Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 924

 

  

 

 

 

 

 

    2020          10          21                                   2020/ШЦТ/924

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Хонгорзул,

улсын яллагч Н.Энхболд,

шүүгдэгч Э.С, түүний өмгөөлөгч Ө.Болормаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн У овогт Эгийн Сд холбогдох эрүүгийн __ тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ___ дугаарын регистртэй, У овогт Эгийн С.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Э.С нь 2020 оны 5 дугаар сарын 16-ын өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах СББМ хүнсний дэлгүүрийн гадна талд хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу насанд хүрээгүй хохирогч А.С-ын биед баруун чамархайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл, хохирогч Б.М-н биед тархины доргилт гэмтэл тус тус үүсгэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.С мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Э.Сгийн өгсөн:

“...2020 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах СББМ хүнсний дэлгүүрт иргэн А.С-, Б.М- нартай маргалдсаны улмаас биед нь халдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан. Би өөрийн үйлдлийг бүрэн ухамсарлаж хохирогч нарт учирсан хохирлыг бүрэн барагдуулсан. Дахин ийм алдаа гаргахгүй. Тэр өдөр хоёр хохирогчийн биед надаас өөр халдсан хүн байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 108-109/,

 

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогч А.С-ын өгсөн:

“...Би 2020 оны 5 дугаар сарын 16-ны өдөр ”СББМ” нэртэй хүнсний дэлгүүрээс ундаа авах гэж орсон. Дэлгүүрт ороод ундаагаа бичүүлэх гээд байж байтал худалдагч Итэй бор малгайтай бараан өнгийн хүрэмтэй ах маргалдаад шилэн лангууг нь гараараа нэг удаа цохиод хагалсан. Ямар асуудлаас болж маргасныг би мэдээгүй. Тэгээд И араас нь очоод тэд нар дэлгүүрийн гадна хаалганы орчим муудалцаад гараад явцгаасан. Тэгээд би араас нь 1-2 минутын дараа гарахад Иг бор өнгийн малгайтай бараан өнгийн хүрэмтэй ах хувцаснаас нь заамдчихсан, бор царайтай дундаж өндөртэй ах Игийн баруун хөлөөс гараараа татаад зогсоолын хажуу талын Приус маркийн машин руу шахаад байсан. Тэгсэн бор малгайтай бараан хүрэмтэй ах Ин цээж рүү хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд И ах босож ирээд тэр гурван ахтай ноцолдоод дэлгүүрийн урд талын талбай хэсэг рүү миний зогсож байсан газарт ойртож ирсэн. Тэгээд салцгаагаад байснаа гэнэт ямар нэг үг хэлэлгүй бор малгайтай бараан өнгийн хүрэмтэй ах миний толгойн дагз хэсэг рүү газраас нэг юм аваад 1 удаа цохисон. Газраас авсан зүйл утас байх шиг байсан. Тэгсэн И ах нааш ир гээд бид хоёр дэлгүүр лүү орсон. Тэгээд оронгуут дэлгүүрийн цонх руу тоосго шидэж эхэлсэн. 3-4 шидсэн байх. Тэгээд И ах цагдаа дуудсан. Надад ямар нэгэн санал гомдол байхгүй, С гэх ах надад учирсан хохирлыг барагдуулсан...” гэх мэдуулэг /хх-н 20-21, 114/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.М-н өгсөн:

“...2020 оны 5 дугаар сарын 16-ны өдөр ажил дээрээ Н- гэх худалдагчийн хамт байж байтал дэлгүүр хаахын өмнө 3 эрэгтэй орж ирсэн. Тэр З эрэгтэйн өмссөн хувцас нь гэвэл нэг нь бор малгай бараан өнгийн хүрэм, нэг нь хар өнгийн даавуун цамцтай, нэг нь цайвар өнгийн яактай байсан. Тэр З эрэгтэй 0.75 литрийн архи, ундаа авсан. Тооцоо нь 39.100 төгрөг болсон. Яг ямар ундаа архи авсныг мэдэхгүй байна, авсан барааг Н- уутлаж өгчихөөд дэлгүүр хаах цаг болсон учраас хаалга барих гээд үүд рүү явсан. Бор өнгийн малгайтай, хүрэн өнгийн хүрэмтэй эрэгтэй карт уншуулсан чинь посын сүлжээнээс хамаараад карт уншихад алдаа гарсан. Би алдаа заасан гээд хэлсэн чинь чи луйвардах гэж байна уу гэсэн. Тэгэхээр нь би хааяа ийм тохиолдол байдаг юм аа танд мессеж ирнэ гэхэд тэр залуу тэвчээргүй зан гаргаад над руу зүгээр байгаарай, пизда минь надаас мөнгө луйвардах гэж байвал чадахгүй шүү гэсэн. Тэгээд би чимээгүй байж байтал тэр эрэгтэйн утсанд мессеж ирсэн. ... Тэгээд би за баярлалаа баяртай гэсэн чинь тэр залуу над руу аймаар хараад явахгүй зогсоод байсан. Би дараагийн хүний барааг бичих гэсэн чинь холдохгүй байхаар нь би дараагийн хүний барааг бичих хэрэгтэй байна зай тавиад өгье гэхэд “эд нар ингэж хүн луйварддаг байхгүй юу” гэхээр нь би дуугүй зогсоод байсан. Тэгсэн тэр эрэгтэй дахиад хэл амаар доромжлоод чи аятайхан байгаарай банди минь гэх зэргээр дуудаад байсан. Би согтуу байна гэдгийг нь мэдсэн учраас чимээгүй зогсож байсан. Тэгээд гарахдаа миний өгсөн 2 баримтыг над руу базаад шидсэн. Тэгэхэд нь миний тэвчээр барагдаад май энэ хогоо аваач гээд буцаагаад шидсэн. Тэгсэн тэр эрэгтэй эргэж хараад манай бохины шилэн лангууг гараараа цохиод хагалсан. Тэгээд би ардаас нь гүйгээд хөөе үүнийгээ төлж өгөөрэй гээд очиж байхад бор малгайтай эрэгтэй Н-гийн нүүрэн тус газар мөргөсөн. Тэгээд би тэр эрэгтэйг татаад 2 гарыг нь бариад авсан чинь эргэж хараад намайг тохойгоороо шилэн хүзүү рүү цохиод баруун шанаа руу гараараа нэг удаа цохисон. Тэгээд би бор малгайтай эрэгтэйгийн зүүн шанаа руу гараараа нэг удаа цохиод чирч гараад гадаа үүдний хэсэгт очоод шанаа руу 2-3 удаа цохисон. Тэгээд хоёр хар цамцтай эрэгтэй тэврээд авсан. Тэгээд татахад нь за ах хоёулаа болъё та найзуудаа аваад явчих гэсэн. Тэгсэн бор малгайтай эрэгтэй босч ирээд миний цээж рүү нэг удаа жийсэн. Би өрөөсөн хөл дээрээ тогтсон чинь тэр эрэгтэй миний баруун шанаа руу цохиод би унасан. Тэгээд би босож ирсэн чинь миний пудволкноос тавихгүй би хүчээр босож ирэхэд миний пудволк урагдсан. Бор малгайтай эрэгтэй надруу ирээд шанаа руу 2 удаа гараараа цохихоор нь би тэвэрч аваад хэвтсэн. Тэгсэн бор малгайтай залуу миний хамар тус газар луу 2 удаа цохиод миний хамраас цус гарсан. Тэгсэн манай дэлгүүрээр үйлчлүүлж байдаг С- гээд банди гүйж ирээд тэр хүмүүсийг татаад намайг холдуулан авсан. Тэгээд би босож ирээд зогсож байгаад эргээд хартал С-ын зүүн талын чихний ар хэсэг рүү бор  малгайтай эрэгтэй нэг удаа цохиж байсан. Тэгээд би гүйгээд дэлгүүр лүү орсон. Надад одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би тэр С ахтай уулзаад хохирлоо барагдуулсан байгаа...” гэх мэдуулэг /хх-н 24-25, 116-117/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Н-гийн өгсөн:

“...2020 оны 5 дугаар сарын 16-ны 21 цаг 50 минутын орчим манайхаар байнга үйлчлүүлдэг С гээд хүүхэд орж ирээд ундаа авсан. Тэгсэн 22 цаг 52 минутад гаднаас З эрэгтэй хүн орж ирсэн. Тэгээд эрэгтэйчүүд заал руу ороод 0,75 литрийн архи 2 ширхэг, бидний ундаа 2 ширхэгийг нэг тортой авсан. Би авсан эд зүйлийг нь торлож өгөөд хаалгаа хаах гээд 21 цаг 55 минутад гадна хаалга дотор хаалганы завсар зогсоод гадна хаалгаа түгжих гээд зогсож байсан. Тэгсэн 21 цаг 57 минутад дэлгүүрт юм хагарах чимээ гарсан тэгээд би дотор хаалгаа онгойлгонгуут миний эрүү рүү саарал өнгийн хүрэмтэй, бор өнгийн малгайтай эрэгтэй мөргөсөн. Тэгсэн манай нөгөө худалдагч М- ”яаж байна гээд, бохь өрдөг шилэн лангууг хагарсныг хараад яагаад юм хагалж байгаа юм бэ төлж өг” гэсэн чинь М-г миний хацар луу цохидог эрэгтэй шанаа орчим руу нь гараараа нэг удаа цохисон. Тэгээд би ”цагдаа дуудна та нар яагаад лангуу хагалж байгаа юм бэ” гээд хаалгаа онгойлгож өгөөгүй. Тэгсэн тэр З эрэгтэй гарах гэж дайраад гараад явсан. Үүдний урд М- тэр З эрэгтэй явуулахгүй гээд зууралдсан. Тэр үед дэлгүүрийн гадна С, М-тэй цуг үлдсэн. Тэгээд би дэлгүүр дотор үйлчлүүлж байсан 1 эрэгтэй, 1 эмэгтэйг гаргах гээд буцаад орсон. Тэгээд буцаад үүд рүү очиход М-гийн хамраас цус гарсан пудволк нь урагдсан, Сгийн баруун талын дагз орчим нь хагарчихсан цус гарсан байдалтай тойроод зогсоцгоож байсан. Тэр хоёрыг гэмтсэн байхыг хараад би М-д цагдаа дуудъя наад хүмүүсээ явуулчих гэж хэлсэн. Тэгээд М- цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-н 28-29/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Э.Л-ын өгсөн:

“...Дэлгүүрт ороод С архи, ундаа аваад тооцоогоо хийгээд чиптэй карт өгсөн чинь дэлгүүрийн худалдагч энэ карт уншихгүй байна гээд чанга дуугаар хэлсэн. Тэгсэн С наадах чинь чиптэй карт пин кодыг нь хийхээр уншигдана гэж хэлээд дахиад картаа өгсөн. Тэгсэн С чи хүнтэй ажилладаг байж хүнтэй зөв харьц гэхэд тэр худалдагч эрэгтэй юу гээд байгаа юм гэх зэргээр маргалдсан. Тэгээд С картаа аваад бид гурав гарах хаалга руу явсан. Тэгээд гарах замдаа С бохь өрсөн байсан лангууг гараараа цохиод хагалсан. Ч гэх хүн түрүүлж хаалгаар гараад С гараад араас нь би гарсан. Тэгээд гартал дэлгүүрийн гадна талд байсан тортой хашаанд С гадуур хувцсаараа өлгөгдсөн нөгөө залуутай зууралдаад байж байтал дэлгүүр дотор худалдагчтай хамт байсан эрэгтэй тэр хоёр дээр очоод Сг цохисон. Гэхдээ дараа нь дэлгүүрээс гарч ирсэн залуугийн өвдөг хөдлөөд байсан учраас бодвол Сг өвдгөөрөө цохисон байх. Тэгээд би салгасан чинь дэлгүүр дотроос дахиад нэг эрэгтэй гараад ирсэн. Сг цохиж байх үед Сгийн утас газар байсан чинь тэнд байсан арай залуухан эрэгтэй гишгэчих шиг болсон. Тэгээд С утсаа аваад нөгөө хүүхдийн толгойн арын хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгээд тэд нар Сг цохиж байгаад дэлгүүр рүү цувраад орсон. Тэгээд орсных нь дараа С яагаад хүн нийлж зоддог юм гээд орилоод газраас тоосго аваад 3-4 удаа дэлгүүрийн цонх руу шидэж хагалсан...” гэх мэдүүлэг /хх-н 34-35/,

 

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Б.Аын өгсөн:

“...Би тэр өдөр дэлгүүр дээрээ байгаагүй учраас яг юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Манай ажилтан М-, Н- хоёр надад хэлэхдээ гаднаас гурван залуу орж ирээд үйлчлүүлсэн гэсэн. Тэгээд тэр гурван залуугийн нэг залуу нь тооцоогоо хийх гээд картаа өгсөн боловч бага зэрэг сүлжээний алдаа гарснаас болж үл ойлголцол гарсан гэсэн. Тэгээд тэр картаа өгсөн залуу гарахдаа манай дэлгүүрийн шилэн лангууг хагалаад М-г зодож, тэнд болсон асуудлыг салгах гэж байсан манай дэлгүүрийн үйлчлүүлэгч С гэх залууг зодож, сүүлд дэлгүүрийн цонх хагалсан гээд байсан. Өөр нарийн тодорхой зүйлсийг мэдэхгүй байна. Тэр хэрэг гарсан өдөр манай камерын хадгалах горимыг хийх гээд шинээр программ уншуулснаас болоод ямар нэгэн бичлэг хийгдээгүй байсан. Надад болон манай байгууллагад одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Тэр хэрэг гарсан өдөр манай дэлгүүрийн эд зүйл эвдэж гэмтээсэн залуу манай дээр ирээд бүх хохирлыг барагдуулсан байгаа...” гэх мэдүүлэг /хх-н 115/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн ___ тоот:

1. А. С-ын биед баруун чамархайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 39-40/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн ___ тоот:

1. Б.М-н биед тархины доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэх дүгнэлт /хх-н 47-48/,

 

- Хохирогч А.С-ын “...гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлт /хх-н 123-р хуудас/,

- хохирогч Б.М-н “...ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлт /хх-н 124-р хуудас/,  

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 89/

- иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-н 90/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 93/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Э.С нь 2020 оны 5 дугаар сарын 16-ын өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт барйлах СББМ хүнсний дэлгүүрийн гадна талд хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу насанд хүрээгүй хохирогч А.С-ын биед баруун чамархайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл, хохирогч Б.М-н биед тархины доргилт гэмтэл тус тус үүсгэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Э.Сгийн “...А.С-, Б.М- нартай маргалдсаны улмаас биед нь халдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан. Тэр өдөр хоёр хохирогчийн биед надаас өөр халдсан хүн байхгүй...” гэх мэдүүлэг,

 

насанд хүрээгүй хохирогч А.С-ын “...бор малгайтай бараан өнгийн хүрэмтэй ах миний толгойн дагз хэсэг рүү газраас нэг юм аваад 1 удаа цохисон...” гэх мэдуулэг,

 

хохирогч Б.М-н “...би тэр эрэгтэйг татаад 2 гарыг нь бариад авсан чинь эргэж хараад намайг тохойгоороо шилэн хүзүү рүү цохиод баруун шанаа руу гараараа нэг удаа цохисон. Тэгээд би бор малгайтай эрэгтэйгийн зүүн шанаа руу гараараа нэг удаа цохиод чирч гараад гадаа үүдний хэсэгт очоод шанаа руу 2-3 удаа цохисон. ...бор малгайтай эрэгтэй босч ирээд миний цээж рүү нэг удаа жийсэн. Би өрөөсөн хөл дээрээ тогтсон чинь тэр эрэгтэй миний баруун шанаа руу цохиод би унасан...” гэх мэдуулэг,

 

гэрч Д.Н-гийн “...М-г миний хацар луу цохидог эрэгтэй шанаа орчим руу нь гараараа нэг удаа цохисон. ...буцаад үүд рүү очиход М-гийн хамраас цус гарсан пудволк нь урагдсан, Сгийн баруун талын дагз орчим нь хагарчихсан цус гарсан байдалтай тойроод зогсоцгоож байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Э.Л-ын “...С утсаа аваад нөгөө хүүхдийн толгойн арын хэсэг рүү нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн __ тоот дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн __ тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Сд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Э.Сг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хэргийн хохирогч А.С-, Б.М-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

насанд хүрээгүй хохирогч А.С-ын “...Надад ямар нэгэн санал гомдол байхгүй, С гэх ах надад учирсан хохирлыг барагдуулсан...” гэх мэдуулэг /хх-н 20-21, 114/, хохирогч Б.М-н “...Надад одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би тэр С ахтай уулзаад хохирлоо барагдуулсан байгаа...” гэх мэдуулэг /хх-н 24-25, 116-117/, иргэний нэхэмжлэгч Б.Аын “...манай дэлгүүрийн эд зүйл эвдэж гэмтээсэн залуу манай дээр ирээд бүх хохирлыг барагдуулсан байгаа...” гэх мэдүүлэг /хх-н 115/, хохирогч А.С-ын “...гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлт /хх-н 123-р хуудас/, хохирогч Б.М-н “...ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлт /хх-н 124-р хуудас/ зэрэгт үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Э.Сд холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангаж, прокуророос Э.Сд 1,000  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулахыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн байх тул шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Сг 1,000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Э.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч У овогт Эгийн Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Сг 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Сг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

   4. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.МӨНХ-ЭРДЭНЭ