Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 923

 

  

 

 

 

 

 

     2020         10          21                                   2020/ШЦТ/923

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Хонгорзул,

улсын яллагч Г.Билгүүжин,

шүүгдэгч Э.Ө нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х овогт Э-ийн Өд холбогдох эрүүгийн ___ тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программист мэргэжилтэй, Улаанбаатар төмөр замын Зүтгүүрийн депод инженер ажилтай, ам бүл 4, _ дугаарын регистртэй, Х овогт Э-ийн Ө.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Э.Ө нь 2020 оны 9 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сэкрэт Гарден” нэртэй зочид буудлын 302 тоот өрөөнд хохирогч Ж.Б-ыг зодож, нүүрэн тус гаар нь гараараа цохиж, өшиглөн эрүүл мэндэд нь “тархи доргилт, хамар яс, таславчийн хугарал, хамрын нуруу, хоёр зовхины дотор буланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Ө мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Э.Өын өгсөн:

“...2020 оны 9 дүгээр сарын 13-ны орой миний бие ажлаасаа гараад харих замдаа эхнэр Б- руу залгахад гар утас нь заримдаа холбогдоод заримдаа асаалттай байгаад байсан мөртлөө утасаа огт авахгүй байсан. Тэгээд би эхнэрийгээ хаана байгааг нь гар утасны байршил тогтоогч буюу апплекейшнээр харахад БГД-ийн Чингүнжавын хөшөөний хажууд байрлах байрнууд дунд байна гэж заагаад байсан. Би тогтоогдсон байршлынхаа гадаа буюу нэрийг нь мэдэхгүй нэг буудлын гадаа очиход тухайн буудлын гадаа манай эхнэрийн машин зогсож байсан. Би эхнэрийгээ гараад ирэх болов уу гэж маш удаан хүлээсэн боловч гарч ирэхгүй байхаар нь миний машин дотор байсан вискиг ганцаараа задлаад ихэнхийг нь уунгаа хүлээж байгаад тухайн буудал руу ороод ресепшингээс нь танай гадаа байгаа 81-40 серийг нь  би санахгүй байна. Дугаартай автомашины эзэмшигч аль өрөөнд байгаа вэ гэж асуухад 302 дугаарын өрөөнд байгаа гэж хэлсэн. Тэгээд би 3 давхарт гараад 302 номерын хаалгыг тогшиход нэг үл таних эрэгтэй хүн хаалга онгойлгосон. Хаалга онгойлгохоор нь өрөөний дотор талыг харахад манай эхнэр сууж байхаар нь хаалга онгойлгож өгсөн эрэгтэй хүний нүүр лүү нь гараараа гурав дөрвөн удаа цохиж газар унагаагаад дээгүүр нь даваад алхахад цаана нь сууж байсан нэг эрэгтэй хүн босоод над руу ирэхээр нь уруул руу нь гараараа хоёр удаа цохисон. Тэгтэл манай эхнэр болон манай эхнэрийн найз болох Ц- нь намайг салгаад тухайн буудлаас надтай хамт гадаа гараад хэсэг байж байгаад би тэр чигээрээ яваад гэртээ харьсан...Тухайн үед манай эхнэр эрэгтэй хүнтэй хамт буудлын өрөөнд хамт байж байхаар нь би хардаж уурласандаа тухайн эрэгтэй хүний нүүр лүү нь гараараа гурав дөрвөн удаа цохиж тухайн гэмтлийг учруулсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-н 35-37-р хуудас/,    

 

Мөрдөн байцаалтад хохирогч Э.Б-ын өгсөн:

“...Э над руу залгаад манай нэг найз Шарга морьтын тэнд согтуу машинаа барьж чадахгүй байна гэнэ хоёулаа хамт очоод чи машиныг нь бариад өгөөч гэсэн. Би зөвшөөрөөд Э ах манай гэрийн гадаа ирж намайг аваад бид хоёр Шарга морьт гэх газар очиход Ц- гэх эмэгтэй үл таних эмэгтэй хүний хамт зам дээр Ист маркийн машинтай согтуу байж байсан. Тэгээд би Ц-тэй хамт байж байсан тухайн автомашины эзэн гэх эмэгтэйн машиныг бариад бид нар хот руу дөхөж байгаад дэлгүүрээс 10 гаран лаазтай пиво аваад тухайн пивоо хаана уух талаар ярилцахад миний машиныг нь барьж байсан Б- гэх эмэгтэй буудал орох санал гаргасан. Тэгээд бид нар Б-гийн хэлснээр буудал руу орохоор болоод БГД-н модны хоёрын ойролцоо Секрет Гарден нэртэй зочид буудал руу ороод гурван давхарт 302 номерын өрөөнд орсон. Бид дөрөв өрөөндөө ороод авсан пивоо уугаад хоорондоо юм яриад сууж байтал хаалга нүдэх чимээ гарахаар нь би босоод хаалга онгойлготол үл таних эрэгтэй хүн зогсож байсан бөгөөд тухайн эрэгтэй хүн надтай юу ч ярилгүй миний нүүр лүү гараараа нилээн олон удаа цохиод би доошоо тонгойтол хөлөөрөө гурван удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-13-14-р хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Эийн өгсөн:

“...2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр миний бие гэртээ байж байхад танил Ц- гэх эмэгтэй над руу залгаад лагер дээр согтуу байна. Намайг ирж аваад машин бариад өгөөч гэсэн. Би зөвшөөрөөд Ц-ийг авахаар очихдоо дүү Б-тай хамт явахаар түүнийг хаана байгаа юм хамт лагер яваад ирье гэсэн чинь зөвшөөрөхөөр нь би Б-ыг гэрээс нь очиж аваад Шарга морьтын уулзвар дээрээс Ц-ийг очиж авахад үл таних Б- гэх эмэгтэйн хамт жижиг улаан өнгийн автомашинд сууж байсан. Тэгээд Б- тухайн автомашиныг нь бариад хөдлөхөд Б- гэх эмэгтэй дөрвүүлээ хамт  амралтанд явъя аль эсвэл буудалд орж архи пиво ууя гээд байсан. Тэгэхээр нь би амралтанд явахгүй гээд буудал орохоор болсон. Бид дөрөв хорооллын байрнууд дунд  байрлах Секрет Гарден нэртэй зочид буудалд орсон. Орохдоо бид дөрөв 8 ширхэг лаазтай пиво авч орж ууцгааж байтал өрөөний хаалга тогших чимээ гарахаар нь Б- хаалга онгойлгоход үл таних эрэгтэй хүн Б-тай ямар нэгэн үг солилгүй нүүр лүү нь гараараа дөрвөөс таван удаа цохиод нүүрээ дараад доошоо тонгойсон чинь нүүр лүү нь хөлөөрөө гурван удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би очих гэхэд тухайн эрэгтэй хүн Б-ыг орхиод миний өөдөөс ирээд миний уруул руу хоёр удаа гараараа цохисон. Тэгээд хамт байсан Ц- Б- нар тухайн эрэгтэйг надаас салгаад Ц- тухайн эрэгтэй хүнтэй хамт буудлаас гараад явсан. Удалгүй Б- бид хоёр буудлаас гараад цагдаа дээр ирж өргөдөл өгсөн...” гэх мэдүүлэг /хх-н 17-18-р хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Э.Ц-ийн өгсөн:

“...2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр миний бие найз Б-тай хамт Хандгайтад хоёулахнаа Б-гийн машин дотор пиво ууж байгаад нилээн согтоод Б- машин бариулах гэж хүн дуудсан боловч дуудсан хүмүүс нь ирээгүй. Тэгэхээр нь зүс таних Э рүү залгаад би Хандгайтад нэг найзтайгаа хамт машинд пиво уусан чинь согтоод машин барих хүн олдохгүй байна. Чи ирээд машин бариад өгөөч гэхэд Э зөвшөөрөөд удалгүй Б- гэх залуугийн хамт Хандгайтад ирсэн. Тэгээд бид дөрөв хот руу явж байтал тэр гурав буудалд орж пиво уухаар ярилцаад бид нар хороололд байрлах нэрийг нь сайн мэдэхгүй байна. Буудалд бид дөрөв орж пиво ууцгаасан. Би тухайн үед нилээн согтоод явлаа гэхэд Б- гэх эрэгтэй намайг ганцааранг минь явуулахгүй хүн дууд энэ тэр гээд өрөөний хаалгаар гаргахгүй гээд хашаад зогсож байтал гаднаас Б-гийн нөхөр болох Ө орж ирээд Б- гэх залууг хаалгаар бие рүү нь цохиж газар унагааж байгаад нүүр лүү нь гараараа нэг удаа цохиж харагдсан. Тэгээд Ө Э гэх залуу руу дайраад байх шиг байсан. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан учир Эийг цохисон эсэхийг сайн санахгүй байна. Тэгээд Ө бид хоёр тухайн өрөөнөөс гараад би түрүүлээд гэртээ харьсан. Тэд нар юу болсон эсэхийг мэдэхгүй байна... ” гэх мэдүүлэг /хх-н 19-20-р хуудас/,  

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн ___ тоот:

1. Э.Б-ын биед тархи доргилт, хамар яс, таславчийн хугарал, хамрын нуруу, хоёр зовхины дотор буланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн  гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.  

5. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой байна гэх дүгнэлт /хх-н 25-26/,

 

- хохирогч Э.Б-ын “...гомдол санал байхгүй, хохирол барагдуулсан болно...” гэх хүсэлт /хх-н 62/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-н 40/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 41/,

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 56/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Э.Ө нь 2020 оны 9 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сэкрэт Гарден” нэртэй зочид буудлын 302 тоот өрөөнд хохирогч Ж.Б-ыг зодож, нүүрэн тус гаар нь гараараа цохиж, өшиглөн эрүүл мэндэд нь “тархи доргилт, хамар яс, таславчийн хугарал, хамрын нуруу, хоёр зовхины дотор буланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Э.Өын “...302 номерын хаалгыг тогшиход нэг үл таних эрэгтэй хүн хаалга онгойлгосон. Хаалга онгойлгохоор нь өрөөний дотор талыг харахад манай эхнэр сууж байхаар нь хаалга онгойлгож өгсөн эрэгтэй хүний нүүр лүү нь гараараа гурав дөрвөн удаа цохиж газар унагаагаад дээгүүр нь даваад алхахад цаана нь сууж байсан нэг эрэгтэй хүн босоод над руу ирэхээр нь уруул руу нь гараараа хоёр удаа цохисон...” гэх мэдүүлэг,    

 

хохирогч Э.Б-ын “...Бид дөрөв өрөөндөө ороод авсан пивоо уугаад хоорондоо юм яриад сууж байтал хаалга нүдэх чимээ гарахаар нь би босоод хаалга онгойлготол үл таних эрэгтэй хүн зогсож байсан бөгөөд тухайн эрэгтэй хүн надтай юу ч ярилгүй миний нүүр лүү гараараа нилээн олон удаа цохиод би доошоо тонгойтол хөлөөрөө гурван удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг,

 

гэрч Д.Эийн “...Б- хаалга онгойлгоход үл таних эрэгтэй хүн Б-тай ямар нэгэн үг солилгүй нүүр лүү нь гараараа дөрвөөс таван удаа цохиод нүүрээ дараад доошоо тонгойсон чинь нүүр лүү нь хөлөөрөө гурван удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг,

 

гэрч Э.Ц-ийн “...Б-гийн нөхөр болох Ө орж ирээд Б- гэх залууг хаалгаар бие рүү нь цохиж газар унагааж байгаад нүүр лүү нь гараараа нэг удаа цохиж харагдсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 10693 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Өд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Э.Өыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хэргийн хохирогч Э.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хохирогч Э.Б-ын “...гомдол санал байхгүй, хохирол барагдуулсан болно...” гэх хүсэлт /хх-н 62/-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Э.Өд холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангаж, прокуророос Э.Өд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар ялаас чөлөөлөхийг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн байх тул шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Э.Өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Х овогт Э-ийн Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлсүгэй.

 

   3. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.МӨНХ-ЭРДЭНЭ