Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 6

 

 

 

 

 

 

 

 

 

2018  оны 02 сарын 06 өдөр                    ДШМ/06                                        Хэрлэн сум Хэрлэн сум

 

А.А, М.Г нарт холбогдох

эрүүгийн хэргийн талаар

226/2018/0004

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч О.Баатарсүх, Б.Сүхгомбо нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Нарийн бичгийн дарга: А.Цэрэндулам,

Прокурор: Д.Энхжаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Нарангэрэл,

Шүүгдэгч: А,А М.Г нарыг оролцуулан

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч  Ц.Мөнхтулгын даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 191 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Нарангэрэлийн давж заалдах гомдлоор эрүүгийн  1739000000063 дугаартай хэргийг  2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Сүхгомбын илтгэснээр хянан хэлэлцэв.

Хэнтий аймагт 1987 онд  төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 1, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Баянзүрх” багт оршин суух Б овогт А. А /РД: СР87082214/

Хэнтий аймагт 1996 онд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, ах нарын хамт Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 2 дугаар багт оршин суух, Х овогт М  Г /РД: СР96042117/

Шүүгдэгч А.А, М.Г нар нь хамтран 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 2 дугаар баг “Тэнхлэг” гэх газар оршин суух иргэн Л.С гэрт нууцаар, хууль бусаар нэвтрэн орж “DDISH” станц, бэлнээр 200.000 төгрөгийг авч 330.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймгийн Прокурорын газраас А.А, М.Г нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

D:\2018\магадлал\Эрүү\altanerdene.docx

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 191 дүгээр шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Б овогт А. А, Х овогт М. Г нарыг хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3, 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ал 01 жил 03  сар хорих ял, шүүгдэгч М.Г 01  жил 01  сар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А оногдуулсан 01 жил 03 сарын хорих ял, шүүгдэгч М.Г  оногдуулсан 01 жил 01 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, тэдэнд  авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж тус тус шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл нь давж заалдах гомдолдоо: А, Г нар нь гэмт хэрэгт хамтран оролцсон байхад анхан шатны шүүх шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасныг журамлахгүйгээр гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна. Мөн прокурорын газраас шүүгдэгч нарыг хамтран оролцож гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасныг журамлаагүй. Иймд анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэх үндэслэлээр шийтгэх тогтооолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Прокурор Д.Энхжаргал нь давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангасан. Шүүгдэгч нь хулгайн гэмт хэрэг үйлсдэн нь хохирогч, гэрч, шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ А.А, М. Г нарын эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх” хуулийн шаардлагыг бүрэн хангаагүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хохирогчийн алдагдсан эд зүйлийн үнэлгээний талаар маргаан гараагүй, шүүгдэгч А.А хэрэгт авагдсан баримтуудаар бичиг үсэг мэддэг, тодорхой хэмжээний боловсролтой болох нь тогтоогдсон, энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд прокурорын зөвшөөрөл авах хуулийн шаардлагыг зөрчөөгүй байх тул тэдгээрийг нэмж шалгуулах шаардлагагүй байна гэж үзэв.

Харин Шүүгдэгч А.А, М.Г нар нь хулгайн гэмт хэрэгт хамтран оролцсон байтал прокурорын яллах дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлаагүй ирүүлснийг шүүх анхаарч үзэлгүй шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй бөгөөд энэ талаарх шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжтой байна.

Иймд  анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон

 

ТОГТООХ нь:

Нэг. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 191 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч А.А, М.Г нарт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасугай.

Хоёр. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар А.А, М.Г  нар нь шийтгэх тогтоол гарснаас хойш 50 /тавь/ хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

Гурав. Шүүгдэгч А.А, М.Г  нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг анхан шатны шүүхэд очтол хэвээр үлдээсүгэй.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.ДЭНСМАА

                              ШҮҮГЧ                                                  О.БААТАРСҮХ

      Б.СҮХГОМБО