Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 1143

 

                          

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал, улсын яллагч Ж.Отгончимэг, шүүгдэгч Б.И, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар мөн дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Х овогт Б.И-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 02684 1475 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Х овгийн Б.И, Монгол Улсын иргэн, 1990 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл хоёр, эхийн хамт Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Ус орчин гудамжны ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б.И нь 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Малчин ** тоотод байрлах нийтийн байрны ** тоот өрөөг хөлслөн амьдарч байхдаа тус байрны 7 тоотод амьдарч байсан иргэн Д.Б-ийн Вега загварын гар утсыг “ярьчхаад өгье” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдад 278,000 төгрөгийн хохирол учруулж залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Х овгийн Б.И нь 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Малчин ** тоотод байрлах нийтийн байрны ** тоот өрөөг хөлслөн амьдарч байхдаа тус байрны 7 тоотод амьдарч байсан иргэн Д.Б-ийн Вега загварын гар утсыг “ярьчхаад өгье” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдад 278,000 төгрөгийн хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Б.И-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...Хохирогчтой нэг байранд хамт байдаг байсан. Гар утсыг нь нэг яриад өгнө гэж хэлээд авсан. Дараа нь хаячихсан байсан. Үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна, хятад утас 278,000 төгрөг хүрэхгүй гэж үзэж байна. Надад өөр үйлдсэн хэрэг байхгүй...” гэсэн мэдүүлэг;

2. Хохирогч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Малчины 1-50 тоотод байрлах нийтийн байрны 07 тоот өрөө түрээслэн сууж байгаад нүүх гээд эд зүйлсээ зөөж байтал манай байрны 01 тоотод амьдардаг зүс таних И гэх залуу ...гар утсаа өгч байгаач, ээждээ мэнд хүргэх гэсэн юм... гэхээр нь утсаа өгч яриулсан. Би И-д утсаа өгчхөөд юмаа зөөж байгаад нэг харсан чинь И миний утсыг аваад алга болчихсон байсан. Өрөөнд нь очтол цоожтой байсан. Миний гар утас Вега гэсэн нэртэй, манай хүү Францаас явуулсан утас байсан. Монгол мөнгөөр 300,000 төгрөг болж байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 24-25 дугаар хуудас);

3. Гэрч Н.Ш-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 30-ны өглөө Б эгч нүүж байна, юм зөөлцөөд өгөөч гэхээр нь юмыг нь зөөлцөж байтал манай 01 тоотод амьдарч байсан зүс таних И гэх залуу гэрээсээ гараад ирэхээр нь ахдаа шүүгээ буулгалцаад өгөөч гээд хамт буулгасан. Тэгтэл И ахаа гар утас чинь байна уу, яриад өгье гэхээр нь би байхгүй гэсэн чинь Б эгч миний утсаар ярь гээд утсаа өгсөн. Би эд зүйл зөөчхөөд гараад ирсэн чинь Б эгч И хаана байна, миний гар утсыг аваад явчихлаа, миний утас холбогдохгүй байна гэхээр нь бид 2 тэр хавиар хайгаад олоогүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 30-31 дүгээр хуудас);

4. “Арвижих Эстимейт” ХХК-ний 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 18/113 дугаартай: “...Вега загварын гар утас 278,000 төгрөг…” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-ийн 39-42 дугаар хуудас);

5. Шүүгдэгч Б.И-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 91 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 103 дугаар хуудас), Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 6525 дугаар албан тоот (1хх-ийн 154 дүгээр хуудас),

6. Шүүгдэгч Б.И-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын сүүлээр найзуудтайгаа архи уусан. Маргааш өглөө нь хаалга тогшоод байхаар нь онгойлготол нийтийн байрны жижүүр ах мөн тус байранд амьдарч байсан эгчийн гэрийг нүүлгээд өгөөч гэж хэлсэн. Тэгээд би тэр эгчийн гэрийг нүүлгэж өгч байгаад жижүүр ахаас гар утсаа өгч байгаач, ээжтэйгээ нэг ярих гэсэн юм гэж хэлэхэд нөгөө эгч миний утсаар ярь гэж хэлээд надад утсаа өгсөн. Өмнөх өдөр нь би архи уугаад нэлээд шартчихсан байсан болохоор найз руугаа утсаар ярьсан юм. Тэгээд найзтайгаа уулзахаар болсон. Тэр үед утасгүй байсан болохоор надад хүнтэй утсаар ярихын тулд тэр эгчийн утсыг авч явахаас өөр сонголтгүй байсан. Тухайн утсыг барьж байгаад хэд хоногийн дараа алдчихсан..." гэсэн мэдүүлэг (хх-ийн 20-51 дүгээр хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.И-ийн үйлдэл нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр бусдад зориуд хохирол учруулсан байх тул түүнийг залилах гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаас залилах гэмт хэргийн эд зүйл болох гар утсыг 278,000 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд шүүх уг хөрөнгийн үнэлгээний тайланг нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзсэн тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг 278,000 төгрөгөөр тогтоосон болно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан залилах гэмт хэргийн бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж  үйлдсэн” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Б.И нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаан байхгүй тул шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно гэсэн болно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.И-г “залилах” гэмт хэргийг бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж  үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэхдээ хууль хэрэглээний талаар прокурорт хандан “Залилах гэмт хэргийн хувьд өмчлөх эрхийн эсрэг бусад гэмт хэргээс ялгарах гол онцлог нь хохирогч өөрийн өмч хөрөнгө, түүний эрхийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэйгээр, тодорхой болзол нөхцөлтэйгөөр гэмт этгээдэд шилжүүлэн өгч явуулдаг буюу гэмт этгээдийн мэдэлд бүрэн шилжүүлдэг” болохыг онцлон анхааруулъя. Цаашид хохирогч өөрөөсөө холдуулахгүйгээр бусдад түр ашиглуулж байгаа эд зүйлийг шилжүүлэн өгсөн гэж ойлгож болохгүй.

Шүүгдэгч Б.И нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийн дагуу шүүхээс нөхөн төлөхөөр тогтоосон 278,000.00 төгрөгийн хохирлыг төлж барагдуулах зорилгоор шүүх хуралдааныг ажлын 3 өдрөөр завсарлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, тэрээр хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж тогтоолд тусгав.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:                        

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.И нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Улсын яллагчийн зүгээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, түүний хор уршиг, шүүгдэгчийн шүүхийн шатнаас оргон зайлсан байдал, хохирол төлсөн боловч шүүхийн шатанд төлсөн зэргийг харгалзан шүүгдэгч Б.И-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн цагдан хоригдсон хоног 17 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох саналтай байна. Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгч И нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хохирлоо нөхөн төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдалтай бөгөөд урьд ял шийтгэлгүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй тул түүнд 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Б.И нь торгох ялыг дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээгээр, нийтэд тустай ажил хийлгэх ялыг хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар, хорих ялыг зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэргийг үйлдсэн бөгөөд тэрээр хохирлоо нөхөн төлсөн нь эерэг үзүүлэлт боловч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлсан хувийн байдлыг нь харгалзан шүүх түүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжгүй гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр буюу зургаан сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бодит үр нөлөөтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.И нь 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс хойш нийт 23 (хорин гурав) хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар энэ хугацааг түүний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцож, түүнд урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.И нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус тогтоолд дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Х овгийн Б.И-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах” гэмт хэргийг бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.И-д зургаан сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.И-ийн цагдан хоригдсон 23 (хорин гурав) хоногийг түүний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.И-д оногдуулсан зургаан сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.И нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай. 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Б.И-д авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.И-д авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

ДАРГАЛАГЧ                                 Б.БАТАА