Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 10

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч

Ерөнхий шүүгч                   Б.Батзориг

Шүүгчид                              С.Оюунцэцэг

                                                                             Г.Давааренчин

                               Оролцогчид

            Нэхэмжлэгчийн төлөөлөгч  Д.Алтанцэцэг

           Хариуцагч                           Б.Мэндбаяр

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцож,

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 111 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны  нэхэмжлэлтэй Б.Мэндбаярт холбогдох “Урамшууллын хөлс, нотариатын зардал, нийт 1.479.314 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Тодорхойлох нь:

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ...

Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 472 дугаартай шүүгчийн захирамжаар Р.Төгсбаяраас 20520000 төгрөгийг гаргуулж О.Пүрэврагчаад олгохоор, мөн шүүхийн 2013 оны 11 дүээр сарын 11-ний өдрийн 600 дугаартай шийдвэрээр О.Пүрэврагчаагийн нэхэмжлэлтэй Р.Төгсбаярт холбогдох зээл, зээлийн хүү, гэрээний улмаас үүссэн хохиролд барьцаа хөрөнгө болох 17.9 мкв талбай бүхий 1 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар зарж борлуулан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

Үл хөдлөх эд хөрөнгийн 2 дахь удаагийн албадан дуудлага худалдаанд 2 оролцогч оролцож 2 дахь албадан дуудлага худалдааны үнийг 1.000.000 төгрөгөөр өсгөж 21.790.200 төгрөгөөр дуудсанаар оролцогч Б.Амаржаргал ялсан.

Тус алба нь төлбөр төлөгч Р.Төгсбаяр, төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мэндбаяр нарыг байлцуулан шүүхийн шийдвэрийг хэрхэн төлж барагдуулах тохиролцоог хүргэж тус албанаас битүүмжилсэн Сүхбаатар сумын 2 дугаар баг, 1 дүгээр байрны 19 тоот орон сууцны захиран зарцуулах эрхийг нь түдгэлзүүлсэнийг сэргээж, төлбөр төлөгч Р.Төгсбаяр нь дээрх байрыг бусдад худалдсанаар төлбөрийг бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байхад Б.Мэндбаяр нь урамшууллын 1.441.314 төгрөгийг төлөхгүй байна.

Иймд төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мэндбаярын хүсэлтээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай МУ-ын хуулийн 83 дугаар зүйлийн 83.1.2, ХЗДХСайдын 2010 оны 104 тоот тушаалд заасан журмын дагуу 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай 10 тоот гэрээний дагуу төлөх 1.441.314 төгрөгийг төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мэндбаяраас гаргуулах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Дашнямын Алтанцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

…Урамшуулалын гэрээний үнэ 1.441.314 төгрөг, 76 хуудас материалыг нотариатаар баталгаажуулахад 38000 төгрөг, нийт 1.479.314 төгрөгийг Б.Мэндбаяраас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Мэндбаяр шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нэхэмжлэлийг би үндэслэлгүй гэж үзэж байна. Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба гүйцэтгэх ажиллагаа явуулсан боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт заасан уг байрны улсын бүртгэлийн дугаар, гэрчилгээний дугаар зөрүүтэй бичигдсэн байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг улсын байцаагчийн актаар хүчингүйд тооцсон. Улсын эрхийн бүртгэлийн дугаар, гэрчилгээний дугаар нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний дугаар зөрүүтэй байсан болохоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хүчингүй болсон гэж үзэж байна.

…Би өв залгамжлагч Энхтөгсөөс итгэмжлэл аваад байрыг нь зараад мөнгөө бага багаар авсан. Миний хувьд бол ШШГАлба ажиллагаагаа бүрэн гүйцэд явуулаагүй, явуулсан ажиллагаа нь ерөнхий газрынхаа актаар хүчингүй болсон учир би уг мөнгийг өгөх үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 111 дугаартай шийдвэрээр:

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 83.2 дахь хэсэгт зааснаар Б.Мэндбаяраас 1.046.919.80 төгрөгийг гаргуулж Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд олгож, илүү нэхэмжилсэн 432.394.20 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, хариуцагчаас 1.046.919.80 төгрөгөнд ногдох 29.676 төгрөгийг нөхөн гаргуулж орон нутгийн төсөвд оруулж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтанцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

        …Анхан шатны шүүх төлбөрийн үнийн дүн 20.590.200 төгрөгийн 7 хувь болох 1.441.314 төгрөг гаргуулах ёстойг 1.046.919 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хууль, журамд нийцээгүй гэж үзэж гомдол гаргаж байна. Иргэн Б.Мэндбаяраас урамшууллын гэрээний үнэ 1.441.314 төгрөг гаргуулах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтанцэцэг давж заалдах гомдол болон  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүхийн 111 тоот 1.441.314 төгрөгөөс 1.046.919 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Үүнийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлд төлбөр авагчаас урамшуулал гаргуулахаар заасан. Мөн хууль зүйн дотоод хэргийн сайдын А/181 тоот болон төлбөр авагчтай байгуулсан гэрээний 4 дэх хэсэгт шийдвэр гүйцэтгэлийг гүйцэтгэж дуусгавар болсныг хэрхэн тооцох талаар тодорхой заасан. Хууль зүйн дотоод хэргийн сайдын баталсан 2010 оны 104 тоот тушаалд заасан журмын 2 дахь хэсэгт урамшууллын хувь бодох талаар заасан. Анхан шатны шүүхийн шийдвэр уг журмыг зөрчсөн гэж үзэж давж заалдах гомдол гаргасан гэв.

Хариуцагч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдахын хувьд явагдсан. Анхнаасаа шүүхийн шийдвэр зөрүүтэй бичигдсэн. Ингээд шийдвэр буруу бичигдсэнээс би давж заалдах гомдол гаргасан. Ингээд давж заалдах шатны шүүхийн магадлал дээр тусгасан ажиллагаа бүрэн явагдаагүй учраас би урамшуулал өгөх үндэсгүй гэж үзэж байна.

Сүүлд гарсан анхан шатны шүүхийн шийдвэрээр урамшууллын 70 хувийг төлөхөөр болсон. Би үүнийг бас хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Үндэслэх нь:

Анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн  байх тул  шийдвэрийг мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасан үндэслэлээр хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр сум дундын  шүүхэд буцаахаар шийдвэрлэх   нь  зүйтэй байна.

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь урамшууллын гэрээний үнэ 1.441.314 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг төлбөр О.Пүрэврагчаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мэндбаярд холбогдуулан гаргажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын дагуу хэргийн материалыг судлан үзвэл: Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 472 дугаартай шүүгчийн захирамжаар Р.Төгсбаяраас 20.520.000 төгрөгийг гаргуулж О.Пүрэврагчаад олгохоор, мөн шүүхийн 2013 оны 11 дүээр сарын 11-ний өдрийн 600 дугаартай шийдвэрээр О.Пүрэврагчаагийн нэхэмжлэлтэй Р.Төгсбаярт холбогдох зээл, зээлийн хүү, гэрээний улмаас үүссэн хохиролд барьцаа хөрөнгө болох 17.9 мкв талбай бүхий 1 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар зарж борлуулан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна.

Дээрх 472 дугаартай шүүхийн шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж тус ажиллагаанд төлбөр авагч О.Пүрэврагчаа нь өөрийгөө төлөөлүүлэн оролцуулахаар итгэмжлэл олгосны дагуу Б.Мэндбаяр оролцсон байх бөгөөд  өөрөөр хэлбэл тус ажиллагааны бие даасан оролцогч бус  зөвхөн төлбөр авагчийн олгосон итгэмжлэлийн дагуу түүний нэрийн өмнөөс ажиллагаанд оролцон түүний эрх, үүргийг нь хэрэгжүүлжээ.

Энэ үүргийнхээ дагуу Б.Мэндбаяр нь нэхэмжлэгч байгууллагатай 2014 оны 01 сарын 17-ны өдөр шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай 10 тоот гэрээ байгуулж шийдвэр гүйцэтгэлийн бүхий л ажиллагаанд оролцсон байх ба нэхэмжлэгч байгууллага  болон төлбөр авагч нарын хооронд  10 тоот урамшуулах гэрээний үүрэгтэй холбоотой төлбөрийн маргаан үүссэн гэж үзэхээр байна.

 Дээрхи баримтуудаас үзвэл хэдийгээр нэхэмжлэгч нь төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мэндбаярыг хариуцагчаар тодорхойлсон боловч хэргийн үйл баримтаас дүгнэж  үзвэл Б.Мэндбаяр нь тус хэргийн жинхэнэ хариуцагч мөн эсэх нь тодорхойгүй байх бөгөөд энэ талаар шүүх ямар нэгэн дүгнэлт хийлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д  нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь  нотлох баримтаар тогтоогдвол шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагч биш этгээдийг жинхэнэ хариуцагчаар сольж болохоор заасан.

Энэхүү заалтын дагуу  шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны төлбөр  авагч  О.Пүрэврагчаагийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч Б.Мэндбаярыг төлбөр авагч О.Пүрэврагчаагаар  солих эсэх талаар нэхэмжлэгчээс  тодруулах боломж байгааг шүүх  анхаараагүй, зохигчдын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-т зааснаар  тайлбарлан өгөх үүргээ шүүх биелүүлээгүй байна гэж үзэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг  дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасан тул хэргийн шийдвэрлэлт болон  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн   давж заалдах гомдолд  дүгнэлт хийгээгүй болно. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 01 сарын 20-ны өдрийн 111 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38.011 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар  зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.  

 

ДАРГАЛАГЧ              Б.БАТЗОРИГ

                                                             ШҮҮГЧИД                  С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                 Г.ДАВААРЕНЧИН