Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 918

 

  

 

 

 

 

 

     2020        10           21                                   2020/ШЦТ/918

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Хонгорзул,

улсын яллагч Г.Ганхөлөг,

шүүгдэгч Э.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х овогт Э-гийн М-д холбогдох эрүүгийн __ тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, _ тоотод оршин суудаг, урьд

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн _ дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, _ дугаарын регистртэй, Х овогт Э-гийн М-.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Э.М- нь 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч П.Б-ы нүүр лүү өшиглөх, гар луу цохих зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын нуруу, амны зүүн булангийн дотор салстад шарх, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр бугалганд цус хуралт, баруун тохойн ард зулгаралт бүхий хөнгөн хохрол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.М- мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Э.М-гийн өгсөн:

“...Би 2020 оны 8 дугаар сарын 20-ны шөнийн 01 цагийн үед Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар эмнэлгийн ертөнцийн зүгээр зүүн талд байх Жаст Ойл шатахуун түгээх станцын ард хамт ажилладаг П.Б-той маргалдаж муудсанаас П.Б-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохиро лучруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-н 31-32/,    

 

Мөрдөн байцаалтад хохирогч П.Б-ы өгсөн:

“...2020 оны 8 дугаар сарын 20-ны 19 цагийн үед Баянгол дүүргийн хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах EFES нэртэй зоогийн газарт ажлынхантайгаа бөөндөө нийт 11 хүн орж архи ууцгаасан. Тухайн үед манай хамт ажилладаг гэх Ган-Очир гэх хүн байгууллагын хүндэт тэмдэг авсан болохоор тухайн хүний баярыг тэмдэглэж дуусаад тухайн газраас 01 цагийн үед Э.М-, Б.Б бид гурав 3 дугаар эмнэлгийн ертөнцийн зүгээр зүүн талд Жаст-Ойл ШТС-н хойд талд явж байгаад би Э.М-тай яг юунаас болоод маргалдаж муудсанаа санахгүй байна. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Миний санаж байгаагаар миний гар хөл рүү Э.М- гараараа цохихоор нь би заяа чи яагаад намайг цохиод байгаа талаар асуухад Э.М- нь чамайг ална гэхээр нь би уурандаа Э.М-гийн толгой руу хоёр удаа гараараа цохисон. Тэгээд бид 2 хоорондоо маргалдаж муудаад хэрэггүй нэг газарт ажилладаг хүмүүс байж гэж хэлээд эвлэрээд сууж байтал Э.М- гэнэт миний нүүр лүү өшиглөхөд миний хамраас цус гараад доошоо тонгойгоод байж байтал дахиад хэд хэдэн удаа толгой руу гараараа цохисон. Одоо бид хоёр хоорондоо эвлэрсэн болохоор Надад гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 7-9/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн ... тоот:

1. П.Б--н биед хамар ясны хугарал, хамрын нуруу, амны зүүн булангийн дотор салстад шарх, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр бугалганд цус хуралт, баруун тохойн ард зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй  гэх дүгнэлт /хх-н 19-20/,

 

- Хохирогч П.Б-ы “...Э.М-д гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлт /хх-н 44/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 33/

- иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-н 39/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 40/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Э.М- нь 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч П.Б-ы нүүр лүү өшиглөх, гар луу цохих зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын нуруу, амны зүүн булангийн дотор салстад шарх, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр бугалганд цус хуралт, баруун тохойн ард зулгаралт бүхий хөнгөн хохрол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Э.М-гийн “...П.Б-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохиро лучруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,   

 

хохирогч П.Б-ы “...Э.М- гэнэт миний нүүр лүү өшиглөхөд миний хамраас цус гараад доошоо тонгойгоод байж байтал дахиад хэд хэдэн удаа толгой руу гараараа цохисон...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 9664 тоотдүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.М-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Э.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хэргийн хохирогч П.Б-ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хохирогч П.Б-ы “...Надад гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 7-9/, “...Э.М-д гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлт /хх-н 44/-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Э.М-д холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангаж, прокуророос Э.М-д 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулахыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн байх тул шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-г 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Э.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Х овогт Э-гийн М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-г 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-г торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

   4. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.МӨНХ-ЭРДЭНЭ