Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 1152

 

 

 

 

 

           

 

2020              11              04                              2020/ШЦТ/1152

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

            Нарийн бичгийн дарга Г.Н,

            Улсын яллагч О.Пүрэвсүрэн,  

            Шүүгдэгч Г.Б түүний өмгөөлөгч Ч.О ,

            Шүүгдэгч  Э.Н түүний өмгөөлөгч А.О нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :     

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б, Э.Н нарт холбогдох 2008001420985 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.  

 

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт :  

            Монгол Улсын иргэн, 1998 оны 08 дугаар сарын 16-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа авто угаалгад ажилладаг, ам бүл 3, найз нарын хамт Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Сэлбийн 1-7 тоотод байрлах Нийтийн байранд амьдардаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б  овгийн Г  овогтой Б , /РД: ............./;

            Монгол Улсын иргэн, 1995 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа барилгын дотор заслын ажил хийдэг, ам бүл 4, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Согоотын 60-812 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай. Б  овгийн Э  овогтой Н , /РД: ............../ ;

            Холбогдсон хэргийн талаар : /яллах дүгнэлтэд бичсэнээр/   

Шүүгдэгч Г.Б, Э.Н нар нь бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Тоосгоны 31-10а тоотод оршин суух хохирогч Э.Э-гийн  байнга амьдрах зориулалттай өвлийн байшинд хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар нэвтрэн орж “Самсунг” фирмийн 46 инчийн ЛСД зурагт, “Гарнет-2” загварын 42 размерын пүүз, бэлэн мөнгө зэрэг эд хөрөнгийг хулгайлж 1.475.000 /Нэг сая дөрвөн зуун далан таван мянган/ төгрөгийн хохирол учруулсан, хулгайлах гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогч Э.Э-гийн  өвлийн сууцны гадна, дотор 2 ширхэг хаалга болох эд хөрөнгийг хууль бусаар эвдэж устгасны улмаас бага хэмжээнээс дээш төгрөгийн буюу 700.000 /Долоон зуун мянган/ төгрөгийн, нийт 2.175.000 /Хоёр сая нэг зуун далан таван мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох :    

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүү хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :  

            Шүүгдэгч Г.Б , Э.Н нар бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Тоосгоны 31-1Оа тоотод оршин суух Э.Э-гийн  өвлийн байшинд нэвтрэн орж “Самсунг” фирмийн 46 инчийн ЛСД зурагт, “Гарнет-2” загварын 42 размерын пүүз, бэлэн мөнгө зэрэг эд хөрөнгийг хулгайлж 1.475.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь :

            - хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт /хх-6- 11/, 

            - хохирогч Э.Э-гийн ...2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр нөхөр хүүхдийн хамт ажилдаа явсан ба гэртээ ирж хоноогүй. Харин маргааш нь буюу 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр миний үеэл Билгүүн над руу залгаад танай гэрт хулгай орсон байна гэж хэлсэн...Манай байшингийн хаалгыг эвдэж хулгай орж гэрээс 46 инчийн Самсунг маркийн ЛСД зурагт алдагдсан байсан. Мөн хүүхдийн гацуур модон дээр байсан 20.000-тын дэвсгэрт 2 ширхэг, 10.000 мянгатын дэвсгэрт 1 ширхэг нийтдээ 50.000 төгрөг, гал тогооны өрөөний шкаф дотор ил хийчихсэн байсан ойролцоогоор 600.000 орчим мянган төгрөг, манай нөхрийн өмсөж хэрэглэж байсан “Гарнет-2” загварын хамелон өнгөтэй 42 размерийн пүүз алдагдсан байсан...Алдагдсан мөнгөний хувьд би тухайн үед ВВО chiken-ий нэг салбарыг түрээсэлж ажиллуулдаг байсан, тэр үед миний дансанд мөнгө бас их орж гарч байдаг болохоор тэрэнтэйгээ холихгүй гээд бэлнээр хадгалдаг байсан, гэртээ бэлэн мөнгө хадгалдагийг манай нөхөр Энх-Эрдэнэ мэднэ. Тэрнээс өөр ямар ч хүн тэр талаар мэдэхгүй…гэх мэдүүлэг /хх-17-22/,

            - гэрч Э.Э ...Тухайн үед манай эхнэрийн хамаатны дүү болох Билгүүн залгаад гэрт чинь хулгайч орсон байна гэж хэлсэн...Манай гэрээс 46 инчийн ‘Самсунг” маркийн зурагт, “Гарнет 2” маркийн пүүз, гацуур модон дээр байсан 50.000 төгрөг, бэлэн 600.000 төгрөг алга болсон, уг мөнгийг эхнэр бид хоёр бэлнээр цуглуулж байсан мөнгө байгаа юм. Дээрх мөнгийг гал тогооны тавилганы шүүгээн дотор хийчихсэн байсан...гэх мэдүүлэг /хх-25-26/,

            - гэрч Э.Т-ын...Би 2019 оны 12 дугаар сард үеэл эгч Нандинцэцэг болон түүний нөхөр Батбаяр нартай хамт Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Нийтийн байр түрээсэлж 1 сар орчмын хугацаанд хамт амьдарсан юм. 2019 оны 12 дугаар сарын сүүлээр байсан санагдаж байна шинэ жилийн баяр болоход хоёр гурав хоног үлдчихсэн байсан ба орой 17 цагийн орчимд би амьдарч байсан нийтийн байрандаа ирээд байж байтал төд удалгүй гаднаас Н  болон түүний нөхөр Б  нар хар өнгийн “Самсунг” маркийн нилээн том зурагт тэвэрчихсэн, нөхөр Батбаяр нь хамелон өнгөтэй эрэгтэй хүний пүүз барьчихсан ороод ирэхээр нь наад зурагт болон пүүзээ хаанаас авсан юм бэ гэж асуутал найзынхаа гэрээс авсан гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-27-30/,

            - “Мастер үнэлгээ” ХХК-ний эд хөрөнгийн үнэлгээ: зурагт, пүүз, бэлэн мөнгө нийт дүн 1.475.000 төгрөг /хх-ийн 40-42/,

            - шүүгдэгч Э.Н-гийн:...2019 оны 12 дугаар сарын сүүлээр байсан ба тухайн үед би хамтран амьдрагч Батбаяр болон үеэл дүү Э.Т  нарын хамт Баянзүрх дүүргийн Жанжин клубын орчимд нийтийн байр түрээсэлж амьдарч байсан юм. Тухайн үед нийтийн байрны түрээс нэхэгдээд мөн хөдөөнөөс ээж залгаад хүүхдийн чинь бие өвдөөд байна хурдан ир гэж дуудсан ба тухайн үед мөнгөгүй байсан учраас үеэл дүү Эрдэнэтуяагаас мөнгө зээлэх зорилгоор ханы материалд байрлах гэрт нь Б-ын хамтаар очсон юм. Тухайн уед гэр нь цоожтой эзэнгүй байхаар нь Б-бид хоёр 1 цаг орчим хүлээгээд ирэхгүй байсан ба тухайн үед Батбаяр хоёулаа хаалгыг нь эвдэж орон мөнгө болох эд зүйлс хулгайлаад авчхъя гэхээр нь би зөвшөөрч Б р хаалгыг нь хашаан дотор нь байсан төмрөөр хөшиж ороод том өрөөний хананд өлгөсөн байсан 49 инчийн Самсунг маркийн хар саарал өнгийн ЛСД зурагтыг, гутлын тавиур дээр байсан хамелон өнгөтэй гарнет 2 загварын пүүз, гацуур модон дээр байсан бэлэн 50.000 төгрөгийг авсан...Такси барьж шууд гэртээ харьсан ба  хамт амьдарч байсан Э.Туул ирчихсэн, дээрх эд зүйлсийг хаанаас авсан юм бэ гэж асуухаар нь найзынхаа гэрээс авсан гэж худлаа хэлсэн…Тухайн үед нийтийн байрны түрээс төлөх, бас би оюутан байсан болохоор мөнгөний хэрэг гараад байсан юм. Би өмнө нь хэрэгт орооцолдож цагдаагийн байгуулагад шалгагдаж байсан удаа байхгүй…тухай..мөрдөн байцаалт өгсөн мэдүүлэг /хх-53-55/,

            - шүүгдэгч Г.Б ын...Тухайн үед Нандинцэцэг үеэл дүү Эрдэнэтуяа дээр очиж мөнгө зээлэх зорилгоор ханы материалд гэрт нь очсон, гэр нь цоожтой байсан тул гэрийнх нь гадна хүлээгээд ирэхгүй байхлаар нь бид 2 гэрт нь орохоор шийдээд   хашаанд байсан төмрийг аваад гадна болон дотор талын төмөр бүргэд хаалгуудыг хөшиж ороод том өрөөний хананд өлгөсөн байсан 49 инчийн Самсунг маркийн хар саарал өнгийн ЛСД зурагт, гацуур модон дээр байсан бэлэн 50.000 төгрөг, мөн жижиг өрөөний гутлын тавиур дээр байсан хамелон өнгөтэй гарнет 2 загварын пүүзийг авсан…тухай мэдүүлэг /хх-61-63/,

            - шүүгдэгч нарын...бусдын эд хөрөнгийг хулгайлсан болохоо зөвшөөрсөн тухай мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогджээ.  

            Шүүгдэгч нар нь тухайн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй болно.     

            Харин шүүгдэгч нарын мэдүүлэг, хаалганы цоож хэсэг гэмтсэн тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаас /хх-6-11, 53-55, 61-63/ үзэхэд шүүгдэгч Г.Б , Э.Н нар нь хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдэхийн тулд “тус байрны гадна болон доторх төмөр хаалгыг төмрөөр хөшиж онгойлгон нэвтэрсэн” байх тул тухайн хаалганы цоож хэсгийг эвдсэн үйлдлийг “бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх” гэсэн нийлмэл гэмт хэрэгт тооцохгүй, харин хулгайлах сэдэлт, зорилгоо хэрэгжүүлсэн гэмт үйлдлийн арга буюу хулгайлах гэмт хэргийн шинжид хамаарна гэж үзэх үндэслэлтэй.   

            Иймд шүүгдэгч Г.Б , Э.Н нарыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, харин шүүгдэгч нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг “гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр” хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.     

            Шүүгдэгч нар нь хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч Э.Эрдэнэтуяад учруулсан шууд ба шууд бус нийт дүн 2.175.000 төгрөг /хх-40-42/ байх ба хохирогч нь тус хохирлыг авсан, гомдолгүй болохоо бичгээр илэрхийлсэн байх /хх-141-142/ тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.    

 

            Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

            Шүүгдэгч нарын хувьд гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн байх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5  дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.       

            Шүүгдэгч Г.Б 22 настай, хувиараа авто угаалгад ажилладаг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хөрөнгө орлогогүй /хх-96, 109-110, 119, 121, шүүх хуралдааны тэмдэглэл/, шүүгдэгч Э.Н 25 настай, хувиараа барилгын дотор заслын ажил хийдэг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хөрөнгө орлоггүй / хх-95, 105-106, 119, 121, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг тэдгээрийн хувийн байдалд хамаарах нотлох баримтын эх сурвалж хэрэгт авагджээ.           

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон тэдгээрийн хувийн бусад байдал зэргийг харгалзан шүүгдэгч тус бүрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  зааснаар 1 жил 1 сарын хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгуулагад эдлүүлэхээр шийдвэрлэв.  

Шүүгдэгч нар 2020.10.01-ний өдрөөс /хх-86-87, 94-95/ шүүх хуралдаан хүртэл буюу 2020.11.04-ны өдрийн байдлаар тус бүр 34 хоног цагдан хоригдсон байх тул тэдний эдлэх ялд оруулан тооцох ба тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй байна.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь : 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч  Г.Б , Э.Н нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хэрэгсэхгүй болгосугай. 

2. Шүүгдэгч Г.Б , Э.Н нарыг бүлэглэн хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.      

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Г.Б ыг 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Э.Н-гийг 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар Г.Б , Э.Н  нарын тус бүр эдлэх 1  жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.    

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар цагдан хоригдсон Г.Б ын 34 хоногийг, Э.Нандинцэцэгийн 34 хоногийг тус тус шүүгдэгч нарын эдлэх ялд тус бүр оруулан тооцсугай.        

6. Тус хэрэгт битүүмжлэгдсэн, хураагдсан зүйлгүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.    

7. Шүүгдэгч Г.Б , Э.Н нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэдний эдлэх ялыг 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн тоолсугай.       

8. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй. 

            9.  Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.   

            10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Г.Б , Э.Н нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.            

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                               Г.ГАНБААТАР