Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 911

 

 

 

 

 

 

 

    2020          10           19                                      2020/ШЦТ/911

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.МӨНХ-ЭРДЭНЭ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Хонгорзул,  

улсын яллагч А.Марал,

шүүгдэгч М.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Н овогт М-ын Од холбогдох эрүүгийн  2005000001478 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Ховд аймгийн Дарви суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хот, бүс нутаг төлөвлөлт мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, эмээгийн хамт урьд

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, ___ дугаарын регистртэй, Н овогт М-ын О.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.О нь 2020 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтай хотхоны 29 дүгээр байрны орчимд хохирогч Я.С-ийн баруун гарыг мушгинард нь өчиж баруун мөрний шөрмөсний хэсэгчилсэн урагдал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.О мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтад шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч М.Оы өгсөн:

“...Би 2020 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 01 цагийн орчимд Улаанбаатар дэлгүүрийн урд талаас өөрийн эзэмшлийн Тоёота приус 20 загварын 90-33 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээ таксинд явж байгаад зам дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай үл таних эрэгтэй хүн гараа өргөхөөр нь тухайн хүнийг зогсож аваад Баянгол дүүргийн 24-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтай хотхоны 29-р байрны гадна хүргэж өгөөд таксины мөнгөө авах гэтэл тэр хүн надад таксины мөнгө байхгүй, дагаж ороод ав гэж хэлсэн. Тэгэхээр нь би үгүй та өөрөө ороод аваад гараад ир харин би нүдний шилийг чинь авч үлдээд гадаа хүлээж байя гэж хэлсэн. Тэгтэл тэр хүн намайг гар утсаа өгөөч гэж хэлэхээр нь би гар утсаа өгтөл тэр ах шууд миний гар утсаар залгачихаад авахгүй болохоор нь халаасандаа хийгээд автомашинаас буугаад явчихсан. Тэгэхээр нь би ардаас нь очоод гарыг нь татаад нилээдгүй удаан хугацаанд энэ хүнтэй гар утсаа авахаар ноцолдож байгаад гар утсаа авсан юм. Гараа халаасандаа хийчихсэн байх үед нь гарыг нь хойд талаас татаад авчихсан юм. Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-н 29-30/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Я.С-ийн өгсөн:

“...2020 оны 9 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө зугаалганаас ирээд гэр лүү Авилгатай тэмцэх газрын орчимоос такси барих гээд гараа өргөхөд 90-33 УНТ улсын дугаартай приус 20 маркийн саарал өнгийн авто машин зогсоод авч явсан. Тухайн үед манай ажлын залуу хамт уг машинд суугаад Алтай хотхонд буусан. Хэд болсон гээд асуухад 2,000 төгрөг гэсэн. Би угаасаа гэрт ирж байна яах юм гээд ажлын залууг буулгасан. Тэгээд холдоогүй 400 метр газар яваад манай байрны гадаа ирсэн. Би уг жолоочийг гараж руу оруулж зогсоосон. Тэгээд хэд болсон гэхэд 4,000 төгрөг гэсэн. Тэгээд би 3,000 төгрөг л болно биздээ гэхэд тэгээд 3,000 төгрөгөө өгөөч гэсэн. Гэрт ороод мөнгөө авчих гэхэд уг таксины жолооч би чамайг дагаж орж мөнгө авч чадахгүй гэсэн. Тэгээд явах гээд байхаар нь уг машинаас буугаад дагаж ороод аваач чи гэхэд уг жолооч араас бууж ирээд мөнгөө өг гээд миний харааны нүдний шил авсан би нүдний шил өгчих гэрт ороод мөнгө авчих эсхүл би одоо аваад ирье гэхэд чи явчихвал яах юм гээд маргалдаад би уг жолоочийг чи гар утсаа өгчих би эхнэртэй яриад дуудаад гаргаад ирье гэхэд залгачих гээд гар утсаа өгсөн. Тэгээд би эхнэр лүү залгачихаад 3,000 төгрөг авахын тулд ямар сүртэй юм би гар утсыг чинь аваад орчуул яах юм адилхан биздээ гэхэд уг залуу машинаас бууж ирээд миний гарт байсан гар утсаа аваад уг гар утсаа барьсан байсан гар утасныхаа бөгс хэсгээр миний зүүн чамархай орчим нэг удаа цохисон.

Таксины жолооч эрэгтэй машиндаа суугаад зугтаах гэхээр нь би машины түлхүүрийг нь сугалаад авсан. Тэгэхэд миний гараас түлхүүрээ булаах гээд татаж мушгисан би гараа татаад түлхүүрийг нь баруун халаасандаа хийсэн. Тэгэхэд уг жолооч залуу миний баруун гарыг арагшаа татаад өчиж мушгисан. Миний баруун гар нурууны ард гараад ирсэн мөр хэсэг эвгүй болоод явчихсан. Тэгээд эхнэр гарч ирэхээр учраа олно гэхэд уг залуу гар татаж байгаад тавьсан. Эхнэр гарч ирээд юу болсон гэхэд уг залуу танай нөхөр таксины мөнгө өгөхгүй утас хагалчихлаа гэсэн.

О гэх залуу миний баруун гарыг татаж арагшаа мушигаад өчиж гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг /хх-н 5-6/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.О-ын өгсөн:

“...2020 оны 9 дүгээр сарын 05-нд би ... байрны гадаа гарахад манай нөхөр С- толгойгоо барьчихсан толгой эргээд босож чадахгүй байна баруун гар өвдөж байна гээд куртик нь шороо болчихсон газар сууж байсан. Тэгээд юу болсон талаар асуухад нөхөр надад хандаж таксины жолоочид зодуулчихлаа толгой руу гар утсаараа цохисон гар хойшоо мушгисан эрхий хуруу бас хойш мушгисан гэсэн. Тэгээд жолооч нь хаана байна гэхэд цаанаас дунд зэрэг бөөрөнхий махлаг биетэй залуу би жолооч нь байна гээд хүрч ирээд таксины мөнгө нэхэхэд ороод авчих гэсэн би орж авахгүй би уг жолоочид хандан чи над руу залгуулаад мөнгөө авчихгүй яасан юм гэхэд энэ ах машины түлхүүр авсан өгөхгүй байна гэсэн. Тэгээд манай нөхрийг дахин барьж аваад цүнхнээс нь татаад гарыг нөхрийн хойшоо түлхээд бариад байсан...” гэх мэдүүлэг /хх-н 13-15/,   

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн ... тоот:

1. Я.С--н биед баруун мөрний шөрмөсний хэсэгчилсэн урагдал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /х-хн 17-18/,

 

- хохирлын баримтууд /хх-н 65/

- Хохирогч Я.С-ийн “...О нь миний эмчилгээний төлбөр болон бусад хохирлыг бүрэн барагдуулсан...” гэх хүсэлт /хх-н 69/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-н 35/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 40/,

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 42/8

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 44-47/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч М.О нь 2020 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтай хотхоны 29 дүгээр байрны орчимд хохирогч Я.С-ийн баруун гарыг мушгинард нь өчиж баруун мөрний шөрмөсний хэсэгчилсэн урагдал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч М.Оы “...тэр хүн намайг гар утсаа өгөөч гэж хэлэхээр нь би гар утсаа өгтөл тэр ах шууд миний гар утсаар залгачихаад авахгүй болохоор нь халаасандаа хийгээд автомашинаас буугаад явчихсан. Тэгэхээр нь би ардаас нь очоод гарыг нь татаад нилээдгүй удаан хугацаанд энэ хүнтэй гар утсаа авахаар ноцолдож байгаад гар утсаа авсан юм. Гараа халаасандаа хийчихсэн байх үед нь гарыг нь хойд талаас татаад авчихсан юм. Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Я.С-ийн “...О гэх залуу миний баруун гарыг татаж арагшаа мушигаад өчиж гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Б.О-ын “...2020 оны 9 дүгээр сарын 05-нд би ... байрны гадаа гарахад манай нөхөр С- толгойгоо барьчихсан толгой эргээд босож чадахгүй байна баруун гар өвдөж байна гээд куртик нь шороо болчихсон газар сууж байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 10449 тоот дүгнэлт, хохирлын баримтууд зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.Од холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч М.Оыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хэргийн хохирогч Я.С-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хохирогч Я.С-ийн “...О нь миний эмчилгээний төлбөр болон бусад хохирлыг бүрэн барагдуулсан...” гэх хүсэлт /хх-н 69/-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч М.Од холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангаж, прокуророос М.Од 1,200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгөөр торгох ял оногдуулахыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн байх тул шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Оыг 1,200 /нэг мянга хоёр зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч М.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Н овогт М-ын Ог хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Од 1200 /нэг мянга хоёр зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Оыг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

   4. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   Ц.МӨНХ-ЭРДЭНЭ