Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 1620

 

 

 

 

 

2016 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 184/ШШ2016/01620

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батчимэг, Б.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ************** тоотод байрлах, “*************” ХХК /РД:************/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ***************** тоотод оршин суух, *********овогт ********** ************* /РД:**********/-д холбогдох

 

Гэм хорын хохиролд 23.529.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Баасанжаргал, хариуцагчийн төлөөлөгч П.Уянга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Лхагвадулам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “*************” ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Т.************* нь “*************” ХХК-д ажилд ороод туршилтын хугацаандаа байхдаа тус компанийн өмчлөлийн *************улсын дугаартай, *************маркийн ачааны автомашиныг жолоодож яваад Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт зам тээврийн осол гаргасны улмаас тус компанид үлэмж хэмжээний хохирол учруулсан.

Манай компанийн зүгээс Т.*************д уг хохирлыг нөхөн төлөх боломжийг удаа дараа гаргаж өгсөн боловч хохирлыг төлөх талаар ямар ч санаачлага гаргахгүй зугтааж, өдийг хүрсэн тул шүүхэд хандаж шийдвэрлүүлэхээс өөр аргагүй байдалд хүрлээ. ************* ХХК нь Улаанбаатар хотын автозам засвар, шинээр хатуу хучилтат зам барих ажил эрхэлдэг ба осол гарсанаас хойш ажлын зайлшгүй шаардлагын улмаас бусдаас ачааны автомашин түрээслэн нэлээдгүй хохирсон байна.

Авто ослын улмаас тус компанийн *************улсын дугаартай, ************* маркийн ачааны автомашинд учирсан хохирол нь “Бэст эстимэйт” ХХК-ийн гаргасан үнэлгээгээр нийт 14.240.000 төгрөг гэж гарсан ба Т.*************г уг хохирлыг барагдуулж өгөхийг хүссэн боловч төлөх талаар ямар ч санаачлага гаргаагүйн дээр манай компанийн зүгээс уг автомашиныг өөрсдийн зардлаар засаад Т.*************г компанид ажиллаад цалингийнхаа тодорхой хувиар график үүсгээд хохирлыг барагдуулахыг хүртэл санал болгоод хүлээж аваагүй юм.

Ийм учраас компанийн зүгээс *************автомашиныг гаднаас сэлбэг хэрэгслийг нь худалдаж авч, засч янзалсан ба засварт нийт 13.500.000 төгрөгийн зардал гарсан байна. Үүнээс гадна осол болсон 2015 оны 9 сарын 30-ны өдрөөс хойш компани хийж гүйцэтгэх ёстой зайлшгүй ажлын шаардлагын улмаас иргэн Д.Нарантуяагаас автомашин

түрээслэн хийж гүйцэтгэх ажлаа хийсэн бөгөөд нийт түрээсийн төлбөрт 9.651.000 төгрөгийн зардал гарсан. Автомашины хохирлын үнэлгээг гаргуулахад 365.000 төгрөг, БГД-ийн прокурорын газраас материал хувилж авахад 13.000 төгрөг, нийт 23.529.000 төгрөгийн бодит хохирол “*************” ХХК-д учирсан ба Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасны дагуу дээрх хохирлыг Т.*************гээс гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Т.*************гийн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Манай нөхөр тус компанид 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр ажилд орсон. Тухайн үед нөхрийн маань жолоодож яваад осолд орсон 0342 УНӨ улсын дугаартай Дэвү-5 маркийн ачааны автомашин нь даатгалгүй байсан бөгөөд тус автомашиныг бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн эсэх талаар акт байдаггүй юм. Мөн нэхэмжлэгч компани нь хариуцагчийг ажилд авч эрх, үүргээ харилцан тохиролцсон баримт байхгүй тул иргэн хүнийг хохироож байна гэж үзэж байна.

Замын цагдаагийн шийдвэрээр Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар зүйл 8.11 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэдгийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн боловч тухайн үед тус автомашины тормоз барьсан мөр байхгүй ба тормоз нь ажиллаагүй, араа нь дутуу ордог байснаас өөр тээврийн хэрэгслийн араас нь мөргөсөн байсан. Хариуцагч нь тухайн үед бүрэн бус автомашинтай ажилд гарахгүй байж болох байсан боловч нэхэмжлэгч компанийнхан бүрэн бус автомашин гэдгийг мэдсээр байж ажилд гаргасан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна.

Тухайн үед 1 сарын цалин хөлс нь 800.000 төгрөг гэж тохиролцсон. Харин би тэднийг хугацаагаа ямар байдлаар тохиролцсоныг нь мэдэхгүй, ажлаа дуустал, зогстол ажиллуулна гэж тохиролцсон байх гэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “*************” ХХК-иас хариуцагч Т.*************д холбогдуулан гэм хорын хохиролд 23.529.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон агуулгаа “...Монгол улсын Замын хөдөлгөөний хууль, дүрмийн дагуу унаж байгаа автомашины бүрэн бүтэн байдлыг шалган үзэж замын хөдөлгөөнд орох үүрэгтэй жолооч нь бусдын машиныг мөргөж байгууллагын өмч хөрөнгө болох автомашинд гэм хор, хохирол учруулсан. Түүний гэм буруу нь цагдаагийн байгууллагаар тогтоогдсон тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасны дагуу хохирлоо шаардаж байна” гэж,

Хариуцагч тал нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн татгалзлаа “...Нэхэмжлэгч компанид жолоочоор ажилд ороод удаагүй энэ осол болсон. Ажилд гарсан машин нь техникийн хувьд бүрэн байгаагүй, тоормоз барихгүй, араандаа ороогүйгээс уг осол болсон. Байгууллага машинаа шалгаж бүрэн бүтэн машин ажилд гаргаагүй зохих буруутай тул шууд учирсан хохирол буюу машины эвдрэлийн 50 хувийг төлж болно” гэж тус тус тайлбарлан маргадаг.

 

Нэхэмжлэгч нь өөрийн шаардах эрхээ Иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар буюу байгууллагын эд хөрөнгөнд хууль бус болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан Т.************* нь уг гэм хороо хариуцан арилгах үүрэгтэй гэж тодорхойлж буй хэдий ч нэхэмжлэгчийн дээрх шаардах эрх хуулийн үндэслэлгүй байна.

 

Учир нь гэм хор учруулснаас үүсэх үүрэг нь зөрчлийн улмаас үүсэх үүрэг бөгөөд талуудын хооронд гэрээний үүргийн харилцаа үүсээгүй байх шинжийг агуулдаг. Хариуцагч Т.************* нь тус компанийн өмчлөлийн ачааны автомашиныг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчин зам тээврийн осол гаргаж 14.240.000 төгрөгийн хохирол автомашинд учирсан үйл баримт хэрэгт авагдсан Замын цагдаагийн газрын хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургууд, Бэст эстимэйт ХХК-ийн автомашины техникийн үнэлгээний тайлан, Тээврийн прокурорт хандсан гомдол, Прокурорын мэдэгдэх хуудас, тогтоолуудаар нотлогддог.

 

Гэвч нэхэмжлэгч “*************” ХХК, хариуцагч Т.************* нарын хооронд гэрээний үүргийн харилцаа буюу хөдөлмөрийн харилцаа үүссэн бөгөөд хариуцагч болох нэхэмжлэгч компанийн ажилтан жолооч Т.************* нь компанийн удирдлагын зүгээс үүрэг болгосон ажлыг гүйцэтгэхээр явж байх үедээ зам тээврийн осол гаргасан болох нь нэхэмжлэгчийн ...осол гарах үед ажил үүргээ гүйцэтгэж явж байсан, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, туршилтын хугацаандаа байсан, хариуцагчийн ...ажилд ороод 3, 4 хоногийн дараа осол гарсан, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй 800.000 төгрөгөөр цалинжуулна гэж байсан гэх талуудын тайлбар, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, үйл баримтаар тогтоогдсон, Т.************* нь “*************” ХХК-ийн ажилтан, ажлаа гүйцэтгэж байх үедээ осол гаргасан талаар талууд маргадаггүй.

 

Хариуцагч Т.*************гийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж осол гаргасан гэм буруугийн улмаас нэхэмжлэгч ************* ХХК-д эд хөрөнгийн гэм хорын хохирол учраагүй байх ба харин Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журамд заасан байгууллагын өмч хөрөнгийг эвдэж гэмтээснээс нэхэмжлэгч байгууллагад хохирол учирсан байна.

 

Нэхэмжлэгч тал нь ...хариуцагчтай хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулаагүй, туршилтын хугацаанд ажиллаж байсан гэх боловч Т.************* нь тус байгууллагад жолоочоор ажиллаж байсан, 800.000 төгрөгөөр цалинжуулахаар тохиролцсон гэх талуудын маргаангүй тайлбар, үйл баримтаар тэдний хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн тул уг харилцаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд 4.1-д зааснаар зохицуулагдах юм.

 

Улмаар хөдөлмөрийн харилцаа үүссэнээр талуудын хооронд ажил олгогч, ажилтан нарын эрх, үүрэг, хариуцлага бий болох ба нэхэмжлэлийн шаардлага агуулгаас үзэхэд байгууллагын өмч хөрөнгө болох автомашины эвдрэл гэмтлийг тухайн ажилтан учруулсан, уг хохирлыг барагдуулахаар шүүхэд хандсан байх ба энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлд заасны дагуу шаардах эрхтэй болно.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3-д “ажилтнаас хөдөлмөрлөх үүргээ биелүүлж байхдаа аж ахуйн нэгж, байгууллагад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай ажил олгогчийн нэхэмжлэлийг шүүх хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу шүүхэд хандсан нь хуульд нийцэж байна.

 

Ажил олгогч ************* ХХК нь туршилтын хугацаагаар ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй хэдий ч ажилтан Т.************* нь хөдөлмөрлөх явцдаа өөрийн буруугаас байгууллагад хохирол учруулсан байдаг. Байгууллагаас ажилтантайгаа Хөдөлмөрийн тухай хуулийн 24-р зүйлд заасны дагуу хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй, 135 дугаар зүйлд заасны дагуу эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй байх ба Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 13.5-д ...шинээр орсон ажилтантай 1-3 сарын туршилтын хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулах бөгөөд журмын 14-р зүйлд заасан ажилтныг чиглүүлэх үе шат дуустал хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр ...зохих үүргийг гүйцэтгүүлнэ, 14.1-д ...Шинэ ажилтанд зааварчилгаа, гүйцэтгэх ажил үүрэгтэй нь холбоотой өмч хөрөнгийг хүлээлгэн өгнө, 14.3.2-т ...Хөдөлмөрийн болон холбогдох бусад гэрээ байгуулах, ажлын байрны тодорхойлолтыг танилцуулж баталгаажуулах, ажлыг хүлээлцүүлж акт үйлдэх, хөдөлмөрийн дотоод журам танилцуулах, хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгаа өгөх, 17.7-д ..Эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх ажил, албан тушаалын жагсаалтын дагуу ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулна, 36-д ...Хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгаа өгнө гэж заасан үүргээ ажил олгогч нь биелүүлээгүй байна.

    

Нэгэнт ажил олгогч буюу ************* ХХК нь ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй, эд хөрөнгийн хариуцлагын талаар тусгасан хөдөлмөрийн гэрээ мөн байгуулаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлгүй тул мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.4-т зааснаар Т.*************гээс компанийн өмч болох автомашинд учирсан хохирлыг бүрэн хэмжээгээр гаргуулах боломжгүй болно.

 

Харин хууль болон компанийн дотоод журмын 8.1.2, 43.1-д заасны дагуу хариуцагчийг хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан гэж үзээд Иргэний хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт зааснаар Т.*************гийн нэг сарын дундаж цалин хөлсний хэмжээгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Хариуцагч Т.*************гийн сарын цалинг зохигч талуудын ...800.000 төгрөгөөр цалинжуулахаар тохиролцсон гэх үл маргах тайлбарыг үндэслэн түүний 1 сарын дундаж цалин хөлсийг 800.000 төгрөгөөр тооцон шийдвэрлэх нь хуулийн үндэслэлтэй ба харин хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс учирсан хохирол болох автомашин түрээсэлсний төлбөр 9.651.000 төгрөгийн зардал, хохирлын үнэлгээний зардал 365.000 төгрөг, материал хувилж авсны төлбөр 13.000 төгрөг гаргуулах шаардлагыг Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.2, Хөдөлмөрийн дотоод журмын 43.7.1-д “хохирлын хэмжээг учирсан шууд хохирлоор тодорхойлох бөгөөд орох байсан орлогыг түүнд оруулан тооцохгүй” гэж заасны дагуу шууд учирсан хохирол, зайлшгүй гарах зардал биш гэж үзэн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.  

 

Иймд шүүхээс хариуцагч Т.************* нь хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад өөрийн буруугаас хохирол учруулсан тул эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээлгэж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилж шийдвэрлэв.

 

Тус шүүхийн тамгын газрын даргын тушаалаар уг иргэний хэрэгт шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр оролцохоор сонгогдсон иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул зохигчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д заасныг баримтлан шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3, 132 дугаар зүйлийн 132.2, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.*************гээс 800.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “*************” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаарлагаас үлдэх 22.729.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж урьдчилан төлөхөөс чөлөөлөгдөх тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 23.300 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.       

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ                                     Э.АМИН-ЭРДЭНЭ

 

                                ШҮҮГЧИД                                     Н.БАТЧИМЭГ

 

                                                                                      Б.БАЯРМАА