| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Доржсүрэн |
| Хэргийн индекс | 187/2019/0453/Э |
| Дугаар | 644 |
| Огноо | 2020-10-01 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Хурц |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 644
2020 10 01 2020/ШЦТ/644
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,
Улсын яллагч Б.Хурц,
Шүүгдэгч Д.Э-, түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
Д.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн эрүүгийн 1910010030438 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ....
Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэн хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Д.Э- нь 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мишээл экспо” худалдааны төвд байрлах нэг цэгийн үйлчилгээний газарт тус төвийн ажилтан Ч.У-тай маргалдан нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүгдэгч Д.Э- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Мишээл экспо дээр хүүхдийнхээ гадаад паспортыг захиалахаар очсон. Үүднээс нь дугаар авахад Ч.У- тухайн үед сууж байсан. Би хүүхэд шинэ паспорт авах гэж байгаа гэдгээ хэлэхэд Ч.У- надад нэг номер өгсөн. Тэр номерын дагуу 20-30 минут суухад тэр номер архивын лавлагаа авах өөр дугаар өгсөн байсан. Тэгээд буцаад номер олгосон газар очиход Ч.У- байхгүй, өөр газар сууж байсан. Би очоод чи надад буруу номер өгсөн байна гэхэд Ч.У- төрийн албан хаагч байж “чи юун сүртэй юм, дахиад л номер аваад очерлохгүй юу “гэж надтай маш муухай харьцсан. Тэгээд бид хоёр маргалдаад цагдаагийн өрөөнд очсон. Тухайн үед Ч.У-гийн биед халдаагүй. Харин бид бие биенээ түлхэлцэж байхад уруул нь шалбарсан, язарч хагарсан байсан. Уруул нь хавар байсан болохоор хуурайшиж хагарсан байсан. Миний барьсан уут бол цаасан уут байсан бөгөөд бид түлхэлцэх явцад цаасан уутанд байсан аяга хагарсан. Намайг Ч.У- өөрөө бас алгадсан гэв.
Хоёр. Эрүүгийн 1910010030438 дугаартай хэргээс:
“...2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 13-14 цагийн орчимд “Мишээл экспо” төвийн байранд ажил дээрээ байхад угтах үйлчилгээний хүн түр цайндаа гарах үед нь оронд нь сууж байгаад өөрийн ажлын байр болох 4 номерийн цонхонд сууж байхад Эрдэнэцэцэг гэх эмэгтэй ирээд “чи надад өөр дугаар өгсөн байна. Би гадаад паспорт захиалах гэж байсан мал минь” гэх мэтээр хэл амаар доромжилж эхэлсэн. Тэгээд та нарыг харахаар дургүй хүрээд байна гэхээр нь та дугаараа өгөөд гадаад паспортын дугаар авчих гэхэд би өөрөө дугаар авсан гэж маргалдаж байгаад зүүн мөрөнд гараараа цохих үед нь хажуугийн цагдаагийн өрөөнд нөгөө эмэгтэйг дагуулан хамт ороод юу болсон талаар хэлээд гарах гэтэл Эрдэнэцэцэг нь миний цээж рүү гараараа түлхэх үед нь гарыг нь түлхсэн чинь нөгөө эмэгтэй гартаа барьсан тортой зүйлээрээ миний уруул орчимд нэг удаа цохиж амнаас цус гарсан. Би зөрүүлж Эрдэнэцэцэг гэх эмэгтэйг нэг удаа алгадсан. Ингээд би ариун цэврийн өрөө ороод амаа угаагаад буцаад ажлын байран дээрээ ирээд байж байтал нөгөө эмэгтэй хэл амаар доромжилж зураг авна гэх мэтийн зүйл ярьж байгаад цагдаа торгох арга хэмжээ авна гэхэд хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тул тэр эмэгтэй бид хоёрыг Хан-Уул дүүргийн хэсгийн байцаагч өрөөндөө мэдүүлэг авсан. Дараа нь шинжээч томилох тогтоол аваад шүүх эмнэлэгт үзүүлсэн. Миний дээд уруул язарч, цус гарсан, баруун эрүүний хэсэгт хавдартай байсан. Намайг цагдаагийн байранд тортой зүйлээр цохиж байх үед Хандсүрэн гэх эмэгтэй цагдаа харж байсан. Зааланд маргалдаж байх үед захирагчийн ажлын албаны ажилтан Эрдэнэбат, Эрхбаяр нар байсан. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-н14-16 дугаар хуудас/,
2. Гэрч Б.Х-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр “Мишээл экспо” худалдааны төвийн телекамерийн цагдаагаар ажиллаж байх хугацаанд 15 цагийн орчимд Нийслэлийн тамгын газрын ажилтан Ч.У- гэдэг эмэгтэй жижүүрийн өрөөнд Эрдэнэцэцэг гэх эмэгтэйг дагуулж орж ирсэн. Энэ эмэгтэй намайг ажил хийлгэхгүй хэл амаар доромжилоод байна гэсэн гомдол гаргасан. Тэгээд Ч.У- надад ямар асуудал болсон талаар хэлээд байж байтал Эрдэнэцэцэг гэх эмэгтэй “чи ингэж болохгүй” гэж хэлээд биед нь хүрээд байсан. Гэтэл Ч.У- нөгөө эмэгтэйг “та миний биед битгий халдаад бай” гээд түлхсэн чинь Эрдэнэцэцэг гэх эмэгтэй гартаа барьж орж ирсэн тортой зүйлээрээ нүүрэн тус газарт нэг удаа цохих үед Ч.У-гийн уруул орчмоос нь цус гараад цэвэрлэх гэж өрөөнөөс гараад явсан. Энэ үед би Эрдэнэцэцэг гэх эмэгтэйг тайвшруулж байгаад өрөөнөөсөө гаргасан. Д.Э- гэх эмэгтэй манай өрөөнд орж ирэх үедээ торон дотор шаазан аяга таваг авч явсан. Тухайн үед Ч.У-г тортой зүйлээрээ цохих үед торон дотор байсан нэг ширхэг шаазан аяга нь унаад хагарч байсан юм. ...” гэх мэдүүлэг /хх-н 17-19 дүгээр хуудас/,
3. Гэрч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“..2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 13-15 цагийн орчим Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мишээл экспо” худалдааны төвийн нэг цэгийн үйлчилгээний Улаанбаатар хотын захирагчийн албаны 7 дугаар номерын цонхон дээр сууж байхад манай ажилтан Ч.У- ирээд яриад сууж байтал хажууд танихгүй эмэгтэй ирээд “чи түрүүн үүдэнд сууж байсан эмэгтэй мөн үү” гэхэд Ч.У- “тийм” гэсэн. Гэтэл нөгөө эмэгтэй “чи надад буруу номер өгөөд өөр газар зогсож байгаад ирлээ чи муу мал авгай” гэх мэт зүйл яриад маргалдаж эхэлсэн. Ч.У- нөгөө эмэгтэйг дагуулаад өөрийнхөө суудаг ширээний зүг явсан. Ингээд Ч.У- нөгөө эмэгтэй хоёр яваад ойролцоогоор 2-3 минут болох үед ямар нэгэн газар шил хагарч байгаа юм шиг чимээ гараад байхаар нь хэсэг хугацааны дараа гараад харах үед нэг цэгийн үйлчилгээний хамгаалалт хариуцсан цагдаагийн ажилтан эмэгтэйн өрөөний дотор Уранзаяа, маргалдаж байсан эмэгтэй, цагдаа эмэгтэй нар харагдаж байсан. Миний хажууд Ч.У- уг эмэгтэй ирээд маргалдаж эхлэх үед уг эмэгтэйг дагуулаад явсан. Түүнээс миний хажууд Ч.У- уг эмэгтэйг цохиж зодсон асуудал байхгүй. Нөгөө эмэгтэйг ч Ч.У- цохиж байсан явдал гаргаагүй болно. Уг асуудал болоод дууссан байх үед Ч.У- өөрийнхөө ширээн дээр суусан байхаар нь очиж уулзсан чинь Ч.У-гийн уруул нь язарсан шархтай хавдсан байсан. ...” гэх мэдүүлэг /хх-н 21-22 дугаар хуудас/,
4. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 4231 дугаартай дүгнэлтэд:
Хэсэг газрын үзлэгт: дээд уруулын баруун хэсэгт бага зэргийн хавдартай, 0.4х0.5см улаан хүрэн өнгөц язралтай, цус гарч хатсан байдалтай, уруулын баруун дээд хэсэгт 1х1 см хүрэн улаан цус хуралттай, баруун хацрын урд ба хажуу дээд хэсэг бага зэрэг хавдартай, эмзэглэлтэй, хэвлийгээр бага зэрэг эмзэглэлтэй.
Эмэгтэйчүүдийн эмчийн үзлэгт: Зовиур: Хэвлийн доогуур хатгаж өвдөнө. Үзлэгт: Доош гарсан зүйлгүй. Эхо-д УЗЦ 1 мин-д 166 удаа, Онош: 9-10 долоо хоногтой жирэмсэн гэжээ.
Дүгнэлт:
1.Ч.У-гийн биед дээд уруулын зөөлөн эдийн няцрал, язрал, уруулын дээд хэсгийн цус хуралт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байх боломжтой.
4.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. /шинжээч эмч Б.Ундармаа/ ...” гэсэн дүгнэлт /хх-н 27 дугаар хуудас/,
5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1217-А дугаартай дүгнэлтэд:
1. Ч.У-гийн биед тухайн үед дээд уруулын зөөлөн эдийн няцрал, язрал, уруулын дээд хэсгийн цус хуралт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдсон байна.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Эдгэрэл нь хүний биеийн онцлогоос шалтгаалдаг.
4. Шүүх эмнлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонгид алдагдуулахгүй.
6. Ч.У-гийн биед үзлэг хийсэн 4231 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. ...” гэсэн дүгнэлт /хх-н 179-180 дугаар хуудас/,
6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 4222 дугаартай дүгнэлтэд:
Хэсэг газрын үзлэгт: Зүүн хацрын доод хэсэгт бага зэрэг хавдартай, эмзэглэлтэй, хэвлийн доод хэсгээр бага зэргийн эмзэглэлтэй.
Дүгнэлт:
1. Д.Э-ийн биед зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байх боломжтой.
4,5 Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмлтийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. /шинжээч Б.Ундармаа/ ...” гэсэн дүгнэлт /хх-н 28 дугаар хуудас/,
7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1217-Б дугаартай дүгнэлтэд:
1.Д.Э-ийн биед үзлэг хийсэн 4222 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.
2. Д.Э-ийн биед тухайн үед зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан байна.
3, 4 Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн эрүүл мэндийг сарниулахгүй гэмтэл болно.
5. 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар жирэмсэн байсан гэх шинжилгээ, жирэмслэлтийн хугацааг тодорхойлсон шинжилгээ байхгүй байна.
6. Ураг амьгүй болсон, жирэмслэлтийг зогсоосон гэх өвчний түүх, шинжилгээ зэрэг байхгүй байна. /шинжээч С.Одончимэг, Н.Туяа, Н.Энхцолмон/...” гэсэн дүгнэлт /хх-н 177-178 дугаар хуудас/,
8. Шүүгдэгч Б.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр “Мишээл экспо” худалдааны төвийн байранд үйлчилгээ авах гэж очоод тус төвийн үйлчилгээний ажилтан Ч.У- надад буруу үйлчилгээний номер өгч чирэгдүүлсэн учир маргаан үүсч цагдаагийн өрөөнд ороод маргалдсан. Маргалдаж байгаад би гартаа барьж явсан тортой зүйлийг савах үед нүүрэн тус газар нь цохигдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болно. ...” гэх мэдүүлэг /хх-н 42-45 дугаар хуудас /
9. Яаралтай тусламжийн хуудас /хх-н 29 дүгээр хуудас/,
10. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 690 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл /хх-н 224-235 дугаар хуудас/,
11. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 51, 87 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47 дугаар хуудас/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-н 50 дугаар хуудас/, Д.Э-ийн банкинд эзэмшдэг дансны хуулга /хх-н 56-85 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал болон хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн талаар.
Улсын яллагчаас “...шүүгдэгч Д.Э- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэж байгаа тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах, энэ хэргийн улмаас төлөх төлбөргүй, гэрч Б.Х-гийн мэдүүлэгт зөрүүтэй зүйл байдаг ч, зөвхөн дан ганц энэ хүний мэдүүлгээр хэргийг хэлэлцээгүй, хохирогчийн болон гэрч Б.Э-ын мэдүүлэг, мөн шинжээчийн дүгнэлт, уг дүнэлтийн талаар дахин шинжээч томилж гаргасан дүгнэлт зэрэг бусад нотлох баримтууд хэрэгт цугларсан байгаа бөгөөд хохирогчид учирсан гэмтэл нь Д.Э-ийн үйлдэлтэй шууд холбоотой, П.Э-ийн үйлдэл нь Эрүүгийн хуульд хориглосон үйлдэл байгаа учраас гэм буруутайд тооцуулах санал гаргасан..” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Хохирогч өөрөө намайг юугаар цохисныг мэдэхгүй гэж мэдүүлдэг. Харин гэрч Б.Х- нь Д.Э- нь хохирогч Ч.У-г тухайн аягаар цохисон ч юм шиг, тухайн аяга нь унасан ч юм шиг зөрүүтэй мэдүүлэг өгч байгаа нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцох боломжгүй байна. Хохирогч, гэрчийн мэдүүлэг чин үнэн биш байна. Мөн Ч.У-гийн үйлдэл нь Зөрчлийн шинжтэй байхад энэ талаар нь шалгуулаагүй, нэг талыг баримтлан хэргийг хянасан, нотолбол зохих ажиллагааг нотлоогүй, иймээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул мөрдөн шалгах ажиллагаанд буцааж өгнө үү. ... гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчид холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Д.Э- нь 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мишээл экспо” худалдааны төвд байрлах нэг цэгийн үйлчилгээний газарт тус төвийн ажилтан Ч.У-тай “надад буруу номер өгч, өөр газар удаан зогсоолоо” гэх шалтгаанаар маргаан үүсгэж, улмаар аяга хийсэн тортой уг эд зүйлээрээ түүний нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь “дээд уруулын зөөлөн эдийн няцрал, язрал, уруулын дээд хэсгийн цус хуралт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:
-хохирогч Ч.У-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...Эрдэнэцэцэг гэх эмэгтэй ...“чи надад өөр дугаар өгсөн байна, би гадаад паспорт захиалах гэж байсан мал минь” гэж хэл амаар доромжилж, ...зүүн мөрөнд гараараа цохисон. ...миний цээж рүү гараараа түлхэх үед нь гарыг нь түлхсэн чинь нөгөө эмэгтэй гартаа барьсан тортой зүйлээрээ миний уруул орчимд нэг удаа цохиж амнаас цус гаргасан. ...Миний дээд уруул язарч, цус гарсан, баруун эрүүний хэсэгт хавдартай байсан. ...” гэх мэдүүлэг /хх-н14-16 дугаар хуудас/,
-Гэрч Б.Х-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ч.Уранзаяа та миний биед битгий халдаад бай гээд түлхсэн чинь Эрдэнэцэцэг гэх эмэгтэй гартаа барьж орж ирсэн тортой зүйлээрээ нүүрэн тус газарт нэг удаа цохих үед Ч.У-гийн уруул орчмоос нь цус гарсан. ...торон дотор шаазан аяга таваг авч явсан. ...Ч.У-г тортой зүйлээрээ цохих үед торон дотор байсан нэг ширхэг шаазан аяга нь унаад хагарч байсан. ...” гэх мэдүүлэг /хх-н 17-19 дүгээр хуудас/,
-Гэрч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...шил хагарч байгаа юм шиг чимээ гараад байхаар нь хэсэг хугацааны дараа гараад харах үед нэг цэгийн үйлчилгээний хамгаалалт хариуцсан цагдаагийн ажилтан эмэгтэйн өрөөний дотор Уранзаяа, маргалдаж байсан эмэгтэй, цагдаа эмэгтэй нар харагдаж байсан....” гэх мэдүүлэг /хх-н 21-22 дугаар хуудас/,
-Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 4231 дугаартай дүгнэлт /хх-н 27 дугаар хуудас/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3 шинжээчдийн бүрэлдэхүүнтэй 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1217-А дугаартай дүгнэлтийн “...Ч.У-гийн биед тухайн үед дээд уруулын зөөлөн эдийн няцрал, язрал, уруулын дээд хэсгийн цус хуралт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдсон байна. ...гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, ...шинэ гэмтэл байна. ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Ч.У-гийн биед үзлэг хийсэн 4231 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. ...” гэсэн дүгнэлт /хх-н 179-180 дугаар хуудас/,
-Шүүгдэгч Б.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...үйлчилгээний ажилтан Ч.У- надад буруу үйлчилгээний номер өгч чирэгдүүлсэн учир маргаан үүссэн. ...маргалдаж байгаад би гартаа барьж явсан тортой зүйлийг савах үед нүүрэн тус газар нь цохигдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан. ...” гэх мэдүүлэг /хх-н 42-45 дугаар хуудас / зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Д.Э- нь хохирогчийн биед халдаагүй, Ч.Урантуягийн уруул нь хуурайшсан учраас уруул нь язарсан байсан гэж гэм буруугийн талаар маргасан ба энэхүү мэдүүлэг нь хэрэгт цугларсан бусад баримтаар тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүгдэгч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй юм.
Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчийг гаргасан хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд буцаах тухай дүгнэлтийг шүүх дараах үндэслэлээр хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн болно.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хэргийн газар болсон үйл баримтын талаар хохирогч, гэрч нар тус тус мэдүүлсэн байдаг бөгөөд хохирогч, гэрч нарт хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг худал мэдүүлбэл Эрүүгийн хуульд даасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар хуульд заасан үүргийг танилцуулж, тэднээс мэдүүлэг авсан байдаг ба, хохирогч Ч.У-гийн “...нөгөө эмэгтэй гартаа барьсан тортой зүйлээрээ миний уруул орчимд нэг удаа цохиж амнаас цус гаргасан...” гэсэн мэдүүлсэн, уг мэдүүлгийн эх сурвалж нь гэрч Б.Х-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ч.У- нөгөө эмэгтэйг “та миний биед битгий халдаад бай” гээд түлхсэн чинь Эрдэнэцэцэг гэх эмэгтэй гартаа барьж орж ирсэн тортой зүйлээрээ нүүрэн тус газарт нэг удаа цохих үед Ч.У-гийн уруул орчмоос нь цус гарсан /хх-н 17-19 дүгээр хуудас/ гэх мэдүүлэг, гэрч Б.Э-ын “... Уг асуудал болоод дууссан байх үед Ч.У- өөрийнхөө ширээн дээр суусан байхаар нь очиж уулзсан чинь Ч.У-гийн уруул нь язарсан шархтай хавдсан байсан. ...” гэх мэдүүлэг /хх-н 21-22 дугаар хуудас/ зэргээр мэдүүлгээр болон шинжээчдийн 4231, 1217-А тоот дүгнэлтээр тус тус хангалттай нотлогдон тогтоогдсон байх тул хохирогч, гэрчийн мэдүүлгийг үгүйсгэх няцаах үндэслэл тогтоогдоогүй. Харин гэрч Б.Х-гийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Түүнчлэн шүүгдэгч Д.Э-ийн “...Ч.У-гийн уруул нь хуурайшсан учраас язарсан байсан” гэх мэдүүлгийг тодруулахаар тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэлт гаргасан шинжээчийг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд оролцуулж тодруулахад шинжээч эмч С.Одончимэг мэдүүлэхдээ “... Ямар нэгэн хүч үйлчилсэн тул арьс бүрэн бүтэн байдлаа алдаж байгаа. Түүнээс хуурайшилтаас болж няцрал үүсч цус хурна гэсэн асуудал байхгүй. Хүч үйлчилсэн тул уруул няцарч цус гарсан...” гэж мэдүүлсэн /хх-н 231 дүгээр хуудас/ бөгөөд шинжээчийн мэдүүлгээр шүүгдэгчийн дээрх мэдүүлэг няцаагдаж байна.
Иймд тус хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байх бөгөөд өмгөөлөгчийн гаргасан дүгнэлтийг шүүх үндэслэлгүй гэж үзэв.
Хууль зүйн хувьд шүүгдэгч Д.Э- нь хохирогч Ч.У-тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдан хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байх ба, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч Д.Э-ийн хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзэж улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.
Харин шүүгдэгч Д.Э- нь хохирогч Ч.У- “өөрийнх нь биед халдсан” гэх асуудлыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар гомдлоо гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.
Тус хэргийн улмаас хохирогч Ч.У-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэв.
2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Д.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,100,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг;
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “... тус гэмт хэрэг нь 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр гарсан байгаа учраас хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд Эрүүгийн хуулийн хорин хоёрдугаар бүлэгт заасан заасан гэмт хэргийг сэргээн шалгана гэж заасан, мөн Үндсэн хуулийн цэцэд маргаан шийдвэрлэх хэрэг үүссэн зэрэг үндэслэл байгаа. Иймээс шүүгдэгч Д.Э-т холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж мэтгэлцсэн.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж заасан.
2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараахь хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй” гэж заасан заасан ба үүнд:
-1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн.” бол гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын хэмжээ нь дээрх заалтад хамаарч байна.
Харин Улсын Их Хурлаас баталсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар гэмт хэргийн “хөөн хэлэлцэх хугацаа”-г гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолохоор хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан.
Дараа нь Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулсан бөгөөд “Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай” хуулийн 3 дугаар зүйлд “2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй гэж заасан байна.
Түүнээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохицуулсан, өөрөөр хэлбэл процессын шинж чанарыг агуулсан хэм хэмжээ тул тухайн заалтыг холбогдох хууль хүчин төгөлдөр болсон үеэс дагаж мөрдөх ба Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт хамаарахгүй гэж үзэв.
Мөн Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Д.Э-т 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байх ба, тодруулбал гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрөөгүй байхад яллагдагчаар татсан байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Д.Э-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны дотор яллагдагчаар татсан байх тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн...”-г хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүдэгч Д.Э-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуульд заасан ялын төрөл, хэмжээний дотор түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, түүний гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан нөгөө талаас гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх “гэм буруугийн зарчим”, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх “шударга ёсны зарчим”-д тус тус нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгийн торгох ял оногдуулах нь зохимжтой гэж шүүх үзсэн болно.
Мөн шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Бусад асуудлаар: шүүгдэгч Д.Э-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Э-ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э- нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Д.Э-т оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Тус хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Д.Э- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДОРЖСҮРЭН