Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 1156

 

                

 

                           

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

2020           11             05                                         2020/ШЦТ/1156

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга С.Ц ,

Улсын яллагч Б.Д,

Шүүгдэгч Г.З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.З-ад холбогдох эрүүгийн 2003000000360 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1986 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, компьютерийн электроник мэргэжилтэй, хөдөлмөр эрхэлдэг гэх, Баянгол дүүргийн 16 дугаар хороо, 60/1-19 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Х овогт Б-ийн З , Регистрийн дугаар РД: .............7.  

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.З нь 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 09 цаг 35 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Нефтийн зам “Титэм” хотхоны хойд талын замд “Тоуота Приус” маркийн 54-60 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө." гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч А.Т-гмөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

                                                          ТОДОРХОЙЛОХ нь :     

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :   

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад : 

Шүүгдэгч Б.Зоригбадрах нь 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 09 цаг 35 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Нефтийн зам “Титэм” хотхоны хойд талын замд “тоуота приус” маркийн 54-60 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоодож яваад явган зорчигч А.Т-гмөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь :     

- 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /5-11/,

- хохирогч А.Т-н ...“2020.9.07-ны өглөө ажилдаа явахаар гэрээсээ 07 цаг 20 минутын орчим гарч, автобусны буудал руу алхсан. Ингээд зам дээр ирээд замын хойд талаас зохицуулдаггүй явган хүний гарцаар урагшаа гараад замын голын цагаан шугам дээр зогсож байгаад баруунаасаа зүүн чиглэлтэй явж байсан нийтийн тээврийн автобусыг өнгөрөөгөөд хартал намайг мөргөсөн гэх хар өнгийн приус маркийн машин нэгдүгээр эгнээгээр нилээн зайтай цаана явж байхаар нь  автобусны ардуур гараад алхаад нэгдүгээр эгнээг алхаж дуусах гээд явж байтал гэнэт миний баруун талаас тэр машин мөргөөд би зам дээр хашлаганы /брожур/ хажууд унасан. Тэгээд нэг мэдэхэд би зам дээр хөлөө жийгээд бөгсөн биеэрээ суусан байсан... Би тэр машиныг нилээн цаана нэгдүгээр эгнээнд явж байхад нь хараад зайтай учир амжина байх бас жолооч зогсоно байх гэж бодоод алхаад дуусах гэж байхад мөргүүлсэн...Миний баруун эгэм яс хугарсан, сүүжний дотор талын яс хугарсан, чихний дэлбэнд цус хураад хавдсан....” гэх мэдүүлэг /17-18/,

- шинжээчийн дүгнэлт; 1.А. Т-ын биед баруун умдаг ясны доод салаа, баруун эгэмний далд хугарал, баруун чихний дэлбээний дэлбээнд залгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна /хх-38-39/,

- мөрдөгчийн 147 дугаартай магадлагаа ; Тоёота Приус маркийн 54-60 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Бямбадоржийн Зоригбадрах /ДЮ86011077/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 “...Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна /хх-60-61/,

- шүүгдэгч Б.З-ын:...2020.9.07-ний өглөө 07 цаг 30 минутын орчим 54-60 УНҮ улсын дугаартай автомашиныг жолоодож яваад нефтийн автобусны буудлын зам дээр ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр явж байтал ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй явган хүний гарцаар гарч явсан эмэгтэй хүнийг машиныхаа баруун урд хэсгээр мөргөсөн....гэх мэдүүлэг /х-69/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна гэрч, хохирогч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан, техникийн шинжээч үзлэгийн тэмдэглэл худал үйлдсэн, бэхжүүлсэн, мөрдөгчийн магадлагаа хууль бус гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй болно.        

Иймд шүүгдэгч Б.З-ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг буюу Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэг, Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас хохирогч А.Т-н  эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.    

            Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн хор уршгийн зардалд 793.000 төгрөг, цалингийн зөрүү зэрэг хохирлыг нэхэмжилсэн байх /хх-18, 20,37, 40, 93, 100-102, 104/ ба шүүгдэгч нь хохирогчид нийт 1.300.000 төгрөгийг төлсөн, шүүгдэгч ба хохирогч нар харилцан эвлэрч, гомдол саналгүй тухай бичгээр илэрхийлсэн /хх-110/ байх тул шүүгдэгч нь хохирогчид төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, харин хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.      

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:     

Шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа үйлдсэн байх ба гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг зохих ёсоор төлсөн зэрэг нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.         

Шүүгдэгчийн 32 настай, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хүүхэдтэй эсэх баримтгүй, хөрөнгө орлогогүй болон түүний хувийн байдалд хамаарах нотлох баримтын зарим эх сурвалж /хх-30-32-34, 36/ тус хэрэгт авагджээ.   

Шүүгдэгч нь мөрдөн байцаалтад өөрийн хувийн мэдээлэл хэсэгт “түүхий эдийн цэг ажиллуулдаг” гэж бичүүлсэн /хх-68/, шүүх хуралдаанд “ барилгын ажил олон жил эрхэлж байгаа” тухай мэдүүлсэн нь түүний хөдөлмөр эрхлэлт, орлогын талаарх нотлох баримтгүй бөгөөд шалгавал зохих зөрчил бүхий асуудлуудыг   илэрхийлэв.          

Шүүгдэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь ял шийтгэлийн хувьд сонгох санкци (торгох, нийтэд тустай ажил хийлгэх ял)-тай бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, заалт нь утга агуулгаараа яллагдагч буюу шүүгдэгчийн хөдөлмөр эрхлэлт, цалин хөлс бусад орлогод хамаарах нотлох баримтуудыг заавал тогтоон нотлох, шалгах, хянах үүргийг мөрдөгч, прокурорт үүрэг болгосон хэм хэмжээ болох нь илэрхий байсаар атал яллагдагчийн хувийн мэдээлэл хэсэгт “түүхий эдийн цэг ажиллуулдаг” гэж бичсэн /хх-68/-ээс өөр бусад нотлох баримт огт байхгүй байгаа нь Эрүүгийн хуулиар тогтоосон ял шийтгэлийг зөв хэрэглэх үндэслэл, шалгуурт хамаарах нотлох баримтгүйгээр таамаглах буюу шүүгдэгчийн эх сурвалжгүй мэдүүлэгт хөтлөгдөх байдалд хүргэж байх бөгөөд энэ нь мөрдөгч, прокурор Эрүүгийн хуулийн холбогдох зүйл, заалтыг нэг мөр зөв хэрэглэхэд хамаарах бүхий л нотлох баримтуудыг мөрдөн шалгаж тогтоох, хянан шалгах үүргээ биелүүлээгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14, 16.15 дугаар зүйлийн холбогдох заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2, 1.3-т заасныг тус тус зөрчсөн зөрчилд хамаарч байгааг анхааруулж, дахин давтахгүй байхыг сануулан тэмдэглэж, харин дээрх үндэслэлээр тус хэргийг прокурорт үл буцааж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй шийдвэрлэсэн болно.         

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, прокурорын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Зоригбадрахыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар 1 нэгжийг 1000 төгрөгөөр тооцон 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.            

Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй байна.        

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь :

    

1. Шүүгдэгч Б.З-ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.       

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З-ыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.             

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.З-ад оногдуулсан 700.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.           

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З  нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.    

5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.      

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрх бүхий прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.    

8. Давж заалдах шатны шүйүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ГАНБААТАР