Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2022/0467

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

Илтгэсэн шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Г.Хатанбаатар

Нэхэмжлэгч: “Т” ХХК

Хариуцагч: Төв аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Ч, Г.Х нар

Нэхэмжлэлийн шаардлага: “Татварын улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 14201203735 дугаар актын үл хөдлөх хөрөнгийн албан татвар, ус ашигласны төлбөрт холбогдох хэсгийг хүчингүйд тооцож, актаар тогтоосон төлбөрийн дүнг бууруулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 11 дүгээр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ц, хариуцагч Г.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э нар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамсүрэн

Хэргийн индекс: 123/2022/0005/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Т” ХХК нь Төв аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдуулан “Татварын улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 14201203735 дугаар актын үл хөдлөх хөрөнгийн албан татвар, ус ашигласны төлбөрт холбогдох хэсгийг хүчингүйд тооцож, актаар тогтоосон төлбөрийн дүнг бууруулах”-аар маргасан байна.

2. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 11 дүгээр шийдвэрээр: Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т заасныг баримтлан Төв аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 14201203735 дугаартай нөхөн ногдуулалтын актаар тогтоосон төлбөрийг 5,123,322.5 /таван сая нэг зуун хорин гурван мянга гурван зуун хорин хоёр төгрөг таван мөнгө/ төгрөгөөр бууруулж шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.

3.1. 2016 онд тус компани нь үндсэн хөрөнгийн журналын “200101-Барилга, байгууламж” хэсэгт бүртгэлтэй 823,972,500.00 төгрөгийн үнэлгээтэй хөрөнгөндөө 4,943,835 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулж төлсөн атлаа 2017-2019 онуудад 450,850,000.00 төгрөгийн үнэлгээнээс тооцож 2,705,100.00 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулж тайлагнасан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна. Төлсөн мөнгөн дүн дээр татварын албанаас маргаагүй. Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Татвар төлөгч татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба хянан шалгана” гэж заасны дагуу үл хөдлөх хөрөнгийн албан татварын ногдлыг бүрэн гүйцэд тодорхойлоогүй, тайлагнаагүй, төлөөгүй зөрчилд хариуцлага тооцсон буюу 2017, 2018, 2019 онуудад ижил төрлийн зөрчилд хариуцлага тооцсон байхад зөвхөн 2018 онд ногдох хэсгийг хасаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” заалтуудыг зөрчсөн, нотлох баримтыг буруу үнэлж хууль буруу хэрэглэсэн.

3.2. 2016 онд 4,943,835.00 төгрөг, 2017 онд 2,705,100.00 төгрөг, 2018 онд 5,705,100.00 төгрөг нийт 13,354,035.00 төгрөг төлсөн. Нэхэмжлэлд дурдсан 4,094,428.00 төгрөг нь төлөлтийн зөрүү биш ногдлын зөрүү юм. Шүүх 823,972,500 төгрөгийн үнэлгээтэй хөрөнгө болон 309,282,206.00 төгрөгийн үнэлгээтэй хөрөнгө нийт 1,133,254,706.00 төгрөгийн хөрөнгөнд 6,799,528.20 төгрөгийн албан ногдох нь зөв гэж үзсэн атлаа зөвхөн тухайн жилд төлсөн төлөлтийг үндэслэн ногдуулж тайлагнаагүй зөрчилд тооцсон хариуцлагыг хүчингүй болгосон нь Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т “Нөхөн ногдуулалтын актаар татвар төлөгчийн татварын ногдлыг нэмэгдүүлэх, эсхүл бууруулах өөрчлөлт хийх бөгөөд ногдол бууруулсан зөрүүд нөхөн ногдуулалтын акт үйлдсэн татварын жилийн татварын үлдэгдлийн тооцоололд оруулан тооцно”, 79 дүгээр зүйлийн 79.4.3-т “татвар төлөгчид хууль тогтоомжийн дагуу татварыг нөхөн ногдуулж хариуцлага хүлээлгэх, алданги тооцоход нөхөн ногдуулалтын акт үйлдэх бөгөөд түүнд хяналт шалгалт хийсэн холбогдох нэгжийн дарга болон татварын улсын байцаагч гарын үсэг зурж, зөрчлийн тухай тэмдэглэл, шийдвэрлэсэн үндэслэл, уг актыг үйлдсэн он, сар, өдөр, дугаарыг тусгах;” гэж заасныг зөрчсөн шийдвэр гаргасан. “Т” ХХК дээрх онуудад 823,972,500.00 төгрөгийн үнэлгээнээс тооцон тайлагнасан бол 14,831,505.00 төгрөгийн албан татвар төлөхөөр байхад 13,354,035.00 төгрөг төлсөн нь төлөлтийн хувьд ч илүү байхгүй нь харагдаж байна.

3.3. Усны төлбөрийн хувьд дээрхтэй мөн адил 2018-2019 онд усны төлбөрөөс 1,514,240.00 төгрөг төлсөн боловч тайлан өгөөгүй татвар ногдуулаагүй улмаас 714,230 төгрөг нь 2017 онд төлөх татварын ногдол руу хаагдаж үлдэгдэл 800,011 төгрөг нь 2021 оны төлөх татварын ногдол руу хаагдаж үүний үр дүнд 2018 оны 714,230.00 төгрөг, 2019 оны 714,230.00 төгрөг нийт 1,428,460.00 төгрөг төлөгдөөгүй татвар ногдуулаагүй үлдсэн дүн дээр татварын байцаагч нар нөхөн ногдуулалтын актаар татвар ногдуулсныг анхан шатны шүүх баримт материалыг бүрэн үнэлээгүй, татварын ногдуулалт төлөлт, татварын тооцооллыг бүрэн ойлгоогүй улмаас хүчингүй болгосон байна. Шүүх усны төлбөрийн нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгосноор 2018-2019 онд усны төлбөр хэдий төлөгдсөн боловч татварын тооцооллоор 2017 онд болон 2021 онд төлөгдөх татварын ногдол руу хаагдсан тул татварын тайлан илгээгээгүй татвар ногдуулаагүй 2018, 2019 оны усны төлбөр төлөгдөөгүй үлдэж байна. Татвар төлөгч нь тухайн төрлийн татварыг хугацаанд нь төлсөн боловч татварын тайлан илгээгээгүй, татвараа ногдуулаагүй нь татварын илүү төлөлтийг үүсгэж өмнөх болон дараагийн жилийн татварын өрөнд хаагдах, бусад төрлийн татвар уруу суутгагдах, илүү төлөлтийг буцаан авах эрх үүсэж тухайн жилийн төлөгдөх татвар төлөгдөхгүй байх эрсдэлтэй байдаг. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

4. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдлыг үгүйсгэж бичгээр тайлбар гаргаагүй ба анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэв.

2 Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2.1. Төв аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нараас “Т” ХХК-ийн 2016-2019 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд эрсдлийн удирдлагын газраас ирүүлсэн эрсдэлтэй татвар төлөгчийн жагсаалтад бүртгэгдсэний дагуу хяналт шалгалт явуулж 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 14201203735 дугаар актаар 2,376,186,161.2 төгрөгийн зөрчилд 17,393,579.20 төгрөгийн нөхөн татвар, 2,963,209.1 төгрөгийн торгууль, 1,844,078.2 төгрөгийн алданги, нийт 22,200,866.5 төгрөгийн төлбөр ногдуулжээ.

2.2. Нэхэмжлэгч “Т” ХХК-аас дээрх актыг эс зөвшөөрч “Татварын улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 14201203735 дугаар актын үл хөдлөх хөрөнгийн албан татвар, ус ашигласны төлбөрт холбогдох хэсгийг хүчингүйд тооцож, актаар тогтоосон төлбөрийн дүнг бууруулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “175,272,608 төгрөгийн бүртгэлийн үнэлгээ бүхий спорт зал, 124,009,598 төгрөгийн бүртгэлийн үнэлгээтэй ажилчдын орон сууц, 10,000,000 төгрөгийн үнэлгээтэй худгийг улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ аваагүй, бусад хөрөнгөд бүртгэлтэй эдгээр хөрөнгүүд нь үл хөдлөх хөрөнгөөр бүртгүүлэхэд Улсын бүртгэлийн газраас тавигддаг зарим шаардлагуудыг хангахгүй байсан, ажилчдын байрладаг зуны модон орон сууц нь Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3.1 дэх заалт, Иргэний хуулийн 84.3-т заасан шаардлагыг хангаагүй, мөн жуулчны бааз ажиллах үед ажиллагсад амьдран суудаг орон сууц тул Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7.1.2-т заасан албан татвараас чөлөөлөгдөх үл хөдлөх хөрөнгө болно, актын үл хөдлөх хөрөнгийн татварын тооцооны хүснэгтэд компанийн үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг 2017-2019 онуудад 450,850,000 төгрөгөөр тооцож тайлагнаснаар тусгасан байна. Энэ онуудад манай компани Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдох хөрөнгөө 2016 онтой адил буюу 823,972,500 төгрөг гэж тайлагнаж, татвараа ногдуулж байсан, актын хавсралтад дурдсан тооцооллууд буруу, үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын 2018 оны тайланд манай компани 5,705,100 төгрөгийн албан татвар төлсөн ба хяналт шалгалтыг тооцооллоор 1,094,428 төгрөгийн зөрүү буюу дутуу төлөлт гарахаар байтал 4,094,428 төгрөгийн дутуу төлөлттэй гэж тооцсоноос нөхөн татварын хэмжээ нь 3 сая төгрөгөөр давхардан тооцогдсон байна. Улмаар энэхүү алдаатай дүнгээс торгууль алданги бодогдсон, 2018, 2019 онд ус ашигласны төлбөр ногдуулж тайлагнаж, төлсөн. Актаар 2018 онд 714,230 төгрөгийн нөхөн төлбөр, 125,692 төгрөгийн торгууль, 188,538 төгрөгийн алданги, 2019 онд 714230 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулсан татварыг давхар ногдуулсан” гэж тайлбарлан маргажээ. 

2.3. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Дор дурдсан зориулалтаар ашигласан ус, рашаан тэдгээрийн орчинд төлбөр ногдуулна:” 6.1.1-д “хүн амын унд, ахуйн болон үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашигласан ус” гэж, 10 дугаар зүйлийн 10.1-д “Усны нөөц ашигласны төлбөр тооцох үзүүлэлтийг дараах байдлаар тодорхойлно:”, 10.1.2-т “хүн амын унд, ахуйн болон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэл, үйлчилгээ, аж ахуйн зориулалтаар ашигласан усыг шоо метрээр” гэж, мөн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 2020/03 дугаар “Ус ашиглах гэрээ”-ний 2.10-т “Ус ашигласны нэгж төлбөрийн хэмжээ: Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 20.1.1 дэх заалтын дагуу жилд ашиглах ажилчдын унд, ахуй амралтын газрын үйлчилгээнд ашиглах 8613.5 м.куб усны төлбөрт 714.231 төгрөг”, 2.10.1-д “Ус ашигласны төлбөрийг гэрээнд заасан хугацаанд жил бүр Төв аймгийн төрийн сан банкны тоот дансанд төлнө” гэж заажээ.

2.4. “Т” ХХК нь 2018, 2019 оны усны төлбөрийг төлсөн болох нь хэрэгт авагдсан Голомт банкны дансны хуулга[1], Үндэсний татварын албанаас ирүүлсэн баримт[2] болон талуудын тайлбараар тогтоогдож байх бөгөөд “тайланг дутуу хийж илгээснээс программ дээр ногдол үүсээгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн усны төлбөрт төлсөн төлбөрийг төлөөгүй гэж үзэж нөхөн төлбөр ногдуулж байгаа нь үндэслэлгүй.

2.5. Хэдийгээр нэхэмжлэгч тайлангаа дутуу илгээснээс шалтгаалан 2018, 2019 оны усны төлбөрүүд татварын мэдээллийн системд бүртгэгдээгүй байх боловч хариуцагчийн давж заалдах гомдолд “Усны төлбөрийн хувьд 2018-2019 онд 1,514,240.00 төгрөг төлсөн боловч тайлан өгөөгүй татвар ногдуулаагүй улмаас 714,230 төгрөг нь 2017 онд төлөх татварын ногдол руу хаагдаж үлдэгдэл 800,011 төгрөг нь 2021 оны төлөх татварын ногдол руу хаагдаж...” гэж дурдсан байгаагаас үзвэл тайлан дутуу илгээсэн ч нэгэнт хугацаандаа төлсөн усны төлбөрийг аль ч оны төлбөрт ногдуулах боломжтой байх тул мэдээллийн системд бүртгэгдээгүй усны төлбөрийг төлсөн гэж үзэх боломжгүй гэх хариуцагчийн тайлбар үгүйсгэгдэж байна.

2.6. Түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэрт “татварын улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 14201203735 дугаартай нөхөн ногдуулалтын актын 309,282,206 төгрөгийн үнэлгээтэй хөрөнгөд үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын нөхөн татвар, торгууль, алданги, нийт 11,134,159.28 төгрөгийн төлбөр /2016-2019 онуудын 309,282,206 төгрөг х 4 жил=1,237,128,824 төгрөгийн зөрчилд ногдуулсан 1,855,693.2х4 жил=7,422,772.9 төгрөгийн нөхөн татвар, 556,707.9х4 жил=2,226,831.8 төгрөгийн торгууль, 371,138.6х4=1,484,554.58 төгрөгийн алданги/-т холбогдох хэсэг хуульд нийцсэн, нөхөн татвар, торгууль, алданги төлүүлэх үндэслэлтэй” гэж шийдвэрлээд хариуцагчийн давж заалдах гомдолд дурдаж буй 2018 оны үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг дутуу төлсөн талаар шийдвэрийн 4.3 дахь хэсэгт тусгайлан дүгнэлт хийжээ.

2.7. Тухайлбал, нэхэмжлэгчээс 2018 онд Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайлангаар Албан татвар ногдуулсан эд хөрөнгийн үнэлгээ-тайлант жилийн дүн-823,972,500.00 төгрөг, ногдуулсан албан татвар 4,943,835 төгрөг гэж тайлагнасан атлаа 5,705,100 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан Голомт банкны мемориалын баримт[3], үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайлан[4], үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлсөн тооцоолол[5] зэргээр тогтоогдож байхад хариуцагч татварын улсын байцаагч нөхөн ногдуулалтын акт үйлдэхдээ 2018 оны тайланд үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайлангаар “Албан татвар ногдуулсан эд хөрөнгийн үнэлгээ-тайлант жилийн дүнг 450,850,000 төгрөгөөр тооцож 4,094,428 төгрөгийн дутуу төлсөн гэж нөхөн татвар болон торгууль, алданги гээд нийт 5,022,274.7 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоосон нь үндэслэлгүй байна.

2.8. Учир нь “Т” ХХК нь 2018 оны Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайлангаар Албан татвар ногдуулсан эд хөрөнгийн үнэлгээ-тайлант жилийн дүн-823,972,500.00 төгрөг болон бусад үндсэн хөрөнгө хэсэгт бүртгэлтэй 309,282,206.00 төгрөгийн үнэлгээтэй хөрөнгө, нийт 1,133,254,706 төгрөгийн үнэлгээтэй хөрөнгөд 6,799,528.2 төгрөгийн албан татвар төлөхөөс 5,705,100 төгрөгийн татвар төлсөн /823,972,500.00 төгрөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх эд хөрөнгийн албан татварт 2016-2019 онуудад нийт 19,775,340 төгрөг төлөх байснаас 16,059,135 төгрөг төлсөн/ нь хэрэгт авагдсан дээр дурдсан баримтуудаар тогтоогдсон байхаас гадна 2016, 2017, 2019 онуудын үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг дутуу тайлагнасан, бусад үндсэн хөрөнгө хэсэгт бүртгэлтэй 309,282,206.00 төгрөгийн үнэлгээтэй хөрөнгөд мөн 2016-2019 онуудад 7,422,772.94 төгрөгийн татвар ногдуулсан нь үндэслэлтэй гэж анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн байхад хариуцагчийн “Шүүх 823,972,500 төгрөгийн үнэлгээтэй хөрөнгө болон 309,282,206.00 төгрөгийн үнэлгээтэй хөрөнгө нийт 1,133,254,706.00 төгрөгийн хөрөнгөнд 6,799,528.20 төгрөгийн албан татвар ногдох нь зөв гэж үзсэн атлаа зөвхөн тухайн жилд төлсөн төлөлтийг үндэслэн ногдуулж тайлагнаагүй зөрчилд тооцсон хариуцлагыг хүчингүй болгосон нь Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т “Нөхөн ногдуулалтын актаар татвар төлөгчийн татварын ногдлыг нэмэгдүүлэх, эсхүл бууруулах өөрчлөлт хийх бөгөөд ногдол бууруулсан зөрүүд нөхөн ногдуулалтын акт үйлдсэн татварын жилийн татварын үлдэгдлийн тооцоололд оруулан тооцно”, 79 дүгээр зүйлийн 79.4.3-т “татвар төлөгчид хууль тогтоомжийн дагуу татварыг нөхөн ногдуулж хариуцлага хүлээлгэх, алданги тооцоход нөхөн ногдуулалтын акт үйлдэх бөгөөд түүнд хяналт шалгалт хийсэн холбогдох нэгжийн дарга болон татварын улсын байцаагч гарын үсэг зурж, зөрчлийн тухай тэмдэглэл, шийдвэрлэсэн үндэслэл, уг актыг үйлдсэн он, сар, өдөр, дугаарыг тусгах;” гэж заасныг зөрчсөн шийдвэр гаргасан” гэх давж заалдах гомдол ойлгомжгүй байна.

2.9. Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 11 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Г.Хатанбаатарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

             ЕРӨНХИЙ     ШҮҮГЧ                                            Д.БАТБААТАР

    

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ

 

 

[1] 1 дүгээр хавтаст хэргийн 146, 159 дүгээр талууд

[2] 1 дүгээр хавтаст хэргийн 236 дугаар тал

[3] 1 дүгээр хавтаст хэргийн 24, 25 дугаар талууд

[4] 1 дүгээр хавтаст хэргийн 55 дугаар тал

[5] 1 дүгээр хавтаст хэргийн 198 дугаар тал