Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 1404

 

 

 

 

 

 

   

    2020        07           30                                2020/ШЦТ/1404

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхбадрал,

Улсын яллагч Л.Галав,

Шүүгдэгч Г.Ж, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овогт Г-н Ж-д холбогдох эрүүгийн 2006 00000 1499 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

           Шүүгдэгч Г.Ж нь 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбулан 00 дүгээр гудамжны 000 тоот хашаанд дагавар охин Ж.Гэрэлтэй маргалдан зодож эрүүл мэндэд нь баруун чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, үс халцрал, зүүн бугалга, шууны цус хуралт, баруун өвдөг, шилбэний зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Жы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Хавтас хэргээс:

Хохирогч Ж.Гэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ... манай хойд аав Г.Ж хашаанаас гарч ирээд уурлаад хэл амаар доромжлоод чи эхийгээ аваад яв гээд уурлаад маргалдаад би буугаад очсон чинь миний үснээс зулгааж дараад би газар унасан чинь намайг чирээд ээж дундуур орж ирээд салгаад би холдоод зогсож байсан чинь Г.Ж газраас чулуу авч надруу шидсэн чинь миний баруун өвдөгрүү оноод миний урд талд унасан ... 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр миний үснээс хоёр гараараа зулгааж, чирэх үед зүүн талын гараараа унасан тэр үед гарны гэмтлүүд үүссэн. Баруун өвдөгний зулгаралт гэмтлийг чулуугаар цохиж гэмтээсэн ... Жаргалсайхан миний жолоочийн эсрэг талын урд хаалгыг онгойлгоод чи наад эхийгээ аваад яв бас гэрт байгаа миний төрсөн дүүгийн хүүхэд болох Гэрэлт-Эрдэнийг аваад яв гээд байсан ... намайг Г.Ж хэл амаар доромжилж машины хаалгыг хүчтэй саваад хаасан би машинаасаа буугаад очиход Жаргалсайхан миний үснээс зулгааж газар унагааж шороон дээр чирсэн ээж Нина салгахад надруу том чулуу аваад шидсэн миний баруун хөлний өвдөгний доор чулуу нь оносон ... намайг гудамжинд янхан, гичий гээд байсан” /хх-ийн 05-07, 08-10 дугаар тал/,

Гэрч Ж.Нинагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ... манай нөхөр Г.Ж амьсгаадаж гарч ирээд амандаа хараалын элдэв үг хэлээд охиныг үсдэж аваад газар чирээд эргэлдүүлж нилээд явсан. Тэгээд би дундуур нь ороод салгаад байж байтал Жаргалсайхан чулуу авч шидээд Гэрэлийн баруун өвдгөнд нь шүргэж унасан” /хх-ийн 10-11 дүгээр тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 6482 дугаартай “Ж.Гэрэлийн биед баруун чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, үс халцрал, зүүн бугалга, шууны цус хуралт, баруун өвдөг, шилбэний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна” гэх дүгнэлт /хх-ийн 17-18 дугаар тал/ болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

  Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар

Шүүгдэгч Г.Ж нь 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хужирбулан 00 дүгээр гудамжны 0000 тоот хашаанд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай дагавар охин Ж.Гэрэлийг “гэрт орж ээжтэйгээ уулзахгүй, гадаа уулзлаа” гэснээс болж маргалдан үснээс нь татаж унагаан чирэх, чулуу шидэх зэргээр зодсоны улмаас эрүүл мэндэд нь баруун чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, үс халцрал, зүүн бугалга, шууны цус хуралт, баруун өвдөг, шилбэний зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан хохирогч Ж.Гэрэлийн “ ... миний үснээс хоёр гараараа зулгааж, чирэх үед зүүн талын гараараа унасан тэр үед гарны гэмтлүүд үүссэн. Баруун өвдөгний зулгаралт гэмтлийг чулуугаар цохиж гэмтээсэн ... ээж Нинатай хааяа уулздаг, өмнө нь намайг 12 настай байхад зодож байсан ... яагаад намайг үзэн ядаж байгааг мэдэхгүй ... үснээс зулгааж газар унагааж шороон дээр чирсэн ... том чулуу аваад шидсэн миний баруун хөлний өвдөгний доор чулуу нь оносон ... надтай харилцаад байдаггүй, бид 2 хоорондоо таарамжгүй харилцаатай ... Г.Ж ааш зан муутай, харилцаа муутай, намайг гэртээ оруулдаггүй болохоор нь би гэрт нь оролгүй гадаа нь ээжтэйгээ уулздаг, намайг багаас маань үзэн ядаж өссөн” /хх-ийн 05-07, 08-10 дугаар тал/, гэрч Ж.Нинагийн “ ... манай нөхөр Г.Ж амьсгаадаж гарч ирээд амандаа хараалын элдэв үг хэлээд охиныг үсдэж аваад газар чирээд эргэлдүүлж нилээд явсан ... Жаргалсайхан чулуу авч шидээд Гэрэлийн баруун өвдгөнд нь шүргэж унасан” /хх-ийн 10-11 дүгээр тал/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 6482 дугаартай “Ж.Гэрэлийн биед баруун чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, үс халцрал, зүүн бугалга, шууны цус хуралт, баруун өвдөг, шилбэний зулгаралт гэмтэл тогтоогдлоо ... Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 17-18 дугаар тал/, Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 14-15 дугаар тал/, яллагдагч Г.Жы “... Гэрэлээ ээждээ баярын бялуу бэлэг өгсөн байсан. Надад сонин санагдаад Гэрэлээд хандан чи ингэж муур хулгана болж ингэж байхаар энэ бэлэг сэлтээ гэрт нь оруулаад өгчихөж болдоггүй юм уу, нэг мөсөн ээжийгээ аваад гэртээ харь гэж хэлсэн ... Гэрэлийг мөрлүү нь түлхсэн чинь сөхрөөд өвдгөөрөө суусан ... Гэрэлийн үснээс барьж аваад ... гартаа чулуу бариад айлгах гээд дайрсан ... Гэрэлтэй харьцаад байдаггүй, надаас дандаа юмаа нууж байдаг” гэх мэдүүлэг /хх-ийн 25-27 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгч Г.Ж-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх шинжтэйгээр үйлдсэн гэм буруутайд тооцов.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

             Хохирогч Ж.Гэрэл нь нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар баримт гаргаж өгөөгүй, гэм хор, хор уршигтай холбоотой нэхэмжлэл гаргаагүй, санал хүсэлтгүй болохоо илэрхийлсэн байх тул шүүгдэгч Г.Ж-г энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцлоо.

           Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгч Г.Ж-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Г.Ж-ы тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс Г.Ж-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ 72 настай, 400.000 төгрөгийн тэтгэвэрт авдаг зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Ж-ы цалин хөлс, бусад орлого болох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 90 хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

   Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Жд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. З овогт Г-н Ж-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Ж-д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Ж нь оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 /ер/ хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Ж нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдсүгэй.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Г.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гэм хорын хохирол, хор уршиг болон хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Г.Ж-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

           

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Г.ХАТАНЦЭЦЭГ