Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
Хэргийн индекс | 128/2018/0169/З |
Дугаар | 521 |
Огноо | 2018-08-27 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 521
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Б даргалж хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Г.Н
Хариуцагч: С*******
Гуравдагч этгээд: Л.Л
Гуравдагч этгээд: Ж.Д
Нэхэмжлэлийн шаардлага: “С*******-ын 2008 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 210 дугаар захирамжийн Л.Л-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, С*******-ын 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/305 дугаар захирамжаар Л.Л-гийн газрыг иргэн Ж.Д-д шилжүүлсэн хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, гуравдагч этгээд Ж.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.О нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “С*******-ын 2005.12.30ний өдрийн №340 захирамжаар 15-р хороо Ш******* 15 жилийн хугацаатай зуслангийн газар эзэмших эрхийг 0058745 тоот гэрчилгээг иргэн Л.Лд СД-ийн Засаг даргын 2008.07.14нд №210 дугаартай газар эзэмших 0219638 тоот гэрчилгээг давхцуулан олгосон байсныг миний бие нь 2015 оны 9 сард мэдсэн.
2015 оны 9 сард Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт өргөдөл өгсний дагуу 2016.2.26 өдрийн №******* газрын тухай СД-ийн өмч газрын харилцааны албанд; Дүгнэлт хүргүүлэхдээ Улсын байцаагч Г.Э иргэн Л.Л-д газар олгохдоо дээрх ******* тоот нэгж талбартай газрыг мэдээллийн санд бүртгэж газар эзэмших эрх олгосон нь “Газрын тухай” хуулийн 31-р зүйлийг 31.3 дахь /хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна/ хэсэг 35-р зүйлийн 35.3.5 дахь /Бусдын газар эзэмшилтэй холбогдсон эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх/заалт ГХГЗЗГ-ын даргын 2008 оны 83 дугаар ‘’Газар эзэмших ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын 6-р зүйлийн 6.2.2 дахь /Бусдын эзэмшил ашиглалтын газартай давхцаж буй эсэхийг тодорхойлох/’заалт хэсгийг тус тус зөрчсөн байна гэсэн дүгнэлт хүргүүлсэн.
Тухайн дүгнэлттэй холбогдуулан СД-ийн Газрын албанд өргөдөл өгсөн боловч албан бичиг хариу өгөөгүй, тул дахин 2017-04-03нд СД-ийн газрын албанд өргөдөл өгсөн. СД-ийн засаг дарга 2017.10.18нд Захиргааны хэргийг шүүхэд хандаж болно гэсэн албан тоот өгсөн. 2017-10-23нд Захиргааны хэргийн шүүхэд өргөдөл гаргасан.2017-10-30 өдөр №128/ш32017/6898 захирамж өгсөн нь Захиргааны ерөнхий хуулийн 93-р зүйлийн 93.1 иргэний хуулийн этээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллага , хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий дээд шатны захиргааны байгууллага болох Нийслэлийн Засаг Даргад өргөдөл гаргасны дагуу:Уг газарт барилга баригдсан байгаа тул Газрын тухай хуулийн 60-р зүйлийн 60.14-т заасны дагуу дээрх асуудлыг хууль ,хяналтын байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ үү гэсэн хариу ирсэн.
Иймд тухайн газрыг эрх бүхий байгууллага шийдвэрлэж өгөөгүй тул сүүлд олгосон 2008-07-14ны №210 дугаартай СД-ийн Засаг даргын захирамжийг иргэн Л.Лд давхцуулан олгосоныг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа тул миний хүсэлтийг хангаж өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Иргэн Г.Н-гийн нэхэмжлэлтэй, С*******д холбогдох С*******-ын 2008 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 210 дугаар захирамжийг хүчингүй болгох тухай гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
Иргэн Г.Н-д тус дүүргийн Засаг даргын 2005 оны 340 дүгээр захирамжаар С******* дүүргийн ******* хороо /2005 онд 15 дугаар хороо байсан/ Ш******* зусланд 0,06 мкв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдсэн.
Нэхэмжлэгчийн газар эзэмших хувийн хэрэгт 2005 оны 08 дугаар сарын 10-ны өдөр гаргасан газар эзэмшихийг хүссэн өргөдөлд 25*25 м.кв газар эзэмшихийг хүссэн, маргаан бүхий газрын нэгж талбарын кадастрын зургийг 2005 оны 10 дугаар сард эзэмшигчийн нэргүй зураг хавсаргасан, газар эзэмших гэрээгүй байна.”
Маргаан бүхий газрыг дүүргийн Засаг даргын 2008 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 210 дугаар захирамжаар иргэн Л.Л-д эзэмшүүлж шийдсэн.
Иргэн Л.Л-гийн газар эзэмших хувийн хэрэгт байх С******* дүүргийн Газрын албанд гаргасан өргөдөлд “... 2003 онд Ш******* зусланд одоог хүртэл амьдарч байгаа тул эзэмшиж буй газрыг хувьчилж өгнө үү” гэж бичсэн нь нэхэмжлэгч маргаан бүхий газрыг 2 жил дараалан эзэмшиж, ашиглаагүйг нотолж байна.
Энэ нь нэхэмжлэгч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүй гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүйг байх тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хуулийн үндэслэл үүссэн байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ эрх нь зөрчигдсөн гэдгийг 2015 оны 09 дүгээр сард мэдсэн гэжээ. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд гаргах нэхэмжлэлийг 30 хоногийн дотор гаргаагүй нь тус хуулийн 54.1.8-д зааснаар хүлээн авахаас татгалзах хуулийн зохицуулалттай.
Иймд дээрх маргаан бүхий Засаг даргын захирамж нь хуульд заасны дагуу эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан захирамж тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч Л.Л-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “... Л.Л нь С*******-ын 2008 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн № 210 дугаартай захирамжаар 0219638 тоот гэрчилгээг С******* дүүргийн 15 дугаар хороо, Ш******* зусланд эзэмшихээр болсон. Уг газрыг эзэмших эрхийг авахаасаа өмнө буюу 2000 оноос эхлэн газар дээр шон хатган өөрийн эзэмшилд авахаар 2008 онд дүүргийн Газрын албанд хандаж, кадастрын зураглалд оруулахад уг газарт ямар нэг газар эзэмших болон кадастрын зураглалын давхардал байгаагүй, хуулийн дагуу газар эзэмших эрхээ авч байсан. Гэтэл 2015 онд Б миний бие аавынхаа эзэмшлийн газар дээр очиход Н гэх хүн манай газрын хажууд байшин барьсан, харин манай газар руу түрж ороод 00 барьсан байсан. Тухайн үед нь би Н гэх хүнтэй утсаар холбогдож, ярилцахад Н наад газар чинь миний газар би наад газрыг 2005 онд авсан гэж ярьсан. Тэгээд бид дахин ярьж дүүрэг дээр уулзсан. Тэгээд кадастрын зургаа гаргуулахад Н гэх хүний нэр дээр кадастрын зураг гардаггүй, харин манай газрын кадастрын зураг гарч байсан. Тэр үед Н надаас манай газрын кадастрын зургийг авч, эгч нь наадахыг чинь хүн амьтнаас асуугаадахъя, яагаад манай газрынх гарахгүй байгаа юм бол гэхээр нь би кадастрын зургаа өгч байсан. Гэтэл тэр зургийг Н нь ашиглан манай кадастрын зургийг нэргүй болгож, шүүхэд өгсөн байна.
Н-гийн хувьд хэдийгээр 2005 онд газар эзэмших эрхийн гэрчилгээг авсан гэж байгаа боловч, түүнд кадастрын зураг байхгүй байхад яаж газар эзэмших эрхээ авсан нь тодорхойгүй, дур зоргоороо бусдын эзэмшил рүү халдаад, ийн шүүхэд миний газар гээд, манай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар хандаж байгааг хүлээн зөвшөөрөх ямар ч үндэслэлгүй. Энэ бүгдийг шүүх харгалзан үзэж, Н-гийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд Ж.Д шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “Иргэн Ж.Д би иргэн Л.Л-с 2017-05-29нд Ш*******ын зусланд байрлах 596м2 газрыг хууль ёсны дагуу худалдан авсан.Ингээд 1сарын дараа очиход гэрчилгээ гараагүй гэсэн .Хэд хэдэн удаа очиход маргаантай энэ газрыг чамд өгөхгүй гэж ажилтан Хадбаатар хэлээд дандаа буцаадаг.2018 оны 3-р сараас эхлэн явсан.Дарга Сугар дээр орж, 5-р сарын 15-нд газар дээр очиж үзсэн./З/
2018-05-29нд өргөдөл өгсөн боловч хариу гараагүй.2018 оны 6-р сард 2017-09-18нд захирамж гарсныг мэдсэн.Ямар учраас сатуулаад өгөхгүй өайгааг үл ойлгож байна.Улсын мэдээллийн сангаас мэдээ авч надад гэрчилгээ өгөхөөр болсон нь үнэн гэж бодож байна.Наранхүүгийн шаардлагыг эсэргүүцэж байна.
Би 2018-07-23наас 8сарын3 дуустал сувилалд явах учир 7сарын31-ны шүүх хуралд оролцох боломжгүй байгаагаа мэдэгдье” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн зүгээс ямар нэгэн байдлаар гуравдагч этгээдүүдийг буруутгах гэсэн зүйл байхгүй. Хариуцагчаас тухайн газрыг 2005 оны захирамжийн дагуу Г.Н гэдэг хүнд эзэмшүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Ямар нэгэн байдлаар өөр нэгж талбар, өөр байршилд байх ёстой гэдэг байдлаар маргасан зүйл байхгүй. Үүнээс 2005 онд иргэн Г.Н-д эзэмшүүлсэн газрын нэгж талбар, 2008 онд иргэн Л.Л-д эзэмшүүлсэн нэгж талбарын дугаартай давхцаж байгаа нь маш тодорхой харагдаж байгаа. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа “Газраа 2 жил дараалан ашиглаагүй байгаа учир газар эзэмших эрхийг хүчингүй болгох нөхцөл бүрдсэн байна” гэсэн байгаа. Үүнээс үзвэл Г.Н-д газар эзэмшүүлсэн захирамж өнөөдрийг хүртэл хууль ёсны дагуу хүчин төгөлдөр байна. Мөн мэдээллийн санд Г.Н-гийн хувийн хэрэгт авагдсан кадастрын зураг байгаа. Тухайн ажилтан нь R13320 гэсэн кодын оронд Г.Н-гийн нэрийг оруулах ёстой байсан боловч оруулаагүйн улмаас 2008 онд Л.Л гэдэг хүн мэдээллийн сангаас тухайн газрыг шүүлгэж үзэхэд мэдээлэл гарч ирээгүй. Үүний улмаас энэ асуудал. Г.Н 2005 оны 10 дугаар сард тухайн газрыг эзэмшихээр өргөдөл өгсөн байгаа. С*******-ын шийдвэр 2005 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гарсан. Газрын гэрчилгээ 2005 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гарсан. Гэрчилгээ гарсны дараа маргаан бүхий газар мэдээллийн санд R13320 кодтойгоор орсон. 2008 онд Л.Лд газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг ноцтой зөрчсөн. Хэрэв хариуцагч ажилдаа хариуцлагатай хандсан бол өнөөдөр иргэд хоорондоо ингэж маргалдахгүй байсан. Нэхэмжлэгчийн газар эзэмших эрх хуулийн дагуу үүссэн. Хэдийгээр Л.Л хуулийн дагуу өргөдөл өгөөд, үүнийх нь дагуу захирамж гарсан ч гэсэн цаг хугацааны хувьд давхцал үүсч байна. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Г.Н өөрөө хөөцөлдөж нэрээ бичүүлэх ёстой байсан. Энэ нь заавал хэн нэгэн ажилтны буруу биш, нэхэмжлэгчийн буруу гэж бодож байна. Хэн нэгэн албан тушаалтанд буруу өгөх гээд байх шаардлага байхгүй” гэжээ.
Гуравдагч этгээд Ж.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Давхцлаас болоод би хохирч байна” гэжээ.
ҮНДЭСЛЭЛ:
Нэхэмжлэгч Г.Н нь анх 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр “С*******-ын 2008 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 210 дугаар захирамжийн Л.Л-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Улмаар 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр “С*******-ын 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/305 дугаар захирамжийн Л.Л-гийн газар эзэмших эрхийг иргэн Ж.Д-д шилжүүлсэн хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.
Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Г.Н-д С*******-ын 2005 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” дугаар 340 тоот захирамжийн 2 дугаар хавсралтаар С******* дүүргийн 15 дугаар хороо, Шаргаморьтод байрлах нэгж талбарын ******* дугаар бүхий 0.06 га газрыг зуслангийн зориулалтаар эзэмшүүлсэн байна.
Гуравдагч этгээд Л.Л-д С*******-ын 2008 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн “Газар эзэмшүүлэх, хугацаа сунгах, газар эзэмших эрхийг баталгаажуулах, бусдын нэр дээр шилжүүлэх тухай” дугаар 210 тоот захирамжаар С******* дүүргийн 15 дугаар хороо, Ш*******од байрлах нэгж талбарын ******* дугаар бүхий 596 м.кв газрыг зуслангийн зориулалтаар эзэмшүүлсэн байна.
С*******-ын 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн “Зуслангийн зориулалттай газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах, талбайн хэмжээ өөрчлөх, хамтран эзэмшигч нэмэх тухай” дугаар А/305 тоот захирамжаар маргаан бүхий С******* дүүргийн ******* хороо, Ш*******од байрлах нэгж талбарын ******* дугаар бүхий газрын эзэмших эрхийг Л.Л-гээс Ж.Д-д шилжүүлсэн байна.
Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасан байна.
Дээрх үйл баримтуудаас үзэхэд гуравдагч этгээдүүдэд газар эзэмшүүлсэн С*******-ын 2008 оны дугаар 210 тоот захирамж, 2017 оны А/305 тоот захирамжууд гарахаас өмнө тус дүүргийн Засаг даргын 2005 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дугаар 340 тоот захирамжаар нэхэмжлэгч Г.Нд маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн байна.
Мөн нэхэмжлэгч Г.Н нь гуравдагч этгээд Л.Л-гээс цаг хугацааны хувьд өмнө 2005 оны 08 дугаар сарын 10-ны өдөр газар эзэмших хүсэлт гаргасан байх ба харин гуравдагч этгээд Л.Л нь 2008 оны 06 дугаар сарын 16-ны өдөр газар эзэмших хүсэлт гаргасан байна.
С******* дүүргийн Газрын албаны архивт шүүхээс очиж үзлэг хийсэн ба уг шүүхийн үзлэгээр нэхэмжлэгч Г.Н-гийн газрын хувийн хэрэгт байгаа бичиг баримтуудыг үзэхэд Г.Н-гийн 2005 онд гаргасан газар эзэмшихийг хүссэн хүсэлт, Г.Н-гийн газар эзэмших хүсэлтийг хүлээн авсан Бүртгэл хяналтын карт, нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн 2005 оны Засаг даргын захирамж, нэгж талбарын 186......... дугаар бүхий газрын кадастрын зураг гэх мэт баримтууд хадгалагдаж байсан болно.
Дээрх үйл баримтуудаас үзэхэд Г.Н-гийн маргаан бүхий газрыг эзэмшихээр гаргасан хүсэлт, Г.Н-д газар эзэмшүүлсэн Засаг даргын захирамж нь гуравдагч этгээдүүдийн газар эзэмшихийг хүссэн хүсэлт, гуравдагч этгээдүүдэд газар эзэмшүүлсэн Засаг даргын захирамжаас цаг хугацааны хувьд өмнө болох нь нотлогдож байна.
С*******-ын 2008 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн дугаар 210 тоот захирамжаар Л.Л-д, 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн дугаар А/305 тоот захирамжаар Ж.Д-д тус тус маргаан бүхий газрыг эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг зөрчиж, Г.Н-д цаг хугацааны хувьд өмнө нь эзэмшүүлсэн байсан газрыг гуравдагч этгээдүүдэд давхцуулан эзэмшүүлсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар бодитой нотлогдож байна.
Мөн Г.Н-д газар эзэмшүүлсэн Засаг даргын 2005 оны дугаар 340 тоот захирамж хүчинтэй үйлчилж байхад уг захирамжийн үйлчлэлийг хэрхэхийг шийдвэрлэлгүйгээр гуравдагч этгээдүүдэд газар эзэмшүүлсэн нь хууль зөрчсөн байна.
Өөрөөр хэлбэл Ш*******од байрлах нэгж талбарын 18.......... дугаар бүхий нэг газрыг 2 иргэнд давхцуулан эзэмшүүлсэн байх бөгөөд уг 2005 оны дугаар 340 тоот, 2017 оны А/305 тоот захирамжууд аль аль нь одоо хүчинтэй үйлчилж байгаа нь хуульд нийцэхгүй байна.
Гуравдагч этгээд Л.Л-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Г.Н-гийн газрын кадастрын зурганд газар эзэмшигчийн нэр байхгүй учраас Г.Н-д газар эзэмшүүлсэн Засаг даргын захирамж хууль бус” гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байх боловч газрын кадастрын мэдээллийн сангийн бүртгэлийг удирдах, хөтлөх, түүнд хяналт тавих нь захиргааны байгууллагын чиг үүрэг тул нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй байна.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Г.Н-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Н-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж С*******-ын 2008 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн “Газар эзэмшүүлэх, хугацаа сунгах, газар эзэмших эрхийг баталгаажуулах, бусдын нэр дээр шилжүүлэх тухай” 210 дугаар захирамжийн Л.Л-д холбогдох хэсгийг, С*******-ын 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн “Зуслангийн зориулалттай газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах, талбайн хэмжээ өөрчлөх, хамтран эзэмшигч нэмэх тухай” А/305 дугаар захирамжийн Ж.Д-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.Б