Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 525

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: “П” ХХК 

Хариуцагч: Б дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Б.Ч, Г.Ц

Нэхэмжлэлийн шаардлага: “Б дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Ч, Г.Цнарын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн № тоот актыг хүчингүй болгуулах”-ыг шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “П” ХХК-ийн захирал О.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “П” ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...“П” ХХК нь ******* тоот регистрийн дугаартай, 2011 оны 2 сард байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд Б дүүргийн татварын хэлтэстэй харьцаж ажилладаг. Тус компани нь 2012 оны 4 сарын 4-ний өдөр НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн ба 27307 тоот гэрчилгээтэй үйл ажиллагаагаа явуулж байна.

Б дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Ч, Г.Цэнд- Аюуш нар нь тус “П” ХХК-ийн 2012-2013 оны татвар ногдуулалт төлөлтийн байдалд хэсэгчилсэн шалгалт хийж татварын төлбөр ногдуулсан 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн тоот акт нь татвар төлөгчид хуулиар олгогдоогүй үүргийг биелүүлэхийг шаардсанаараа түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж байгаа тул уг актыг хүчингүй болгуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Б дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б. Ч, Г.Цнар нь дээрх маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа ЦЕГ-ын ЗБГХТГ-ын 2015оны 04 сарын 24-ний өдрийн 9д/2933 тоот албан бичигт дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй падаан тараасан аж ахуйн нэгжийн жагсаалтанд орсон “Г” ХХК/ дугаартай НӨАТ-ын падаан/, “Ж” ХХК/ дугаартай НӨАТ-ын падаан/, “Ё*******” ХХК/******* дугаартай НӨАТ-ын падаан/, “Н*******” ХХК/1******* дугаартай НӨАТ-ын падаан/-иудын “хий бичилттэй падаан” ашиглан төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулсан зөрчил гаргасан гэж үзэж нийт 24.648.296,90 төгрөгний татварын төлбөр ногдуулсан юм. 

Энэхүү захиргааны актыг эс зөвшөөрч Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд хандсан боловч уг зөвлөл Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент  байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөлүзүүлэх тухай хуулийн зохих зүйлүүдийг удирдлага болгон актаар ногдуулсан татварыг төлбөрөөс зөвхөн торгууль, алдангийг чөлөөлж нөхөн татварыг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөрөг нөлөө бүхий нөхцөл байдлыг үүсгэж байгаад гомдолтой байгаа тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Маргааны гол үндэслэл нь “П” ХХК нь НӨАТ төлөгчөөр бүртгэгдсэн, регистрийн дугаар бүхий худалдагчийн өгсөн татварын албанаас нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчдөд тараадаг албан ёсны баримт болохНӨАТ-ын падаан/тэдгээрт дарагдсан компанийн болон санхүүгийн тэмдгүүд нь жинхэнэ эхээр буюу тосон дарцаараа байсан/-ыг үндэслэж татварын тайлангаа гаргасан байхад энд тэндээс ирсэн бичгийг гол үндэслэлээ болгон татвар төлөгчид дарамт учруулах, хууль бус татвар ногдуулалт хийх, татвар төлөгчид хуулиар олгогдоогүй үүргийг биелүүлэхийг шаардах нь татварын алба, улсын байцаагчийн эрх биш гэдгийг татварын улсын байцаагчид ч тэр, Татварын алба нь ч тэр аль аль нь ойлгоогүйд байгаа юм.

Эдгээр хууль бус шаардлагыг үл зөвшөөрч Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд хандсан боловч тухайн зөвлөл мөн л татварын алба, байцаагчийнхаа хууль бус үйлдлийг үндсэндээ зөвтгөсөн шийдвэрийг 2017 оны 05-р сарын 05-ны өдөр гаргаж, 10-р сарын 09-ний өдөр гардуулсан тул ийнхүү шүүхэд хандаж байна.

Иймд Б дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Ч, Г.Цнарын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн тоот актыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Б дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Ч, Г.Цнар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Уул уурхайн компаниудад шатахуун тээвэрлэх, худалдааны үйл ажиллагаа эрхлэхээр үүсгэн байгуулагдсан, 1 гишүүнтэй, 1,000.000.00 төгрөгийн дүрмийн сантай, ******* тоот регистртэй, Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн 2012 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн 27307 тоот гэрчилгээтэй, «Голомт банк» ХХК-д төгрөгийн *******, ******* тоот харилцах данстай, Б дүүргийн 26-р хороо Д******* 103-32 тоот бүртгэлтэй, захирал О.Э /утас *******/, «П» ХХК-ний 2012-2013 оны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 9д/2933 тоот албан бичиг, Татварын Ерөнхий газрын 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 7/1277 тоот албан бичгийн дагуу 24150600430 тоот «Татварын хяналт шалгалт хийх томилолт»-оор, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлан, татвар төлөгчийн ярилцлага зэрэг баримт материалд үндэслэн хэсэгчилсэн хяналт шалгалт хийсэн.

2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр дугаартай актаар 138,785,454.50 төгрөгийн зөрчилд 13,878,545.50 төгрөгийн нөхөн татвар, 4,163,563.65 төгрөгийн торгууль, 6,606,187.65 төгрөгийн алданги, нийт 24,648,296.80 төлбөр ногдуулсан бөгөөд НТГ-ын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөл 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 021 дугаар тогтоолоор 13,878,545.50 төгрөгийн нөхөн татварын төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн.

Мөн Татварын Ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 60 дугаар тогтоолоор НТГ-ын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг хэвээр баталсан.

2012 оны 06 сарын 30-нд 5566606 тоот регистртэй «Г» ХХК- иас тоот падаанаар 14,000,000.00 төгрөг, 2012 оны 03 сарын 31-нд 5536723 тоот регистртэй «Ж» ХХК-иас 10085771 тоот падаанаар 76,681,818.20 төгрөг, 2012 оны 08 сарын 16-нд 5374286 тоот регистртэй «Ё*******» ХХК-иас ******* тоот падаанаар 34,136,363.60 төгрөг, 2012 оны 09 сарын 30-нд 5454123 тоот регистртэй «Н*******» ХХК-иас 1******* тоот падаанаар 13,967,272.70 төгрөг нийт 138,785,454.50 төгрөгийн бараа, материал худалдан авсан мэтээр Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн “Нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа” хэсэгт тусган, албан татвар ногдох орлогоос хасч, албан татвар ногдуулах орлогыг бууруулсан нь:

1. Дээрх падаанууд нь цагдаагийн байгууллагаар хуурамч нь тогтоогдсон.

2. Хэсэгчилсэн хяналт шалгалтаар эдгээр худалдан авалтын падаануудыг магадлан шалгах явцад захирал О.Э нь манайх гэрээт нягтлан бодогчтой тул баримт материал олдохгүй байна, нягтлантайгаа холбоо барья гэсэн тайлбарыг олон удаа өгч анхан шатны баримтаа авчраагүй нь шалгалтын ажилд саад учруулсан гэх үндэслэлтэй.

3. Дээрх худалдан авалтын падаануудаар албан татвар ногдуулах орлогыг бууруулсан болох нь татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн сангаас авсан баримтаар нотлогдож байна.

4. Дээрх компаниуд хуурамч падаан бичдгийг нотолж Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газар 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 482 тоот тогтоол үйлдсэн болно.” гэжээ. 

Нэхэмжлэгч “П” ХХК-ийн захирал О.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компанийн 130 сая төгрөгний худалдан авалтын 13 сая төгрөгний татвар төлөх үүрэг нь борлуулагчид очиж байна. Борлуулагч цааш нь өөрөө худалдан авалт хийхээр татвар төлөх нь дараачийн борлуулагчийн үүрэг болж байна. НӨАТ төлөх хариуцлага цааш энэ маягаар дамжин явж байгаа. Манай компани НӨАТ төлөх хариуцлага дууссан байхад яагаад нөхөн татвар төлүүлэх акт тавьсан бэ? Тухайн худалдан авалт хийсэн компани хуурамч учраас манай компанийг төлөх ёстой гэдэг. Тухайн падаан бичилт хийж байгаа компанийг хуурамч гэдгийг би тогтоох боломжгүй” гэжээ.

Хариуцагч Б.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хуурамч худалдан авалтын падаан бичдэг компани учраас хэдэн сая төгрөгний хуурамч падааныг танай компанид бичиж өгсөн байна. 138 сая төгрөгний худалдан авалт хийсэн гэдгээ нотлох баримтыг “П” ХХК гаргаж өгч чадахгүй, нотолж чадахгүй байгаа учраас татварын төлбөрийн акт тавьсан байгаа” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнгөнтулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хуурамч падаан бичдэг компаниудыг Цагдаагийн ерөнхий газар, Сүхбаатар дүүргийн прокурорын газраас тогтоосон. Иймд “П” ХХК нягтлан бодогчдоо хариуцлага тооцох нь зүйтэй” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “П” ХХК нь “Б дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Ч, Г.Цнарын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн № тоот актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг анх гаргасан ба шүүх хуралдаанд дээрх № тоот актын нөхөн татвар 13,878,545.5 төгрөгт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно.

Татварын улсын байцаагч нарын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн № тоот актаар “Г” ХХК-ийн хуурамч ажил гүйлгээтэй, хий бичилттэй 2012 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 10085771 тоот падаанаар 14,000,000 төгрөг, “Ж” ХХК-аас 2012 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 10085771 тоот падаанаар 76,681,818.20 төгрөг, “Ё*******” ХХК-аас 2012 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн ******* тоот падаанаар 34,136,363.60 төгрөг, “Н*******” ХХК-аас 2012 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 1******* тоот падаанаар нийт 135,785,454.50 төгрөгийн бараа, материал худалдан авсан мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд “Нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа” хэсэгт тусган албан татвар ногдуулах орлого бууруулсан зөрчилд “П” ХХК-д нийт 24,648,296.80 төгрөгийн төлбөр тогтоожээ.

 Дээрх актаар тогтоосон нийт 24,648,296.80 төгрөгөөс Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн дугаар 021 тоот тогтоолоор торгууль, алдангийг хасч нөхөн татвар 13,878,545.5 төгрөгийг төлүүлэхээр өөрчлөн тогтоосон байна.

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Б дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Б.Ч, Г.Цнарын үйлдсэн 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” тоот татварын улсын байцаагчийн актад дурдагдсан маргаан бүхий падаануудад бичигдсэн худалдан авалт бодит байдалд хийгдээгүй,  уг падаанууд хуурамч ажил гүйлгээтэй буюу хий бичилттэй болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд: 

• Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газраас ирүүлсэн 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн № 9д/2933 тоот албан бичиг 

• Татварын ерөнхий газраас аймаг, дүүргийн татварын хэлтэст хүргүүлсэн 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн № 7/1277 тоот албан бичиг 

• 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 21 дугаартай Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн тогтоол 

• 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 60 дугаартай Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн тогтоол 

• Сүхбаатар дүүргийн Прокурорын 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” дугаар 482 тоот тогтоол 

• Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас ирүүлсэн эрүүгийн 201301000499 дугаартай хэрэгт авагдсан баримтууд /гэрчийг байцаасан тэмдэглэлүүд, сэжигтэн, яллагдагчийг байцаасан тэмдэглэлүүд гэх мэт/-ын “Г” ХХК, “Жигдэнмядаг” ХХК, “Н*******” ХХК, “Ё*******” ХХК-уудад холбогдох баримтуудаар  зэрэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тодорхой нотлогдож байна.

Маргаан бүхий татварын улсын байцаагчийн актыг үйлдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2006 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14-р зүйлийн 14.3-т “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар /цаашид НӨАТ гэх/ төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж заасан тул хуурамч ажил гүйлгээтэй, хий бичилттэй падаануудыг үндэслэж төсөвт төлөх НӨАТ-аас хасалт хийх үндэслэлгүй, боломжгүй юм. 

Мөн татварын улсын байцаагчийн актыг үйлдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2001 оны Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн зөв гаргах үндэслэл болно”, 7.6-д “Анхан шатны баримтын бүрдэлт, үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан   ажилтан хариуцна”, 7.7-д “анхан шатны баримтгүй ажил гүйлгээг бүртгэл, тайланд тусгахыг хориглоно” гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд анхан шатны баримтын буюу падааны үнэн зөвийг зөвхөн бэлтгэн нийлүүлэгч буюу худалдагч тал бус шалгаж хүлээн авсан буюу худалдан авагч тал давхар хариуцахаар хуульчилсан байна.

Мөн Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд татвар төлөгчийн үүргийг хуульчилсан ба 18.1.1-т “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй” гэж, 18.1.3-т “анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах үүрэгтэй” гэж тус тус заасан ба дээрх хуулийн зохицуулалтууд болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд “П” ХХК нь татвар төлөгчийн үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд хуурамч ажил гүйлгээтэй, хий бичилттэй падаан ашиглан татвар ногдох орлогоо бууруулсан зөрчил гаргасан гэсэн агуулгаар маргаж буй хариуцагчийн тайлбар үндэслэлтэй бөгөөд Б дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Ч, Г.Цнарын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн № тоот акт хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ НӨАТ-ын падааныг үндэслэж татварын тайлангаа гаргасан байхад энд тэндээс ирсэн бичгийг гол үндэслэлээ болгон татвар төлөгчдөд дарамт учруулах, хууль бус татвар ногдуулалт хийх, татвар төлөгчид хуулиар олгогдоогүй үүргийг биелүүлэхийг шаардах нь татварын алба, татварын улсын байцаагчийн эрх биш гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байгаа хэдий ч энэ нь маргаан бүхий актад дурдсан зөрчлүүдийг үгүйсгэх үндэслэл биш юм. 

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

                 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

                                                                                                                         

1. Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.3, 2006 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 2001 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.6, 7.7 -д заасныг тус тус баримтлан “Б дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Ч, Г.Цнарын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн № тоот актын нөхөн татвар 13,878,545.5 төгрөгт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий “П” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй. 

 

          

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                М.БАТЗОРИГ