Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 53

 

           

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Төрмөнх

            Улсын яллагч М.Мэндбаяр

            Шүүгдэгч нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Мэндбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Б-д холбогдох эрүүгийн 2040000000068 дугаартай хэргийг 2020 оны 08 сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт амьдардаг Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дугаар багт оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б.Б

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 07 сарын 14-ний  орой 23 цагийн орчимд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар багт хашаанд иргэн А.Э толгой, нүүрэн тус газар гараар болон сандлаар цохиж, эрүүл мэндэд нь 2 нүдний дунд /цох/ хэсгийн язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, духны баруун, зүүн дээд хэсэг, баруун хацрын төвгөр хэсэг, баруун чихний дэлбэн хэсэг, хамрын нуруу хэсгүүдийн зулгаралт, зүүн далны дээд дунд зэргийн цус хуралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Хохирогч А.Э 2020 оны 07-р сарын 22-ны өдөр өгсөн: “2020 оны 07 сарын 14-ний өдөр намайг эхнэр хүүхдүүдийн хамтаар гэртээ байж байхад оройн 20 цагийн үед манай хажуу хөрш айлын залуу болох С  нь баяр наадам болж байна, ганц шил архи ууж тэмдэглэж жаахан сууя гэж хашааны цаанаас дуудсан. Тэгэхээр нь би зөвшөөрөөд С ын хашаанд ороход С  эхнэр М  хамтаар хашаан дотроо гэрийнхээ гадаа сууж байсан. Тэр 2 шил 0.75 литрийн “Хараа” гэх нэртэй архи тавьчихсан уугаад сууж байсан. Ингээд бид 3 нийлээд уугаад сууж байтал удалгүй Б.Б нь гаднаас 2 тортой зүйл бариад ирсэн. Уг тор нь дотроос 0.75 литрийн мөн л “Хараа” гэх архи гаргаж ирсэн. Ингээд бид сууж архи ууж эхэлсэн. Тэгсэн би нэг мэдсэн тасарчихсан байсан. Би сэргэхдээ эмнэлэг дээр эхнэрийн хамтаар ирчихсэн 2 нүдний дунд цох нь тус газраа оёдол тавиулж байсан. Тэгэхээр нь би юу болсон талаар асуухад намайг надтай хамт архи ууж байсан Б.Б гэдэг хүүхэн сандлаар цохиж зодсон гэж ярьсан. Би үүнийгээ санахгүй байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/

-Гэрч Т.Х 2020 оны 07-р сарын 25-ны өдөр өгсөн: “2020 оны 07 сарын 14-ний өдөр нөхөр бид 2-ыг гэртээ байж байхад манай хажуу хөрш айлын залуу болох С  баяр наадмын юм ууя гээд манай нөхөр А.Э оройн 20 цаг болж байх үед дуудсан юм. С  нь хашаан дотроо ширээ засаж ил харагдахаар сууж ууж идэж эхэлсэн. Тухайн үед манай нөхрийг очиход манай хөрш С  эхнэр М болон танихгүй 2 залуугийн хамтаар байж байсан. Ингээд тэр 5-ыг ууж идээд сууж байхад өмнө зүс харж байсан Б.Б гэх эмэгтэй нь 2 ууттай зүйл бариад тэд нар дээр  очиж хамт суусан. Б.Б нь баярын юм гэж мөн л архи гаргаж ирж байгаа харагдсан. Би ямар учраас тэнд очоогүй юм гэхээр нөхрийгөө архи уусан үед нь зэрэгцээд хамт уудаггүй юм. Ингээд тэд ууж байгаад нэг нэгээрээ тасарч эхэлсэн. Харин би гэртээ хүүхдүүдийн хамтаар хоол цайгаа хийгээд байж байтал гэнэт л хүмүүс маргалдах дуу чимээ гарахаар нь юу болоод байгааг нь мэдэхээр гэрээсээ гарахад манай нөхөр Э  Б.Б нь доороо оруулчихсан, гараараа болон сууж байсан сандлаараа дээрээс нь цохиод байсан. Харин дэргэд нь хамт ууж байсан хүмүүс нь тасраад унтацгааж байсан. Тэгэхээр нь би явж очоод Болормааг болиулах гэтэл болихгүй улам л манай нөхөр рүү дайрч давшлаад байсан. Тэр үед манай нөхөр уг үйлдлийг мэдэж байгаа ч юмуу үгүй ч юмуу мэдэхгүй тасарчихсан өмнөөс ямар нэгэн хариу үйлдэл хийхгүй байсан. Ингээд би Болормааг болиулах гэж оролдоод дийлэхгүй байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тухайн үед манай нөхөр А.Э нь Б.Б  гараар болон сандлаар, мөн хавтгай модоор зодуулахад биед буюу 2 нүднийх нь дунд язарч цус гарсан, мөн зүүн мөр болон дал хэсэгт нь хөх няц болгосон, мөн нүүр ам нь халцарч хавдсан байдалтай болсон. Ингээд цагдаа нар ирж Болормааг аваад явсан. Харин би нөхрөө эмнэлэгт авчирч шарханд нь буюу 2 нүдний дунд язарсан байсныг нь 2 оёдол тавиулж цэвэрлүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/

-Гэрч Д.С ын 2020 оны 07-р сарын 29-ний өдөр өгсөн: “2020 оны 07 сарын 14-ний өдөр гэртээ байж байтал манай эхнэр М нь 17 цагийн үед хүний төрсөн өдөр тэмдэглэсэн гэсээр архи үнэртүүлсээр орж ирсэн юм. Үүний дараагаар манай хойд талын хөрш айл болох Ж  ах нилээн согтуу байдалтай орж ирсэн. Ингээд гэрт байж байгаад 19 цагийн үед би дэлгүүр лүү эхнэрээ нэг шил архинд явуулсан. Манай эхнэр дэлгүүрээс 0.75 литрийн архи авчирсан. Тэгэхээр нь би баяр наадам болж байсан болохоор хажуу хөрш болох найз Э  дуудсан. Ингээд А.Э болон манай эхнэр М Ж  ах бид 4 уг архийг уусан. Ингээд архи дуусах үед нь би гэртээ унтаж амрахаар болсон. Би бие эрүүл мэндээрээ группэд гарсан учир амархан ядардаг учир амрахаар гэртээ орсон. Харин гадаа манай эхнэр М Э Ж  3 үлдсэн. Ингээд маргааш өглөө нь сэрэхэд Б.Б гэж манай найз Э  зодсон гэж сураг сонссон. Би Э  яаж ямар байдалтай зодуулсан эсэхийг хараагүй, эхнэрээсээ сонсоход нүүр ам нь халцарчихсан байна гэж л сонсож байсан”  гэх мэдүүлэг /хх-ийн 21/

-Гэрч Б.М  2020 оны 07-р сарын 29-ний өдөр өгсөн: “Би 2020 оны 07 сарын 14-ний өдөр гэрээсээ гарч найзынхаа төрсөн өдөрт яваад гэртээ 17 цагийн үед ирсэн. Намайг ирэхэд манай нөхөр С  нь ганцаараа байсан. Би найзынхаа төрсөн өдөр дээр очиж архи пиво хэрэглэсэн учир нилээн согтуу ирсэн. Намайг ирээд удаагүй байтал гаднаас манай хойд талын хөрш айлын ах болох Ж  ах мөн согтуу орж ирсэн. Тэгсэн манай нөхөр С  нь дэлгүүрээс 1 шил архи аваад ир гэж явуулахаар нь би дэлгүүрээс 0,75 литрийн  “Хараа” гэх нэртэй архи авчирч өгөхөд С  нь хажуу хөрш болох найз Э  дуудсан. Ингээд бид 4 уг архийг уугаад дуусах үед манай нөхөр С  нь гэр рүү унтаж амрахаар орж байгаа харагдсан. Би ч өмнө нь архи уусан байсан болохоор дахин уугаад улам согтсон. Манай нөхрийг гэртээ ороод удаагүй байтал гаднаас манай найз Б.Б ирсэн. Ингээд Б.Б нь мөн л 0,75 литрийн архи 2 шилийг гаргаж ирж тойруулж байсан. Ингээд л эхний 1 шилийг тойруулж дуусах үед би тасраад унасан. Ингээд л өглөө сэрсэн. Тэгсэн өглөө Б.Б нь манай гэрт орж ирээд Х  намайг нөхрийг нь зодсон гээд цагдаа дуудаад өгсөн байна гэхээр нь би Б.Б  хандаж “Чи чинь яаж байгаа юм бэ яасан гэж зодож байгаа юм” гэхэд “А.Э намайг шар хадны тэнэг авгай” гэж доромжлохоор нь уур хүрээд гараараа нүүр рүү нь цохиж зодсон” гэж ярьж байсан. Ингээд би хашаан дотроо байж байхдаа Э  гэрээсээ гарч ирэхээр нь дуудаж уулзахад нүүр ам нь халцарч цохон тус газраа оёдол тавиулсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 22/

-Гэрч Ц.М 2020 оны 08-р сарын 03-ны өдөр өгсөн “ Э  согтуудаа Б.Б гэдэг эмэгтэйд зодуулсан гэж түүний эхнэр Х  хэлсэн. А.Э нь манайд ирж надаар толгой тархиа бариулсан. Тухайн үед над дээр ирэхдээ Э нүүр ам нь хөхөрч хавдсан, тархи толгой нь хөдөлсөн байдалтай ирсэн. Ингээд надаар 11 хоног толгой тархиа бариулсан. Э толгойг барихад хэвийн болсон ч дахин хөдөлчихөөд байгаад байсан учир 11 хоног барьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 23 /

-Гэрч Б.Б өгсөн “Миний мэдэхээр Б.Б эгч бага байхдаа менэнгээ гэх нэртэй өвчин тусаж байсан. Харин сүүлд буюу 2003 оноос байх ухаан алдаж унаж татдаг өвчтэй болсон байсан. Одоо энэ өвчинөөрөө группэд гарсан. Б.Б эгчтэй хааяа уулзахад толгой өвдөөд байна, нойр хүрэхгүй байна гээд байнгын эм хэрэглэж явдаг. Энэ нь заримдаа сэтгэцэд нь нөлөөлж маш уур уцаартай болчихдог юм. Миний мэдэхээр саяхан буюу 2020 оны 07 сард Б.Б эгчийг том охин нь Улаанбаатар хотод Сэтгэцийн эрүүл мэндийн төвд үзүүлж харуулсан. Мөн Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн сэтгэцийн тасагт 2020 оны 07 дугаар сарын 26-наас 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 10 хоног хэвтэн эмчлүүлж байсан”  гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/

-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 сарын 17-ны өдрийн №64 тоот: 

1.А.Э биед 2 нүдний дунд /цох/ хэсгийн язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, духны баруун, зүүн дээд хэсэг, баруун хацарын төвгөр хэсэг, баруун чихний дэлбэн хэсэг, хамрын нуруу хэсгүүдийн зулгаралт, зүүн далны дээд дунд хэсгийн цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо хүчин зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

            3.Дээрх гэмтлүүд нь бүрдлээрээ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

                        4.Цаашид дээрх гэмтлүүд нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

            5.Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28-29/,   

                        -Яллагдагч Б.Б 2020 оны 07-р сарын 22-ны өдөр өгсөн: “Би 2020 оны 7 сард яг хэдний өдөр байсныг мэдэхгүй байна. Орой 21 цагийн үед дэлгүүр ороод 2 шил Хараа гэдэг нэртэй архи аваад Э  очсон. Тэгээд тэд нар Э хашаан дотор гадаа сууцгаасан. Тэгээд архи уугаад сууж байсан. А.Э нэлээн согтсон байсан. Тэгээд намайг хэл амаар доромжлоод байхаар нь урдаас нь би хэрэлдсэн юм. Тэгсэн А.Э намайг алгадсан. Тэгэхээр нь миний уур гэнэт хүрээд Э  түлхэж газар унагаад нүүр рүү нь хэд хэдэн удаа гараараа цохьсон бас босохдоо нүүр рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгэхэд бөгжтэй гараараа цохьсон болохоор хөмсөг нь язарсан бололтой цус гарч байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40/ 

            -Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46/,

-Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2020 оны 08 сарын 10-ны өдрийн 801 дугаартай “шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт” /хх-ийн 88-90/

                        -Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэмт хэрэгт холбогдсондоо гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. А.Э биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг би учруулсан нь үнэн. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох тухайд:

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл:

  Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 07 сарын 14-ний орой 23 цагийн орчимд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 03 дугаар багт  хашаанд иргэн А.Э толгой, нүүрэн тус газар гараар болон сандлаар цохиж эрүүл, мэндэд нь 2 нүдний дунд /цох/ хэсгийн язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, духны баруун, зүүн дээд хэсэг, баруун хацрын төвгөр хэсэг, баруун чихний дэлбэн хэсэг, хамрын нуруу хэсгүүдийн зулгаралт, зүүн далны дээд дунд зэргийн цус хуралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч А.Э гэрч Т.Х , Д.С , Б.М Ц.Мөнхөө, Б.Б нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 сарын 17-ны өдрийн №64 тоот шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.  

  Тухайлбал шүүгдэгч Б.Б нь 2020 оны 07 сарын 14-ний  орой 23 цагийн Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар багт хашаанд иргэн А.Э толгой, нүүрэн тус газар гараар болон сандлаар цохиж эрүүл, мэндэд нь 2 нүдний дунд /цох/ хэсгийн язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, духны баруун, зүүн дээд хэсэг, баруун хацрын төвгөр хэсэг, баруун чинхий дэлбэн хэсэг, хамрын нуруу хэсгүүдийн зулгалалт, зүүн далны дээд дунд зэргийн цус хуралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шууд нотлох баримт болох хохирогч А.Э гэрч Т.Х , Д.С , Б.М Ц.Мөнхөө, Б.Б нарын мэдүүлэг, шинжээчийн 64 тоот дүгнэлтээр тогтоогдож байна.

            Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан” гэж тодорхойлжээ. Шүүх эмнэлгийн шинжээч эмч дээрх шалгуур шинжийг үндэслэн А.Э бие махбодид учирсан гэмтлийг “хөнгөн” зэрэгт тооцсон нь үндэслэлтэй байх бөгөөд улсын яллагч, шүүгдэгч нарын зүгээс хүсэлт гаргаагүй тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явууллаа.

Хэрэгт авагдсан Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 сарын 17-ны өдрийн №64 тоот шинжээчийн дүгнэлтээр хохирогч А.Э биед нь хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдсон байна.

  Хэнтий  аймгийн  Бор-Өндөр  сум  дахь  Сум  дундын  Прокурорын  газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Б холбогдох эрүүгийн хэргийг зүйлчлэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг зөв хэрэглэсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Гэмт хэрэг үйлдэхэд шүүгдэгч Б.Б хууль бус, зүй бус үйлдэл, архидан согтуурсан нөхцөл байдал, шүүгдэгч, хохирогч нарын хувийн таарамжгүй харилцаа нь нөлөөлсөн байна.

   Хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.   

Шүүгдэгч Б.Б холбогдох эрүүгийн хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д нийцнэ.

Шүүгдэгч Б.Б нь “өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан” байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг өмгөөлөгч оролцуулахгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2020 оны 08 сарын 10-ны өдрийн 801 дугаартай “шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт”-ээр Б.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, мэдрэлийн хувьд сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, мэдрэлийн хувьд G40 унаж татах өвчтэй, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай болох нь тогтоогдож байгаа бөгөөд түүнийг өвчний учир ялаас чөлөөлөх үндэслэлгүй байна. /хх-ийн 88-90/

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

Гэмт  хэргийн улмаас хохирогч А.Э биед хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдсон байна.

Хохирогч А.Э шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “би шүүх хуралдаанд оролцохгүй, Б.Б нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Б гаргуулах хохирол төлбөр байхгүй байна.

Харин хохирогч А.Э нь нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч А.Э нь эрүүл мэндэд учирсан гэмтлийн улмаас гарсан зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухайд:

Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа, гэмт хэргийн шинжийг бүрэн нотолсон мөн улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлттэй нийцэж байна.

Шүүгдэгч Б.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”-д тооцсон бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй болно. 

Шүүгдэгч Б.Б нь гэмт хэргийг согтуугаар үйлдсэн болох нь хохирогч А.Э гэрч Т.Х , Д.С , Б.М Ц.Мөнхөө, Б.Б нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна.

Дээрх бүх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг сонгон хэрэглэж, улсын яллагчийн санал болгосон 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Б эрхэлсэн ажил, сарын орлого, торгох ялын хэмжээ зэргийг харгалзан үзээд шүүхээс түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сандал 1 ширхэг, модон давцан 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөл болмогц устгах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл,

36.2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2

дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь:

 

          1.Шүүгдэгч Цогнууд овогт Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

   2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

  3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 04 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

          4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

              5.Шүүгдэгч Б.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шилжиж ирээгүй, хэрэгт  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч нь өөрт учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

              6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц цэнхэр өнгийн будгаар будсан модон давцантай төмөр хөлтэй сандал 1 ширхэг, 40x18x2 см харьцаатай цагаан өнгийн модон хавтан 1 ширхгийг тус тус устгасугай.

              7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5

дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.

              8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.    

  9.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   М.ЭНХМАНДАХ