Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 920

 

  

 

 

 

 

     2020          10         21                                   2020/ШЦТ/920

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Хонгорзул,

улсын яллагч Г.Ганхөлөг,

шүүгдэгч Б.С-, түүний өмгөөлөгч Ц.Баяртогтох нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн О овогт Б-ын С-д холбогдох эрүүгийн ___ тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2002 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Ховд аймаг Мөст суманд төрсөн, 18 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, оюутан, ам бүл ___ дугаарын регистртэй, О овогт Б-ын С-.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.С- нь 2020 оны 4 дүгээр 20-ны өдөр фэйсбүүк олон нийтийн сүлжээн дэх “Setsee Setsee” гэх хаягаас өөрийгөө Сэцэнгээ гэж хохирогч Р.Э-өд танилцуулаад 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 5 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч Р.Э-өөс “...онгоцны билетний төлбөрт, ар гэрийн гачигдлын төлбөр” гэх зэргээр зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч 1,065,000 төгрөгийг залилсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.С- мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.С-н өгсөн:

“...Би хийсэн хэргээ хүлээж байна. Би хохирогч Р.Э-өд хохирлын мөнгө болох 1,065,000 төгрөгийг төлж барагдуулж Р.Э-ийг хохиролгүй болгож өгсөн. Би өөрийгөө хохирогч Р.Э-өд Сэцэнгоо гэж танилцуулсан байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-н 5-7/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Э.Э-ийн өгсөн:

“...Би Edik radnaa гэсэн фэйсбүүк хаягийг 2010 оноос хойш ашиглаж байна. 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Setsee Setsee гэсэн фэйсбүүк хаягтай, нэг эмэгтэй хүний зурагтай хүнтэй фэйсбүүкээр найзууд болсон. Тэгээд фэйсбүүк чатаар мессеж бичдэг болсон эхлээд би бичээд тэгээд над руу бичээд харилцаж эхэлсэн. Түүнээс хойш өдөр бүр мессеж бичээд тэр үед би эхнэр хүүхдээсээ салаад ганцаараа байсан учраас өөрт өөрт тохиолдоод байгаа асуудлаа үнэнээр нь хэлээд бас тэр хүн рүү ажил дээрээ ганцаараа байгаагаа зургаар хүртэл явуулж байсан. Надад тэр эмэгтэй 27 настай, ОХУ-н нийслэл Москва хотод төрсөн, эцэг нь орос, эх нь Монгол, дизайнер мэргэжилтэй, өөрийгөө Сэцэнгоо гэдэг, утасны дугаар нь 80974771 гэж байсан. Ковид-19 өвчинөөс болоод ажил нь зогсоод түр Монголд ирээд хил хаачихаад гарч чадахгүй байна гэж байсан. Би тэр эмэгтэйгээс удаа дараа видео дуудлага хийх талаар хэлэхэд тусны дэлгэц нь эвдэрсэн хийх боломжгүй байна гэдэг байсан. Надтай утсаар ярих үед нь Оросоор ярьдаа гэхэд их цэвэрхэн ярьж байсан болохоор үнэн юм байна гэж бодсон. Над руу Оросын эрлийз охины зураг бичлэгийг байнга явуулдаг байсан. Өдөр бүр цаг тутамд чат бичиж ер нь бол их дотносож бүр хайраа энэ тэр дээрээ тулсан. Нэг удаа би чи Улаанбаатар хотод хүрээд ирээч гэхэд надад онгоцны зардлын мөнгө алгаа чи хэрвээ боломж байвал над руу явуулж болохгүй юм уу гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн үедээ нээрээ л хүрээд ирэх байх гэж бодоод надад өөрт байсан 260,000 төгрөгийг 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 15 цагийн үед Хаан банкны 5855101012 дугаартай данс руу шилжүүлсэн. Шилжүүлчихээд мөнгөө авсан уу гэж Сэцээгээс асуухад мөнгөө авчихлаа баярлалаа удахгүй би яваад очно гэж хэлсэн. Тэгээд би нийт 12 удаагийн үйлдлээр тухайн хүнд 1,050,000 төгрөг өгсөн, мөн дээрээс гутал болон чихэр жимс, амны хаалт буюу маск гэх эд зүйлийг нийт 150,000 төгрөгөөр худалдан аваад явуулсан. Надад одоогийн байдлаар 1,200,000 төгрөгийн бодит хохирол учирсан. Би Б.С- гэх хүнээс хохирлын мөнгөө авсан болохоор түүнд гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-н 237-239/,

 

- депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-н 12-14, 2-р хх-н 34-37/,

- Хохирогчийн Э.Э-ийн “...Б.С- гэх хүнээс нийт 1,200,000 төгрөг авсан болохоор хохирол гомдолгүй...” гэх хүсэлт /2-р хх-н 41/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-н 8/,

- иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /2-р хх-н 9/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /2-р хх-н 12/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.С- нь 2020 оны 4 дүгээр 20-ны өдөр фэйсбүүк олон нийтийн сүлжээн дэх “Setsee Setsee” гэх хаягаас өөрийгөө Сэцэнгээ гэж хохирогч Р.Э-өд танилцуулаад 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 5 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч Р.Э-өөс “...онгоцны билетний төлбөрт, ар гэрийн гачигдлын төлбөр” гэх зэргээр зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч 1,065,000 төгрөгийг залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Б.С-н “...Би хийсэн хэргээ хүлээж байна...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Э.Э-ийн “...би нийт 12 удаагийн үйлдлээр тухайн хүнд 1,050,000 төгрөг өгсөн, мөн дээрээс гутал болон чихэр жимс, амны хаалт буюу маск гэх эд зүйлийг нийт 150,000 төгрөгөөр худалдан аваад явуулсан. Надад одоогийн байдлаар 1,200,000 төгрөгийн бодит хохирол учирсан...” гэх мэдүүлэг, депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.С-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Б.С-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хохирогч Э.Э-ийн “...Би Б.С- гэх хүнээс хохирлын мөнгөө авсан болохоор түүнд гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-н 237-239/,

“...Б.С- гэх хүнээс нийт 1,200,000 төгрөг авсан болохоор хохирол гомдолгүй...” гэх хүсэлт /2-р хх-н 41/ зэрэгт үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Б.С-д холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангаж, прокуророос Б.С-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэхийг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн байх тул шүүхээс шүүгдэгч Б.С-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч О овогт Б-ын С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

 

   4. Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.МӨНХ-ЭРДЭНЭ