Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 904

 

  

 

 

 

 

 

     2020        10           14                                   2020/ШЦТ/904

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Хонгорзул,

улсын яллагч Б.Батнасан,

шүүгдэгч Э.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ө овогт Э-ын Гт холбогдох эрүүгийн _____ тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг, ам бүл 4, эх, эгч, дүү нарын хамт ____ дугаарын регистртэй, Ө овогт Э-ын Г.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Э.Г нь 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Т” нэртэй зочид буудалд хардалтын улмаас хохирогч Э.У-ыг биед халдан зодож, эрүүл мэндэд нь баруун гуяны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Г мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Э.Гын өгсөн:

“...Би 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө найз эмэгтэй болон У-ын гэрийн гадаа Г- гэдэг найзынхаа хамт очоод У-ын утас руу залгаад дуудаж уулзаад хамт Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Т” нэртэй зочид буудалд гурвуулаа хамт  орцгоосон. Буудлын өрөөнд ороод бид 3 архи, пиво ууцгаагаад унтаж амарцгаасан. Тэгээд өглөө нь буюу 2020 оны 9 дүгээр сарын 03-наас 04-ний өдрийн 10-11 цагийн орчимд бид 3 өрөөндөө бэлэн гоймон идэхээр болтол Ууганбааяр намайг өөрийг нь гэрт буцааж хүргэж өг гээд байсан. Тэгэхээр нь би гарах болоогүй байна, хамт гаръя гэж хэлсэн. Гэтэл У- бэлэн гоймонг над руу цацчихаад өрөөнөөс гараад явсан... Би Э.У-ын эрүүл мэндэд гэмтэл учруулсан нь үнэн...” гэх мэдүүлэг /хх-н 29-31/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Э.У-ын өгсөн:

“...Би 2020 оны 9 дүгээр сарын 03-ны оройн 22 цагийн үед гэртээ байж байтал манай найз Г фэйсбүүкээр чат бичээд нэг найзтайгаа хамт манай гэрийн гадаа ирж байна. Намайг гэрийнхээ гадаа гараад ир гэсэн. Тэгээд би гэрийнхээ гадаа гарахад Г, Г- гэдэг нэг найзтайгаа хамт явж байсан. Тэр хоёр намайг машинд нь суутал нэг газар луу явна гээд хөдлөх гэхэд нь би байж байгаарай гээд гэртээ орж хувцсаа солиод буцаж гарч ирээд бид 3 Төмөр замд байрлах Т нэртэй зочид буудлын гадаа зогсоод Г түрүүлж ганцаараа буугаад өрөө авчихаад гарч ирэхээр нь бид гурав тухайн буудал руу хамт орсон. Бид гурав буудлын өрөө рүү ороход Г машинаасаа Эдэн нэртэй нэг шил архи, нэг литрийн савлагаатай архи болон нэг ширхэг том савлагаатай пиво авч орсон. Бид 3 буудлын өрөөнд тухайн архи, пивог ууж байтал Г нилээн согтоод байх шиг байсан. Миний нойр хүрээд байхаар нь хэсэг унтаж байтал Г намайг сэрээгээд урьд өмнө нь 2 эрэгтэй найз нь хамт пиво уусан асуудлаас болж янхан, гичий гэх зэргээр доромжлоод байсан. Тэр үед нь би орон дээр сууж байсан бөгөөд Г миний баруун гуя руу аль талын хөлөөрөө гэдгийг санахгүй байна. Ямар ч байсан гуя руу нэг удаа хөлөөрөө өшиглөөд намайг сууж байсан орон дээрээс газар унагаасан. Г- бид хоёрыг маргалдахаа боль гэхэд хэрүүл намжаад хэсэг байж байгаад бид 3 унтчихаад маргааш өглөө нь би сэрээд тухайн буудлын доод талд байрлах дэлгүүрээс 3 ширхэг лаазтай пиво авчихаад Г-тай хувааж уугаад дуустал Г- дахиад нэг ширхэг том савлагаатай пиво аваад ирэхээр нь тухайн пивог хувааж уугаад байж байтал Г сэрээд өрөөнийхөө хугацааг сунгаад дахиад архи ууна гээд байхаар нь би буудлаас гараад Гт өшиглүүлсэндээ гомдоод цагдаад дуудлага өгсөн. Надад ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 8-11/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн ... тоот:

1. Э.У-ын биед баруун гуяны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсгэгдэнэ.  

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боложмтой гэх дүгнэлт /хх-н 23-24/,

 

- Хохирогчийн “...Гаас нэхэмжлэх зүйл байхгүй, эмчилгээ хийлгээгүй. Би Гтай сайн дураараа эвлэрсэн...” гэх хүсэлт /хх-н 54/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-н 34/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 39,

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 33/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Э.Г нь 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Т” нэртэй зочид буудалд хардалтын улмаас хохирогч Э.У-ыг биед халдан зодож, эрүүл мэндэд нь баруун гуяны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Э.Гын “...Э.У-ын биед учирсан гэмтлийг би учруулсан нь үнэн...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Э.У-ын “...намайг унтаж байтал Г намайг сэрээгээд урьд өмнө нь 2 эрэгтэй найз нь хамт пиво уусан асуудлаас болж янхан, гичий гэх зэргээр доромжлоод байсан. Тэр үед нь би орон дээр сууж байсан бөгөөд Г миний баруун гуя руу нэг удаа хөлөөрөө өшиглөөд намайг сууж байсан орон дээрээс газар унагаасан....” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн .... тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Гт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Э.Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хэргийн хохирогч Э.У-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

- Хохирогчийн “...Гаас нэхэмжлэх зүйл байхгүй, эмчилгээ хийлгээгүй. Би Гтай сайн дураараа эвлэрсэн...” гэх хүсэлт /хх-н 54/-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Э.Гт холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангаж, прокуророос Э.Гт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн байх тул шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Э.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

                                 

1. Шүүгдэгч Ө овогт Э-ын Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Гыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Гыг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

   4. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.МӨНХ-ЭРДЭНЭ