| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 168/2020/0314/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/312 |
| Огноо | 2020-10-01 |
| Зүйл хэсэг | 24.8.1., |
| Улсын яллагч | Ч.Мөнхзул |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 2020/ШЦТ/312
2020 10 01 2020/ШЦТ/312
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч Ч.Мөнхзул
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа
Шүүгдэгч А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ..................... овогт А-д холбогдох эрүүгийн 2021004580346 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 08 дугаар сарын 28-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт .....................................тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд ******* аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 36А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 20 хоногийн баривчлах ялаар шийтгүүлж байсан, ............ овогт А /РД: ................./.
Шүүгдэгч Үхэр захар овогт А нь 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Дорнод аймгийн Халхгол сумын 1 дүгээр баг ******* гэх газраас Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолоор ховор ургамлын жагсаалтад оруулсан 12 килограмм “Дэрэвгэр жиргэрүү” гэх ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор худалдан авсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би үйлдсэн хэргээ зөвшөөрч байна. Миний буруу. Тухайн үед өвсийг худалдаж аваад шуудайны амыг нээж үзэхэд ургамлын үндэс байсан. Цагдаагийн газраас хурааж аваад хатаахаар дэлгэхэд дотроос нь шороо, чулуу их хэмжээгээр гарсан...” гэв.
Иргэний нэхэмжлэгч А.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Аоос 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр байгаль экологид учруулсан хохирлыг сум орон нутгийн өмнөөс иргэний нэхэмжлэгчийнхээ үүргийн дагуу нэхэмжилж байна. Хуулийн дагуу гаргасан үнэлгээгээр нэхэмжилнэ...” гэжээ. /хх-ийн 19-20/
Гэрч Б.С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...цагдаагийн дэд ахлагч М.Золбоогийн хамт Халхгол сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр болох сумын төвийн зүүн урд хэсгийн гэр хорооллоор эргүүлийн үүрэг гүйцэтгээд явж байхад хагас хашаа татсан эзэнгүй айлын 2 ширхэг амбаарын хажууд ******* ******* улсын дугаартай цэнхэр өнгөтэй Ки Пронтер маркийн машин зогсож байхаар нь очиж шалгахад уг машины жолооч гэх А нь Б гэгчтэй хамт байсан. Уг машины тэвшин дээр дөрвөн ширхэг 25 кг шуудайтай эд зүйл ачсан байхаар нь шалгахад дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэс байсан. Тухайн үндсийг Цагдаагийн газарт авчирч, хөндлөнгийн гэрч байлцуулан Аын өөрийнх нь цахилгаан жингээр шуудайтай нь хиллэхэд 76 кг болж байсан. Тэгээд тасгийн байрны гадаа шуудайнаас нь гаргаж хатаахад ургамлын үндсэн дотроос шороо, чулуу их хэмжээгээр гарсан, уг ургамлын үндсийг 11 хоног цагдаагийн тасгийн гадаа хатаагаад 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 09 цагийн орчимд уг хатаасан ургамлын үндсийг хиллэхэд 12 кг болсон байсныг аймгийн төв рүү авч явж цагдаагийн газрын эд зүйл хадгалах өрөөнд хадгалсан...” гэжээ. /хх-ийн 25-26/
Гэрч М.З мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...цагдаагийн дэслэгч Б.С-ын хамт Халхгол сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр болох сумын төвийн зүүн урд хэсгийн гэр хорооллоор эргүүлийн үүрэг гүйцэтгээд явж байхад хагас хашаа татсан эзэнгүй айлын 2 ширхэг амбаарын хажууд ******* ******* улсын дугаартай цэнхэр өнгөтэй Ки Пронтер маркийн машин зогсож байхаар нь очиж шалгахад уг машины жолооч гэх А, Б гэгчтэй хамт байсан. Уг машины тэвшин дээр дөрвөн ширхэг 25 кг шуудайтай эд зүйл ачсан байхаар нь шалгахад дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэс байсан. Тухайн үндсийг Цагдаагийн газарт авчирч, хөндлөнгийн гэрч байлцуулан Аын өөрийнх нь цахилгаан жингээр шуудайтай нь хиллэхэд 76 кг болж байсан. Тэгээд тасгийн байрны гадаа шуудайнаас нь гаргаж хатаахад ургамлын үндсэн дотроос шороо, чулуу их хэмжээгээр гарсан, уг ургамлын үндсийг 11 хоног цагдаагийн тасгийн гадаа хатаагаад 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 09 цагийн орчимд уг хатаасан ургамлын үндсийг хиллэхэд 12 кг болсон байсныг аймгийн төв рүү авч явж цагдаагийн газрын эд зүйл хадгалах өрөөнд хадгалсан...” гэжээ. /хх-ийн 27-28/
Гэрч Х.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Маргааш өглөө буюу 2020 оны 07 дугаар сарын 24-нд Э-ын гэрт өдөржингөө байсан. Орой 21 цагийн орчим А хоёулаа ойрхон айл руу очоод ирье гэхээр нь би цуг явсан. Бид хоёр Э-аас машинтайгаа хөдлөөд Халхгол сумын төвөөс зүүн урд зүгт айлын хашааны гадаа очсон. Тэгэхэд мотоцикл унасан 2 залуу ирсэн. Тэгээд А нь буугаад уулзсанаа 4 шуудайтай юм машин дээрээ ачсан. Би яг юу байсныг нь мэдээгүй машинд сууж байсан...” гэжээ. /хх-ийн 29-30/
Дорнод аймгийн Халхгол сумын Нөмрөгийн дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны улсын байцаагч, шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 39-04-154 тоот дүгнэлтэд:
“1. Аын бусдаас худалдан авсан ургамлын үндэс нь дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэс мөн бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/43 дугаар тушаалаар судалгаа, шинжилгээнээс бусад зориулалтаар байгалиас түүж бэлтгэхийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл түр хориглосон.
2. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3-д заасныг үндэслэн 1 кг дэрэвгэр жиргэрүү ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлэн тооцож 250.000 төгрөг болно. Иймд А нь байгаль экологид 3000.000 төгрөгийн хохирол учруулсан байна” гэжээ. /хх-ийн 33-34/
А мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би найз Э-аас ургамлын үндэс байна уу, зарж байгаа хүн байвал асууж өгөөч гэсэн. Тэгээд сумын тал хашаатай эзэнгүй айлд очиж танихгүй хоёр хүнээс 4 шуудай ургамлын үндэс худалдаж авсан. Тухайн 4-н шуудай үндэс нь 76 кг болсон бөгөөд 1 кг-ийг нь 8000 төгрөгөөр бодож 608.000 төгрөг өгсөн. Тэгээд аваад тухайн хүмүүс явсны дараа сумын цагдаагийн хүмүүс ирээд хэсэг рүүгээ авч явсан...” гэжээ. /хх-ийн 42/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7/
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-9/
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 10/
Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 11/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-13/
Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 14/
Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын “Экологи эдийн засгийн үнэлгээ батлах тухай” тушаалын хуулбар /хх-ийн 35-36/
Аын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 43/
Жолоочийн үнэмлэхийн хуулбар /хх-ийн 44/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч ................ овогт А нь 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Дорнод аймгийн Халхгол сумын 1 дүгээр баг “*******” гэх газраас Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолоор ховор ургамлын жагсаалтад оруулсан 12 килограмм “Дэрэвгэр жиргэрүү” гэх ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор худалдан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч Аын мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгийг давхар нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч А.Э, гэрч Б.С, М.З, Х.Б нарын мэдүүлэг, Дорнод аймгийн Халхгол сумын Нөмрөгийн дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны улсын байцаагч, шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 39-04-154 тоот дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийн үнэлгээ, Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын “Экологи эдийн засгийн үнэлгээ батлах тухай” тушаалын хуулбар, Аын иргэний үнэмлэхийн хуулбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор байгалийн ховор ургамлыг ... худалдан авах” гэдэгт эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор байгалийн ховор ургамлыг өөрийн эзэмшилд авахад чиглэсэн хувь хүний хийсэн аливаа идэвхтэй үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч А нь эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор байгалын ховор ургамал болох 12 килограмм дэрэвгэр жиргэрүүг худалдан авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. Шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан өөрөөр хэлбэл эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүй байж зориуд ховор ургамлыг худалдаж авсан нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Шүүгдэгч Аод холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор байгалийн ховор ургамлыг худалдан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Аын хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлсэн зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Аод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.
Шүүгдэгч Аод эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч А нь “...сумын тал хашаатай эзэнгүй айлд очиж танихгүй хоёр хүнээс 4 шуудай ургамлын үндэс худалдаж авсан. Тухайн дөрвөн шуудай үндэс нь 76 кг болсон бөгөөд 1 кг-ийг нь 8000 төгрөгөөр бодож 608.000 төгрөг өгсөн...” гэж мэдүүлж байх бөгөөд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгчийн зөвшөөрөлгүйгээр худалдаж авсан ховор ургамал болох дэрэвгэр жиргэрүүг хатаасны дараа жинлэхэд 12 кг болсон нь нотлогдож байна. Иргэний нэхэмжлэгч А.Э нь мөрдөн шалгах ажиллагаанд “...Аын 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр байгаль экологид учруулсан хохирлыг хуулийн дагуу гаргасан үнэлгээгээр нэхэмжилнэ...” гэж мэдүүлсэн байх боловч улсын яллагч нь шүүх хуралдаанд “...шүүгдэгч нь дээрх дэрэвгэр жиргэрүү ургамлыг байгалиас нь түүгээгүй, хувь хүнээс худалдаж авсан учраас ургамлын санд учирсан хохирлыг 5 дахин нэмэгдүүлэн гаргах үндэслэлгүй юм. Иймд шүүгдэгчээс ургамлын санд учруулсан хохиролд 600,000 төгрөгийг гаргуулах тухай” санал гаргасныг харгалзан Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 57 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Аоос гэмт хэргийн улмаас ургамлын санд учруулсан хохиролд 600.000 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлогод оруулахаар шийдвэрлэлээ.
Мөн түүнчлэн шүүгдэгч А нь гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Хятад улсад үйлдвэрлэсэн төмөр цахилгаан жинг “Энэ бол миний жин биш. Манай найзынх. Тухайн үед битүүмжлээд цагдаа хураагаад авчихсан” гэж мэдүүлж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4-т зааснаар шүүгдэгч Аоос гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Хятад улсад үйлдвэрлэсэн төмөр цахилгаан жинийн үнэ 30,000 төгрөгийг гаргуулж, Аын ургамлын санд учруулсан хохирол 600.000 төгрөгийг нөхөн төлөхөд зарцуулж, төмөр цахилгаан жинг битүүмжилсэн 2020 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, уг жинг Аод буцаан олгох нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 12 килограмм дэрэвгэр жиргэрүү ургамлыг устгаж, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч А нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ............... овогт Аыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан байгалийн ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаар өөр зорилгоор худалдан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Аод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Аод тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Аод мэдэгдэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан этгээдэд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.
5. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 57 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Аоос гэмт хэргийн улмаас ургамлын санд учруулсан хохиролд 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлогод оруулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4-т зааснаар шүүгдэгч Аоос гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Хятад улсад үйлдвэрлэсэн төмөр цахилгаан жингийн үнэ 30,000 /гучин мянга/ төгрөгийг гаргуулж, гэмт хэргийн улмаас ургамлын санд учруулсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 12 /арван хоёр/ килограмм дэрэвгэр жиргэрүү ургамлыг устгаж, Хятад улсад үйлдвэрлэсэн төмөр цахилгаан жинг битүүмжилсэн 2020 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, уг төмөр цахилгаан жинг хадгалах хамгаалах үүрэг хүлээсэн шүүгдэгч Аод буцаан олгосугай.
8. Энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч А нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ..................... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст хүргүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Аод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА