Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 143

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Дмаа даргалж, шүүгч Б.Володя, шүүгч Э.Оюун-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,

Иргэдийн төлөөлөгч Г.Хонгорзул,

Улсын яллагч Ц.Ариунжаргал,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б,

Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Сундуй,

Шүүгдэгч Ц.У,

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх,

Нарийн бичгийн дарга Г.Анужин нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Цийн Ут холбогдох 2028001260081 дугаартай нэг хавтаст хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-нд Дундговь аймгийн суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот оршин суух, урьд Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар 15 жил 4 сарын хугацаагаар хорих ял, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 748 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлж байсан, Д овгийн Ц У, регистрийн дугаар,

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

Шүүгдэгч Ц.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 05 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 01 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7 дугаар баг Оюутын 1-39 тоотод Б.Бы хэвлийн тус газарт хутгалж хэвлийн хөндий рүү нэвтэрч, нарийн болон бүдүүн гэдсийг гэмтээж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.У нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би энэ хэргээс болж эрүүл мэнд, эдийн засаг, гэр бүлийн амьжиргааны хувьд их хохирч байгаа. Би банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсан. Ажил төрлөө хийгээд явахад сарын 1 сая гаруй төгрөгийн зээлээ төлчихдөг байсан. Энэ хэрэг гарснаас хойш банкны сарын хүүгээ төлж чадахгүй, өөрийнхөө эд хөрөнгийг ломбардад тавьж, амьдралаа хэцүү авч явж байгаа. Гэртээ ганцаараа хөдөлмөр эрхэлдэг байсан. Манай эхнэр хэвтрийн эхийгээ гэрээрээ хардаг. Хоёр хүүхэд ажил хийдэггүй, нэг нь сургуульд явдаг гэв.

Иргэдийн төлөөлөгч Г.Хонгорзул гэм буруугийн саналдаа: Ц овогтой У нь 2020 оны 05 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ иргэн Б.Бы хэвлийн тус газарт хутгалж гэмтээсэн гэх гэмт хэрэгт иргэдийн төлөөлөгчөөр оролцож байна. Ц.У гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлох баримтаар нотлогдож байна гэж үзлээ. Хохирогч Б.Бы нэхэмжилсэн хохирлыг төлж барагдуулах нь зүйтэй гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Б тэр намайг хутгалсан залуу хоёр хамт орж ирчихээд зогсож байсан тэгээд би гутлаа өмсөөд боссон чинь Бын хажууд тэр залуу зогсож байгаад намайг нэг удаа хутгалчихаад цаашаа эргэсэн тэгэхэд Б бас хажууд нь зэрэгцээд гарсан, тухайн үед Б бол намайг хутгалуулахыг харах боломжтой байсан гэж би бодож байна. Би тэр хүнтэй огт муудалцаагүй, тэр залуу машины өмнө талын суудалд /жолоочийн хажуу талд/ суугаад байсан би тэр хүнтэй бараг юм яриагүй, нүүр царайг нь ч сайн харж амжаагүй. Би хутгалуулсны дараа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж хагалгаанд орсон энэ бүхний зардал тооцоо баримтаар байгаа яг хэдэн төгрөг болж байгааг би сайн мэдэхгүй байна. Нэхэмжлэлтэй холбоотой баримтуудыг хэрэгт хавсаргана, би банкны зээлээ төлж чадахгүй өвчтэй хэвтсэн учир банкны мөнгөө хүнээс зээлээд өгсөн байгаа түүнийг нэхэмжилнэ гэжээ. /хх-20-21/,

Гэрч Д.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Өчигдөр буюу 2020-05-11-ний өглөө миний танил У гэдэг хүн Дундговиос ирлээ гээд манайд ирсэн тэгэхэд У машиндаа 5 лаа явсан тэд нар бүгд манай гэрт бууцгаасан тэгээд бид нар нэг шил 0.75 литрийн архи, 2.5 литрийн савлагаатай пиво 4 ширхгийг хувааж уусан тэгж байгаад орой болсон тэгээд би баз хүргэн Быд очиж пиво хувааж уух гэж Утай хамт машинаар нь яваад Оюутын 1-39 тоотод байдаг гэрт нь очсон тэгээд Быг утсаар дуудсан чинь Б гарч ирсэн тэгээд Б, У бид 3 тэдний хашааны гадаа машинд сууж байгаад 1 ширхэг 2.5 литрийн пиво хувааж ууцгаасан тэрийгээ дуусгачхаад бүгд хамт яваад Оюутын 3 дугаар гудамжинд байдаг хүмүүсийн нэрлэдгээр "гэрэлтэй цонх” гэдэг дэлгүүрт очиж 1 ширхэг 2.5 литрийн савлагаатай пиво 10.000 төгрөгөөр худалдаж авчихаад буцаад Бы гадаа нь зогсож байгаад пивоо уусан, тэгж байгаад Б хашааныхаа хаалгыг нээгээд бид нар машинтайгаа хашаанд нь орж зогсоод машин дотор нь пиво уусан тэгж байхдаа бол бид нар хоорондоо муудалцаж маргалдсан зүйл байхгүй байсан тэгээд шөнийн 01 цаг өнгөрч байхад бид нар машинаас бууцгаачихсан зогсож байхад У надад Б миний уруул руу цохичихлоо гэж хэлсэн тэгэхээр нь яасан гэж асуусан чинь юм хэлэхгүй байсан тэгж байгаад Б гэр рүүгээ орлоо гээд явсан чинь араас нь У орлоо гээд явахаар нь ба явъя гээд татсан чинь чигээрээ цаашаа яваад Бы байшин руу орчихсон тэгэхээр би машиндаа ороод суусан чинь удалгүй У байшингаас гарч ирээд гадагшаа гүйгээд явчихсан тэгсэн чинь Бы эхнэр Э гарч ирээд чи ямар юм дагуулаад ирчих вэ наадах чинь хүн алчихлаа ш дээ гэж хэлсэн тэгэхээр нь би байшин руу нь ороод харсан чинь Б үүднийхээ коридорт атираад гэдсээ дарчихсан хэвтэж байсан гэжээ. /хх-24-25/,

Гэрч Б.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би нар унтах гэж байтал 00 цаг өнгөрч байхад манай нөхрийн утас руу манай хамаатны дүүгийн нөхөр Б яриад нөхөртэй ярьсан тэгээд гадаа ирсэн байна гээд манай нөхөр Б гарч уулзсан. Тэгээд би гарч харсан чинь хашааны гадаа машин дотор Б нэг танихгүй залуутай ирчихсэн манай нөхөр машинд нь суугаад пиво ууцгааж байсан. Би гэрт ороод нэлээд удсаны дараа Б ганцаараа гэрт орж ирчихээд бид нартай юм ярьж суусан тэгээд удалгүй манай нөхөр орж ирсэн. Бд та 2 нэлээд согтуу байна одоо явж амарцгаа гэж хэлэхэд Б за явъя гэсэн чинь нөхөр гаргаж өгье гээд хамт гарч явсан. Тэд нар машинтай явцгаасан, нэлээд байж байгаад манай нөхөр ганцаараа орж ирсэн тэгэхдээ Б халамцуу байсан тэгэхэд нь би Б ямар хүнтэй явж байна гэж асуусан чинь Б мэдэхгүй найз нь гэнэ шоронд хамт байсан гэж байна гэж хэлсэн тэгж байхад манай хаалгыг хүн нүдэхээр нь нээсэн чинь Б эхэлж орж ирээд араас нь нөгөө залуу дагаж орж ирсэн тэгснээ Б та хоёр маргалдсан юм уу яасан чи энийг цохисон гэнээ тэгсэн юм уу гэж асуухад манай нөхөр үүдний таамбарт гарч ирээд зогсож байсан. Б би чамайг яасан гэж цохиж байдаг юм  гэж хэлсэн. Би цамцаа өмсөх гээд том өрөө рүү ороод цамцаа аваад эргэсэн чинь манай нөхөр өрөөний хаалга нээгээд би хутгалуулчихлаа гэж хэлэхэд очоод харсан чинь зүүн талын хэвлий хэсэгт нь хутгалсан цус гарч байсан. Би түргэн дуудаад цагдаад дуудлага өгсөн. Б, нөгөө залуутайгаа гараад явчихсан байсан. Тэгээд би шууд гадаа гараад хашаан дотор байсан машин дотор сууж байсан Быг чи хаанахын ямар хүн дагуулаад ирэв манай нөхрийг хутгалчихлаа шүү дээ гэж хэлсэн чинь Б юу хутгалсан үгүй байлгүй дээ гээд гэр рүү гүйж ороход нөгөө залуу нь бас хажууд ирчихсэн зогсож байсан. Тэгэхээр нь би та яагаад хүн хутгалчихсан юм бэ хүн аллаа ш дээ гэсэн чинь би хутгалаагүй шүү дээ гэж яриад байсан тэгж байгаад гараад алга болсон гэжээ. /хх-26-27/,

Гэрч У.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Б.Б нь эмнэлэгт хүргэгдэн ирэхдээ хэвлийн зүүн доод хэсэг хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шархтай ирсэн. Яаралтай тусламжаар шинжилгээ бүрдүүлж хагалгаанд орсон гэжээ. /хх-34/,

Гэрч Д.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: У бид хоёр Быг гэр лүүгээ орсны дараа дахиж пиво уух гээд Быг дуудаж хаалгыг нь тогшсон чинь Б, эхнэртэйгээ хаалгаа нээж өгсөн. Би эхэлж орсон У миний араас орсон байсан. Б үүдний коридортоо гутлаа өмсөөд сууж байхад нь би Бд чи яагаад миний найзыг цохисон юм бэ гэж хэлэхэд Б юм хэлээгүй, би эргээд гарсан У миний ард Бы хажууд зогсоод хоцорсон. Би гараад машиндаа ороод суусан чинь Э хашгираад гарч ирээд надад чи ямар юм дагуулаад ирчих вэ тэр чинь хүн алчихлаа шүү дээ гэж хэлэхээр нь байшин руу нь ороод харсан чинь Б үүдний коридортоо тонгойчихсон гэдсээ дараад байж байсан тэгэхэд У тэнд байхгүй байсан гэжээ. /хх-40-41/,

2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 301 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Б.Бы биед хэвлийн өмнөд зүүн доод хэсэг дэх хөндий рүү нэвтэрч, нарийн болон бүдүүн гэдсийг гэмтээсэн хутгалагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлийн улмаас хэвлийн хөндийд цус, гэдэсний агуулагдахуун хуралдалт үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11 заалтаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна...” гэжээ. /хх-43/,

2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 302 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Ц.Уын биед баруун бугалга, шууны жижиг зулгаралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 заалтаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэжээ. /хх-47/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-6/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-6-9/,

Эд мөрийн баримтаар ногоон өнгийн ханцуйгүй, энгэр хэсэгтээ монгол гэж хуучин монголоор бичсэн фудволк /хх-11/,

Өвчний түүх, яаралтай тусламжийн хуудас /хх-50-74/,

Хохирогч Б.Бы өвчний түүх /хх-52-74/,

Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-97/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-98/,

Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-101-104/,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 748 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-107-112/,

Шүүгдэгч Ц.Уын харилцах банкны лавлагаанууд /хх-113-118/,

Дундговь аймгийн Дцогт сумын 1 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /хх-119/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ц.Ут холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Ц.Уын гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсарыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.Ут холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ц.Уын нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Ц.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 05 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 01 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7 дугаар баг Оюутын 1-39 тоотод Б.Бы хэвлийн тус газарт хутгалж хүнд хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Б.Бы “...би гутлаа өмсөөд боссон чинь Бын хажууд тэр залуу зогсож байгаад намайг нэг удаа хутгалчихаад цаашаа эргэсэн тэгэхэд Б бас хажууд нь зэрэгцээд гарсан, тухайн үед Б бол намайг хутгалуулахыг харах боломжтой байсан гэж би бодож байна. Би тэр хүнтэй огт муудалцаагүй, тэр залуу машины өмнө талын суудалд /жолоочийн хажуу талд/ суугаад байсан би тэр хүнтэй бараг юм яриагүй, нүүр царайг нь ч сайн харж амжаагүй...”  гэх мэдүүлэг /хх-20-21/,   

Гэрч Д.Бын “...шөнийн 01 цаг өнгөрч байхад бид нар машинаас бууцгаачихсан зогсож байхад У надад Б миний уруул руу цохичихлоо гэж хэлсэн тэгэхээр нь яасан гэж асуусан чинь юм хэлэхгүй байсан тэгж байгаад Б гэр рүүгээ орлоо гээд явсан чинь араас нь У орлоо гээд удалгүй У байшингаас гарч ирээд гадагшаа гүйгээд явчихсан тэгсэн чинь Бы эхнэр Э гарч ирээд чи ямар юм дагуулаад ирчих вэ наадах чинь хүн алчихлаа шүү дээ гэж хэлсэн тэгэхээр нь би байшин руу нь ороод харсан чинь Б үүднийхээ коридорт атираад гэдсээ дарчихсан хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хх-24-25/,

Гэрч Б.Эгийн “...манай хаалгыг хүн нүдэхээр нь нээсэн чинь Б эхэлж орж ирээд араас нь нөгөө залуу дагаж орж ирсэн тэгснээ Б та хоёр маргалдсан юм уу яасан чи энийг цохисон гэнээ тэгсэн юм уу гэж асуусан тэгэхэд манай нөхөр үүдний таамбарт гарч ирээд зогсож байсан тэгээд Б би чамайг яасан гэж цохиж байдгийн гэж хэлсэн тэгэхээр нь би цамцаа өмсөх гээд том өрөө рүү ороод цамцаа аваад эргэсэн чинь манай нөхөр өрөөний хаалга нээгээд би хутгалуулчихлаа гэж хэлсэн тэгээд очоод харсан чинь зүүн талын хэвлий хэсэгт нь хутгалсан цус гарч байсан тэгээд би түргэн дуудаад цагдаад дуудлага өгсөн. Б, нөгөө залуутайгаа гараад явчихсан байсан... гэх мэдүүлэг /хх-26-27/,

Гэрч У.Мийн “...Б.Б нь эмнэлэгт хүргэгдэн ирэхдээ хэвлийн зүүн доод хэсэг хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шархтай ирсэн. Яаралтай тусламжаар шинжилгээ бүрдүүлж хагалгаанд орсон...” гэх мэдүүлэг /хх-34/,

Гэрч Б.Нын “...Б, У нарыг авах гээд Бын эхнэртэй хамт Баатарынх гэдэг айл руу нь очсон чинь нэг эмэгтэй түргэн дуудаад байгаа бололтой утсаар яриад байсан. Б надад нөгөө У чинь хүн хутгалчихсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-38-39/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-6/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-7-9/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар тус тус хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Уын үйлдлийн улмаас хохирогч Б.Бы эрүүл мэндэд амь насанд аюултай хүнд гэмтэл учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 301 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Б.Бы биед хэвлийн өмнөд зүүн доод хэсэг дэх хөндий рүү нэвтэрч, нарийн болон бүдүүн гэдсийг гэмтээсэн хутгалагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлийн улмаас хэвлийн хөндийд цус, гэдэсний агуулагдахуун хуралдалт үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11 заалтаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна...” гэснээр /хх-43/ тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.У нь гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 1.20 хувийн согтолттой байсан болох нь эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл /хх-10/, гэрч Д.Бын “... Өчигдөр буюу 2020-05-11-ний өглөө миний танил У гэдэг хүн Дундговиос ирлээ гээд манайд ирэхэд У машиндаа 5 лаа явсан тэд нар бүгд манай гэрт бууцгаасан. Бид нар нэг шил 0.75 литрийн архи, 2.5 литрийн савлагаатай пиво 4 ширхгийг хувааж ууж байгаад орой болсон. Би баз хүргэн Быд очиж пиво хувааж уух гэж Утай хамт машинаар нь яваад Оюутын 1-39 тоотод байдаг гэрт нь очсон. Быг утсаар дуудсан чинь Б гарч ирсэн. Б, У бид 3 тэдний хашааны гадаа машинд сууж байгаад 1 ширхэг 2.5 литрийн пиво хувааж ууцгаасан тэрийгээ дуусгачхаад бүгд хамт яваад Оюутын 3 дугаар гудамжинд байдаг хүмүүсийн нэрлэдгээр "гэрэлтэй цонх” гэдэг дэлгүүрт очиж 1 ширхэг 2.5 литрийн савлагаатай пиво 10.000 төгрөгөөр худалдаж авчихаад буцаад Бы гадаа нь зогсож байгаад пивоо уусан...” гэх мэдүүлэг  /хх-24-25/, гэрч Б.Эгийн “...манай хамаатны дүүгийн нөхөр Б яриад нөхөртэй ярьсан тэгээд гадаа ирсэн байна гээд манай нөхөр Б гарч уулзсан тэгээд би гарч харсан чинь хашааны гадаа машин дотор Б нэг танихгүй залуутай ирчихсэн пиво ууцгааж байсан...” гэх мэдүүлэг /хх-26-27/, зэргээр тогтоогдож байна.

Хавтаст хэргийн хүрээнд гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн гэх хутгыг хэргийн газар болон түүний ойр орчмоос олох мөрдөн шалгах ажиллагааг явуулсан боловч олдоогүйн улмаас хохирогч Б.Баар хутгыг дүрслэн зуруулсан нь мөрдөгчийн тэмдэглэл /хх-137/, хохирогчийн зурсан зураг /хх-138/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул   шүүгдэгч Ц.Уыг гэмт хэрэг үйлдэхдээ зэвсэг хэрэглэн хохирогч Б.Бы эрүүл мэндэд амь насанд аюултай хүнд гэмтэл учруулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль ч байж болохоор хуульд тайлбарласан.

Иймд шүүгдэгч Ц.Уын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн хутга нь хүйтэн зэвсгийн төрөлд хамаарна гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан.

Шүүгдэгч Ц.Уын үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал хохирогч Б.Бы хэвлийн тус газарт хутгалж хүнд зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.У нь хувийн байдлын хувьд 31 настай, боловсролгүй, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 7 дугаар хороо 51-1 тоотод оршин суух, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй болох нь Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-97/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-98/, Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-101-104/, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 748 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-107-112/ зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Уын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Ц.Уын “хохирогч Б.Бд гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр төлөх завсарлага авах” тухай хүсэлтийг шүүх хүлээн авч 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаагаар шүүх хуралдааныг завсарлуулсан боловч дээрх хугацаанд хохирол төлбөрөө төлж  барагдуулаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.   

Иймд шүүгдэгч Ц.Уыг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч Ц.Уын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шинж чанар, гэм буруугийн хэлбэр, учруулсан хор уршгийн шинж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Ц.Ут 6 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэх нь шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ц.Уын үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Хохирол төлбөрийн тухайд:

Гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно. Мөн хохирол учирсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор хуульчилсан.

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Б.Бы эрүүл мэндэд амь насанд аюултай хүнд гэмтэл учирсныг эрүүл мэндэд учирсан хохирол гэж үзэж үүнээс үүссэн  эмчилгээ болон бусад хохирол төлбөр, үр дагаврыг хор уршигт тооцохоор байна.

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тодорхойлж мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг дараах байдлаар тогтоож шийдвэрлэлээ.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 5.624.170 /хх-127-136/ төгрөгийг нэхэмжилсэн.

Шүүгдэгч Ц.У нь хохирогч иргэний нэхэмжлэгч Б.Бд 2.200.000 төгрөгийн эмчилгээтэй холбоотой зардлыг төлж барагдуулсан болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, хохирол төлбөр төлсөн талаарх баримт /хх-182/ зэргээр тогтоогдож байна.

Өмгөөлөгч Н.Сундуй нь хохирогч Б.Бы хүсэлтээр өмгөөлөгчөөр оролцох болсныг мэдэгдсэн албан бичиг хавтаст хэргийн 18 дугаар талд авагдсанаас өмгөөлөгчийн хөлсөнд 2.000.000 төгрөг төлсөн талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх тул хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хохирогч Б.Б нь эмчилгээ хийлгэхээр 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр “Шийдэл финанс” ББСБ-тай зээлийн гэрээ байгуулж, 1.500.000 төгрөгийг эмчилгээнд хэрэглэх зориулалтаар авсан болох нь зээлийн гэрээний хуулбар /2-р хх-38-42/-аар тогтоогдож байх тул тус зээлийн гэрээгээр байгуулсан зээлийн хүү, үндсэн төлбөр болох 1.844.629 төгрөгийг  шүүгдэгч Ц.Уаас гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Бд  олгохоор шийдвэрлэв.

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Б.Бы эрүүл мэндэд амь насанд аюултай хүнд хохирол учирсан. Мөн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн комиссын шийдвэрээр /2-р хх-37/ нэг жилийн хугацаанд ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй гэсэн байх тул /2-р хх-37/ хохирогч Б.Б нь цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2 дугаар хавтаст хэргийн 36 дугаар талд хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б нь төрийн банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл нийт 15.600.000 төгрөгийн зээлийн гэрээ, /2-р хх-5-16/ орон сууцны зээлийн гэрээ /2-р хх-17-22/- үүд тус гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт хамаарахгүй тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ц.У нь 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн шүүх хуралдаан болтол 152 хоног  цагдан хоригдсон болох нь Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 19 дугаартай шүүгчийн захирамж /хх-83/, яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгах тухай шүүгчийн захирамжуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Уын цагдан хоригдсон 152 хоногийг эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэв.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ут урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ногоон өнгийн ханцуйгүй фудболкыг буцаан авах талаар хохирогч Б.Б санал хүсэлт гаргаагүй тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д овогт Цийн Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ц.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар  6 /зургаа/ жил 6 / зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ут оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч Ц.У 152 хоног цагдан хоригдсон, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Уын цагдан хоригдсон 152 /нэг зуун тавин хоёр/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ут урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Уаас 1.844.629 /нэг сая найман зуун дөчин дөрвөн мянга зургаан зуун хорин ес/ төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б /Өмнөговь аймаг Даланзадгад сум 7 дугаар баг, Оюутын 1-39 тоотод оршин суух, регистрийн дугаар КЮ74121118/-д олгосугай.  

8. Шүүгдэгч Ц.У хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Бд  эмчилгээтэй холбоотой хохирол төлбөрт 2.200.000 /хоёр сая хоёр зуун мянга/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Бы нэхэмжлэлээс өмгөөллийн хөлс 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

10. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ногоон өнгийн ханцуйгүй фудболкыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд  зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14  хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Ц.Ут авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Т.ДЭЛГЭРМАА

                    ШҮҮГЧИД                                              Б.ВОЛОДЯ     

                                                                                         Э.ОЮУН-ЭРДЭНЭ