| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
| Хэргийн индекс | 128/2018/0131/З |
| Дугаар | 315 |
| Огноо | 2018-05-22 |
| Маргааны төрөл | Тендер, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 315
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “БК” ХХК, РД//
Хариуцагч: БСШУСС,
Хариуцагч: ТӨБЗГ
Гуравдагч этгээд: “П” ХХК РД//
Нэхэмжлэлийн шаардлага: “ТӨБЗГ-ын “Соёл урлагийн байгууллагуудад хөгжим, тоног төхөөрөмж худалдан авах тухай тендерийн Үнэлгээний хорооны 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн №3, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн №4 дугаар “БК” ХХК-д холбогдох хэсгийг болон тус хурлын шууд гэрээ байгуулахыг захиалагчид зөвлөмж болгох шийдвэрүүдийг тус тус хүчингүй болгуулах, мөн хууль журамд нийцүүлэн дахин үнэлгээ хийхийг ТӨБЗГ-т даалгах,
“Соёл урлагийн байгууллагуудад хөгжим, тоног төхөөрөмж худалдан авах тухай” төсөл арга хэмжээ, Багц-2: техник хэрэгсэл нийлүүлэгчийг сонгон шалгаруулах Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны байгуулсан Үнэлгээний хорооны 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №1 “П” ХХК-тай хэлэлцээ хийх болон Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2/******* дугаар “гэрээ байгуулах эрх олгох тухай” шийдвэрийг болон 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Соёл, урлагийн байгууллагуудад тоног төхөөрөмж нийлүүлэх ТТ-2017/*******” дугаар гэрээг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “БК” ХХК-ийн захирал Б.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.А, хариуцагч БСШУСС-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Т.С, хариуцагч ТӨБЗГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Ч.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Одмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “БК” ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...ТӨБЗГ-аас 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр зарласан, ТӨБЗГ-2017/Х1.3.16 “Соёл, урлагийн байгууллагуудад хөгжим, тоног төхөөрөмж худалдан авах тухай” тендерийн “Багц-2” “Техник хэрэгсэл”-д “БК” ХХК нь оролцсон. Энэхүү тендер шалгаруулалт нь дахин тендер шалгаруулалт байсан бөгөөд өмнөх тендер шалгаруулалтын үр дүнг мэдэгдэж ТӨБЗГ-аас 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ирүүлсэн №А-1/******* мэдэгдэлд дурьдагдсан. “Үйлдвэрлэгчийн каталогийг Монгол хэлээр баталгаат орчуулгаар орчуулж баталгаажуулаагүй нь шаардлагад нийцээгүй.” гэсэн дутагдлыг арилган, бусад байдлаар шаардлагад нийцсэн тендерээр манай компани оролцсон гэж бид үзэж байна.
Өөрөөр хэлбэл дахин явуулсан тендер шалгаруулалтын шаардлагуудыг өмнөхтэй нь харьцуулахад ямар нэг өөрчлөлт ороогүй байхад Үнэлгээний хороо нэг шаардлага, түүний хангалтыг хоёр янзаар үнэлэх боломжгүй тул бид тендерээ шаардлагад нийцсэн тендер гэж бүрэн итгэлтэй оролцсон болно.
Гэтэл дахин тендер шалгаруулалтын явцад ТӨБЗГ-аас 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр №А-1/3408 мэдэгдлээр манай компаний тендерийг “2015 онд ижил төстэй бараа нийлүүлсэн гэрээ дүгнэсэн акт шаардлагад нийцээгүй” гэж үзэн татгалзах тухай Үнэлгээний хорооны дүгнэлтийг мэдэгдсэн.
Уг мэдэгдэлтэй танилцсан даруй “Төрийн болон орон нутгийг өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 55.1-д заасны дагуу Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасан.
Гомдлыг Монгол Улсын Сангийн яам холбогдох материалд үндэслэн хянаад манай компанийг тендерийг ТОӨЗ-ны 18.2 /б/-д заасан шаардлагыг хангаагүй гэж дүгнэсэн Үнэлгээний хорооны дүгнэлт, Захиалагчийн шийдвэрийг үндэслэлгүй байгааг тогтоож, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр №6-1/7024 албан тоотоор “тендер шалгаруулалтын үнэлгээг хууль, журамд нийцүүлэн дахин хийхийг...” Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт мэдэгдсэн.
Монгол Улсын Сангийн яамны энэхүү шийдвэрийг хэрхэн биелүүлж байгаа, ямар арга хэмжээ авч байгаа талаараа бидэнд мэдэгдэхгүй, мэдээлэхгүй цаг хугацаа алдаж байсан тул бид арга буюу 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Тендерийн үнэлгээний тухай №19 албан тоотоор “Сангийн яамнаас өгсөн чиглэлийн дагуу тендерт дахин үнэлгээ хийхийг хүсч...” Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт хандсан. Энэ бүхний эцэст Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нь 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр №А-1/32 албан тоотоор “Сангийн яамнаас дахин үнэлгээ хийх тухай албан бичиг ирүүлсний дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд 2017 оны 12 дугаар сарьга 22-ны өдрийн А-1/3705 дугаар албан бичгээр дахин үнэлгээ хийх тухай албан бичиг хүргүүлсэн боловч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам ... тухайн ... тендерт шууд гэрээ байгуулсан...” болохыг бидэнд мэдэгдсэн, харин Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам дээрх байдлыг үл хэрэгсэн гэрээ байгуулсан нь Сангийн яамны гомдол хянасан тухай албан тоотыг шийдвэрлээгүй орхигдуулсан байгаа нь харагдаж байгаа тул “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нь хуулиар олгосон худалдан авах ажиллагааг зохион байгуулах чиг үүргийг хуулийн дагуу хэрэгжүүлээгүй, манай гомдлыг хангах илүү үндэслэлтэй байхад гарсан зөрчлийг арилгуулах арга хэмжээ аваагүй, тендер шалгаруулалтын журам зөрчигдсөн, худалдан авах ажиллагааны журмыг хэрэгжүүлэхдээ гаргасан зөрчил нь тендер шалгаруулалтын эцсийн шийдвэрт илт нөлөөлсөн, тендер шалгаруулалт хууль зөрчсөн нөхцөл нь илэрхий байхад, мөн Сангийн яамны гомдол хянасан тухай албан тоотыг шийдвэрлэлгүйгээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам бусад этгээдтэй гэрээ шууд байгуулсан нь тус тус манай “БК” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн...” гэжээ.
Хариуцагч БСШУСС- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 2017 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан “Соёл урлагийн байгууллагуудад хөгжим, тоног төхөөрөмж худалдан авах тухай /БСШУСЯ-2017-*******/ төсөл арга хэмжээний тендер шалгаруулалтыг ТӨБЗГ-аас зохион байгуулсан.
Тус газраас худалдан авах ажиллагааг 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр тус тус 2 удаа нээлттэй зарлан, зохион байгуулсан боловч шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй тул уг төсөл арга хэмжээний 2, 3 дугаар багцад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.3-д /энэ хуулийн 30.4.1, 30.4.2-т заасны дагуу явуулсан тендер шалгаруулалтын үр дүнд 130.1-д заасан нөхцөл байдал дахин үүсвэл шууд гэрээ байгуулах/ гэж заасны дагуу шууд гэрээ байгуулах нөхцөл үүссэн.
Дээрх төсөл арга хэмжээний 2, 3 дугаар багцын худалдан авах ажиллагааг шууд зохион байгуулах нөхцөл үүссэн тухай ТӨБЗГ-ын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А-1/3427 дугаар албан бичгийг дарга Ц.Ням-Осороос тус яаманд ирүүлсэн. Энэ бичиг манай яамны бичигт хэрэгт 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр бүртгэгдэн ирсэн. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам албан бичгийн дагуу худалдан авах ажиллагааг зохих хуулийн дагуу зохион байгуулж дууссан.
Нэхэмжлэлд дурдсан Сангийн яамны албан бичиг ТӨБЗГ-аас 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А-1/3705 дугаар (албан бичгээр ...“Тус газраас зарласан Х.1.3.16 “Соёл урлагын байгууллагуудад хөгжим тоног төхөөрөмж худалдан авах төсөл арга хэмжээний Багц-2 “Техник хэрэгсэл” тендер шалгаруулалтад тендерт оролцогчоос Сангийн яаманд гомдол гаргасны дагуу тус яамнаас 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 6-1/7024 дугаар албан бичгээр үнэлгээ дахин хийх тухай мэдэгдсэн байна” ... гэсэн албан бичиг тус яамны бичиг хэрэгт 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр, мөн “БК” ХХК-аас 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн "Тендерийн үнэлгээний тухай” №20 дугаар албан бичиг мөн тус яаманд тус тус ирсэн байдаг.
Дээрх 2 албан бичиг худалдан авах ажиллагаа дуусгавар болж, гэрээ байгуулсны дараа буюу 2017 оны 12 дугаар сарын 26, 27-ны өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд ирсэн тул бид хүлээн авах боломжгүй байсан. Энэ талаар төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт тухайн үед нь тайлбар хүргүүлсэн.
Тус яамнаас худалдан авах ажиллагааг зохих хуулийн дагуу зохион байгуулж дуусган, санхүүжилтийг 2017 онд багтаан олгосон. Иймд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг сайтар судлан үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.
Хариуцагч Төрийн өмчийн, бодлого зохицуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Тендерийн баримт бичигт заасны дагуу 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр тендерийг нээхэд Багц-2 Техник хэрэгсэл нийлүүлэх тендерт “Р” ХХК, “Н” ХХК, “М” ХХК, “БК” ХХК, “Э” ХХК, “М” ХХК-иуд тендер ирүүлсэн.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Сангийн сайдын 2012 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 194 дүгээр тушаалын 3 дугаар хавсралтаар баталсан “Тендерийн үнэлгээний заавар”-ын дагуу тендерийн үнэлгээг хийж шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй тул дахин нээлттэй тендер зарлах болсон тухай мэдэгдлийг тендерт оролцогч нарт 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр нэгэн зэрэг хүргүүлж 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр дахин нээлттэй тендер зарласан.
Тендерийн баримт бичигт заасны дагуу 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр тендерийг нээхэд Багц-2: Төхник хэрэгсэл нийлүүлэх тендерт “РК" ХХК, “ПА" ХХК, “ОБ” ХХК, “БК” ХХК, “ЭТ” ХХК, “П” ХХК-иуд тендер ирүүлсэн.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Сангийн сайдийн 2012 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 194 дүгээр тушаалын 3 дугаар хавсралтаар баталсан “Тендерийн үнэлгээний заавар”-ын дагуу тендерийн үнэлгээг хийхэд шаардлагад нийцсэн нэг ч тендер дахин ирээгүй тухай мэдэгдлийг тендерт оролцогч нарт нэгэн зэрэг 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан.
Нэхэмжпэгч “БК" ХХК-иас 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А-1/3408 дугаар албан бичгээр 2015 онд ижил төстэй бараа нийлүүлсэн гэрээ дүгнэсэн акт шаардлагад нийцээгүй нь тендерийн баримт бичгийн ТОӨЗ-ны 18.2 (б)-д “Нийлүүлэгчээр ажилласан байх жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу 2014, 2015, 2016 онуудын хугацаанд тухайн төсөл, арга хэмжээтэй ижил төстэй бараа нийлүүлэх гэрээний үндсэн гүйцэтгэгчээр ажилласан туршлагыг нотлох гэрээ болон гэрээ дүгнэсэн акт, захиалагчийн тодорхойлолтыг ирүүлнэ” гэсэн шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр “БК" ХХК-ийн ирүүлсэн тендерээс үнэлгээний хорооны гишүүдийн олонхийн саналаар татгалзсан. “БК” ХХК-ийн ирүүлсэн 2015 онд ижил төстэй бараа нийлүүлсэн гэрээ дүгнэсэн актад дугаар байхгүй, хүлээж авсан байгууллагын ямар ч тамга тэмдгээр баталгаажуулаагүй байсан.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд X. 1.3.16 “Соёл, урлагийн байгууллагуудад хөгжим, тоног төхөөрөмж худалдан авах тухай” Багц-2: Техник хэрэгсэл нийлүүлэх тендерт хоёр удаа нээлттэй тендер зарласан боловч шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй тул гэрээ шууд байгуулах асуудал түүгээрээ шийдвэрлэхийг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А-1/3427 дугаар албан бичгээр хүргүүлсэн.
Тендерт оролцогч “БК” ХХК, “ЭТ” ХХК-иуд Сангийн яаманд гомдол гаргасны дагуу 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 6-1/7024 дүгээр албан бичгээр “Электронтехник” ХХК-иас татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй, “БК” ХХК-иас татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлгүй дахин үнэлгээ хийхийг мэдэгдсэн.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А-1/3705 дугаар албан бичгээр тендерт оролцогчоос Сангийн яаманд гомдол гаргасны дагуу дахин үнэлгээ хийх болсон тухай албан бичгийг хүргүүлсэн боловч 2018 оны 01 дүгээр сарын 04-ний 2/45 дугаар албан бичгээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас “П" ХХК-д үнийн санал хүргүүлж гэрээ байгуулсан, “П” ХХК-иас барааг хүлээн авч санхүүжилтийг 2017 ондоо багтаан олгосон тул дахин үнэлгээ хийх боломжгүй болсон тухай мэдэгдсэнийг “БК” ХХК-д 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн А-1/32 дугаар албан бичгээр хүргүүлсэн.
Уг төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтыг хоёр удаа нээлттэй тендер шалгаруулалтын журмаар зарласан боловч шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.3-т заасны дагуу захиалагч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам нийлүүлэгчтэй шууд гэрээ байгуулсан. Тус төсөл, арга хэмжээний нийлүүлэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий үнэлгээний хороо тендер шалгаруулалтыг худалдан авах ажиллагааны талаарх холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулсан.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
Гуравдагч этгээд “П” ХХК-ийн захирал О.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “ ...”П” ХХК нь 2003 оноос Япон улсын Yamaha, АНУ-ын Harman, Shure болон бусад дэлхийд танигдсан 20 гаруй брендийн бараа бүтээгдэхүүнийг албан ёсоор дистрибьютерийн эрх, үйлдвэрлэгчийн зөвшөөрөл, стандартын дагуу Монгол Улсад импортлон оруулж ирж байгаа билээ.
Тус хугацаанд бид бүх төрлийн мэргэжлийн тоног төхөөрөмжийн угсралт суурилуулалт, мэргэжлийн тоног төхөөрөмжийг төрийн болон төрийн ус байгууллагууд, хувийн хэвшлийн албан байгууллагуудад найдвартай, чанартай үйлчилгээгээр үйлчилж ажиллаж байна.
Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 2/******* тоот “гэрээ байгуулах эрх олгох тухай” албан бичиг ирсний дагуу “Соёл, урлагийн байгууллагад тоног төхөөрөмж техникийн үзүүлэлт, шаардлагыг 100 хувь хангасан ба тухайн гэрээнд тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн болно.
Иймээс бид “БК” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “БК” ХХК-иас ТӨБЗГ-т холбогдуулан “ТӨБЗГ-ын “Соёл урлагийн байгууллагуудад хөгжим, тоног төхөөрөмж худалдан авах тухай тендерийн Үнэлгээний хорооны 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн №3, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн №4 дугаар “БК” ХХК-д холбогдох хэсгийг болон тус хурлын шууд гэрээ байгуулахыг захиалагчид зөвлөмж болгох шийдвэрүүдийг тус тус хүчингүй болгуулах, мөн хууль журамд нийцүүлэн дахин үнэлгээ хийхийг ТӨБЗГ-т даалгах,
Харин хариуцагч Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яаманд холбогдуулан “Соёл урлагийн байгууллагуудад хөгжим, тоног төхөөрөмж худалдан авах тухай” төсөл арга хэмжээ, Багц-2: техник хэрэгсэл нийлүүлэгчийг сонгон шалгаруулах Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны байгуулсан Үнэлгээний хорооны 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №1 “П” ХХК-тай хэлэлцээ хийх[1] болон Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2/******* дугаар “гэрээ байгуулах эрх олгох тухай”[2] шийдвэрийг хүчингүй болгуулах,
2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Соёл, урлагийн байгууллагуудад тоног төхөөрөмж нийлүүлэх ТТ-2017/*******” дугаар гэрээг[3] хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар тодруулсан болно
Шүүх нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагч, гуравдагч этгээд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэг: Нэхэмжлэгч “БК” ХХК-иас ТӨБЗГ-т холбогдуулан “ТӨБЗГ-ын “Соёл урлагийн байгууллагуудад хөгжим, тоног төхөөрөмж худалдан авах тухай тендерийн Үнэлгээний хорооны 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн №3, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн №4 дугаар “БК” ХХК-д холбогдох хэсгийг болон тус хурлын шууд гэрээ байгуулахыг захиалагчид зөвлөмж болгох шийдвэрүүдийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
ТӨБЗГ-аас 2017 оны улсын төсвөөс буюу БСШУСС-ын багцаас санхүүжигдэх Х.1.3.16 “Соёл урлагийн байгууллагуудад хөгжим, тоног төхөөрөмж худалдан авах тухай” төсөл, арга хэмжээний нийлүүлэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий үнэлгээний хороо зарласан 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн тендер шалгаруулалтад нэр бүхий 6 компани оролцсон боловч шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй тул 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр дахин нээлттэй тендер зарлажээ.
Уг дахин нээлттэй зарласан тендер шалгаруулалтад “БК” ХХК оролцсон боловч тус компанийг “...ТОӨЗ-ны 18.2 (б)-д “Нийлүүлэгчээр ажилласан байх жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу 2014, 2015, 2016 онуудын хугацаанд тухайн төсөл, арга хэмжээтэй ижил төстэй бараа нийлүүлэх гэрээний үндсэн гүйцэтгэгчээр ажилласан туршлагыг нотлох гэрээ болон гэрээ дүгнэсэн акт, захиалагчийн тодорхойлолтыг ирүүлнэ” гэсэн шаардлагыг хангаагүй буюу 2015 онд ижил төстэй бараа нийлүүлсэн гэрээ дүгнэсэн актад дугаар байхгүй, хүлээж авсан байгууллагын ямар ч тамга тэмдэгээр баталгаажуулаагүй...” гэх үндэслэлээр үнэлгээний хорооны гишүүдийн олонхийн саналаар татгалзжээ.
Энэ шийдвэртэй холбогдуулан нэхэмжлэгч “БК” ХХК-иас 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн №18 дугаар албан бичгээр[4] Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг дагуу төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гомдол гаргасныг Сангийн яам хүлээн авч хянан үзээд 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 6-1/7024 дугаар албан бичгээр[5] “...“БК” ХХК-ийн ирүүлсэн тендерт...ТОӨЗ-ны 18.2 (б)-д заасан шаардлагыг хангахгүй хэмээн татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлгүй.
Иймд тус тендер шалгаруулалтын үнэлгээг хууль, журамд нийцүүлэн дахин хийхийг...” мэдэгдсэн байна.
Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-д “...Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага,...зөвхөн гэрээ байгуулахаас өмнө гаргасан гомдлыг хянан хэлэлцэх бөгөөд гомдлыг хүлээн авснаас хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэх ба энэ нь эцсийн шийдвэр болно...”, 55.3.1-д “энэ хуулийг зөрчсөн захиалагчийн үйлдэл буюу шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүчингүй болгох, өөрчлөх”, 55.3.3-д “зөрчлийг арилгасны үндсэн дээр тендер шалгаруулалтыг явуулахыг захиалагчаас шаардах”, 55.4.1.-д”...Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тендерт оролцогчийн гомдлыг хангах нь илүү үндэслэлтэй байгаа бол;...захиалагчийн гаргасан шийдвэр буюу үйлдлийн хэрэгжилтийг түр түдгэлзүүлэх шийдвэр гаргах эрхийг Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад олгожээ.
Гэтэл Сангийн яамны дээрх “үнэлгээг дахин хийх тухай” эцсийн шийдвэрийг хариуцагч ТӨБЗГ 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авсан боловч Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яаманд 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А-1/3705 албан бичгээр[6] хугацаа хожимдуулан хүргүүлсэн болох нь хавтас хэрэгт нотлох баримтаар авагдсан[7] бүртгэлийн карт, Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2/45 дугаар албан бичиг[8], ТӨБЗГ-ын 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн А-1/32 албан бичиг[9] тус газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Буяннэмэхийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн “...Сангийн яам хуулийн хугацаанд гомдол хүлээж авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан нь эцсийн шийдвэр юм. Энэ 14 хоногийн хугацаанд худалдан авах ажиллагаатай холбоотой ямар нэгэн үйл ажиллагаа явагдах ёсгүй...”, хариуцагч Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сумъяагийн “...Бүх үйл ажиллагаа дууссаны дараа долоо хоногт бичиг ирсэн учраас бид нарт ямар ч арга байгаагүй...” гэх тайлбар[10] зэргээр тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болох Сангийн яамнаас нэхэмжлэгч “БК” ХХК-ийн гомдлыг үндэслэлтэй, хариуцагчийн гаргасан шийдвэр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчсөн гэж шийдвэрлэсэн бөгөөд энэхүү шийдвэртэй холбогдуулан хариуцагч ТӨБЗГ-аас хуулийн хугацаанд үйл ажиллагаа авч хэрэгжүүлээгүйгээс нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдож байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр ТӨБЗГ-ын 2017/Х.1.3.16 “Соёл урлагийн байгууллагуудад хөгжим, тоног төхөөрөмж худалдан авах тухай тендерийн Үнэлгээний хорооны №3, №4 дугаар “БК” ХХК-д холбогдох хэсгийг болон шууд гэрээ байгуулахыг захиалагчид зөвлөмж болгох шийдвэрүүдийг тус тус хүчингүй болгох нь зүйтэй байна.
Хоёр: Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яаманд холбогдуулан Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яаманд холбогдуулан “Соёл урлагийн байгууллагуудад хөгжим, тоног төхөөрөмж худалдан авах тухай” төсөл арга хэмжээ, Багц-2: техник хэрэгсэл нийлүүлэгчийг сонгон шалгаруулах Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны байгуулсан Үнэлгээний хорооны 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №1 “П” ХХК-тай хэлэлцээ хийх[11] болон Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2/******* дугаар “гэрээ байгуулах эрх олгох тухай”[12] шийдвэрийг хүчингүй болгуулах,
2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Соёл, урлагийн байгууллагуудад тоног төхөөрөмж нийлүүлэх ТТ-2017/*******” дугаар гэрээг[13] хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
ТӨБЗГ-аас 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А-1/3427 дугаар[14] “...Х.1.3.16...тендер шалгаруулалтыг хоёр удаа нээлттэй зарласан боловч шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.3-д заасныг дагуу гэрээ шууд байгуулах нөхцөл үүсээд байна. Хууль тогтоомжийн хүрээнд түүгээрээ зохион байгуулна уу...” гэх утга бүхий албан бичгийг Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яаманд хүргүүлжээ.
Уг зөвлөмж бүхий албан бичгийг үндэслэн Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/217 дугаар тушаалаар[15] “Соёл урлагийн байгууллагуудад хөгжим, компьютер, тоног төхөөрөмж худалдан авах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог байгуулагджээ.
Энэ талаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1 “...энэ хуулийн 30.4.3...-т заасан тохиолдолд гэрээ шууд байгуулах аргыг хэрэглэж болохоор заажээ.
Тус үнэлгээний хороо 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хуралдаж хуралд оролцсон бүх гишүүдийн 100 хувийн саналаар “П” ХХК-тай хэлэлцээр хийж тоног төхөөрөмжийг нийлүүлж чадах эсэхийг тодруулж, шаардлага хангасан нөхцөлд шууд гэрээ байгуулахаар шийдвэрлэжээ[16].
Улмаар 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2/12140 дугаар албан бичгээр “...тендерийн үнийн санал ирүүлэх...”[17], хүсэлт гаргасныг гуравдагч этгээд “П” ХХК хүлээн авч үнийн санал ирүүлэх маягтын дагуу холбогдох материалаа хүргүүлсэн[18] байх бөгөөд уг ирүүлсэн саналыг Соёл урлагийн байгууллагуудад хөгжим, компьютер, тоног төхөөрөмж худалдан авах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороо дүгнэн “П” ХХК-тай гэрээ байгуулахаар шийдвэрлэн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2/******* дугаар албан бичгээр “Гэрээ байгуулах эрх олгох тухай” саналаа “П” ХХК-д хүргүүлжээ[19].
Энэхүү саналыг гуравдагч этгээд “П” ХХК хүлээн авч захиалагч Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамтай “Соёл, урлагийн байгууллагуудад тоног төхөөрөмж нийлүүлэх” ТТ-2017/******* гэрээг байгуулж[20], гэрээнд заасны нөхцөл болзлыг хангасан тоног төхөөрөмж нийлүүлсэн болох нь Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/240 дугаар тушаалаар[21] байгуулагдсан комиссын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Тоног төхөөрөмжийг хүлээн авсан” актаар тогтоогдож байна[22].
Нэхэмжлэлийн шаардлагын нэг дэх хэсэгт ТӨБЗГ-ын 2017/Х.1.3.16 “Соёл урлагийн байгууллагуудад хөгжим, тоног төхөөрөмж худалдан авах тухай тендерийн Үнэлгээний хорооны №3, №4 дугаар “БК” ХХК-д холбогдох хэсгийг болон шууд гэрээ байгуулахыг захиалагчид зөвлөмж болгох шийдвэрүүдийг тус тус хүчингүй болгосон хэдий ч энэ тохиолдолд энэхүү шаардлагад дурьдсан хэсгийг хүчингүй болгох боломжгүй байна.
Учир нь хариуцагч Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яам болон тус яамны үнэлгээний хороо нь маргаан бүхий тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, шууд гэрээ байгуулахтай холбоотой үйл ажиллагааг хэрэгжүүлэх явцдаа Сангийн яамны “...тендер шалгаруулалтын үнэлгээг хууль, журамд нийцүүлэн дахин хийхийг...” мэдэгдсэн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 6-1/7024 дугаар албан бичгийг хүлээн аваагүй, энэ талаар мэдээгүй байсан болох нь дээр дурьдсан бичгийн нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хариуцагч Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сумъяагийн “... ....” тайлбар зэргээр тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл хариуцагч Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яам, түүний тендерийн үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан гомдол хянан шийдвэрлэх хугацааг өнгөрүүлсний дараа энэ хуульд заасан дээрх үйл ажиллагааг явуулсныг буруутгах боломжгүй байх тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Гурав: “Хууль журамд нийцүүлэн дахин үнэлгээ хийхийг ТӨБЗГ-т даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Шүүхийн шийдвэрийн хоёр дахь хэсэгт хариуцагч Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яам болон тус яамны үнэлгээний хороо нь маргаан бүхий тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, шууд гэрээ байгуулахтай холбоотой үйл ажиллагааг хэрэгжүүлсэн үйлдлийг буруутгах боломжгүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн.
Түүнчлэн хариуцагч Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яам маргаан бүхий тендертэй холбоотой худалдан авах ажиллагааг зохих хуульд нийцүүлэн явуулж дууссан тул шүүх нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх талаар болон шүүхийн шийдвэрийн биелэгдэх шинж чанарыг харгалзан үзэж энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.1, 106.3.13 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.3.1, 55.3.3, 55.4.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “БК” ХХК-иас ТӨБЗГ-т холбогдуулан гаргасан “ТӨБЗГ-ын “Соёл урлагийн байгууллагуудад хөгжим, тоног төхөөрөмж худалдан авах тухай тендерийн Үнэлгээний хорооны 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн №3, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн №4 дугаар “БК” ХХК-д холбогдох хэсгийг болон тус хурлын шууд гэрээ байгуулахыг захиалагчид зөвлөмж болгосон шийдвэрүүдийг тус тус хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ТӨБЗГ-ын “Соёл урлагийн байгууллагуудад хөгжим, тоног төхөөрөмж худалдан авах тухай тендерийн Үнэлгээний хорооны 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн №3, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн №4 дугаар шийдвэрийн “БК” ХХК-д холбогдох хэсгийг болон тус хурлуудаас шууд гэрээ байгуулахыг захиалагчид зөвлөмж болгосон шийдвэрүүдийг тус тус хүчингүй болгосугай.
2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.3, 34.1.1-д заасныг баримтлан “Соёл урлагийн байгууллагуудад хөгжим, тоног төхөөрөмж худалдан авах тухай” төсөл арга хэмжээ, Багц-2: техник хэрэгсэл нийлүүлэгчийг сонгон шалгаруулах Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны байгуулсан Үнэлгээний хорооны 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №1 “П” ХХК-тай хэлэлцээ хийх болон Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2/******* дугаар “гэрээ байгуулах эрх олгох тухай” шийдвэрийг хүчингүй болгуулах болон хууль журамд нийцүүлэн дахин үнэлгээ хийхийг ТӨБЗГ-т даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ТӨБЗГ-аас 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш тав хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.БАТБААТАР
[1] Хавтас хэргийн 57-60 хуудас
[2] Хавтас хэргийн 61 хуудас
[3] Хавтас хэргийн 62-76 хуудас
[4] Хавтас хэргийн 24 хуудас
[5] Хавтас хэргийн 27 хуудас
[6] Хавтас хэргийн 78, 165 хуудас
[7] Хавтас хэргийн 77 хуудас
[8] Хавтас хэргийн 79 хуудас
[9] Хавтас хэргийн 26 хуудас
[10] Шүүх хуралдааны тэмдэглэлийн 12 хуудас
[11] Хавтас хэргийн 57-60 хуудас
[12] Хавтас хэргийн 61 хуудас
[13] Хавтас хэргийн 62-76 хуудас
[14] Хавтас хэргийн 55 хуудас
[15] Хавтас хэргийн 56 хуудас
[16] Хавтас хэргийн 58-60 хуудас
[17] Боть 17-н 109 хуудас
[18] Боть 17-н 110-162 хуудас
[19] Хавтас хэргийн 61 хуудас
[20] Хавтас хэргийн 62-76 хуудас
[21] Боть 17-н 185 хуудас
[22] Боть 17-н 186-190 хуудас