Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 635

 

 

 

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Б.Чинзориг, хохирогчийн өмгөөлөгч Д.Гэрэл-Очир, шүүгдэгч А.Г-, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа, нарийн бичгийн дарга Э.Даариймаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Т- овогт А-ийн Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2003003330248 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 Монгол улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Хэнтий аймгийн Батноров суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 260 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан бүрэн, Т- овогт А-ийн Г,  

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч А.Г- нь 2020 ны 5 дугаар сарын 27-ны өглөө 08 цаг 50 минутын орчим Хан-уул дүүргийн 3 дугаар хороо, Механик инженерийн сургуулийн хойд талын замд Тоёота Приус-11 маркийн 0000 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.18 дахь заалт “Гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор жолооч «Зогс-шугам» (1.11 тэмдэглэл буюу 5.32 тэмдэг)-ийн өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг, тэмдэглэл байхгүй бол тухайн уулзвар, явган хүний гарцын өмнө, бусад газарт тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр гэрлэн дохио, зохицуулагчийн наана, эсхүл энэ дүрмийн 17.5-д заасны дагуу төмөр замын гармын өмнө зогсоно.”,

мөн дүрмийн 12.3 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган Ч.О-ийг мөргөн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч А.Г-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн учир нэмж мэдүүлэг гаргахгүй. Хохиролд 1,700,000 төгрөг төлсөн, үлдэгдэл 500,000 төгрөгийн энэ 7 хоногт төлж барагдуулна...” гэв.

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

Хохирогч Ч.О- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 08 цаг 40 минутын орчим дунд голын урд талын замаар /хараагүйчүүдын/ хойноосоо урагшаа явган хүний гэрлэн дохиотой гарцаар зам хөндлөн гарч яваад автомашинд мөргүүлсэн. Би зүүнээсээ баруун тийш явсан зам руу ороод 2-3 алхаад замын 1 дүгээр эгнээнд мөргүүлсэн, автомашин зүүнээсээ баруун тийш явж байсан. Тухайн үед би ногоон гэрлэн дохиогоор явган хүний гарц руу орсон. Уг гарц нь дуут дохиотой, би төрөлхийн харааны бэрхшээлтэй, эмч нарын магадлагаагаар 100 хувь харааны алдагдалтай гэж тогтоогдсон. Зам хөндлөн гарахдаа дуут дохиог сонсож байгаад зөвшөөрсөн дуут дохиогоор орсон. Осол болсон явган хүний гарц нь ногоон гэрэл асах үед дуугараад дараагийн гэрэл асах үед дуу нь зогсдог. Улаан гэрэл асах үед дуу байхгүй болдог. ...Автомашин урд хэсгээрээ биеийн зүүн хэсэг рүү мөргөсөн. Дунд чөмөгний толгойн яс хүзүү хэсгээрээ хугарсан...” /хх-ийн 18-19, 20/ гэсэн,

 

Гэрч Б.Болормаа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Хан-уул дүүргийн 3 дугаар хороо, Механик инженерийн сургуулийн хойд талд байх гэрлэн дохиотой явган хүний гарцаар 2020 ны 5 дугаар сарын 27-ны өглөө 08 цаг 50 минутын орчим урдаасаа хойшоо зам хөндлөн гарсан. ...Явган хүний гарцаар урдаасаа хойшоо зам хөндлөн гарчихаад 15-20 орчим метр зүүнээсээ баруун тийшээ явж байтал ард буюу явган хүний гарцан дээр их чимээ гарахаар нь эргээд харсан чинь явган хүний гарцан дээр нэг эмэгтэй хүн автомашинд мөргүүлээд газар шидэгдсэн байдалтай байсан. Би мөргүүлэхийг нь хараагүй, чимээнээр эргээд харахад осол болсон байсан. ...Мөргүүлсэн эмэгтэйн цүнх, 2 гутал нь шидэгдсэн байсан. Мөн уг эмэгтэй 4-5 метр шидэгдсэн, мөргүүлэх үеийн түк хийх чимээ тод сонсогдсон, мөргүүлсэн эмэгтэй чанга орилсон. ...Осол болсон явган хүний гарц нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан. Ногоон гэрэл асах үед дуу нь тод үргэлжлэн дуугардаг. Улаан гэрэл асах үед тасалдсан тод дуугаар анхааруулж дуугардаг. Мөн гэрлэн дохио руу орохын өмнө автомашинуудын хурдыг сааруулдаг өндөр хурд сааруулагчтай...” /хх-ийн 23/ гэсэн,

 

Шүүгдэгч А.Г- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 5 дугаар сарын 27-ны өглөө 09 цагийн орчим зүүнээсээ баруун тийшээ Тоёота Приус-11 маркийн 76-49 УНЕ улсын дугаартай автомашинтай явж байгаад явган хүний гарцан дээр, явган хүн гарцааар зам хөндлөн гарч явсныг хараагүй, би замын 1-р эгнээгээр явж байхад гэнэт л урдуур хүн ороод ирсэн, хараад тормоз гишгэсэн боловч уг хүнийг автомашиныхаа урд хэсгээр мөргөсөн. Ослын дараа, ослын газар зогсоод автомашинаасаа буугаад харахад явган зорчигч автомашины урд явган хүний гарцын урд буюу баруун талд газар хэвтэж байсан. Хүн мөргөөд автомашинаас тэр даруй буугаад мөргөсөн хүн дээрээ очсон. Энэ үед тэнд байсан, явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан хүн дайрчихлаа замаа хараач ээ гээд загнаад байсан, мөн явган хүний гарцын гэрэл дохиог хараач гээд байсан...” /хх-ийн 59-60, 61-62/ гэсэн мэдүүлгүүд,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн №6305 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Ч.О-ийн биед баруун дунд чөмөгт ясны далд хугарал, баруун тохойны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-ийн 38-39/ гэсэн,

 

“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн дүгнэлтэд: “...1. Тоёота маркийн Приус загварын 76-49 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна.

2. Урд буфер баруун доод булан халцарсан, хойд буфер будаг замаска хагарсан дугаарын гэрэл зүүн тал ажиллахгүй гэх эвдрэл гэмтлүүдтэй байна.

3. Хойд буфер будаг замаска хагарсан, дугаарын гэрэл зүүн тал ажиллахгүй гэх гэмтлүүд нь ослоос өмнө үүссэн гэмтэл. Урд буфер баруун доод булан халцарсан гэх гэмтэл нь ослын үед үүссэн байх боломжтой гэмтэл юм.

4. Тоёота маркийн Приус загварын 76-49 УНЕ дугаартай тээврийн хэрэгсэл нь ABS шингэн дамжуулагт тоормозны системтэй, тоормоз хэвийн ажиллагаатай байна.

5. Уг тээврийн хэрэгсэл нь ABS шингэн дамжуулгат тоормозны системтэй, замын гадаргуугаас хамааран тоормозны мөр зам дээр үүснэ.

6. Уг тээврийн хэрэгслийн спидометр ажиллаж байна...” /хх-ийн 43-46/ гэсэн,

 

- 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн мөрдөгчийн магадалгаанд “...Тоёота Приус-11 маркийн 76-49 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч А.Г- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.18 дахь заалт “Гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор жолооч «Зогс-шугам» (1.11 тэмдэглэл буюу 5.32 тэмдэг)-ийн өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг, тэмдэглэл байхгүй бол тухайн уулзвар, явган хүний гарцын өмнө, бусад газарт тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр гэрлэн дохио, зохицуулагчийн наана, эсхүл энэ дүрмийн 17.5-д заасны дагуу төмөр замын гармын өмнө зогсоно.” гэсэн, мөн дүрмийн 12.3 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Ч.О- Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг заалт зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

3. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ, техникийн байдал болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна...” /хх-ийн 48-49/ гэсэн дүгнэлтүүд,

 

- Дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 5/,

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-12/,

- Жолооч, явган зорчигч нарын согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 13-14/,

- Бичиг баримт түр хураан авсан тэмдэглэл /хх-ийн 15-16/,

- Энгельс гудамж, Механик инженерийн сургуулийн уулзварын гэрлэн дохионы ажиллах ерөнхий горим /хх-ийн 65-66/

- Түргэн тусламжийн дуудлагын хуудас /хх-ийн 70/,

- Хохирогч Ч.О-ийн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 71-80/,

- Хохирлын баримтууд /хх-ийн 88-92/,

- Шүүгдэгч А.Г-ийн хувийн байдалтай холбоотой гэрч Б.Батхүрэл, Б.Гантогтох нарын мэдүүлэг /хх-ийн 25-28/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 32/, жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 34/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 53/, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 55/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 31/, жолоочийн лавлагаа /хх-ийн 57/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 82/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 84-86/ зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, А.Г-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч А.Г- нь 2020 ны 5 дугаар сарын 27-ны өглөө 08 цаг 50 минутын орчим Хан-уул дүүргийн 3 дугаар хороо, Механик инженерийн сургуулийн хойд талын замд Тоёота Приус-11 маркийн 76-49 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.18 дахь заалт “Гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор жолооч «Зогс-шугам» (1.11 тэмдэглэл буюу 5.32 тэмдэг)-ийн өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг, тэмдэглэл байхгүй бол тухайн уулзвар, явган хүний гарцын өмнө, бусад газарт тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр гэрлэн дохио, зохицуулагчийн наана, эсхүл энэ дүрмийн 17.5-д заасны дагуу төмөр замын гармын өмнө зогсоно.” гэсэн,

мөн дүрмийн 12.3 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Ч.О-ийг мөргөж, түүний эрүүл мэндэд баруун дунд чөмөгт ясны далд хугарал, баруун тохойны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ч.О-ийн “...2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 08 цаг 40 минутын орчим дунд голын урд талын замаар /хараагүйчүүдийн/ хойноосоо урагшаа явган хүний гэрлэн дохиотой гарцаар зам хөндлөн гарч яваад автомашинд мөргүүлсэн. Би зүүнээсээ баруун тийш явсан замруу ороод 2-3 алхаад замын 1 дүгээр эгнээнд мөргүүлсэн. Автомашин зүүнээсээ баруун тийш явж байсан. Тухайн үед би ногоон гэрлэн дохиогоор явган хүний гарц руу орсон. Уг гарц нь дуут дохиотой, би төрөлхийн харааны бэрхшээлтэй, эмч нарын магадлагаагаар 100 хувь харааны алдагдалтай гэж тогтоогдсон. Зам хөндлөн гарахдаа дуут дохиог сонсож байгаад зөвшөөрсөн дуут дохиогоор орсон. Осол болсон явган хүний гарц ногоон гэрэл асах үед дуугараад дараагийн гэрэл асах үед дуу нь зогсдог. Улаан гэрэл асах үед дуу нь байхгүй болдог. ...Автомашин урд хэсгээрээ биеийн зүүн хэсэг рүү мөргөсөн...” /хх-ийн 18-19, 20/ гэсэн, гэрч Б.Болормаагийн “...Явган хүний гарцаар урдаасаа хойшоо зам хөндлөн гарчихаад 15-20 орчим метр зүүнээсээ баруун тийшээ явж байтал ард буюу явган хүний гарцан дээр их чимээ гарахаар нь эргээд харахад явган хүний гарцан дээр нэг эмэгтэй хүн автомашинд мөргүүлээд газар шидэгдсэн байдалтай байсан. Би мөргүүлэхийг хараагүй, чимээ гарахаар нь эргээд харахад осол болсон байсан. ...Мөргүүлсэн эмэгтэйн цүнх, 2 гутал нь шидэгдсэн, мөн уг эмэгтэй 4-5 метр шидэгдсэн, мөргүүлэх үед түк хийх чимээ тод сонсогдсон, мөргүүлсэн эмэгтэй чанга орилсон. ...Осол болсон явган хүний гарц нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан. Ногоон гэрэл асах үед дуу нь тод үргэлжилсэн дуугардаг. Улаан гэрэл асах үед тасалдсан тод дуугаар анхааруулж дуугардаг. Мөн гэрлэн дохио руу орохын өмнө автомашинуудын хурдыг сааруулдаг өндөр хурд сааруулагчтай...” /хх-ийн 23/ гэсэн, шүүгдэгч А.Г-ын “...2020 оны 5 дугаар сарын 27-ны өглөө 09 цагийн орчим зүүнээсээ баруун тийшээ Тоёота Приус-11 маркийн 76-49 УНЕ улсын дугаартай автомашинтай явж байгаад явган хүний гарцан дээр, явган хүн гарцаар зам хөндлөн гарч явсныг бол хараагүй, би замын нэгдүгээр эгнээгээр явж байхад гэнэт л урдуур хүн ороод ирсэн, хараад тормоз гишгэсэн боловч уг хүнийг автомашиныхаа урд хэсгээр мөргөсөн. Ослын дараа, ослын газар зогсоод автомашинаасаа буугаад харахад явган зорчигч автомашины урд явган хүний гарцын урд буюу баруун талд газар хэвтэж байсан...” /хх-ийн 59-60, 61-62/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны №6305 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт Ч.О-ийн биед баруун дунд чөмөгт ясны далд хугарал, баруун тохойны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-ийн 38-39/ гэсэн, мөрдөгчийн магадалгаанд “...Тоёота Приус-11 маркийн 76- 49 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч А.Г- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.18 дахь заалт, 12.3 дахь заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Ч.О- Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг заалт зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ, техникийн байдал болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна...” /хх-ийн 48-49/ гэсэн дүгнэлтүүд, дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 5/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-12/, согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 13-14/, Энгельс гудамж, Механик инженерийн сургуулийн уулзварын гэрлэн дохионы ажиллах ерөнхий горим /хх-ийн 65-66/, түргэн тусламжийн дуудлагын хуудас /хх-ийн 70/, хохирогч Ч.О-ийн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 71-80/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Тээврийн Прокурорын газраас шүүгдэгч А.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч А.Г- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас хохирогч Ч.О-ийн эрүүл мэндэд баруун дунд чөмөгт ясны далд хугарал, баруун тохойны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учирсан хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой эмчилгээний зардалд 2,108,534 төгрөг /хх-ийн 88-92/ нэхэмжилснээс мөрдөн шалгах ажиллагааны явцад 1,700,000 төгрөг төлсөн талаар шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн өмгөөлөгч нар мэдүүлсэн /шүүх хуралдааны тэмдэглэлд бий/ тул төлөгдөөгүй үлдсэн 408,534 төгрөгийг болон хохирогчийн ажилгүй байсан хугацааны хөлс 420,000 төгрөгийг Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2 дахь хэсэгт заасны дагуу гаргуулж, нийтдээ 828,534 төгрөгийг гэм буруутай этгээд болох А.Ганхүлхүүрээс гаргуулж хохирогч Ч.О-т олгож, хохирогч цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч А.Г- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн бусад туслалцаа үзүүлж, учруулсан хохирлын зарим хэсгийг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол, хор уршиг, хохирол бүрэн төлөгдөөгүй зэргийг харгалзан шүүгдэгч А.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн 2003003330248 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, жолоочийн №000000 дугаартай үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид нь буцаан олгож, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч А.Г- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

         

1. Шүүгдэгч Т- овогт А-ийн Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А-ийн Г-ийг 280 /хоёр зуун ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч А.Г-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г- оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялыг найман цагийн нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-ээс 828,534 /найман зуун хорин найман мянга, таван зуун гучин дөрөв/ төгрөг гаргуулж хохирогч Ч.О-т олгож, хохирогч Ч.О өөрт учирсан гэмтэлтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.

 

6. Эрүүгийн 2003003330248 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, жолоочийн №000000 дугаартай үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид нь буцаан олгож, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч А.Г- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                             Д.АЛТАНЖИГҮҮР