагч байгууллагатай 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр тооцоо нийлж, гар утас, төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 526 000 төгрөг болохыг талууд харилцан тохиролцож тооцоо нийлсэн баримтад хариуцагч байгууллагын санхүүгийн тэмдэгийг дарж баталгаажуулжээ.                                                                                   /хэргийн 78 дугаар тал/

 

Хариуцагч байгууллагын албан бичиг, түүнийг нэхэмжлэгч байгууллага хүлээн авсан талаарх дээрх баримт, тооцоо нийлсэн актыг харьцуулан үзвэл хариуцагч байгууллага нь 526 000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэл төлөх, хариуцагчаас чөлөөлөх гэрээнд заасан үндэслэл тогтоогдоогүй байна. Иймд хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2017/00585 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Цагдаагийн Ерөнхий газрын “Цагаан шонхор” Төрийн өмчит ААТҮГазраас 526 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-д олгосугай” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч Цагдаагийн Ерөнхий газрын “Цагаан шонхор” Төрийн өмчит ААТҮГазраас 16 430 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16 430 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                      ШҮҮГЧИД                                     Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                           Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ