| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 168/2020/0319/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/317 |
| Огноо | 2020-10-09 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | Ч.Мөнхзул |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 2020/ШЦТ/317
2020 10 09 2020/ШЦТ/317
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч Ч.Мөнхзул
Шүүгдэгч М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ...................овогт Мт холбогдох эрүүгийн 2021000000352 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Сэргэлэн суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт .............................тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1, 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, мөн шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 87 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 3 сарын баривчлах ял оногдуулж, уг ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн ялын заримыг буюу 9 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 1 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, ..................... овогт М /РД: .............. /.
Шүүгдэгч М нь согтуугаар 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 09-нд шилжих шөнө 00 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг 24 дүгээр байрны урд талын таксины зогсоол дээр хэрүүл маргаан үүсгэн Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын цагдаа, жолооч ажилтай Б.Х-ын тавьсан хууль ёсны шаардлагын эсэргүүцэж хүч хэрэглэсэн,мөн хохирогч Б.Х-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хохирогч Б.Х мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би 2020 оны 09 дүгээр сарын 09-ний шөнө 00 цагаас хойш Хэрлэн сумын 6 дугаар баг 24 дүгээр байрны таксины зогсоолын орчим хяналт тавьж ажилласан юм. Тухайн орчимд жолооч нар архи согтууруулах ундаа зардаг талаар иргэдээс гомдол мэдээлэл ирдэг учраас хяналт тавьж ажиллаж байгаа. 00 цагийн орчимд таксны зогсоолд машин хүн байхгүй болсны дараа Восток рестораны урдаас үл таних 2 эмэгтэй хүний хамтаар аймгийн харцага залуу М ирж байсан. Тэгснээ тэр хоёр эмэгтэйд хандаж “Намайг харж бай. Яаж энэ пизда нарын машинд суухыг харж бай” гэж хэлээд шууд бид хоёр руу чиглэж ирээд “Би танай тэр 111-т чинь хономоор байна. Намайг хүргээд өг” гэж хэлэхээр нь “Та хариад амар. Бид нар зөрчил гаргаагүй хүн эрүүлжүүлдэггүй юм” гэж хэлсэн чинь “Битгий хуц пизда минь. Би танай 111-т хономоор байна” гэж хэлээд шууд миний нүүр рүү гараараа нэг удаа цохисон. Тухайн үед бид хоёр машин дотор байсан бөгөөд би жолооны хүрдний ард, Ж миний хажууд сууж байсан. Би хаалга онгойлгоод буух гэж байхад хаалга татаж онгойлгоод миний нүүр рүү толгойгоороо нэг мөргөсөн. ...Урьд өмнө М гэдэг залуу цагдаагийн албан хаагчид удаа дараа гар хүрч байсныг миний хувьд сонсож байсан. Дуртай нэг хүн цагдаагийн албан хаагчийн биед халдаад байж болохгүй байх гэж бодож байна. Өөр гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэжээ. /хх-ийн 07-12/
Гэрч Ц.Ж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Х бид хоёр 24 дүгээр байрны орчимд хяналт тавьж хөдөлгөөн тарж таксины зогсоол дээр нэг ч машингүй болсон байхад М гэх залуу хоёр танихгүй эмэгтэй хүний хамт ирсэн. Нөгөө 2 эмэгтэй нь такси байхгүй байна гэж хоорондоо ярилцаж байхад “би цагдаагийн машиныг такси болгоно. Та хоёр харж бай” гэж хэлээд бид хоёр руу ирсэн. Тэгээд Х-ын хаалганд тулж ирээд намайг эрүүлжүүлэх аваачаад өг гэж хэлэхэд нь та биеэ авч явах чадвартай байна. Та ингээд явчих гэж хэлсэн чинь шууд толгой руу нь гараараа цохисон...” гэжээ. /хх-ийн 20-21/
Гэрч Г.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...00 цаг өнгөрч байхад цагдаа Х станцаар 24 дүгээр байрны таксины зогсоол дээр хүрээд ирээч гэж дуудахад нь очиход ахлагч Х, дэд ахлагч Ж-ийн хамт М-ийг машиндаа суулгах гээд суулгаж чадахгүй шаардлагыг нь эсэргүүцээд байж байсан. М нь хоёр эмэгтэй хүнтэй явж байхад томорлоо гээд маргаж байсан ба Х М-ийг чи цагдаагийн албан хаагчид гар хүрэх эрх байхгүй, яагаад цохиж байгаа юм, чамайг эрүүлжүүлнэ гэхэд М нь анх эрүүлжүүлэх явъя гэхэд авч яваагүй байж одоо би явахгүй гээд шаардлагыг нь эсэргүүцэж байсан. Би М-ийг таньдаг болохоор машинд зүгээр суучих гээд хүчээр суулгаж хоёр талд нь Ж, Э хоёрыг суулгаад Х машинаа бариад би машинтай араас нь дагаад эрүүлжүүлэхэд авчирсан. Эрүүлжүүлэх байранд ирээд Мийг эрүүлжүүлэх гээд Х карт бичих гээд овог нэрийг нь асуусан чинь М хэлэхгүй гээд бичиж байсан картыг нь базаад шидчихсэн...” гэжээ. /хх-ийн 22-24/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 685 тоот дүгнэлтэд:
1. Б.Х-ын биед зүүн хацар шанааны зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстын язарсан шарх тогтоогдлоо.
2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 26-27/
М мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...би ганцаараа архи уусан болохоор согтсон бөгөөд караокеноос гарч байснаа санаж байна. Миний өмнө хоёр эмэгтэй явж байсан. 24 дүгээр байрны зогсоол дээр очиход такси байхгүй байсан. Харин цагдаагийн машин байхаар нь гэр бүлийн хүнтэйгээ маргасан байсан болохоор гэртээ очихын оронд эрүүлжүүлэх очоод хоноё гэж бодоод цагдаад хандаж эрүүлжүүлэхэд хүргээд өгчих гэж хэлсэн. Тэгсэн чинь цагдаа нар авч явахгүй гэхэд нь заавал авч яв гэж хэлээд маргалдсан. Ингээд нэг удаа цохиж байснаа санаж байна. Нэлээн согтсон байсан учраас зарим зүйлийг санахгүй байна. Нэг мэдэхэд эрүүлжүүлэхийн үүдэнд ирсэн байсан. Намайг ор гэж хэлж байсан. Түрүүнд орье гэхэд оруулаагүй байж одоо орохгүй гэж хэлж байснаа санаж байна...” гэжээ. /хх-ийн 32-34/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04/
Дорнод аймгийн Цагдаагийн газрын 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 36/1960 тоот албан бичиг /хх-ийн 53/
Б.Х-ын цагдаагийн үнэмлэхийн хуулбар /хх-ийн 54/
Б.Х-ын албан тушаалын тодорхойлолт /хх-ийн 55-59/
Мийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 36/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Мт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас нийтийн албаны ашиг сонирхол зөрчигдөж, хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэж шийдвэрлэв.
Шүүгдэгч ............ овогт М нь согтуугаар 2020 оны 09 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг 24 дүгээр байрны урд талын таксины зогсоол дээр хэрүүл маргаан үүсгэн Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн ахлагч Б.Х-ын тавьсан хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцсэн, эсэргүүцэх явцдаа түүний биед зүүн хацар шанааны зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстын язарсан шарх гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч Б.Х-ын “...Би танай тэр 111-т чинь хономоор байна, намайг хүргээд өг гэж хэлэхээр нь би “Та хариад амар. Бид нар зөрчил гаргаагүй хүн эрүүлжүүлдэггүй юм” гэж хэлсэн чинь “Битгий хуц пизда минь. Би танай 111-т хономоор байна” гэж хэлээд шууд миний нүүр рүү гараараа нэг удаа цохисон. Би хаалга онгойлгоод буух гэж байхад хаалга татаж онгойлгоод миний нүүр рүү толгойгоороо нэг мөргөсөн...” гэх, гэрч Ц.Ж-ийн “...2 эмэгтэй нь такси байхгүй байна гэж хоорондоо ярилцаж байхад “би цагдаагийн машиныг такси болгоно. Та хоёр харж бай” гэж хэлээд бид хоёр руу ирсэн. Тэгээд Х-ын хаалганд тулж ирээд намайг эрүүлжүүлэх аваачаад өг гэж хэлэхэд нь та биеэ авч явах чадвартай байна. Та ингээд явчих гэж хэлсэн чинь шууд толгой руу нь гараараа цохисон...” гэх, гэрч Г.Г-ын “...ахлагч Х, дэд ахлагч Ж-ийн хамт М-ийг машиндаа суулгах гээд суулгаж чадахгүй шаардлагыг нь эсэргүүцээд байж байсан. М нь хоёр эмэгтэй хүнтэй явж байхад томорлоо гээд маргаж байсан ба Х Мийг чи цагдаагийн албан хаагчид гар хүрэх эрх байхгүй, яагаад цохиж байгаа юм, чамайг эрүүлжүүлнэ гэхэд М нь анх эрүүлжүүлэх явъя гэхэд авч яваагүй байж одоо би явахгүй гээд шаардлагыг нь эсэргүүцэж байсан...” гэх мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 685 тоот дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 36/1960 тоот албан бичиг, Б.Хын цагдаагийн үнэмлэхийн хуулбар, албан тушаалын тодорхойлолт, Мийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуульд зааснаар хууль сахиулагч гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно. Хохирогч Б.Х нь Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа жолооч болох нь Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 36/1960 тоот албан бичиг, Б.Хын цагдаагийн үнэмлэхийн хуулбар, албан тушаалын тодорхойлолт зэргээр тогтоогдож байх бөгөөд хохирогч Б.Х нь өөрийн ажлын байрны тодорхойлолт заасан гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийн хүрээнд хариуцсан нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулж тавьсан хууль ёсны шаардлагыг шүүгдэгч М хүч хэрэглэн эсэргүүцэж, түүний биед нь халдаж зүүн хацар шанааны зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстын язарсан шарх гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М нь нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан нийтийн алба, хууль сахиулагчийг үл хүндэтгэн улмаар хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч Мийн үйлдсэн хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл хэмжээг тогтооно” гэж зааснаар шүүгдэгч Мийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Х нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэх зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2900.000 төгрөгөөр торгох, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2900.000 төгрөгөөр торгох ял дээр, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3350.000 төгрөгөөр торгох ялаар тогтоож, шүүгдэгчийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзэв.
Шүүгдэгч Мийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Хын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх боловч хохирогч нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч М нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ............ овогт Мийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2900 /хоёр мянга есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2900.000 /хоёр сая есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2900 /хоёр мянга есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2900.000 /хоёр сая есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 3350 /гурван мянга гурван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3350.000 /гурван сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Мийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн .................. регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА