Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 922

 

  

 

 

 

 

 

     2020         10          21                                   2020/ШЦТ/922

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Хонгорзул,

улсын яллагч С.Оюунжаргал,

шүүгдэгч Н.Э-,

хохирогч З.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ш овогт Н-ын Э-д холбогдох эрүүгийн ___ тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ___ дугаарын регистртэй, Ш овогт Н-ын Э-.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Н.Э- нь 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 13 цагийн орчимд Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр 25 дугаар эмийн сангийн уулзварын замд “Toyota Prius” маркийн ... УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.4-д заасан “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчин хоорондын зайгаа барьж яваагүйгээс Н.Б- жолоочтой “Suzuki Swift” маркийн 79-60 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж, зорчигч З.Хийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Э- мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч З.Х мэдүүлэхдээ:

“...Би мөрдөн байцаалтын шатанд 1.290.000 төгрөг, шүүхийн шатанд 1.114.800 төгрөг авсан. Намайг энэ гэмтлээс болоод хүүхэд гаргахад асуудалтай гэсэн...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Н.Э-ий өгсөн:

“...2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 13 цаг өнгөрч байх үед Хермис төвийн урдаас эхнэрийн хамт Т.Приус маркийн ... УНЦ улсын дугаартай автомашинаа жолоодоод гарсан. Төмөр замын эмнэлгийн зүүн талын замаар урдаасаа хойшоо чиглэлд явсан. Гэрлэн дохионы өмнө нэг машин явж байсан. Гэрлэн дохио шар асах үед тэр машин хурдаа хассан. Би дагаад хасахад машин огцом хааз өгөхөд нь гэрлэн дохиогоор амжиж гарах гэж байна гэж ойлгоод тэр хэсэгт нь зогсохоор би дагаад хаазалсан тэгтэл нөгөө машин улаан гэрэл асангуут огцом тоормос гишгэж зогссон. Тэгээд би араас нь мөргөсөн. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-н 112-113/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч З.Хийн өгсөн:

“...2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр манай төрсөн дүү Ж 2 хүүхдээ дагуулаад манай гэрт ирсэн. Тэгээд Ж 2 хүүхэдтэйгээ байсан учраас гэрт хүргэж өгчихөөд цаашаа Т бид 2 дэлгүүр орох гээд бид нар манай гэрээс гараад такси бариад 25-р эмийн сангийн уулзварын ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлд явж байгаад бид нарын суусан такси уулзвар дээр ирэх үед уулзварын шар гэрэл болоход таксины жолооч хүчтэй тоормослоод зогссон. Тэгээд удаагүй 3-4 минутын дараа сууж явсан машины араас хүчтэй мөргөхөд машинтайгаа урагшаа гулсаад зогссон. Тэгээд бид нар юу болов гэж бодоод байж багаад машинаас буугаад ирсэн чинь манай машины жолооч болон арын машины жолоочтой хэрэлдээд цагдаад дуудлага өгөхгүй байхаар нь би цагдаа, түргэнд дуудлага өгсөн. 103 ирээд бид нарыг аваад явсан. Тэгээд би явж чадахгүй байхаар нь зургаа авахуулсан чинь ахар сүүл чинь хугарчихсан байна гэсэн. Одоогоор 860,000 төгрөгийн зардал гарсан байгаа.

Мөргөсөн ... УНЦ дугаартай машины жолооч та нарын зургаа авахуулах хамаагүй хэлдэг газраа хэл, би юу ч төлөхгүй гэж хэл амаар болон сэтгэлзүйн дарамт үзүүлсэн. Гэмтлийн эмнэлэг дээр бид нар хялх хүүхдүүд болно өмнө нь хагалгаанд орсон хүүхэдтэй хэцүү байдалд байхад уучлалт гуйх байтугай бид нарыг цагдаад гомдолгүй гэж хэл гээд шахаж шаардаад байсан. Биднийг томографийн зураг авахуулж байхад одоо мөнгө ирж байгаа төлчихнө гэж хэлсэн боловч төлбөр хийхгүй зугтсан. Би өмнө нь бас осолд орж байсан та нарт өгөх мөнгө байхгүй өгдөг газраа өг надад хамаагүй би толгойн зураг авхуулаагүй та нар авахуулаа биздээ гэж сэтгэлзүйүн дарамт үзүүлсэнд гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-н 8-11/,

 

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Н.А-ын өгсөн:

“...мөргөсөн приус маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь тухайн үед бидэнд гарсан хохирлыг төлж өгнө гэж хэлчихээд биднийг доромжилж байгаа юм шиг “би картаа авч ирээд тооцоог нь хийнэ” гэж хэлж яваад тэр чигээрээ бидэнтэй холбоо бариагүй. Түүний утас руу холбогдоход биднийг доромжилж гарсан зардлыг өөрсдөө төлөхгүй юу, би хохирлыг төлнө гэж хэлээгүй шүү дээ, ханддаг газартаа хандахгүй юу гэж хэлэхээр нь бид гомдол цагдаагийн газарт хандсан. Ийм уг жолоочид хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-н 35-37/,

 

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч З.Жын өгсөн:

“...2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр үдээс хойш 12-13 цагийн хооронд эгч Х, дүү Тасхынбек болон би хоёр хүүхдийн хамт Нарны гүүрийн хажууд таксинд сууж манай гэр лүү явж байх замд буюу 25 дугаар эмийн сангийн хажууд 4 замын уулзварт бидний ирж байсан таксины араас приус маркийн тээврийн хэрэгсэл ирж мөргөсөн. Тухайн үед бид бүгдээрээ уг таксины хойд суудалд сууж байсан бөгөөд бид бүгд биедээ гэмтэл авсан. ...Х нуруу хэсгээр гэмтэл авсан, бие нь хөхөрсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-н 42-44/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Н.Б-ын өгсөн:

“...2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 12 цагийн үед ажилдаа явах гээд би Сузуки Свит маркийн 79-60 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод Циркийн урд талын Нарны замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд явж байхад нарны гүүрний хажуу талын Шунхлай шатахуун түгээх станцын харалдаа баахан хүүхэдтэй эмэгтэй хүмүүс гар өргөөд зогсож байхад нь дөхүүлээд өгье гэж бодоо тэр хүмүүсийг машиндаа суулгасан. Тэгээд би явсаар байгаад 25-р эмийн сангийн уулзвар дээр ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлээс ирээд уулзвар гарах гэтэл ногоон гэрэл асаж байгаад намайг уулзвар луу дөхөөд ирэхэд шар гэрэл асахаар нь зогссон. Тэгсэн чинь араас гэнэт хүчтэй машин мөргөхөд миний машин 1 метр гаруй урагшаа гулгаад явсан байсан. Тэгээд цагдаа ирээд хэмжилт хийхэд Э-ийг чиний буруу байна гэсэн чинь заза би бүх хохирлыг барагдуулъя гэж байснаа шууд яваад өгсөн утсаа авахгүй байсан. Үнэлгээгээр тээврийн хэрэгсэлд 1,290,000 төгрөг, үнэлгээний хөлс 70,000 төгрөг гарсан. Энэ мөнгөө авчихвал гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 52/,    

 

Мөрдөгчийн 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн ___ дугаартай:

Т.Приус маркийн ... УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н- овогтой Э- нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.14. Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна. Гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна

Suzuki Swift маркийн 79-60 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н.Б- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн аль нэг заалт зөрчсөн эсэх нь тогтоогдохгүй байна гэх Магадлагаа /хх-н 102-103/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн ___ тоот:

1. З.Х-н биед ахар сүүлний 2-р нугалмын хөндлөн зөрүүгүй далд хугарал, тархи доргилт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, ууц, ахар сүүл, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 65-66/,

 

- Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх-н 5/,

- Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-н 6/,

- Хохирлын баримтууд /хх-н 17-20, 23-26/,

- Шилжүүлгийн баримт /хх-н 138, 139/

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 115/,

- иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-н 117/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 119/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Н.Э- нь 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 13 цагийн орчимд Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр 25 дугаар эмийн сангийн уулзварын замд “Toyota Prius” маркийн ... УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.4-д заасан “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчин хоорондын зайгаа барьж яваагүйгээс Н.Б- жолоочтой “Suzuki Swift” маркийн 79-60 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж, зорчигч З.Хийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Н.Э-ий “...Гэрлэн дохионы өмнө нэг машин явж байсан. Гэрлэн дохио шар асах үед тэр машин хурдаа хассан. Би дагаад хасахад машин огцом хааз өгөхөд нь гэрлэн дохиогоор амжиж гарах гэж байна гэж ойлгоод тэр хэсэгт нь зогсохоор би дагаад хаазалсан тэгтэл нөгөө машин улаан гэрэл асангуут огцом тоормос гишгэж зогссон. Тэгээд би араас нь мөргөсөн...” гэх мэдүүлэг,

 

хохирогч З.Хийн “...Т бид 2 дэлгүүр орох гээд бид нар манай гэрээс гараад такси бариад 25-р эмийн сангийн уулзварын ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлд явж байгаад бид нарын суусан такси уулзвар дээр ирэх үед уулзварын шар гэрэл болоход таксины жолооч хүчтэй тоормослоод зогссон. Тэгээд удаагүй 3-4 минутын дараа сууж явсан машины араас хүчтэй мөргөхөд машинтайгаа урагшаа гулсаад зогссон. ...би явж чадахгүй байхаар нь зургаа авахуулсан чинь ахар сүүл чинь хугарчихсан байна гэсэн. Одоогоор 860,000 төгрөгийн зардал гарсан байгаа...” гэх мэдүүлэг,

 

иргэний нэхэмжлэгч З.Жын “...эгч Х, дүү Тасхынбек болон би хоёр хүүхдийн хамт Нарны гүүрийн хажууд таксинд сууж манай гэр лүү явж байх замд буюу 25 дугаар эмийн сангийн хажууд 4 замын уулзварт бидний ирж байсан таксины араас приус маркийн тээврийн хэрэгсэл ирж мөргөсөн. Тухайн үед бид бүгдээрээ уг таксины хойд суудалд сууж байсан бөгөөд бид бүгд биедээ гэмтэл авсан. ...Х нуруу хэсгээр гэмтэл авсан, бие нь хөхөрсөн байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Н.Б-ын “...25-р эмийн сангийн уулзвар дээр ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлээс ирээд уулзвар гарах гэтэл ногоон гэрэл асаж байгаад намайг уулзвар луу дөхөөд ирэхэд шар гэрэл асахаар нь зогссон. Тэгсэн чинь араас гэнэт хүчтэй машин мөргөхөд миний машин 1 метр гаруй урагшаа гулгаад явсан байсан...” гэх мэдүүлэг, Мөрдөгчийн 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 142 дугаартай Магадлагаа, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 8678 тоот дүгнэлт, Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, хохирлын баримтууд зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.Э-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Н.Э-ийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хэргийн хохирогч З.Хийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хавтаст хэрэгт баримтаар авагдсан хохирлыг шүүгдэгч төлсөн байх бөгөөд шүүх хуралдаанд хохирогч З.Х цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж мэдүүлж байх тул гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар  жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Н.Э-д холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангаж, прокуророос Н.Э-д 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулахыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн байх тул шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-ийг 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Н.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Ш овогт Н-ын Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актын зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-ийг 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-ийг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

   4. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирогч З.Х цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж мэдүүлж байх тул гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээснийг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.МӨНХ-ЭРДЭНЭ