Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 939

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Н.Анхбаяр,

хохирогч Б.М түүний өмгөөлөгч Г.Номин-Эрдэнэ, Л.Чинбаа,

шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Д-ийн Б-т холбогдох эрүүгийн 2005000001540 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0000 оны 10 дугаар сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэргэжилтэй, ам бүл 5, аав ээж хоёр хүүхдийн хамт ХХХХХХХХ дүүргийн х дугаар хороо, ХХхххх 2-16 тоотод оршин суух,

урьд Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 138 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 5 сар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн, Х овогт Д-ийн Б /РД:ХМ84102211/.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.Болор нь 2020 оны 09 дүгээр сарын 22-ны шөнө Нийслэлийн Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 63 байрны гадна иргэн Б.М-г “чамд хамаагүй” гэх шалтгаанаар биед халдаж, түүнд “дагзанд шарх, баруун ядам, чигчий хурууны хумсны хууларсан шарх, баруун тохой хоёр өвдөгт зулгаралт” бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.М мэдүүлэхдээ: “...Гомдолтой байна. Хохирол төлбөр, эмчилгээний зардалд нийт 1.391.800 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Б.М-ын:

“...2020 оны 09 дүгээр сарын 22-нд найз О болон найз залуутай нь хамт Баянгол дүүргийн 3 дугаар хорооны байрны хажууд хүний хоёр хоёр пиво уугаад сууж байгаад О-ы найз залуу нь О-той маргасан би уг залууг боль гэхэд уг залуу намайг газар түлхээд унагаасан. Тэгээд толгой газартай савж цохиод миний толгой хагараад цус гарсан. Тэгэхэд намайг заамдаад татсан тэгээд маргаан болоод салаад цагдаа дуудаад салцгаасан. Би цагдаагийн газар ирж өргөдөл гаргасан...” гэсэн мэдүүлэг /хх 5-8/,

2. Гэрч Т-ны:

“...2020 оны 09 дүгээр сарын 22-нд манай найз М бид 2 гэрт байхад найз залуу Б ирсэн бид нар хүний хоёр хоёр пиво уусан тэгээд бид нар гараад тамхи татаж байгаад Б бид хоёр маргасан тэгэхэд М боль гэхэд Б “чамд хамаагүй” гээд зууралдаад түлхээд газар унагаасан. Тэгэхэд М-ын толгой хагарсан тэгээд маргаж байгаад Б-ыг яв гээд явуулсан. М цагдаагийн газар луу явсан би гэртээ орсон...” гэсэн мэдүүлэг / хх 13/,

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 10892 дугаартай:

“...Б.М-ын биед дагзанд шарх, баруун ядам, чигчий хурууны хумсны хууларсан шарх, баруун тохой хоёр өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх 16/,

4. Хохирогчийн өмгөөлөгч нараас шүүхэд гаргаж өгсөн хохирол төлбөр нэхэмжилсэн баримтууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Д.Б-т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Д.Б нь хохирогч Б-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,

Хохирогчийн өмгөөлөгч нар “Хохирол төлбөр, эмчилгээний зардалд нийт 1.391.800 төгрөгийг нэхэмжилснийг шүүгдэгчээс гаргуулах” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан. 

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.Б-ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Д.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 22-ны шөнө Нийслэлийн Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 63 байрны гадна иргэн Б.М-ыг “чамд хамаагүй” гэх шалтгаанаар биед халдаж, түүнд “дагзанд шарх, баруун ядам, чигчий хурууны хумсны хууларсан шарх, баруун тохой хоёр өвдөгт зулгаралт” бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

-Хохирогч Б.М-ын “...О-ны найз залуу нь О-той маргасан би уг залууг боль гэхэд уг залуу намайг газар түлхээд унагаасан. Тэгээд толгой газартай савж цохиод миний толгой хагараад цус гарсан...” гэсэн мэдүүлэг /хх 5-8/,

-Гэрч Т.О-ны “...Б бид хоёр маргасан тэгэхэд М боль гэхэд “Б чамд хамаагүй” гээд зууралдаад түлхээд газар унагаасан...” гэсэн мэдүүлэг /хх 13/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 10892 дугаартай:

“...Б.М-ын биед дагзанд шарх, баруун ядам, чигчий хурууны хумсны хууларсан шарх, баруун тохой хоёр өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байна. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх 16/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Хууль зүйн хувьд шүүгдэгч Д.Б-ын дээрх үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй нь гэмт үйлдэл болно.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Д.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар заасан.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.М-ын биед хөнгөн хохирол учирсан байх ба гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардал, бусад гэм хорын зардалд 1.391.800 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд хэрэгт авагдсан баримтын хүрээнд шүүгдэгч Д.Б-оос 1.210.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.М-д олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.   

Харин хохирогч Б.М нь “ажлын 4 өдөр цалингүй чөлөө авсан. Миний нэг өдрийн цалин 45.454 төгөрөг бөгөөд 4 өдрийн цалин болох нийт 181.818 төгрөгийг нэхэмжилж байна” гэсэн хүсэлтийг гаргасан боловч цалингүй чөлөө олгосон нотлох баримт хэрэгт авагдаагүй учир шүүх хангаж шийдвэрлэх боломжгүй байна. Хохирогч нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролтой холбоотой зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдаж шийдвэрлэв.   

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Д.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлт гаргасан.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Д.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд нэг удаа ял шийтгүүлж байсан байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Иймд шүүхээс шүүгдэгч Д.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүгдэгч Д.Б-ын хувийн байдал, хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэв.     

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2005000001540 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.