Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 1136

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал, улсын яллагч Х.Онолт, шүүгдэгч Л.Б нарыг оролцуулан мөн шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос О овгийн Л.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008 01296 0777 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

О овгийн Л.Б, Монгол Улсын иргэн, 1995 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэн буудагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл хоёр, эцгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Булагтын 2 дугаар гудамжны ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд:

- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 307 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн.

- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/364 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Л.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 02 дугаар сарын 25-ны орой 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны 21 дүгээр байрны 1 давхарт “хэл амаар доромжиллоо” гэх шалтгаанаар П.Б-ийн нүүрэн тус газар толгойгоороо мөргөж П.Б-ийн биед үүдэн баруун, зүүн дээд 1-р шүдний булгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч О овгийн Л.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 02 дугаар сарын 25-ны оройн 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны 21 дүгээр байрны 1 давхарт “хэл амаар доромжиллоо” гэсэн шалтгаанаар хохирогч П.Б-ийн нүүр лүү мөргөж, түүний бие махбодод “...биед үүдэн баруун, зүүн дээд 1-р шүдний булгаралт...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Л.Б-ын шүүх хуралдаанд өгсөн: “...Яллах дүгнэлтэд бүгд үнэн зөв тусгагдсан тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй. Надаас өөр хохирогчийг цохисон хүн байхгүй...” гэсэн мэдүүлэг;

2. 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 21 цаг 26 минутад гэмт хэргийн шинжтэй дуудлага бүртгэсэн цагдаагийн байгууллагын лавлагаа (хх-ийн 5 дугаар хуудас), камерын бичлэгийг хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 82-83 дугаар хуудас);

3. Хохирогч П.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 25-ны орой хамаатныхаа айлд очиж золгоод орой 21 цагийн үед гэрээс нь гараад лифтэнд эхнэр, эхнэрийн дүүгийн хамт суухад 2 залуу хамт суусан. Эхнэр ямар сонин үнэртэй юм гэхэд алим идээд зогсож байсан залуу нь чи юу гээд байгаа гичий вэ гээд идэж байсан алимаа эхнэр рүү шидсэн. Би яаж байгаа юм бэ гээд тэр залууг заамдаад авахад зөрүүлээд заамдсан. Тэр үед хаалга онгойгоод зууралдаж гараад хамтдаа газар унасан. Унасан байхад нөгөө залуу нь миний толгой руу нэг удаа өшиглөсөн. Газраас босоод тэр 2 залууг бариад зогсож байхад нэг нь миний толгой руу мөргөсөн. Сүүлд бичлэг үзэхэд өндөр туранхай залуу нь намайг мөргөсөн байна лээ...эхнэр лифтний үнэрийг муухай гэж хэлэхэд тэр 2 залуу өөрсдийгөө муухай үнэртэй гэж хэлж байна гэж ойлгосон юм шиг байна лээ. Миний нэг үүдэн шүд хугарсан, шүдээ хийлгэмээр байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 12 дугаар хуудас),

4. Гэрч Г.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай гэр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны 21 дүгээр байрны ** тоотод байдаг ба тэр өдөр ажлын газрын хүмүүс манай гэрт ирсэн. Сууж байгаад Б-А, Б 2 гадаа гарна гэж яваад 20-30 минутын дараа буцаж ирэхэд Б-А-ын цамц нь цус болсон байсан. Учрыг асуухад цахилгаан шатанд хүмүүстэй муудалцаад зодолдсон гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 17-18 дугаар хуудас);

5. Гэрч Л.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би орцны жижүүрийн ажилтай ба 21 цагийн үед коридорт хүмүүс муудалцаад байхаар нь хамаатан садан хүмүүс хоорондоо хэрэлдэж маргаж байгаа юм байх гэж бодсон...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 20 дугаар хуудас),

6. Гэрч Л.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэр ах цахилгаан шатанд намайг заамдаад тавихгүй байсан ба 1 давхарт ирэхэд би хэвлий рүү нь 1-2 удаа цохиход Б миний дээгүүр тэр ахын нүүр рүү 2 удаа мөргөсөн... тэр ах бид 2 газар зууралдаад унахад Б- А тэр ахын толгой руу өшиглөж байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 22 дугаар хуудас);

7. Гэрч Н.Ө-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би Б ахыг дагуулж яваад гэмтлийн эмнэлэг орж үзүүлэхэд нэг үүдэн шүд нь унасан байсан. Сүүлд сонсоход С эгч рүү хүн алим шидээд хүргэн ах эхнэрээ өмөөрөөд зодоон болсон гэсэн..” гэсэн мэдүүлэг (хх-ийн 25 дугаар хуудас);

8. Гэрч Н.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...цахилгаан шатанд сууж байхдаа би ямар муухайн үнэртэй юм бэ гэж хэлэхэд өндөр залуу нь над руу муухай хараад байсан. Нэг давхарт ирэхэд өндөр залуу идэж байсан алимаа шидээд миний баруун нүдийг оносон. Манай нөхөр яаж байгаа юм бэ гээд бариад авахад тэр 2 залуу нөхөртэй зууралдаад газар унахад би жижиг биетэйг нь татаад салгасан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 27 дугаар хуудас);

9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 3239 дугаартай шинжилгээний “...П.Б-ийн биед үүдэн баруун, зүүн дээд 1-р шүдний булгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх хоёр шүдний булгаралт нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.11.52-2-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад 10% нөлөөлөх тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хх-ийн 32-34 дүгээр хуудас);

10. Шүүгдэгч Л.Б-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 49 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 67 дугаар хуудас), шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 70-76 дугаар хуудас), эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 153 дугаар тогтоол (хх-ийн 137 дугаар хуудас);

11. Шүүгдэгч Л.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хохирогч Б эхнэрээ өмөөрөөд надтай хэрүүл хийгээд намайг заамдсан. Б бид 2-ыг салгахад хохирогч Б-ыг заамдаад авсан. Тэгээд тэр 2 давхралдаад газар унасан ба хохирогчийг Б-ын дээр гарсан байхаар нь би толгой руу нь нэг удаа дэвсэж өшиглөсөн. Хамт явсан эмэгтэй нь намайг зуурахад би газар унасан, босоод ирэхэд хохирогч намайг заамдсан. Тэгэхээр нь би нүүр лүү нь мөргөсөн юм...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 43 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч П.Б-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.

Шүүгдэгч Л.Б-ын үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч П.Б-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Л.Б-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч П.Б нь хохиролд 200,000.00 төгрөг авсан бөгөөд цаашид шүдээ эмчлүүлэх шаардлагатай байгаа талаар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн, шүүх хуралдааны тов мэдэгдэхэд тэрээр “шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна, гэхдээ нэг булгарсан шүд маань унасан тул цаашид иргэний журмаар хохирлоо нэхэмжлэх эрхийг маань нээлттэй үлдээж өгнө үү” гэсэн тул шүүгдэгч Л.Б-ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж тогтоох хэсэгт дурдан, харин хохирогч П.Б-ийн хувьд цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй гэж шийдвэрлэлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Л.Б-т эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...шүүгдэгч Л.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий компакт дискийг хэрэгт хадгалах саналтай байна...” гэв.

Иймд шүүх улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал, дүгнэлтийн хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-т гурван зуун тавин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял  шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Сонгинохайрхан дүүрэг дэх “Тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээ” ОНӨААТГ-т өдөрт наймаас дээшгүй цагаар ажиллуулахаар тогтоох нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх үр нөлөөтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээх нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Б нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 1.О овгийн Л.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-т гурван зуун тавин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Сонгинохайрхан дүүрэг дэх “Тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээ” ОНӨААТГ-т өдөрт наймаас дээшгүй цагаар ажиллуулахаар тогтоосугай.

4.Шүүгдэгч Л.Б-т нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч П.Б нь цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тусгасугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээсүгэй.

7.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Б нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

8.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Л.Б-т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                Б.БАТАА