| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2020/1085/Э |
| Дугаар | 1121 |
| Огноо | 2020-10-21 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Р.Очирсүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 1121
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал, улсын яллагч Р.Очирсүрэн, шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар мөн дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овгийн Г.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008 00000 1253 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овгийн Г.А, Монгол Улсын иргэн, 1974 оны ** дугаар сарын **-ны өдөр Баянхонгор аймгийн Богд суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, хувиараа гэрэл зурагчин хийдэг, ам бүл тав, эхнэр, гурван хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хорооллын 41 дүгээр байрны *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 338 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 2 дахь хэсэгт зааснаар “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Г.А нь согтуугаар 2020 оны 8 дугаар сарын 6-ны орой 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хорооллын 41 дүгээр байрны ** тоотод Б.Х-тай “дамжааны даргадаа хоосон ирлээ” гэх асуудлаас болж маргалдсаны улмаас ширээн дээр байсан архины шилээр толгойн тус газарт нь цохиж амь насанд аюултай “зүүн чамархайн зөрүүгүй хугарал” бүхий эрүүл мэндэд хүн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Б овгийн Г.А нь 2020 оны 8 дугаар сарын 6-ны орой 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хорооллын 41 дүгээр байрны ** тоотод иргэн Д.Н-ыг гадаад байдлаар нь доромжилсон асуудлаас болж Б.Х-тай маргалдсаны улмаас ширээн дээр байсан чихрийн тавгаар толгойн тус газарт нь цохиж, Б.Х-ын бие махбодод “...зүүн чамархай ясны зөрүүгүй хугарал, тархи доргилт, зулайн хуйх, зүүн нүдний зовхинд шарх, цус хуралт, зүүн нүд, хацар, чамархайн зөөлөн эдийн няцрал...” бүхий хүнд зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч Г.А-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...Тухайн өдөр хамт байсан цэргийн хурандаа бид хоёр цэргийн сургуульд хамт сурч байсан юм, Х шавь нь байсан. Хүнд хагалгаанд ороод хоёр хөлдөө төмөр суулгуулаад явж чадахгүй гадаа согтуу сууж байсан. Манай гэрт ороод худалдаж авсан архиа ууж байтал Х эрүүл шахам гаднаас орж ирсэн. Даргаа би юу авч ирэх вэ гэхэд алим аваад ир гэж хэлсэн. Тэгээд 30-40 минутын дараа согтуу орж ирээд манайд байсан Н гэх залууг чи франц юм уу, орос юм уу, хаанаас ирсэн гадаадын цагаач вэ чи гэж хэлээд эрүүнд нь цохисон. Би мөрөөрөө архиа уу, ийм зүйлээс болж бие биедээ гай болно шүү гэж хэлэхэд над руу стакан шидсэн. Би тонгойгоод бултахад стакан арын хананд цохигдож хагарсан. Тэгэхээр нь би буцаагаад ширээн дээр байсан тавагтай чихрийг аваад дээгүүр нь шиднэ гэж бодсон боловч өндийх хооронд Х-ын толгойд нь таарсан. Би цохино гэж бодоогүй. Мөн би дамжааны даргадаа хоосон ирлээ гэж хэлээгүй. Гэхдээ миний буруу гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Хохирлын хувьд 2020 оны 09 сарын 18-нд 455,000 төгрөг өгсөн. Баримт авч амжаагүй. Сая уулзахад 1,000,000 төгрөг өгчих гэхээр нь 1,000,000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг;
2. Хохирогч Б.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр би Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 41-171 тоотод Ц-н гэрт очсон юм. Тэгэхэд тэдний гэрт А, нэг танихгүй залуугийн хамт дундаа архи тавьчихсан ууж байсан. Надад архинаас хийж өгөхөөр нь би уусан. Тэгээд хоорондоо юм яриад сууж байтал А согтуурхаад намайг “дамжааны даргадаа хоосон ирлээ” гэж хэлэхээр нь “дамжааны дарга мэдэж байгаа, чамд ямар хамаатай юм” гэж хэлээд бид хоёр маргалдсан. Тэгэхэд А ширээн дээр байсан дуусаж байгаа 0.75 литрийн Хараа архины шил аваад миний зүүн талын толгой, нүдний зовхины орчим нэг удаа цохисон, архины шил нь хагараад бутарсан. Гомдолтой байна, эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 07-08, 96 дугаар хуудас);
3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 9080 дугаартай шинжээчийн: “...Б.Х-ын биед зүүн чамархай ясны зөрүүгүй хугарал, тархи доргилт, зулайн хуйх, зүүн нүдний зовхинд шарх, цус хуралт, зүүн нүд, хацар, чамархайн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх зүүн чамархайн зөрүүгүй хугарал гэмтэл нь амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Мөн тархи доргилт, зулайн хуйх, зүүн нүдний зовхинд шарх, цус хуралт, зүүн нүд, хацар, чамархайн зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хх-ийн 11-12 дугаар хуудас);
4. Гэрч Д.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ц, А бид гурав 10 ширхэг өндөг, 1 шил архи аваад Ц ахын гэрт нь орсон. Удалгүй Ц ахын шавь Х гэдэг хүн Ц ахыгаа хагалгаанд орсон болохоор эргэх гэж байгаа юм гээд гаднаас орж ирсэн. Тэгээд Ц ахаас та юу авхуулах вэ гэхэд нэг кг алим аваад ир гэсэн чинь гарч яваад алим авчирсан. Бид танилцаад архиа ууж суусан. Тэгтэл Х надад ажил гарчихлаа гэж гарч яваад 40-өөд минутын дараа согтуу орж ирсэн...Архинаас шилэн аяганд хийгээд өгөхөд Х намайг доромжлоод чи орос юм уу, франц юм уу гээд цохиж авах гээд агсраад байсан. Тэгэхэд А намайг өмөөрөөд чи одоо хүн доромжлохоо боль, гай болов гэхэд чи яасан том пизда вэ гэж хэлээд Аийн өөдөөс шилэн аягатай архийг шидэхэд А бултаад оногдоогүй. А ширээн дээр байсан дунд зэргийн чихрийн шилэн тавгийг аваад шидсэн чинь Хын толгойноос цус гарсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 87-88 дугаар хуудас),
5. Гэрч Ч.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...А Х-т хундаганд архи хийж өгөөд тэр хоёр хоорондоо дээд, доод курс, курсийн даргадаа хоосон орж ирлээ гэх мэтээр бие биеэ үгээр өдөх маягтай болоод байсан бөгөөд Х Н-ийн эрүүнээс барьж авах гээд чи орос юм уу, франц юм уу гээд тоглоом хийгээд байсан. А Х-т хандан чи олон юм ярилгүй наад архиа уугаач гэхэд Х уух гэж байсан архитай хундагаа А рүү шидэхэд А бултсан. Тэгээд А ширээн дээр байсан чихэр, ааруул хийсэн байсан шилэн тавгийг Х луу шидэхэд толгойг нь оноод цус гарсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 91-92 дугаар хуудас);
6. Хохирогчийн эмчилгээний баримт, осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас (хх-ийн 10, 102 дугаар хуудас), шүүгдэгч Г.А-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 61 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 74 дүгээр хуудас), шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 112-120 дугаар хуудас), шүүгдэгч Г.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хх-ийн 81-82 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Х-ын бие махбодод хүнд зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч Г.Аийн үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал түүнийг тэрээр хохирогчийн биед хүнд зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцох бөгөөд өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй юм.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Г.А-ийг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.А нь хохирогч Б.Х-т мөрдөн шалгах ажиллагааны явцад 455,000 төгрөг, шүүхийн шатанд 1,000,000 төгрөг тус тус төлсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж тогтоолд тусгах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Г.А нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгч Г.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,100,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтэд: “...Гэмт хэргийн зүйлчлэлтэй маргах зүйлгүй. Улсын яллагчийн оногдуулсан 10,100 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох ялыг хөнгөрүүлэн үзэх дараах нөхцөл байдал байна. Үүнд хувиараа хөдөлмөр эрхэлдэг, гэрэл зургийн холбоонд ажилладаг, сард 2-8 сая төгрөгийн орлоготой, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй боловч А-ийн зүгээс 1,455,000 төгрөг төлсөн. Иймд торгох ялыг доод хэмжээгээр буюу 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох ял оногдуулж, 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Г.А нь торгох ялыг арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээгээр, хорих ялыг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн бөгөөд тэрээр гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн, мөн түүний цалин хөлс, орлого зэргийг харгалзан улсын яллагч, өмгөөлөгч нараас гаргасан торгох ялын саналыг хүлээн авах боломжтой гэж үзлээ.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-д арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван сая төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний цалин хөлс, орлогод нийцүүлэн хоёр жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоох нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирлын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод нийцнэ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.А нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Б овгийн Г.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-д арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван сая төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-д оногдуулсан арван сая төгрөгөөр торгох ялыг хоёр жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.
4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.А-д сануулсугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.А нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр хохирогчид 1,455,000.00 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Г.А-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА