Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 292

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, шүүгч С.Отгонтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ж.У, Ургийн овог А, С

Хариуцагч: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Бүгд Найрамдах Солонгос Улс дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Хөдөлмөр нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн даргын 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Ж.У-ыг ажлаас чөлөөлөх тухай 16/11 дүгээр тушаалыг хүчингүй болгох, “Нийгмийн даатгалын шимтгэлийн орлого, дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Эн, иргэдийн төлөөлөгч А.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Ж.У нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ Миний бие Монгол Улсын Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Ж.Уянгыг гэрээт ажилтнаар томилох тухай Б/32 дугаар тушаалаар тус яамны харьяа БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн Нийгмийн даатгалын албанд Орлого шимтгэл, дотоод асуудал хариуцсан гэрээт ажилтнаар 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулан ажиллах болсон.

Мөн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Төрийн захиргааны албан тушаалд томилох тухай Б/70 дугаар тушаалаар ТЗГ-1 гэх зэрэглэлтэй томилогдон ажиллах болсон. Ажиллах хугацаандаа өргөсөн тангараг, төрийн албаны мөн чанарыг удирдлага болгон ажлын үр дүнгээр хамт олноо хошуучлан ажиллаж байсан. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 07 дугаар сарын 08-ны Цалин тогтоох нэгж, итгэлцүүр батлах тухай А/81 дүгээр тушаалаар 1 долларыг 1756 төгрөг буюу тухайн үеийн Монголбанкны ханшаар ТЗ-6-1 шатлалаар сарын 1475 доллараар тооцож цалин, хөлс авч байсан.

Гэтэл тус төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Тэнүүн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Сонсох ажиллагааны талаарх 14 дүгээр мэдэгдлээр Засгийн газрын 2016 оны 55 дугаар тогтоолын дагуу тус төвийн зохион байгуулалт өөрчлөн байгуулагдаж байгаатай холбогдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсгийг баримтлан албан тушаалаас чөлөөлөх тухай мэдэгдсэн бөгөөд тус төвийн даргын 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Ж.Уянгыг ажлаас чөлөөлөх тухай 16/11 дүгээр тушаалаар үүрэгт ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн.

Дээрх тушаалын үндэслэх хэсэг хууль бус бөгөөд холбогдох хуулийг хэрэглээгүй, ямар шалтгаанаар ажлаас чөлөөлж байгаа нь тодорхойгүй байна. Тус акт Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасанчлан аливаа байгууллага бүтэц, орон тоо өөрчлөгдөж байгаатай холбогдуулан төрийн үйлчилгээний албан хаагчийг үүрэгт ажлаас чөлөөлөх хуулийн заалт юм.

Гэтэл миний бие дээр дурдсан 2016 оны Б/70 дугаар тушаалаар төрийн захиргааны албан хаагч бөгөөд захиргааны албан хаагчийг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэг Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нэмэгдэл баталгаагаар хангагдана, 27.2.1. энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх, мөн хуулийн 27.2.2, 27.2.3 дахь заалтыг ноцтой зөрчсөн…” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Энхбаясгалан шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаар тогтоолоор “Яамдын зохион байгуулалтын бүтэц орон тооны хязгаар” баталсан. Уг тогтоолоор “Хөдөлмөрийн яам”, “Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын яам”-дын ерөнхий чиг үүргийг нэгтгэсэн болно. Үүнтэй холбогдуулж БНСУ дахь Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн орон тоо цөөрсөн тул Ж.Уянгыг холбогдох хууль, журмын дагуу ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгч, 3 сарын үндсэн цалин хөлстэй тэнцүү хэмжээтэй нэг удаагийн тэтгэмжийг төвийн даргын 2016 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн 16/46 тоот тушаалаар олгосон болно.

Үндсэн цалингийн тухайд Засгийн газрын 2016 оны 278 дугаар тогтоолоор “Хилийн чанадад ажиллах нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн албан тушаалын ангилал, зэрэглэл”-г тогтоосон бөгөөд уг ангилалд “Нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн мэргэжилтэн ТЗГ-1 нь дэс түшмэл буюу “Яамны мэргэжилтэн, тэдгээртэй адилтгах албан тушаал” гэж тодорхой заасан. /Уг тогтоол 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжинэ”/ Дээрх тогтоолыг үндэслэн харьяа яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Б/70 дугаар тушаалаар “БНСУ дахь Нийгмийн хамгааллын үйлчилгээний төв”-ийн гэрээт болон холбогдох бусад албан хаагчдыг Төрийн захиргааны албан хаагчаар томилсон. Мөн тухайн өдрийн харьяа яамны сайдын А/81 дугаар тушаалаар ажилчдын цалин, итгэлцүүрийг “БНСУ дахь Нийгмийн хамгааллын үйлчилгээний төв”-ийн мэргэжилтэн нь ТЗГ-1 буюу ТЗ-6-1 /Үндсэн цалин 535,286 төгрөг/ жишиг байхаар заасан байна. Ж.У нь энэ цалин, хангамжаа хүлээн зөвшөөрөөд үүрэгт ажлаа гүйцэтгээд ирсэн. Гадаадад ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг ажил үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан тухайн улсын итгэлцүүр тогтоодог. Уг итгэлцүүр нь албан хаагчдад үндсэн цалин бус нэмэгдэл хэлбэрээр олгогддог бөгөөд амьдрах байр түрээслэхэд зориулагдсан нэмэгдэл болно. Иймд үндсэн цалинг итгэлцүүрээр тооцох нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Ажилгүй байсан хугацааны тухайд, Ж.У нь 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий  газарт /даргын Б/67 дугаар/ тушаалаар ажилд томилогдсон бөгөөд уг ажилд харьяа яамны Төрийн нарийн бичгийн даргатай удаа дараа уулзан шийдвэрлүүлсэнээ дурьдсан байсан. Энэ нь удирдах шатны байгууллагаас Ж.Уянгыг 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажлын байраар хангасан гэж үзээд, ажилгүй байсан хугацаа буюу 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 4 сар, 12 өдөр хүртэлх хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөж бичилт хийх, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 2.217,801 төгрөгийг нөхөж олгох боломжтой байна...” гэжээ.

Иргэдийн төлөөлөгч А.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгчийг хууль бусаар халсан байх бөгөөд цалингийн хувьд анх томилсон тушаалаар тогтоогдсон цалин нь үндсэн цалин мөн гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлага хуулийн үндэслэлтэй байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.У нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харьяа Бүгд Найрамдах Солонгос Улс дахь /цаашид БНСУ дахь гэх /Хөдөлмөр нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн даргын 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Ж.Уянгыг ажлаас чөлөөлөх тухай 16/11 дүгээр тушаалыг хүчингүй болгох, “Нийгмийн даатгалын шимтгэлийн орлого, дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” гэж эцсийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар тодруулсан болно.

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шийдвэрлэлээ.

Нэг: Нэхэмжлэгч Ж.У нь Нийслэлийн Нийгмийн даатгалын газраас зохион байгуулсан Төрийн захиргааны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулалтад тэнцэж[1], төрийн жинхэнэ албан хаагч болж[2] Монгол Улсын Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Б/32 дугаар тушаалаар БНСУ дахь Нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн Нийгмийн даатгалын албанд Орлого шимтгэл дотоод асуудал хариуцсан гэрээт ажилтнаар[3], 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/70 дугаар тушаалаар Нийгмийн даатгалын шимтгэлийн орлого,  дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр[4] тус тус томилогдон төрийн захиргаа ангилалын ТЗГ-1 зэрэглэлээр, төрийн жинхэнэ албан хаагчийн статустайгаар ажиллаж байжээ.

Гэтэл Монгол Улсын Засгийн газрын “2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн “Төсвийн зарим байгууллагыг өөрчлөн зохион байгуулах, татан буулгах тухай”  55 дугаар тогтоолын  дагуу[5] Хөдөлмөрийн яамны /хуучин нэрээр/ харьяа “БНСУ дахь Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны /хуучин нэрээр/ харьяа “БНСУ дахь нийгмийн хамгааллын үйлчилгээний төв”-ийг нэгтгэн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа “БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв” болгон өөрчлөн зохион байгуулсантай холбогдуулан  2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 16/11 дугаар тушаалаар[6] Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны А/157 дугаар тушаал[7], уг тушаалаар батлагдсан БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн зохион байгуулалтын дүрмийн 3.4 дахь заалтыг тус тус үндэслэн Ж.Уянгыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс “...Ж.У нь Төрийн захиргааны албан хаагч тул ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг хэрэглэж ажлаас чөлөөлсөн нь буруу. Түүний өмнө эрхэлж байсан албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн тул тэрээр уг албан тушаалдаа үргэлжлэн ажиллах ёстой...” гэж маргаж байна.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан /нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх/, эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал /ажлын байр/-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж заажээ.

Харин төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн... гэдгийг өөрчлөн байгуулагдсан бүтцийн нэгжид тухайн албан тушаалтны албан тушаалын нэр өөрчлөгдсөн боловч хэрэгжүүлэх чиг үүрэг өөрчлөгдөөгүй, хасагдсан эсхүл нэмэгдсэн, түүнчлэн томъёоллын хувьд өөрчлөгдсөн ч өмнөх агуулга нь хэвээр байхыг ойлгохоор байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Засгийн газрын 2016 оны 55 дугаар тогтоолд хоёр өөр яамны харьяа байсан, хоёр өөр төвийг нэгтгэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа “БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв” болгон өөрчлөн зохион байгуулахад маргаан бүхий ажлын байрны орон тоо хуучин бүтцээр[8] Тэтгэврийн даатгалын шимтгэл, орлого, хамралт, буцаан олголт хариуцсан, Тэтгэврийн даатгалын шимтгэл, орлого, хамралт, гадаад харилцаа хариуцсан, Тэтгэврийн даатгалын шимтгэл, орлого, хамралт дотоод ажил хариуцсан мэргэжилтэн хэмээн гурван мэргэжилтэн ажиллаж байсан бол өөрчлөгдсөн буюу шинэ бүтцээр[9] Нийгмийн даатгалын шимтгэлийн орлого, буцаан олголт хариуцсан, Нийгмийн даатгалын шимтгэлийн орлого, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн хэмээн хоёр болж өөрчлөгдсөн байна.

Өөрөөр хэлбэл бүтэц нь ялимгүй өөрчлөгдсөн хэдий ч нэхэмжлэгч Ж.Уянгын албан тушаалтны орон тоо хасагдаагүй, ажлын байрны тодорхойлолтод заасан ерөнхий болон тусгай чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн, түүний уг ажлын байрны тодорхойлтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн эсэх тогтоогдоогүй, тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй байгаа нь нотлогдохгүй байхад албан тушаалаас нь чөлөөлсөн болох нь үндэслэлгүй буюу бүтэц өөрчлөгдсөн гэх шалтгаанаар нэхэмжлэгч Ж.У-ыг албан тушаалаас чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн баталгаагаар хангагдах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Нөгөөтэйгүүр хариуцагч маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт аж ахуйн нэгж байгууллага болон түүний салбар нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн...бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцална гэж заасныг баримталсан нь төрийн жинхэнэ албан хаагчийн тухайд хэрэглэгдэхгүй заалт болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “...Нийгмийн даатгалын шийтгэлийн орлого, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн” ажлын байрны тодорхойлттой ижил боловч дотоод асуудал хариуцахгүй байгаа...”[10], нэхэмжлэгч Ж.У-ын ажлын байрны нэр өөрчлөгдөөгүй болохыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасан болно.[11]

Иймээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Бүгд Найрамдах Солонгос Улс дахь Хөдөлмөр нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн даргын 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Ж.Уянгыг ажлаас чөлөөлөх тухай 16/11 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Ж.У-ыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харьяа Бүгд Найрамдах Солонгос Улс дахь Хөдөлмөр нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн “Нийгмийн даатгалын шимтгэлийн орлого, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаалд эгүүлэн тогтоолоо.

Хоёр: Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д ”Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй ”Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “...ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж тус тус заажээ.

2.1.Нэхэмжлэгчээс /хуучнаар/ Монгол Улсын Хүн, амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын[12]  2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/81 дүгээр “Цалин хөлс тогтоох нэгж, итгэлцүүр батлах тухай” тушаалын хавсралтад заасны дагуу ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 60.642.218 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байх боловч шүүхээс Ж.У-ын ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 332 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Төрийн захиргааны албан хаагчийн цалингийн сүлжээний ТЗ-6 зэрэглэлийн 1 дүгээр шатлалаар буюу 547,759 төгрөгөөр тогтоосноор тооцоолж олгох нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь тэрээр маргааны бүхий актыг шүүхээр хянуулах хугацааны туршид Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Бүгд Найрамдах Солонгос Улс дахь Хөдөлмөр нийгмийн хамгааллын үйлчилгээний төвд буюу хилийн чанадад огт ажиллаж байгаагүй тул түүний нэхэмжилсэн дүнгээр тооцон цалин хөлсийг гаргуулах боломжгүй.

Иймд нэхэмжлэгч Ж.У-ын ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг түүний ажилгүй байсан нийт хугацаа 01 жил 01 сар 02 хоног буюу 397 хоног /2016 оны 12 дугаар сарын 12-ноос 2017 оны 03 дугаар сарын 30, 2017 оны 07 дугаар сарын 01-нээс 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх/-оор тогтоон Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн Сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2-т “Ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд дор дурдсан мөнгөн орлогыг оруулна. Үүнд: а/ ажилтанд олгосон үндсэн цалин, бүх төрлийн нэмэгдэл ...” гэж, мөн журмын 7-ийн “а”-д “... дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр...” тодорхойлохоор заасны дагуу 547,759 төгрөгийг /ТЗ-6 зэрэглэлийн 1 дүгээр шатлалын цалин/ сарын дундаж цалингаар тооцоолон (547759 / 21.5 /сарын дундаж ажлын хоног/=25477 төгрөг /өдрийн дундаж цалин/, 25477 төгрөгийг * 397 хоног =10.114.369 төгрөг) ажилгүй байсан хугацааны дундаж цалинтай тэнцэх олговор нийт 10.114.369 /арван сая нэг зуун арван дөрвөн мянга гурван зуун жаран есөн/ төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч Ж.Уд олгох нь зүйтэй байна.

Түүнчлэн дээрх хугацааны туршид нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.У-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Бүгд Найрамдах Солонгос Улс дахь Хөдөлмөр нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн даргын 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “Ж.Уянгыг ажлаас чөлөөлөх тухай” 16/11 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Ж.Уянгыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Бүгд Найрамдах Солонгос Улс дахь Хөдөлмөр нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн “Нийгмийн даатгалын шимтгэлийн орлого, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан Ж.У-д ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 10.114.369 төгрөгийг (арван сая, нэг зуун арван дөрвөн мянга гурван зуун жаран ёс) төгрөгийг олгож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн төлөхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Бүгд Найрамдах Солонгос Улс дахь Хөдөлмөр нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн даргад даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр  зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Л.БАТБААТАР

                           ШҮҮГЧ                                      Б.МӨНХ-ЭРДЭНЭ

                      ШҮҮГЧ                                      С.ОТГОНТУЯА


[1] 2 Хавтас хэргийн 31 хуудас 

[2] 1 Хавтас хэргийн 69 хуудас

[3] 1 Хавтас хэргийн 11 хуудас

[4] 1 хавтас хэргийн 12 хуудас

[5] 1 Хавтас хэргийн 22 хуудас

[6] 1 Хавтас хэргийн 5 хуудас

[7] 1 Хавтас хэргийн 35-39 хуудас

[8] 1 Хавтас хэргийн 41-43 хуудас

[9] 1 Хавтас хэргийн 39 хуудас

[10] 2 Хавтас хэргийн 41 хуудас

[11] 2 Хавтас хэргийн 44 хуудас

[12] 1 Хавтас хэргийн 13-14 хуудас