Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 917

 

  

 

 

 

 

 

     2020         10          21                                   2020/ШЦТ/917

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Хонгорзул,

улсын яллагч Н.Энхболд,

шүүгдэгч Д.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д овогт Д-ийн Ад холбогдох эрүүгийн __ тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа том тэрэг барьдаг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, _, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд

Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, __ дугаарын регистртэй, Д овогт Д-ийн А.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Д.А нь 2020 оны 9 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оюу” нэртэй зочид буудалд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ч.Б-той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож биед баруун нүдний доод зовхинд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.А мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Д.Ан өгсөн:

“...2020 оны 9 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Оюу нэртэй зочид буудалд иргэн Ч.Б-той маргаж, улмаар биед нь халдаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-н 39-40/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ч.Б-ийн өгсөн:

“...2020 оны 9 дүгээр сарын 03-нд найз нартайгаа 13-р хороололд 2 том 2,5 литрийн пиво хувааж уусан. Тэгээд хороололд буугаад орох гээд явах гэж байхад нэг найзыг маань эхнэр нь ирээд аваад явсан. Тэгээд нэг найзтайгаа БГД-н 23-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Оюу нэртэй зочид буудлын 102 тоот өрөөнд 1 том 2,5 литрийн пиво авч ороод уг пиво уугаагүй унтсан. Тэгээд орой 21:00 цаг өнгөрч байхад хамт байсан найзын эхнэр нь залгаад байна гээд хамт гараад найзыгаа 13-р хороололд хүргэж өгсөн. Тэгээд би авсан буудалдаа буцаж ирээд өрөөндөө ороод гарч тамхи татчихаад буцаад ороход коридорт нэг эрэгтэйтэй таарсан уг эрэгтэй гадуур шагийн архи байна уу гэхээр нь манай өрөөнд нэг пиво байна гадуур цагдаа их байна шагийн юм байхгүй юм шиг байна гэхэд уг эрэгтэй нэг залуутай байна чиний пиво танай өрөөнд эсвэл манай өрөөнд ороод хувааж ууя гэхээр нь тэг гээд өрөөндөө ороод байж байхад уг залуу пиво аваад өрөөндөө ороод ир гэсэн. Би пиво аваад ороход уг залуу 3 эмэгтэй байсан тэгээд хоёр эмэгтэй нь унтаж байсан. Туяа гэх эмэгтэй уг залуу бид гурав уг авч орсон пиво хувааж ууж байхад уг залуугийн эхнэр нь босож ирээд хамт уусан. Уг эрэгтэйгийн эхнэр нь өлсөөд байна гэхээр нь надад гялгар уутанд хийсэн цуйван байгаа та нар идчих гээд өрөөнөөс ороод авч ирсэн. Тэгэхэд уг эрэгтэйгийн эхнэр нь найзтайгаа уг цуйванг идэж байхад нь уг залуу эхнэртээ хандаж чи надад өлсөж байгаагаа хэлсэн бол хоол захиалж өгөх байсан гээд цуйванг нь газар цохиод унагаасан. Тэгээд газраас аваад ам руу нь чихээд өлсөж байгаа ид гээд байсан. Тэгээд уг залуу эхнэрээ хоёр алгадсан, тэгэхээр нь би тэлээнээс нь татаад хөөе боль хөөе гэхэд уг эрэгтэй эргэж хараад миний хамар хэсэгт гараараа нэг удаа цохисон. Тэгэхэд миний хамраас цус гараад тогтохгүй байсан. Надад одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 11-14/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ц.М-ы өгсөн:

“...2020 оны 9 дүгээр сарын 04-ний шөнө 02:00 цагийн үед манай нөхөр гаднаас ажлаа тараад ирсэн. Тэгээд манай нөхрийг ирээд удаагүй байхад Оюунтуяагийн дуудаж ирсэн хоёр хүний эрэгтэй нь гараад явсан. Тэгээд тэр залууг гараад удаагүй байтал бид нарын байсан өрөөний хажуу талын өрөөнд байсан нэг танихгүй, одоо хохирогч гээд байгаа залуу ганцаараа байна, нэг пиво байна хамт уух уу гээд ороод ирсэн. Тэгээд тэр залуугийн барьж орж ирсэн пивийг манай нөхөр хамт хуваан уугаад үлдсэн бөгөөд тэр үед би унтаад өгсөн. Тэгээд би унтаж байгада нэг сэргэхэд манай нөхөр, нөгөө танихгүй залуу хоёр миний талаар яриад байх шигбайсан бөгөөд тэр залуу манай нөхөрт ярихдаа манай найз Оюунтуяагийн дуудсан эмэгтэйтэй хамт ирсэн залуу нь буудлын гадаа сууж байгаад орж ирсэн юм шиг байна лээ. Тэр байдлыг хохирогч гэх залуу харсан болохоор манай нөхөрт намайг танай эхнэр гаднаас нэг эрэгтэй өрөөндөө оруулж байсан, танай эхнэр явдалтай гэх зэргээр сонин юм яриад байхаар нь манай нөхөр тэр залуугийн хамар орчим баруун гараараа нэг удаа цохисон. Тэр үед би салгаад нөгөө хохирогч гэх залууг харсан чинь хамарны нуруу хэсэг нь шалбараад хамраас нь цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх-н 17-18/,  

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн ... тоот:

1. Ч.Б--н биед хамрын нуруунд шарх, хамрын нуруу хоёр зовхины дотор буланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой байна гэх дүгнэлт /хх-н 21-22/,

 

- Хохирогч Ч.Б-ийн “...Д.Атай сайн дурын үндсэн дээр эвлэрсэн ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлт /хх-н 75/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 25/,

- иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-н 26/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 44/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Д.А нь 2020 оны 9 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оюу” нэртэй зочид буудалд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ч.Б-той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож биед баруун нүдний доод зовхинд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Д.Ан “...иргэн Ч.Б-тй маргаж, улмаар биед нь халдаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Ч.Б-ийн “...уг залуу эхнэрээ хоёр алгадсан, тэгэхээр нь би тэлээнээс нь татаад хөөе боль хөөе гэхэд уг эрэгтэй эргэж хараад миний хамар хэсэгт гараараа нэг удаа цохисон. Тэгэхэд миний хамраас цус гараад тогтохгүй байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Ц.М-ы “...хохирогч гэх залуу харсан болохоор манай нөхөрт намайг танай эхнэр гаднаас нэг эрэгтэй өрөөндөө оруулж байсан, танай эхнэр явдалтай гэх зэргээр сонин юм яриад байхаар нь манай нөхөр тэр залуугийн хамар орчим баруун гараараа нэг удаа цохисон. Тэр үед би салгаад нөгөө хохирогч гэх залууг харсан чинь хамарны нуруу хэсэг нь шалбараад хамраас нь цус гарч байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 10249 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Д.Аг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хэргийн хохирогч Ч.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хохирогч Ч.Б-ийн “...Надад одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 11-14/, хохирогч Ч.Б-ийн “...Д.Атай сайн дурын үндсэн дээр эвлэрсэн ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлт /хх-н 75/-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Д.Ад холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангаж, прокуророос Д.Ад 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулахыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн байх тул шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Аг 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Д овогт Д-ийн Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Аг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Аг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

   4. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.МӨНХ-ЭРДЭНЭ