| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 157/2020/00053/Э |
| Дугаар | 56 |
| Огноо | 2020-10-05 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Н.Амаржаргал |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 56
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Төрмөнх
Улсын яллагч Н.Амаржаргал
Хохирогч Ч.Э
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Номин-Эрдэнэ
Шүүгдэгч Т.О нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Н.Амаржаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Т.О холбогдох эрүүгийн 2040000620073 дугаартай хэргийг 2020 оны 09 сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Баян-Өнжүүл суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, түүх, нийгмийн багш мэргэжилтэй, Улаанбаатар төмөр зам, Бор-Өндөр өртөөнд ахлах вагон үзэгч, засварчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг, оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Т.О
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Т.О нь Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 3.4-д заасан “Жолооч дараах үүрэг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтанд заасан эвдрэл, гэмтэл техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах. Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, ...хөдөлгөөнөө үргэлжүүлэхийг хориглоно” гэсэн дүрмийн заалтыг зөрчсөний улмаас Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Дугуй засвар" гэх хаягтай авто засварын газрын дотор 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр өөрийн эзэмшлийн ....... улсын дугаартай техникийн зөрчилтэй, тоормосгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөн хийж улмаар дугуй засварын газрын дотор талд зогсож байсан хохирогч Ч.Э мөргөхдөө дотор байсан мотортой хавсарч, түүний баруун хөлийг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Т.О нь 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Дугуй засвар" гэх хаягтай авто засварын газарт өөрийн эзэмшлийн ....... улсын дугаартай техникийн зөрчилтэй, тоормосгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөн хийж Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-д заасан “Жолооч дараах үүрэг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтанд заасан эвдрэл, гэмтэл техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах. Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, ...хөдөлгөөнөө үргэлжүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас дугуй засварын газрын дотор талд зогсож байсан хохирогч Ч.Э мөргөхдөө дотор байсан мотортой хавсарч, түүний баруун хөлийг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн, хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
-Шүүгдэгч Т.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2020 оны 05 дугаар сарын 04-ний өглөө гэрээсээ өөрийнхөө эзэмшлийн ....... улсын дугаартай “Киа К5” маркийн машиныг янзлуулах гээд гарсан. Миний ....... улсын дугаартай “Киа К5” маркийн машины 4 дугуйны тоормос ажиллахгүй болсон байсан юм. Би гэрээсээ гараад Бор-Өндөр сумын 4 дүгээр баг Геологийн гэр хороололд байдаг Э ахын авто засвар дээр очиж Э ахыг ажил дээрээ байхаар нь уулзаад машинаа засуулъя гэж ярьсан. Тухайн үед нэг танихгүй залуу Э ахаар гагнуур хийлгэж байсан. Би Э ахтай уулзаад машиндаа юм хийлгэх гэсэн юм гэхэд "Намайг өдөр хүрээд ир" гэж хэлэхээр нь "Би одоо хөдөө явах гээд байгаа юм, машин тоормосгүй болчихоод байна" гэж хэлэхэд Э ах зөвшөөрөөд машиныг маань засахаар болсон. Тэгээд Э ахыг гагнуураа хийгээд дуусахаар нь ойролцоогоор 15 минут хүлээж байгаад машинаа авто засварын газрын граж руу оруулахаар болсон. Гражны гол хэсэгт доошоо нүхэн яамтай байсан ба Э ах өөрөө нүхэн яамны баруун талд, хананы наад талд зогсоод надад гараараа дохио өгч, зүг чиг зааж өгч байсан. Авто засварын газрын үүдний хэсэг, хаалганы орчимд өгсүүр байсан болохоор хөдлөхдөө машинаа зөөлхөн гишгэхэд машины урд талын хоёр дугуй засварын газрын граж руу орчихоод хойд талын хоёр дугуй гарахгүй байхаар нь хаазаа нэмээд гишгэсэн чинь огцом хурд аваад Э ахыг очоод мөргөсөн. Э ахыг мөргөсний дараа машинаа хойшлуулж ухраад зогссон. Тэгээд би машинаасаа буугаад Э ахыг нэг талаас өргөсөн, харин нөгөө талаас нь гагнуур хийлгэж байсан залуу өргөөд бид хоёр Э ахыг миний машины урд талын суудал дээр суулгасан. Тэгээд өөрийнхөө машиныг бариад гражаас хойшоо ухарч гараад Бор-Өндөр сумын нэгдсэн эмнэлэгт яаралтай хүргэж өгсөн. ... Би засварын газрын граж руу машинаа бариад орохдоо их зөөлхөн орсон, тухайн үед ямар хурдтай явж орсоныг сайн санахгүй байна. Би өөрийнхөө машины тоормосыг ажиллахгүй болсон гэдгийг мэдээд янзлуулах гэж очсон. Миний машины кардан гишгэдэг, тухайн асуудал хурдан болсон болохоор гишгэж амжаагүй. Би Э ахыг нэг удаа мөргөсөн. Би Э ахыг мөргөчихөөд хойшоо ухраад зогсоход Э ах доошоо унасан. Би машинаа зогсоогоод бууж очоод өргөөд машиндаа суулгасан. Би Э ахыг машинаар хоёр удаа мөргөөгүй. Би Э ахын эмчилгээнд гарч байгаа зардлуудыг цаг тухай бүрт нь өгч явсан, цаашид гарах эмчилгээний зардлыг төлж барагдуулна гэж бодож байна. Би Ч.Э ахын одоогийн энэ засварын газрыг шаардлагын түвшинд янзалж өгье гэж бодсон зүйл байгаа. Э ахыг эмнэлгээс гарснаас хойш утсаар ярья, эргэж тойръё гэж бодсон боловч намайг харахаараа хямраад байсан учраас энэхүү байдлаас шалтгаалан уулзалдаж чадаагүй. Э ахыг эмнэлэгт сахиж байсан, түүний төрсөн дүү болох Э уулзаж, утсаар ярьж байсан. ...Өөрийнхөө үйлдэлд гэмшиж байна. Харамсаад барахгүй байна. Анхаарал болгоомжгүй байдлаасаа болж хүний биед хүнд гэмтэл учруулсандаа харамсаж байна. Хариуцлагаа хүлээхэд бэлэн.” гэв.
Хохирогч Ч.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр намайг ажлын байр дээрээ машин болон дугуй янзлуулж байсан О ах, мөн прокурорын жолооч нар хамтаар байж байх үед нутгийн танил залуу Т.О нь саарал өнгийн суудлын жижиг тэрэгтэй ирж манай авто завсарын газрын үүдэнд ирээд зогссон. Ингээд Т.О нь дүүгийнхээ машины тоормосыг яаралтай янзлаад өгөөч гэхээр нь би ах нь завгүй байна, 2-т манай туслах Б байхгүй байна, чи үдийн хойно хүрээд ир гэж хэлэхэд дүү нь хөдөө явах ажилтай байна, та янзлаад өгчих л дөө гээд шалж гуйгаад байхаар нь би хийж байсан ажлаа больж "За за машинаа оруулчих" гэж хэлээд авто засвар дотор байх яамны урд хэсгээр явж, яамны баруун урд хэсэгт байх машины моторын дэргэд ирээд эргэж харах үед Т.О нь машинтайгаа ирээд автозавсар дотор яамны баруун урд байсан мотортой хавсарч мөргөчихсөн. Тэгсэн миний хөл моторт наалдсан. Тэгэхээр нь О-т хандаж яаж байгаан бэ гэхэд Т.О нь машинаа ухраагаад араатайгаа ноцолдож байгаад дахин ирж намайг мөргөсөн. Тэгсэн миний баруун хөл мэдээгүй болж санжигнасан. Энэ үед миний ухаан санаа балартаж би шоконд орсон байсан. Нэг сэргэхэд би эмнэлэгт ирчихсэн байсан. Ингээд Бор-Өндөр сумын эмнэлэгт анхан шатны тусламжийг аваад Улаанбаатар хотын гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн. Ингээд гэмтлийн эмнэлэгт очиж хөлийг маань ямар ч найдлагагүй гээд хагалгаанд оруулж өвдөгний дээгүүр дунд чөмгөөр тайрсан. ...Энэ хэргийг гарсанаас хойш Улаанбаатар хотын гэмтэлийн эмнэлэгт 5 дугаар сарын 04-нөөс 06 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хэвтэн эмчлүүлж байгаад Бор-өндөр сумандаа ирж мөн л гэрээр эмчилгээ хийлгэж байгаа. ...Би 2004 оноос эхлэн машин засварлаж байгаа ба энэхүү засварын газраа ажиллуулаад нэг жилийн гаран хугацаа л өнгөрч байна. Би өөрийн аав, ээж, дүүгийнхээ 2 хүүхэдтэй хамт амьдарч, орлогоороо гэр бүлээ тэжээдэг юм. ...Би энэ хэргийн улмаас хүнд гэмтэл авч, хөлөө тайруулсан. Энэ хэргээс хойш бүтэн нойртой хоносонгүй, биеийн жин нилээдгүй алдсан, айж цочдог, сандардаг болсон. Эхний ээлжинд хөлтэй болмоор байна. Эрүүл мэндээрээ хохирсондоо гомдолтой байгаа боловч шүүгдэгч Т.О заавал ял шийтгэл оногдуулж, хорь гэж хэлэхгүй. Т.О шилжүүлсэн мөнгөөр эмчилгээнд хэрэгцээтэй бүхнийг гаднаас худалдаж авч байсан. Хохиролд 3.966.868. төгрөгийг төлсөн. Гэхдээ эмнэлгээс гарсан хойно надруу утсаар яриагүй, намайг эргэж ирээгүйд нь гомдоод байгаа юм. ...Би энэ засварын ажлаа хийж, хүмүүсийн төлбөр тооцоогоо дансаар шилжүүлсэн байдлыг банкны хуулгаас харахад сардаа 1500.000 төгрөг, бэлнээр хийсэн төлбөр тооцоотой нийлвэл ойролцоогоор сардаа 2000.000 төгрөгний орлоготой ажилладаг хүн. Би одоо 49 настай. Цаашид идэвхитэй ажиллах 10 жил байлаа гэж бодоход энэ орлогоо нэхэмжлэх, мөн цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгөхийг хүсэж байна” гэв.
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-16-р хуу/
-Гэрч Ш.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 05 дугаар сарын 04-ний өглөө 09 цаг өнгөрч байхад би Э авто засварын газар ирж уулзсан. Тэгэхэд Э ажил дээрээ нэг хүний төмөр гагнаад гагнуурын ажил хийгээд байж байсан. Тэгэхэд саарал өнгийн суудлын машинтай хүн ирээд машиныхаа тоормосыг янзлуулна гэж байсан. Тэгээд тэр залуугийн машины тоормосыг янзалж өгөхөөр болж авто засварын газрын граж руу машинаа оруулчих гэж хэлсэн. Саарал өнгийн суудлын машин граж руу орох үед би гражны гадна талд том хаалганы урд талд ганцаараа зогсож байсан. Саарал өнгийн машиныг дотогшоо оруулж байсан залуу машинаа нэг удаа хаазлаад дошогшоо орсон, тэгтэл гэнэт граж дотор нэг хүн бахирахаар нь гүйгээд ортол Э-ыг саарал өнгийн суудлын машинтай залуу мөргөсөн байсан. Э авто засварын газрын гражны баруун талын хананы хэсэгт хойшоо шахагдаад баруун хөлөө бариад, ёолж байсан. Саарал өнгийн машинтай залуу Э-ыг мөргөөд хойшоо ухраад гражны дунд хэсэгт зогсож байсан. Э баруун хөлнөөс цус гарч байсан, өмсөж байсан өмд нь нэвтрээд тогтохгүй байсан. Тэгээд саарал өнгийн машины жолооч залуу, тэнд төмөр гагнуулж байсан залуу, гадаа гудамжинд явж байсан залуу 3 нийлээд Э-ыг өргөөд машины жолоочийн хажуу талын урд талын суудал дээр суулгаад эмнэлэг рүү аваад явсан. Би авто засварын газарт нь үлдээд гражны хаалгыг нь хааж цоожлоод эмнэлэг рүү араас нь очсон. Намайг эмнэлэг дээр очиход Э ахад эмчилгээ хийж байсан. ...Би тухайн үед граж дотор байгаагүй болохоор ямар учраас мөргөснийг нь хараагүй. Тэр залуугийн машин тоормосгүй болсон гэж байсан учраас машинаа зогсоож чадахгүй мөргөсөн байх гэж бодож байна. Авто засварын граж дотор орчихоод машин гэнэт огцом хүчтэй хаазлаад, зогсож чадалгүй очоод мөргөсөн байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 хуу/
-Гэрч Б.З-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2020 оны 05 дугаар сарын 04-ний өглөө 10 цаг болж байхад Бор-Өндөр сумын 4 дүгээр баг геологийн гэр хороололд байдаг "Дугуй засвар" гэх хаягтай авто засварын газарт очиж гагнуурын ажил хийлгэсэн. Намайг тэнд очиход Э ах, нэг танихгүй ах хоёр байсан. Би юмаа Э ахаар гагнуулж дуусаад хөргөж байтал нэг саарал өнгийн суудлын машинтай ах ирээд Э ахтай уулзаад машиндаа юм хийлгэх гэсэн юм, машины тоормос болохгүй байна гэж хэлсэн. Тэгэхэд Э ах "Одоо амжихгүй, үдээс хойш хүрээд ир" гэж хэлэхэд нөгөө залуу юманд явах гэж байгаа юм, та янзлаад өгчих гэж гуйгаад байхаар нь Э ах зөвшөөрөөд машинаа авто засварын граж руу оруулчих гэж хэлсэн. Тэгээд Э ах намайг гагнуулсан төмрөө холдуулчих, машин оруулъя гэж хэлэхээр нь би шалан дээр байсан төмөрнүүдээ ширээн дээр тавьсан. Э ах авто засварын гражны дунд байдаг яамны баруун талд нь гарч зогсоод саарал өнгийн машинтай залууг машинаа оруулах гэж байхад гараараа зааж, чиглүүлж өгч байсан. Тэгтэл саарал өнгийн машинтай залуу машин дөнгөж хөдөлгөөд гэнэт хүчтэй хаазлаад хурдаараа давхиад Э ахыг мөргөсөн. ...Машинд мөргүүлээд хойшоо гражны баруун талын хана, машин 2-ын дунд хавчуулагдаад зогссон. Тэгэхэд тэр залуу саарал өнгийн машинаа хойш нь бага зэрэг ухраад зогссон. Тэгэхэд Э ах бахираад, саарал өнгийн машины кобудан дээр хоёр гараараа тулаад зогссон. Тэгэхээр нь би гүйж очоод зүүн талаас нь түшсэн, саарал өнгийн машины жолооч машинаасаа бууж ирээд баруун талаас нь түшээд бид хоёр дамжилдаж өргөөд машины буруу талын урд талын суудалд суулгасан. Тэгээд тэр машинаа гражнаас гаргаад Бор-Өндөр сумын нэгдсэн эмнэлэг рүү явсан. ...Э ахын баруун хөл нь гэмтсэн байсан. Баруун хөлнөөс нь цус гараад тогтохгүй байсан, цус их хэмжээгээр гарч байсан. Э ах баруун хөлөө бариад орилоод байсан. ...Би саарал машины жолоочтой их ойрхон байсан, архи уугаагүй байсан, архи үнэртэхгүй байсан. Тоормосгүй машинтай хөдлөөд сандраад очоод мөргөсөн байх. Машинаа хөдөлгөөд гэнэт хүчтэй хаазлаад очоод мөргөчихсөн. Өөрөө Э ахтай уулзаж байхдаа машины тоормос болохгүй байгаа гэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 32-34 хуу/
-Гэрч Е.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би тухайн үед буюу 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Бор-Өндөр сумын 4 дүгээр багийн нутаг Геологийн гэр хороололд айлд очиж хөрөө асуугаад гараад ганцаараа явж байсан юм. Хөрөө асуусан айлаас гараад Бор-Өндөр сумын 4 дүгээр баг Геологийн гэр хороололд байдаг "Дугуй засвар" гэх хаягтай авто засварын газрын хажуугаар гараад ертөнцийн зүгээр урагшаа чиглээд явж байхад авто засварын газар дотор хүн хашгирахаар нь гүйгээд очтол засварын газрын засварчин нь гражны хэсгийн баруун талын хананы наад талд ойчсон байсан. Граж дотор Отгонбаярын саарал өнгийн суудлын машин байсан. Засварчин газар унасан байсан. Т.О өргөх гээд дийлэхгүй байхаар нь би очоод туслаад Отгонбаярын машины урд талд суулгаад гражнаас гараад Бор-Өндөр сумын нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн. Нэгдсэн эмнэлгийн гадаа зогсоод Т.О бид хоёр өргөөд эмнэлэг рүү оруулсан. Тэгээд би эмнэлгээс гараад өөрийнхөө ажил руугаа явсан. Э хөлнөөс цус гарч байсан, Өмд нь цус болчихсон байсан, хөл дээрээ явж чадахгүй байхаар нь Т.О бид хоёр өргөөд машинд суулгасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 124 хуу/
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн №6773 тоот шинжээчийн дүгнэлтэнд:
“1.Ч.Э биед баруун дунд чөмөгний доод 1/3, шаант, тахилзуур ясны дээд, доод 1/3-ийн зөрүүтэй, сэлтэрхий үүсгэсэн бяцарсан тогтворгүй ил хугарал, баруун гуя, тахимны эдийн дутмагшил бүхий том хэмжээний шарх, цус алдалтын шок хүнд хэлбэр, цус алдалтын дараах цус багадалт, баруун дунд чөмөгний дунд 1/3-ийн тайрагдалт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
4.Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.3.1, 3.1.20-д зааснаар гэмтлын хүнд зэрэгт хамаарна.
5.Баруун дунд чөмөгний дунд 1/3-ийн тайрагдалт нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 65 % нөлөөлнө.” гэх /хх-ийн 41-42-р ху/
-Хэнтий аймгийн Замын цагдаагийн 2020 оны 06 сарын 02-ны өдрийн 03 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: ....... улсын дугаартай автомашины жолооч Т.О Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3-4-д заасан Жолооч дараахь үүрэг хүлээнэ: а-д энэ дүрмийн 4-р хавсралтанд заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах: Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос /чиргүүлтэй үед/ эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно гэсэн дүрмийн заалт зөрчиж зам тээврийн осол гаргасан гэж үзэж байна.” /хх-ийн 51-р ху/
“Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ, Хэнтий Техникийн хяналтын үзлэгийн төвийн 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 06 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1........ улсын дугаартай КIA К5 маркийн тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал нь зүүн урд талаасаа хонхойж чихэгдсэн байна.
2........ улсын дугаартай КIA К5 маркийн тээврийн хэрэгслийн тоормосны үйл ажиллагаа нь эвдрэлтэй, зүүн урд талын дугуй нь тоормосны аппарат даралт байхгүй, баруун хойд талын дугуй тоормосны труп цоорсон, зүүн хойд талын тоормосны аппарат даралт байхгүй, баруун урд талын дугуйн даралт 25 %-тай байна.
3.Хөдөлгөөний болон техникийн аюулгүй байдлын дүрмийн шаардлагын үүднээс үзвэл тухайн тоормосны гэмтэл нь авто машиныг замын хөдөлгөөнд оролцуулах боломжгүй.
4.Авто машины тоормос гэмтэлтэй байгааг хөдөлгөөн эхэлсэн үед мэдсэн бол хөдөлгөөнд оролцсон явцдаа засах боломжгүй.” /хх-ийн 63-р ху/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 176-р ху/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, Т.О холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, хууль зүйн үр дагаврыг ойлгон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр гаргасныг /хх-ийн 181-р ху/ прокурор хүлээн авч, 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 26 дугаартай “Прокурорын тогтоол”-оор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр тогтоож, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байх тул Т.О холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Э биед хүнд хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн №6773 тоот шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.
Шүүгдэгч Т.О нь “...Миний бие гэмт хэрэг гарсан даруйд хохирогч Эрдэнэчулуунд шууд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн ба одоогийн байдлаар түүнд учирсан эмчилгээний болон бусад зардалд нь 3.966.868 төгрөгийг төлсөн. Энэхүү төлбөрийг шаардлагатай тухай бүрт өгч байсан болно. Мөн хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардал, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын зардлыг нөхөн төлөхөө үүгээр илэрхийлж байна...” гэжээ. /хх-ийн 181-р ху/
Хохирогч Ч.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Би засварын ажлаараа сардаа ойролцоогоор 2.000.000 төгрөгний орлого олдог байсан, цаашид идэвхитэй ажиллах 10 жил байна гэж бодон энэ орлогоо нэхэмжилнэ.” гэсэн бөгөөд хохирогчийн энэхүү нэхэмжлэлийг эрүүгийн хэрэгтэй хамтатган шийдвэрлэх боломжгүй байх тул хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухайд:
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Т.О эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн” байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаангүй байгаа, хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Т.О Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй болно.
Дээрх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Т.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан түүнийг ялаас чөлөөлж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авахаар прокурорын саналын хүрээнд шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, “Киа Седан” маркийн ....... улсын дугаартай машины №02018351 дугаар бүхий “Тээврийн хэрэгслийн гэрчилгээ”-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгож, шүүгдэгч Т.О №631976 дугаартай “Жолоочийн үнэмлэх”-ийг гүйцэтгэх хуудасны хамт Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Т.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Т.О мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, түнийг ялаас чөлөөлсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Т.О “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүргийг хүлээлгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, дээрх арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.
5.Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, хохирогч Ч.Э д 3.966.868 төгрөг төлснөөр бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6.Хохирогч Ч.Э нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7.Энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Киа Седан” маркийн ....... улсын дугаартай машины №02018351 дугаар бүхий “Тээврийн хэрэгслийн гэрчилгээ”-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгож, шүүгдэгч Т.О №631976 дугаартай “Жолоочийн үнэмлэх”-ийг гүйцэтгэх хуудасны хамт Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн хэрэглэсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ