Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 905

 

  

 

 

 

 

 

     2020         10          14                                   2020/ШЦТ/905

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Хонгорзул,

улсын яллагч Б.Батнасан,

шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х овогт Н-ийн Бд холбогдох эрүүгийн  _ тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1972 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтай, хувиараа барилгын мужааны ажил эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт _ дугаарын регистртэй, Х овогт Н-ийн Б.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Н.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны Орхоны 4 дүгээр гудамжны 27 тоотод хохирогч Д.Б-ы биед халдан зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, доод уруулын дотор салст, баруун зовхинд цус хуралт, баруун хацарт цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн сарвуунд цус хуралт, зулгаралт, баруун хөмсөгний дээрх шарх, дух, хамрын нуруу,  баруун чихний дэлбээнд зулгаралт хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Н.Б өгсөн:

“...2020 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр барилгачдын баяр болж байсан хамт ажилладаг Э, Б- нарын хамт Цамбагаравын ойролцоо Эын эхнэрийг хүлээж байх зуураа 0,5 литрийн 2 шил архи хувааж уусан. Б- гэрээ сайн мэдэхгүй Дарханаас нүүж ирээд удаагүй байгаа учраас Эын эхнэр машин бариад бид Б-ыг гэрт нь хүргэж өгөөд Эын эхнэрийн хамт гэр лүүгээ явсан. Б- бид хоёр түүний гэрт орох болоод 0,5 литрийн Хараа нэртэй архи ундаа аваад гэрт нь орсон. Б-ы гэрт нь ороход түүний эхнэр гэх эмэгтэй 2 охины хамт байсан. Тэгээд Б- бид 2 тэр архийг хувааж уугаад тэдний гэрт хонохоор болоод яриад сууж байсан тэгсэн маргааш нь эрүүлжүүлэхэд сэрсэн. Тэр хооронд юу болсныг санахгүй байна. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-н 42-43/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Б- өгсөн:

“...2020 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр би ажлаасаа 19 цаг өнгөрч байхад тараад ажлынхаа Б, Э бас нэрийг нь сайн мэдэхгүй 3 хүний хамт ажлаас гарцгаасан. Бид 4 барилгачдын баярын өдөр байсан тул бага зэрэг архи ууцгаагаад салъя гэж ярилцаад Э машинаа эхнэртээ бариулна гээд эхнэрийнхээ ажил болох Цамбагараваас хойшоо эргээд эхнэрийг нь хүлээнгээ бид нар Эын машин дотор Хараа нэртэй 0,5 литрийн 2 шил архи дөрвүүлээ хувааж уусан. Эын эхнэр ажлаасаа харанхуй болсон хойно гарч ирээд машин бариад манай гэр лүү намайг хүргэж өгөхөөр болсон. Тэгээд би модны хоёрын буудал дээр Бийн хамт буусан. Б эхнэрээ дуудаад иртэл нь манай гэрт хүлээж байхаар болоод бид хоёр 0,75 литрийн архи ундаа аваад дэлгүүрээс аваад манай гэрт 21 цагийн орчим орсон. Гэрт ороход манай эхнэр Ц-, 2 охин Н /18 настай/, Х- /12 настай/ нар байсан. Б бид хоёр уг архиа ууж байгаад Б өөрөө ундаа асгачихаад намайг ширдэг дээр ундаа асгалаа гээд айхтар маргаан бололгүй намайг алгадсан талаар эхнэр Ц- надад хэлсэн. Би гэртээ орж ирээд архи задлаад Б эхнэртэйгээ ярьж байсан хүртэл санаж байна. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байна. Би гэмтлийн эмнэлэгт сэргэсэн. Б хохирлын мөнгө болон эмчилгээний  зардал, ажилгүй байх 7 хоногийн хугацааны мөнгө болох 700.000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн. Би эд зүйлийн хохирлын мөнгө нэхэмжлэхгүй. Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 25-26/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Т.Ц-гийн өгсөн:

“...2020 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 21 цаг өнгөрч байхад манай нөхөр Б- нэрийг нь мэдэхгүй өмнө нь харж байгаагүй танихгүй эрэгтэйн хамт гэрт орж ирсэн. Би гэртээ охин Н, Х-гийн хамт байсан. Б- гэртээ орж ирээд тухайн эрэгтэйгийн хамт 0,75 литрийн Хараа нэртэй 1 шил архи ууж байгаад тэр эрэгтэй хүн эхнэр лүүгээ яриад ирье гээд Б-ы утсыг авсан. Тэгээд ирээд ав гээд ярьсан. Тэгээд тэр эрэгтэй том савтай кола ундааг ширдэг дээр асгаад манай нөхөр лүү чи ундаа асгачихлаа гээд дайрсан. Нөхөр Б- би асгаагүй чи асгачихлаа гээд маргаан болоод Б-ы зүүн шанаа орчим 2 удаа алгадахад нөхөр ор луу унасан. Тэгсэн дээрээс нь дараад хоолойг нь боосон. Тэгээд нөхөр орноос босож ирээд тэр эрэгтэйтэй барьцалдаж аваад гал тогооны шкапны урд унасан, Б- доор нь нөгөө эрэгтэй дээр нь гарсан байдалтай унасан. Тэгсэн гал тогооны шүүгээ унаад дотор нь байсан бүх эд зүйл нь асгарсан. Тэгсэн тэр доороос хоолны халбага аваад Б-ы толгой руу 2-3 удаа цохисон. Мөн Б-ы толгойны баруун шанаа орчим хөлөөрөө 4-5 удаа өшиглөхөд Б- ухаан алдсан байдалтай бид 3 болиулах гэсэн боловч дийлэхгүй байсан. Тэгсэн тэр эрэгтэй үснээс нь зулгаагаад толгойгоор нь 4-5 удаа шал мөргүүлээд дух хэсэг рүү нь 2 удаа өшиглөсөн. Бид нарыг боль гэхэд тэр эрэгтэй Б- ухаан алдсаныг мэдээд гарч зугатах гэхээр нь би 2 охинтойгоо нийлээд барьж аваад гаргахгүй гээд зогсож байхад цагдаа нар орж ирсэн ...” гэх мэдүүлэг /хх-н 27-28/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ш.Э-ын өгсөн:

“...Мэдээллийн дагуу тухайн цэгт очиж мэдээлэл өгсөн дугаарт холбогдоход 2 бага насны эмэгтэй хүүхэд цагдаагийн авто машин дээр ирсэн бөгөөд Орхоны 4-27 тоотыг зааж өгсөн. Уг хаягт очиход ногоон өнгийн хойшоо харсан төмөр хаалгаар ороход Монгол гэр байсан бөгөөд уг гэрт ороход үүдний хэсэгт эрүүлжүүлэх байранд хүргэн өгсөн Б шалан дээр хашгачин агсам согтуу тавин хэвтэж байсан. Түүний баруун талд мөн шалан дээр зодуулсан байдалтай, нүүр амнаас нь цус мэт зүйл гарсан. Б- гэгч завилан сууж байсан. Гэрийн доторх эд зүйл эмх замбараагүй гэрийн, гал тогооны шүүгээ хугарч эвдэрсэн байдалтай байсан гэрийн зүүн хойно хэсэгт Б-ы эхнэр гэх эмэгтэй айж эмээсэн байдалтай байсан. Хутга бариад дайраад байна гэх дуудлага мэдээлэл орж ирсэн тул хутга мэсийг илрүүлэн аюулгүй байдлыг хангах зорилгоор Б гэгчийн биед үзлэг хийсэн боловч биеэс нь хутга мэс илрээгүй тул хэрэгсэл хэрэглэн /гав/ автомашинд тусгаарласан. Буцаж гэрт орон Б- гэгчид 103-т дуудлага өгч эхнэр Ц- гэгчээс үйл явдлыг тодруулахад манай нөхрийн найз гэрт архи ууж байгаад манай нөхрийн хоолойг боож газар унаган дэвсэж зодсон, хутга мэс бариагүй, хутга аваад ир алаад өгнөө гэж хашгирааж байсан гэж мэдүүлсэн. Мөн Ц- би гомдол гаргах эсэхээ мэдэхгүй байна гэсэн тул 103-т эмнэлэгт үзүүлэн гэмтэл бэртэл гарсан бол өргөдөл өгөх боломжтой гэдгийг тайлбарлан өгч Б гэгчийг эрүүлжүүлэх саатуулах байранд аваачиж хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /хх-н 30-31/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн ... тоот:

1. Д.Б-ы биед тархи доргилт, доод уруулын дотор салст, баруун  зовхинд цус хуралт, баруун хацарт цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн сарвуунд цус хуралт, зулгаралт, баруун хөмсөгний дээрх шарх дух хамрын нуруу баруун чихний дэлбээнд зулгарал, хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой байна гэх дүгнэлт /хх-н 32-33/,

 

“Лазер мед” эмнэлгийн компьютер томографийн шинжилгээ, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хх-н 35-37/,

Хохирлын баримт /хх-н 22/,

 

- Хохирогчийн “...Н.Бтэй сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, эмчилгээний зардлаа бүрэн төлж барагдуулсан...” гэх хүсэлт /хх-н 60/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-н 46/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 48/,

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 53/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Н.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны Орхоны 4 дүгээр гудамжны 27 тоотод хохирогч Д.Б-ы биед халдан зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, доод уруулын дотор салст, баруун зовхинд цус хуралт, баруун хацарт цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн сарвуунд цус хуралт, зулгаралт, баруун хөмсөгний дээрх шарх, дух, хамрын нуруу,  баруун чихний дэлбээнд зулгаралт хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Н.Бийн “...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

 

гэрч Т.Ц-гийн “...тэр эрэгтэй том савтай кола ундааг ширдэг дээр асгаад манай нөхөр лүү чи ундаа асгачихлаа гээд дайрсан. Нөхөр Б- би асгаагүй чи асгачихлаа гээд маргаан болоод Б-ы зүүн шанаа орчим 2 удаа алгадахад нөхөр ор луу унасан. Тэгсэн дээрээс нь дараад хоолойг нь боосон. Тэгээд нөхөр орноос босож ирээд тэр эрэгтэйтэй барьцалдаж аваад гал тогооны шкапны урд унасан, Б- доор нь нөгөө эрэгтэй дээр нь гарсан байдалтай унасан. Тэгсэн гал тогооны шүүгээ унаад дотор нь байсан бүх эд зүйл нь асгарсан. Тэгсэн тэр доороос хоолны халбага аваад Б-ы толгой руу 2-3 удаа цохисон. Мөн Б-ы толгойны баруун шанаа орчим хөлөөрөө 4-5 удаа өшиглөхөд Б- ухаан алдсан байдалтай бид 3 болиулах гэсэн боловч дийлэхгүй байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Ш.Э-ын “...Мэдээллийн дагуу тухайн цэгт очиж мэдээлэл өгсөн дугаарт холбогдоход 2 бага насны эмэгтэй хүүхэд цагдаагийн авто машин дээр ирсэн бөгөөд Орхоны 4-27 тоотыг зааж өгсөн. Уг хаягт очиход ногоон өнгийн хойшоо харсан төмөр хаалгаар ороход Монгол гэр байсан бөгөөд уг гэрт ороход үүдний хэсэгт эрүүлжүүлэх байранд хүргэн өгсөн Б шалан дээр хашгачин агсам согтуу тавин хэвтэж байсан. Түүний баруун талд мөн шалан дээр зодуулсан байдалтай, нүүр амнаас нь цус мэт зүйл гарсан. Б- гэгч завилан сууж байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 10248 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Н.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хэргийн хохирогч Д.Б-ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

- Хохирогчийн “...Б хохирлын мөнгө болон эмчилгээний  зардал, ажилгүй байх 7 хоногийн хугацааны мөнгө болох 700.000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн. Би эд зүйлийн хохирлын мөнгө нэхэмжлэхгүй. Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 25-26/-ийг  үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Н.Бд холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангаж, прокуророос Н.Бийг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулахыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн байх тул шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Н.Бийг 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Н.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.

            Хэрэгт битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Х овогт Н-ийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бийг 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бийг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсуга

 

4 . Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг сидиг хэргийн хамт хавсарган үлдээсүгэй.

 

5. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.МӨНХ-ЭРДЭНЭ