Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 2020/ШЦТ/318

 

2020        10         09                                              2020/ШЦТ/318                                        

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн 

Улсын яллагч Э.Хосбаяр

Шүүгдэгч Аийн өмгөөлөгч А.Мөнхбат

Шүүгдэгч А, Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ............. овогт А, ............... овогт Н нарт холбогдох эрүүгийн 2021000000327 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 07-ны  өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, ах нарын хамт ...................................... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 100 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 110 цагийн албадан ажил хийлгэх ялаар, мөн шүүхийн 2007 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т  зааснаар 5 жил 10 хоногийн хорих ялаар,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 70 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 2 сарын хорих ялаар, мөн шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 153 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 50.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хуулийн тэгшитгэлээр суллагдсан,

мөн Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 156 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар, мөн шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 175 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан,  ................. овогт А /РД: ..................... /.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ах, эхнэрийн хамт ...................................тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд Хэнтий аймгийн Сум дундын шүүхийн 1997 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 113 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, тогтоол биелүүлэхийг мөн хугацаагаар хойшлуулсан,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 46 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан, мөн шүүхийн 2002 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 128 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 3 жилийн хорих ялаар,  2004 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 85 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар,

Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 294 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар,

Сум дундын 10 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 44 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, ................ овогт Н /РД: .................../.

 

Шүүгдэгч А, Н нар нь бүлэглэн 2020 оны 08 дугаар сарын 24-ний орой 18 цаг 30 минутын орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тамхины бөөний худалдаа” гэх дэлгүүрийн гадна хохирогч Н.У-ын өмдний арын халааснаас “Samsung A8 star” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

            Шүүгдэгч Н шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

            Хохирогч Н.У мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Ингээд 18 цаг 30 минутын орчимд гэртээ харих гээд би өөрийн дүү *******ын хамтаар Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Тамхины бөөний худалдаа” дэлгүүрийн урд талаар ертөнцийн зүгээр баруун тийш чиглэн явж байхад нэгэн цэнхэр цамцтай 40 орчим насны эрэгтэй гэнэт гүйж гарч ирээд урд зогсоод “Ална шүү пизда нар минь” гээд байсан. Ингээд бид хоёр гайхаад хэсэг зогссон. Тэгээд тэр ах тухайн Тамхины худалдаа дэлгүүрийн урд талд байрлах нэгэн цайны газар руу ороод явчихсан. Ингээд би дүүгийнхээ хамтаар нэг их анзааралгүй баруун тийш алхаад явж байгаад хүнтэй утсаар ярих гээд өмдний арын халаасанд байсан Samsung A8 star загварын гар утсаа үзэхэд байхгүй байсан. Ингээд бид 2 ирсэн замаараа буцаад зүүн тийш явсан бөгөөд замаараа дүү ******* миний дугаар руу залгахад дуудаж байснаа тасарчихсан. ...Ингээд тухайн дэлгүүрийн камерын бичлэгийг шүүж үзэхэд “бид хоёрыг тус дэлгүүрийн урдуур баруун тийш чиглэн явж байхад гэнэт бид хоёрын урд гарч ирсэн цэнхэр өнгийн хальсан куртиктэй ах бид хоёрын урд ирэх үед араас нь гараа боосон 30 гаран насны ах ирээд миний өмдний арын халааснаас утсыг маань авч байгаа” хяналтын камерт бичигдсэн байсан. ...Миний бие А, Н нараас өөрийн “Samsung A8 star” загварын гар утсаа бүрэн хүлээж авсан. ...нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 20-22, 81/

            Иргэний нэхэмжлэгч Б.Ө мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний санаж байгаагаар өчигдөр буюу 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 19 цагийн орчимд зүс таних А манай ажил дээр “Ахаа гар утас авах уу, яаралтай мөнгөний хэрэг гарлаа” гэхээр нь би зөвшөөрч 70.000 төгрөгөөр түүний надад санал болгосон цагаан өнгийн Samsung A8 star загварын гар утсыг худалдан авсан. Ингээд би тухайн гар утсыг өнөөдөр буюу 2020 оны 08 дугаар сарын 25-ны өглөө 10 цагийн орчим таньдаг ахдаа зарсан бөгөөд цагдаагаас хулгайн гар утас гэдгийг нь мэдээд түүнээс эргүүлэн авсан. Гэтэл тухайн гар утсыг форматласан байсан. Мөн тухайн гар утсыг худалдан авсан 70.000 төгрөгийг Аийн ээж ******* надад өгсөн. А нь тэр утсыг олсон гэж хэлсэн. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 24-25/

А мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Ингээд бид хоёр тус захын замын баруун талд байрлах хүнсний дэлгүүрийн гадна талд зогсож байхад Тамхины бөөний худалдаа дэлгүүрийн урдуур ертөнцийн зүгээр баруун тийш чиглэн 2 охин явж байгаа харагдсан бөгөөд нэг охин нь гар утсаа өмднийхөө арын халаасанд хийчихсэн байсан. Ингээд бид хоёр ярилцаж байгаад араас нь очиж тухайн охины гар утсыг авахаар болсон. Н түүний араас очоод урдуур нь орж тухайн хоёр охиныг саатуулж зогсоосон. Энэ үед би гар утсыг аваад эргэн зүүн тийш чиглэн явсан...” гэжээ. /хх-ийн 43-45/

 

Н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...бид хоёрыг зогсож байтал тухайн гудамж руу гар утсаа арын халаасандаа хийсэн охин, өөр нэг охины хамтаар явж байгаа харагдсан. Ингээд бид 2 ярилцаж байгаад тухайн хоёр охиныг дагасан. Хэрлэн сумын 6 дугаар баг Тамхины бөөний худалдаа дэлгүүрийн урд талын хэсэгт би тухайн хоёр охиныг саатуулж, гараараа хааж зогсох үед А нэг охиных нь халаасанд байсан гар утсыг авсан...” гэжээ. /хх-ийн 38-40/

 

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8/

Гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-10/

Телекамерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-13/

Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-15/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 16/

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 17/

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 18/

Насанд хүрээгүй гэрч Н.У-ын мэдүүлэг /хх-ийн 32-33/

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 75/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50, 69/

Аийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 46/

Нын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 68/

Хохирогч Н.У-ын бичгээр гаргасан тайлбар /хх-ийн 81/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Тамхины бөөний худалдаа” дэлгүүрийн хяналтын камерын бичлэгийг шүүх хуралдаанд шинжлэн судлав.

 

Шүүгдэгч  ............... овогт А, .............. овогт Н нар нь 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 18 цаг 30 минутын орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тамхины бөөний худалдаа” гэх дэлгүүрийн гадна хохирогч Н.Уянгын өмдний арын халааснаас “Samsung A8 star” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч Аийн “...Н түүний араас очоод урдуур нь орж тухайн хоёр охиныг саатуулж зогсоосон. Энэ үед би гар утсыг аваад эргэн зүүн тийш чиглэн явсан...” гэх, шүүгдэгч Нын “...Хэрлэн сумын 6 дугаар баг Тамхины бөөний худалдаа дэлгүүрийн урд талын хэсэгт би тухайн хоёр охиныг саатуулж, гараараа хааж зогсох үед А нэг охиных нь халаасанд байсан гар утсыг авсан...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч Н.У, иргэний нэхэмжлэгч *******, насанд хүрээгүй гэрч Н.У нарын мэдүүлгүүд, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, телекамерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

Шүүгдэгч А, Н нар нь бүлэглэж бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшил, өмчлөлөөс нууц далд аргаар, хууль бусаар өөрийн эзэмшил, өмчлөлд авч өөртөө захиран зарцуулах эрхийг би болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгджээ.

Шүүгдэгч А, Н нарт холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч А, Н нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгч нарт тус бүр 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа хувийн байдал, хохирогчоос хууль бусаар авсан эд зүйлийг буцааж өгсөн, иргэний нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлж барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А, Н нарт тус бүр 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ял оногдуулж, уг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж  дүгнэлээ.

 

Шүүгдэгч А, Н нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Уг гэмт хэргийн улмаас хохирогч Н.У-д 400.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан болох нь эд зүйлийн үнэлгээ, хохирогчийн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогтоогдож байх боловч шүүгдэгч нар нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Н.У-ын “Samsung A8 star” загварын гар утсыг буцаан  олгож, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг бүрэн арилгасан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Н нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Тамхины бөөний худалдаа” дэлгүүрийн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ............. овогт А, ...............н овогт Н нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А, Н нарт тус бүр 400 /дөрвөн зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А, Н нарт оногдуулсан 400 /дөрвөн зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдсүгэй.

5. Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий нэг ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч А, Н нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Аийн .................. регистрийн дугаартай, шүүгдэгч Нын .................. регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А, Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          П.ПАГМА