Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 906

 

 

 

 

 

 

 

    2020          10           14                                    2020/ШЦТ/906                                

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга С.Хонгорзул,  

улсын яллагч С.Батгэрэл,

шүүгдэгч Л.З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Л-гийн Зт холбогдох эрүүгийн ____ тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа караоке түрээсэлж ажилладаг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт __ дугаарын регистртэй, Б овогт Л-гийн З.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Л.З нь Ц.М-тэй бүлэглэж, 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 19 цагийн үед Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “E-Mart” худалдааны төвийн автомашины зогсоол руу явж байсан хохирогч Ө.Г-ийн халааснаас айфоне 6 плас загварын гар утасыг буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 590.000 төгрөгний хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Л.Зын өгсөн:

“...Би 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр оройн 17-18 цагийн үед танил Ц.М-тэй БГД-ийн 13-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Е-мартын гадна явган хүний зам дагуу гурван явган хүн явж байсан ба “голынх нь эмэгтэйн халаасанд гар утас нь байна” гэж М- надад хэлээд “авчих уу” гэж надаас асуугаад тэгэхээр нь “тэгье” гээд бид хоёр араас нь дагаж яваад М- голын эмэгтэйн гадуур хувцасны халааснаас нь гар утасыг нь авсан, би араас нь хараад дагаж явж байсан. Гар утасыг нь аваад бид хоёр буцаад эргээд явсан. Бид хоёрын хулгайлж авсан гар утас Айфоне-6 плас маркийн саарал өнгөтэй, дэлгэцийнх нь шил нь хагархай гар утас байсан. М- тэр гар утасыг авчихаад дараа нь “Өө, энэ хагархай дэлгэцтэй юм байна” гэхээр нь би “за за чи өөрөө авчихгүй юу даа” гэж хэлээд манай эхнэр ирээд бид хоёр салаад явсан. Тэгээд тэрнээс хойш хоёр цагийн дараа цагдаад дуудагдаж тухайн гар утасыг цагдаагийн ажилтан М-өөс хураан авсан...” гэх мэдүүлэг /хх-н 146-147/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ө.Г-ийн өгсөн:

“...2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 19 цагийн орчимд Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “E-Mart” худалдааны төвд үйлчлүүлчихээд урд хаалгаар нь гарч ертөнцийн зүгээр баруун зүгт байрлуулсан автомашины зогсоол руу алхаж явахад араас махлаг шар царайтай эрэгтэй хүн, туранхай нүдний шил зүүсэн малгайтай эрэгтэй 2 хүн дагаад байсан ба би машин дээрээ очоод суух гэтэл баруун талын халааснаасаа Айфоне-6 плас маркийн гар утасаа хулгайд алдсан байсан. Ингээд цагдаагийн байгууллагад хандаж шалгуулан камерын бичлэгийг сүүлд үзэхэд араас дагаад байсан 2 эрэгтэй хүмүүс нэгнийгээ араас нь харах боломжгүй болгон хааж байгаад, нөгөө нь буюу хар өнгийн саравчтай малгайтай залуу нь баруун талын халааснаас гар утас хулгайлсан байсан. Тухайн өдрийн орой миний гар утасыг хулгайлсан хулгайч нараас нэгийг нь олсон. Энэ таны гар утас мөн үү ... гэж миний эзэмшлийн Айфоне-6 плас маркын ... имай кодтой гар утасыг таниулан буцаан өгсөн. Миний гар утасны дэлгэцний голын шилэн наалт нь цуурч хагарсан, саарал өнгийн гар утас байсан. Миний биеэс эд зүйл хулгайлсан, дагасан гэх хоёр хүнийг танина гэж хэлж чадахгүй байна. Хоёулаа өндөр намаараа ойролцоо өндөртэй, нэг нь шар махлаг царайтай, нөгөө нь бор царайт ай, туранхай биетэй малгай өмссөн 24-25 орчим насны хоёр хүн байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би гар утасаа хүлээн авсан...” гэх мэдүүлэг /хх-н 24-26/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ц.М-ийн өгсөн:

“...2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Хороололоос Тахилт руу харих замдаа хороололын эцсийн автобусны буудал дээр явж байхдаа үл таних 20 гаран орчим насны эмэгтэй хүний гадна цувны зүүн талын халааснаас гар утас унах гээд цухуйж байхад нь хулгайлан аваад гэрийн зүг ханын материалын автобусанд суугаад 1-р хороололд явж байхад цагдаагийн алба хаагч дуудахад, хулгайлж авсан Айфоне 6 эс плас загварын гар утасыг цагдаагийн газарт авчирч өгсөн...” гэх мэдүүлэг /хх-н 27-28/,

 

- Эд зүйл хураан авсан болон эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 37, 38/,

- Дамно ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайлангаар Айфоне-6 плас маркийн гар утасыг 590.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /хх-н 40-41/,

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 49-51/,  

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 89/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 90/,

- ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 91/,

- Баянгол дүүргийн шүүхийн 2006 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 206 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 94-98/,

- Баянгол дүүргийн шүүхийн 2007 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 130 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 99-100/,

- Хан-Уул дүүргийн шүүхийн 2010 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 204 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 101-106/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Л.З нь Ц.М-тэй бүлэглэж, 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 19 цагийн үед Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “E-Mart” худалдааны төвийн автомашины зогсоол руу явж байсан хохирогч Ө.Г-ийн халааснаас айфоне 6 плас загварын гар утасыг буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 590.000 төгрөгний хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Л.Зын “...Би 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр оройн 17-18 цагийн үед танил Ц.М-тэй БГД-ийн 13-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Е-мартын гадна явган хүний зам дагуу гурван явган хүн явж байсан ба “голынх нь эмэгтэйн халаасанд гар утас нь байна” гэж М- надад хэлээд “авчих уу” гэж надаас асуугаад тэгэхээр нь “тэгье” гээд бид хоёр араас нь дагаж яваад М- голын эмэгтэйн гадуур хувцасны халааснаас нь гар утасыг нь авсан, би араас нь хараад дагаж явж байсан. Гар утасыг нь аваад бид хоёр буцаад эргээд явсан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Ө.Г-ийн “...2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 19 цагийн орчимд Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “E-Mart” худалдааны төвд үйлчлүүлчихээд урд хаалгаар нь гарч ертөнцийн зүгээр баруун зүгт байрлуулсан автомашины зогсоол руу алхаж явахад араас махлаг шар царайтай эрэгтэй хүн, туранхай нүдний шил зүүсэн малгайтай эрэгтэй 2 хүн дагаад байсан ба би машин дээрээ очоод суух гэтэл баруун талын халааснаасаа Айфоне-6 плас маркийн гар утасаа хулгайд алдсан байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Ц.М-ийн “...2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Хороололоос Тахилт руу харих замдаа хороололын эцсийн автобусны буудал дээр явж байхдаа үл таних 20 гаран орчим насны эмэгтэй хүний гадна цувны зүүн талын халааснаас гар утас унах гээд цухуйж байхад нь хулгайлан аваад гэрийн зүг ханын материалын автобусанд суугаад 1-р хороололд явж байхад цагдаагийн алба хаагч дуудахад, хулгайлж авсан Айфоне 6 эс плас загварын гар утасыг цагдаагийн газарт авчирч өгсөн...” гэх мэдүүлэг, эд зүйл хураан авсан болон эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, Дамно ХХК-ны хөрөнгийн үнэлгээ, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Л.Зт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Л.Зыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Гэмт хэргийн улмаас хохирогч Ө.Г-т 590,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтаст хэргийн 40-41 дүгээр талд авагдсан эд зүйлийн үнэлгээ хийсэн баримтаар тогтоогдож байна.

 

Эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хх-ийн 37), хохирогч Ө.Г-ийн “... Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би гар утасаа хүлээн авсан. Хэргийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг (хх-ийн 24-26) байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Л.Зт холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангаж, прокуророос Л.Зт 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн байх тул шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Зыг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хадгалж, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б овогт Л-гийн Зыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж, хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Зт 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.З нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сиди 1 ширхэгийг хэрэгт хадгалж, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Зт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ